Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 135/ШШ2024/01442

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч ******* би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, *******-р баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух *******ын овогтой ******* /утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* ******* хэсэг, ******* гудамж, ******* тоотод оршин суух ******* овогтой ******* /утас:*******/-д холбогдох

 

50,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Анхбаяр,

Хариуцагч: Г.*******

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Оюунсувд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Алтантуяа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

“...Г.******* нь Дархан хотод будааны бизнес эрхэлдэг бөгөөд намайг өөрийн бизнес эрхэлдэг бөгөөд намайг өөрийн бизнест хөрөнгө оруулж хамтран ажиллах санал тавьсаны дагуу ярилцаж байгаад хамтран ажиллахаар тохирсон. Бидний тохиролцоо нь “Би Г.*******д 70,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Г.******* нь миний мөнгийг будааны эргэлтийн мөнгөндөө оруулж ашиг олох, олсон ашгаасаа найз нөхдийн харилцаатай байсан учраас бичгээр гэрээ байгуулаагүй ба 2010 оны 11 сарын 05-ны өдөр 70,000,000 төгрөгийг Г.*******ын ******* банкны ******* тоот дансаар шилжүүлсэн.

Ингээд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Г.*******аас миний данс руу эхний 2,000,000 төгрөгийн ашиг орж ирсэн. Түүнээс хойш коронавирусын халдвар дэлхий нийтээр гарсан байсан тул Г.******* нь байдал хэцүү байна, сар бүр боломжоороо мөнгийг чинь өгөөд явна гэж  хэлж байсан. Би нөхцөл байдлыг нь хүндэтгэн үзэж, дараа нь нөхөөд өгөх байх гэж итгэн өнөөдрийг хүртэл өгсөн мөнгийг нь аван хүлээцтэй хандаж ирсэн билээ.

Хамгийн сүүлд 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба анх ярилцаж тохирсон ашгаа цаг хугацаандаа өгөхгүй байгаа тул 2024 оны 03  дугаар сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байсан ба дахин дахин шаардсан боловч үлдэгдэл мөнгийг өнөөдрийг хүртэл буцааж өгөхгүй байна.

Г.******* нь 2020 оны 12 дугаар сараас эхлэн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 39 сарын хугацааны ашиг 78,000,000 төгрөгийг өгөх ёстойгоос нийт 43 удаагийн гүйлгээгээр 52,980,000 төгрөгийг шилжүүлсэн. Би одоо энэхүү ашгийн зөрүүг нэхэмжлэхгүй, өөрийн үндсэн мөнгөний үлдэгдэл 50,000,000 төгрөгөө буцаан гаргуулах хүсэлтэй байх тул хариуцагчаас төлбөрийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Н.******* нь 2020 оны 11-р сард намайг миний хэдэн төгрөгийг хадгалж байгаач гээд миний ******* банкны ******* тоот данс руу 2020 оны 11 сарын 05-ны өдөр 70,000,000 төгрөг шилжүүлсэн. Н.******* нь 2020 оны 12 сарын 17-ны өдөр мөнгөний хэрэг боллоо гэхээр нь түүний данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн. 2024 оны 02 сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 03 сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Миний бие Н.*******т 2020 оны 12 сарын 17-ны өдрөөс 2024 оны 3 сарын 22-ны өдөр хүртэл нийт 79,980,000 төгрөг өгсөн. Надад хадгалуулсан мөнгөө хөрөнгө оруулалт хийсэн, ашиг олох тохиролцоо хийсэн гэх мэтээр худал зүйл бичиж намайг гүтгэсэн байна. Нарийн тооцоог гаргавал 82,000,000 төгрөг миний данснаас Н.*******ийн данс руу орсон нь дансны хуулгаас харагдана. Надад Н.*******т төлөх, буцаан өгөх, мөнгөний өглөг байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            2.  Хариуцагч Г.******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

            ...Н.******* нь 2020 оны 11 сард намайг миний хэдэн төгрөгийг хадгалж байгаач гээд миний ХААН банкны  ******* тоот дансруу 2020 оны 11 сарын 05-ны өдөр 70,000,000 төгрөг шилжүүлсэн. Н.******* нь 2020 оны 12 сарын 17-ны өдөр мөнгөний хэрэг боллоо гэхээр нь түүний дансруу 2,000,000 төгрөг шилжүүлсэн. 2024 оны 02 сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 03 сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Н.******* нэхэмжлэлдээ бичихдээ намайг 2020 оны 12 сарын 17-ны өдрөөс 2024 оны 02 сарын 13-ны өдрийн хооронд мөнгө буцаан шилжүүлсэн гэсэн байсан. Миний 2024 оны 03 сарын 22-ны өдөр шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг тооцоондоо оруулаагүй байна. Миний дансны хуулгаар түүнд нийт 82,000,000 төгрөг өгсөн нь тооцоолоод үзэхэд тодорхой болно. Миний хувьд Н.*******ийн надад  хадгалуулсан 70,000,000 төгрөгийг 82,000,000 төгрөг болгон өгсөн байхад дахин 50,000,000 төгрөг надаас нэхэмжилж байгаад гомдолтой байна.

            Нарийн тооцоог гаргавал 82,000,000 төгрөг миний данснаас Н.*******ийн дансруу орсон нь дансны хуулгаас харагдана. Буцаан өгсөн 82,000,000 төгрөгөөс жижиг сажиг өгч байсан мөнгөө хасаад 9,980,000 төгрөгийг Н.*******т илүү өгсөн гэж буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.” /хх 142 хуудас/ гэжээ.

 

            3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр нь шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгчийн дүгнэлтдээ:

            “...Болсон үйл явдлыг нэхэмжлэгч ярьсан учраас давтан ярих шаардлага байхгүй. Хамгийн гол нь гэрээний агуулгыг юу гэж тодорхойлох вэ гэдэг дээр гол агуулга явах байх. Ерөнхийдөө Н.******* нь Г.******* гэж хүний бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулаад хамтарч ажиллаад ашиг олоод ашгаа сар бүр 2,000,000 төгрөгөөр тогтмол өгөх ийм тохиролцоо хийсэн байдаг. Энэ тохиролцооны дагуу ашгаа өгч явж байгаад ашгаа өгөхгүй байхаар нь үндсэн мөнгөө авъя гэдэг шаардлага тавьсных нь дараа 20,000,000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс нь тооцож өгсөн гэж үзэж байгаа. Тэгэхээр нийт 70,000,000 төгрөг өгснөөс гэрээ цуцалсантай холбоотойгоор 20,000,000 төгрөг өгсөн, үлдэх 50,000,000 төгрөгийг өгөөгүй учраас 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл өгөөгүй учраас шүүхэд хандаж нэхэмжилж байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлээд байгаа мөнгөн дээр манай тооцоонд ороогүй мөнгө гарч ирж байна. Үүн дээр энэ хоёр хүний харилцаатай холбоотой гүйлгээ байхыг үгүйсгэхгүй. Үүнийг нотлох баримт шинжлэн судлахаар тодорхой болох байх. Бидний зүгээс өгсөн ашгийг оруулж тооцоогүй юм байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хариуцагч хэлэхдээ ...бид нар энэ хүн мөнгөө үрж, юу юу ч үгүй хоосон хоцорчих гээд байхаар нь мөнгийг нь хадгалж өгч, энэ хүнийг хайрлаж, хамгаалж туслаад байгаа юм гэсэн. Туслаад байгаа бол энэ хүмүүс Н.*******ийн мөнгийг хадгалсны төлөө бараг мөнгө өгөх ёстой гэж ойлгогдохоор тайлбарлаад байна. Гэтэл энэ хүн мөнгийг нь хадгалж тусалсан хэр нь нэмээд өөрөө мөнгө өгөөд байгаа нь ямар учиртай тайлбар вэ. Гэрээний харилцаагаа худлаа тодорхойлсонтой холбоотой зөрүүтэй тайлбар гараад байна. Тэгэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй байна” гэв.

 

            4. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд нь шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгчийн дүгнэлтдээ:

            ...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Г.*******ын бизнест би тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Ингээд сар бүр 2,000,000 төгрөгийн ашиг авахаар тохиролцсон гэж дурдаад байгаа боловч нэг сарын дотор 2,3 удаагийн шилжүүлгээр удаа дараагийн давтамжтай авсан баримтаас харахад ямар ч нэг сарын хугацаанд өөрийнх нь ярьсанчлан 70,000,000 төгрөг нь хуримтлагдаад, дээрээс нь ашиг орлого хуваарилагдах ийм цаг хугацаатай тохирсон байна уу үгүй юу гэдэг нь буцаалтаас харагдаж байгаа учраас нэхэмжлэгчийн дурдаад байгаа шаардлагын үндэслэл хамтран ажилласан, хөрөнгө оруулалт хийсэн, сар бүр 2,000,000 төгрөгийн ашиг авахаар ярилцаж тохиролцсон гэдэг нь нотлогдохгүй байна гэж үзэж байна.

Г.*******ын өөрийнх нь данснаас түүж үзсэн, бохироор 80,413,000 төгрөг гарч байсан. Зарим бэлнээр өгч байсан мөнгөө оруулаагүй. Тэгэхээр энэ хүнээс авсан 70,000,000 төгрөгөө буцааж өгсөн байна гэж үзэж байгаа. Эхний ганц нэг удаагийн мөнгө шилжүүлсэн гүйлгээний утга дээр будааны ашиг гэж бичсэн байгаа. Түүнийг энэ хүн өөрөө будааны мөнгөө аваад авсан мөнгөө өгч байгаа шүү гэдэг утгаар нэг хоёр удаагийн гүйлгээг хийсэн гэдэг. Энэ хүнээс авсан хадгалсан 70,000,000 төгрөгийг өгсөн. Одоо өглөг авлага байхгүй гэж байгаа. Ундармаа гэж гэрч хэлээд байгаа, энэ хүн хүмүүстэй яваад мөнгө төгрөгийг нь үрэн таран хийгээд, байнга мөнгөний хэрүүл хийгээд яваад байх юм аа, энэ хүний мөнгийг та дансандаа хадгалчих, Ундармаа, Булганхишиг нар нь ямар нэгэн бизнес хийдэггүй, гэртээ хүүхэд төрүүлээд байж байгаа хүмүүс, бид нар мөнгийг нь хадгалах боломж байхгүй, тийм учраас та найдвартайгаараа авч хадгал гэсэн санааг Ундармаа гаргаад Булганхишиг, Ундармаа нар байж байгаад 70,000,000 төгрөгийг *******ын дансанд хийсэн ийм үйл явдал болсон. Түүнээс хамтарч ажиллаад, будааны орлого ашиг өгье гэсэн тохиролцоо байхгүй.

Энэ мөнгийг Г.******* хэрхэн яаж дансандаа авах болсон бэ гэдгийг гэрч Ундармаагийн мэдүүлэг дээр тодорхой байгаа. Хэрвээ энэ мөнгийг ******* хадгалж байгаагүй бол энэ мөнгө нь аль эрт 2,3 жилийн хугацаанд увуулж цувуулаад дууссан байх байсан гэдэг. Махны мөнгө, эмчилгээний мөнгө гэсэн гүйлгээний утгатай шилжүүлээд байгаа нь би мах авах гэсэн юм махны мөнгө явуулаадах, эмнэлгийн мөнгө, эмчилгээний мөнгө явуулчих гэхээр нь гүйлгээний утгыг нь махны мөнгө, эмчилгээний мөнгө гэж бичээд явуулаад байсан ийм үйлдэл юм. Түүнээс биш *******ын хувьд *******т тусалж байна гээд махных нь мөнгийг өгөөд, эмнэлэгт хэвтэж эмчлүүл гэж эмчилгээнийх нь мөнгийг өгөөд байхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр энэ хүний өөрийнх нь мөнгийг өөрт нь буцааж зарцуулахдаа махны мөнгө, эмнэлгийн мөнгө гэдэг утгаар шилжүүлж байсан гэж тайлбарлаад байна. Ер нь 70,000,000 төгрөгийг данс руу нь хийсэн, ямар нэгэн гэрээ хэлцэл, ашиг орлогын тухай яриагүй, авсан мөнгөө тэр чигт нь өгсөн. Илүү гарсан мөнгөө авъя гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

5. Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн 2020 оны 11 сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 сарын 26-ны өдөр хүртэл хугацааны ХААН банкны дансны хуулга, хариуцагчийн ХААН банкны дансны хуулга, нэхэмжлэгчийн 2021 оны 12 сарын 31-нээс 2024 оны 01 сарын 26-ны өдөр хүртэлх ХААН банкны дансны хуулга, нэхэмжлэгчийн 2023 оны 01 сарын 01-нээс 2024 оны 01 сарын 26-ны өдрийг хүртэлх ХААН банкны дансны хуулга, нэхэмжлэгчийн 2023 оны 07 сарын 01-нээс 2024 оны 01 сарын 26-ны өдрийн ХААН банкны дасны хуулга, нэхэмжлэгчийн 2024 оны 01 сарын 01-нээс 2024 оны 01 сарын 26-ны өдөр хүртэл ХААН банкны дансны хуулга, нэхэмжлэгчийн 2024 оны 02 сарын 01-нээс 2024 оны 05 сарын 23-ны өдөр хүртэлх ХААН банкны дансны хуулга, хариуцагаас 2024 оны  06 сарын 25-ны өдрийн сөрөг нэхэмжлэл, хариуцагчийн 2024 оны 06 сарын 25-ны өдрийн тайлбар, хариуцагчийн 2024 оны 11 сарын 01-нээс 2024 оны 06 сарын 14-ний өдрийг хүртэлх хаан банкны дансны хуулга,

Нэхэмжлэгч 2024 оны 07 сарын 18-ны өдрийн хариуцагчийн дансны зарлагын шилжих хөдөлгөөнийг зогсоох хүсэлт, хариуцагчийн хариу тайлбар, хариуцагчаас гэрч асуулгах хүсэлт, шүүгчийн хүсэлт шийдвэрлэх захирамж, нэхэмжлэгч өмгөөлөгч оролцуулах хүсэлт, нэхэмжлэгчээс гэрч асуулгах хүсэлт, шүүгчийн хүсэлт шийдвэрлэх захирамж, гэрч асуусан тэмдэглэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ зэрэг нотлох баримтыг бүхэлд нь шинжлэн судлаад /хх 1-6х, 7-37х, 38-77х, 78-94х, 95-116х, 117-120х, 121-128х, 142х, 175-202х, 206х, 209х, 215х, 216х, 224х, 226х, 227х, 232х, 234х, 249х, хуудас/

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан 50,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь түүний хадгалуулсан мөнгийг бүрэн шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж, илүү шилжүүлсэн 9,980,000 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг тодруулж ...Би Г.*******тай хоолоо хувааж иддэг найзууд байсан. Манайх Улаанбаатар хотод байр түрээсэлдэг бизнестэй байсан. Түүнийг нөхөр маань ажиллуулж байгаад нас барсны улмаас байраа 2020 оны 11 сарын 04-нд 80 сая төгрөгөөр зарсан. Г.******* нь надад мөнгөө өгчих, 2-лаа бизнес хийе, би будааны бизнестээ оруулаад ашиг өгье гээд надаас шалаад эхэлсэн.  Тэгээд сар бүр 2,000,000 төгрөг өгнө, үндсэн мөнгөө хэрэгтээ үедээ аваарай, авахдаа урьдчилж хэлээрэй гэж бид аман хэлцэл хийсэн. Тэгээд би 2020 оны 11 сарын 05-ны өдөр 70,000,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн. Энэ нь түүний надад шилжүүлж байсан мөнгөний утга дээр “будааны урамшуулал”, “урам” гэсэн баримтаар нотлогдоно. Надад 2020 оны 12 сарын 17-ны өдрөөс 2024 оны 02 сарын 13-ны өдөр хүртэл 52,980,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд бидний гэрээ цуцлагдаж мөнгөө нэхэхэд 2024 оны 03 сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Иймд одоо үндсэн мөнгө болох 70,000,000 төгрөгөөс шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг хасч үлдэх 50,000,000 төгрөгөө гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч татгалзлын үндэслэлийг ...70,000,000 төгрөг авсан нь үнэн. Будааны бизнес эрхлэх талаар ямар ч яриа байхгүй. Нөхөр нь нас барсны дараа бидний хэдэн найз ярилцаж байгаад итгэлтэй хүн нь та тул таны дансанд мөнгийг нь хадгалъя гээд хийсэн. Би будаа тариа эрхэлдэг компаниудаас будаа авч ялгаж, ангилаад жижиглэнгээр зардаг бизнес эрхэлдэг. Надад хөрөнгө оруулалт шаардлагагүй. Надаас мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би түүний дансанд өөрийнх нь хавсралтад дурдсан мөнгө дээр дутуу бичигдсэн мөнгө болох 2021 оны 02 сарын 25-нд 2 сая, 2021 оны 08 сарын 28-нд бэлнээр 200,000 төгрөг, 2021 оны 09 сарын 26-нд дансаар 33,000 төгрөг, 2021 оны 11 сарын 05-ны өдөр 202,000 төгрөг, 2021 оны 11 сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөгийг Төгөлдөрийн дансанд, 2023 оны 04 сарын 29-нд 300,000 төгрөг дансаар, 2023 оны 10 сарын 21-нд дансаар 1,000,000 төгрөг, 2023 оны 12 сарын 12-нд дансаар 1,000,000 төгрөг, 2023 оны 12 сарын 26-нд дансаар 1,000,000 төгрөг, 2024 оны 03 сарын 22-нд 20,000,000 төгрөг нийт 79,715,000 төгрөгийг шилжүүлсэн. Би түүний 70,000,000 төгрөгийг хадгалж байсан бөгөөд түүний хэлснээр шилжүүлэхдээ илүү мөнгө шилжүүлсэн тул анх шүүхэд 9,980,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа бууруулж 9,715,000 төгрөгөө гаргуулна гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч Н.******* нь Улаанбаатар хотод гэр бүлээрээ 14 өрөө бүхий нийтийн байрыг бусдад түрээслэн ашиг олж байгаад уг байрыг зарж борлуулсан мөнгөнөөс 70,000,000 төгрөгийг өөрийн сайн найз болох дүү Г.*******д шилжүүлсэн үйл баримт талуудын тайлбар, нэхэмжлэгчээс ирүүлсэн 2008-2010 оны ******* банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож талууд энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэгч нь хэрэгт нотлох баримтаар хавтаст хэргийн 7-123 дугаар талд авагдсан өөрийн ХААН банкны депозит дансны хуулгыг, хариуцагч нь хавтаст хэргийн 146-164, 166-202 дугаар талд авагдсан өөрийн ХААН банкны депозит дансны хуулгыг тус тус ирүүлжээ.

Талууд нь амаар хийсэн хэлцлийн талаар маргаж байгаа ба хэрэгт авагдсан дээр нотолгооны хэрэгслээс харахад 2020 оны 11 сарын 05-ны өдөр хариуцагч Г.*******ын дансанд нэхэмжлэгчээс 70,000,000 төгрөг шилжүүлснээс хойш 2020 оны 12 сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөгийг буцаан шилжүүлэхдээ “оёоод будааны урамшуулал” агуулгаар, 2020 оны 03 сарын 25-ны өдөр “будаа урам” гэсэн агуулгаар 2,000,000 төгрөг, 2021 оны 06 сарын 05-ны өдөр “оёоод урам” гэсэн агуулгаар 2,000,000 төгрөг гэж түүнээс хойш “оёоод” гэсэн агуулгаар шүүх хуралдаан дээр талуудтай дансны хуулгыг тулгаж үзэхэд нийт 49 удаагийн үйлдлээр нийт 76,682,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Хэдийгээр хариуцагч нь 79,715,000 төгрөгийг шилжүүлсэн гэж маргасан боловч 2021 оны 02 сарын 25-нд 2,000,000 төгрөг, 2021 оны 09 сарын 26-нд дансаар 33,000 төгрөг түүний данснаас Н.*******ийн дансанд орсон эсэх нь нотлогдоогүй байхаас гадна нэхэмжлэгч нь 2023 оны 10 сарын 21-нд дансаар 1,000,000 төгрөгийг шилжүүлснийг нэхэмжлэгч 10 сарын 24-ний өдөр орсон гэж зөрүүтэй бичсэн байдал тогтоогдсон.

Хариуцагч нь түүний мөнгийг хадгалж байгаад нэхэснийх нь дагуу мөнгийг дансаар шилжүүлсэн гэж маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Н.Ундармаа, Т.Булганхишигт нарт хууль сануулан гэрчийн мэдүүлэг авсан боловч гэрчийн мэдүүлэг нь өөр бусад баримтаар нотлогдоогүй тул талуудын хооронд хадгалалтын гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь хадгалалтын гэрээгээр хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээх бөгөөд хадгалагч нь хадгалалтыг аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд явуулж байгаа бол урьдчилан тохиролцоогүй ч хадгалалтын хөлсийг харилцан тохиролцсон гэж үзэхээр хуульчилсан боловч талууд хадгалалтын хөлсийг хэрхэн тохиролцсон талаар нотлож чадаагүйгээс гадна хадгалуулсан мөнгийг түүний хүсэлтээр шилжүүлсэн байдлаа хариуцагч нотлоогүй, нотлох баримт ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Харин нэхэмжлэгч нь хариуцагчийн бизнест нь хөрөнгө оруулсан, улмаар сар бүр ашиг өгөхөөр тохиролцсон гэсэн тайлбар нь хэрэгт хариуцагч талаас “будааны урамшуулал”, “будаа урам” “оёод урам” гэсэн агуулгаар сар бүр төлбөр шилжүүлж байсан дансны хуулгаар мөн гэрч Б.Төгөлдөрт хууль сануулан авсан мэдүүлэгт “ээж Н.******* надад Г.******* эгчийн чинь будааны бизнес их амжилттай байгаа, хамтран ажиллах гэж байгаа, Г.******* эгч чинь будаа зараад цөм хийгээд байгаа гэж байна шүү дээ” гэсэн тайлбар зэрэг нотолгооны хэрэгслүүдээр талууд ашиг олох зорилгоор хариуцагч Г.*******ын бизнесийн үйл ажиллагааг дэмжиж хөрөнгө оруулсан Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хамтран ажиллах гэрээг бичгээр болон амаар байгуулж болохыг хуулиар зохицуулсан бөгөөд хариуцагч нь өөрийн эрхэлдэг бизнесийн үйл ажиллагаанд түүнээс хөрөнгө оруулсан мөнгийг эргэлдүүлэх замаар хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

Талууд гэрээгээр гэрээний хугацааг тохироогүй хэдий ч нэхэмжлэгч нь 2024 оны 03 сарын 22-ны өдөр үндсэн төлбөрөөс 20,000,000 төгрөг авснаар бидний хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан гэж тайлбар гаргасан нь талууд гэрээгээр хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахгүйгээр бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно гэж Иргэний хуулийн 479 дугаар зүйлийн 479.1-д заасантай нийцсэн байх ба уг гэрээг цуцалснаар хамтын үйл ажиллагааг дуусгавар болсон гэж үзнэ.

Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.4-д Нэг тал гэрээнээс гарсан боловч үлдсэн талууд хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцсон бол гэрээнээс гарсан талд ногдох хувийг мөнгөн хэлбэрээр эргүүлэн олгох боловч ингэхдээ түүний гарах үед биелүүлээгүй байсан хэлцлийг харгалзана гэжээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаа нэгэнт цуцлагдаж улмаар хөрөнгө оруулагч тал гэрээнээс гарсан үндэслэлээр хамтын үйл ажиллагаанд нийлүүлсэн төлбөрийн үлдэгдлийг шаардсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Н.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Г.*******аас 50,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Сөрөг нэхэмжлэлийн талаар.

Хариуцагч Г.******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ... бидний хэдэн найзууд ярилцаж байгаад Н.*******ийн байр зарсны мөнгийг бизнес эрхэлдэг, найдвартай гэсэн үндэслэлээр 70,000,000 төгрөгийг хадгалуулсан, Н.******* нь хэрэгцээтэй үедээ надад хэлж мөнгөө авч байсан. Гэтэл би 79,980,000 төгрөгийг шилжүүлсэн буюу 9,980,000 төгрөгийг илүү шилжүүлсэн гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч дансны хуулгатай тулгаж үзэхэд 79,715,000 төгрөг болж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагыг бууруулж 9,715,000 төгрөгөө буцаан гаргуулна гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч Н.*******ээс ирүүлсэн хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан ...тоот данснаас хийсэн түүвэр баримтаар 2020 оны 12 сарын 17-ны өдрөөс 43 удаагийн гүйлгээгээр 52,980,000 төгрөг дээр хамгийн сүүлд 2024 оны 03 сарын 22-нд шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг нэмж 72,980,000 төгрөг гэж ирүүлсэн.

Хариуцагч нь 79,715,000 төгрөгийг шилжүүлсэн нэхэмжлэгч нь зарим төлбөрийг дутуу орхигдуулсан гэсэн үндэслэлээр хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд талуудаас ирүүлсэн дансны хуулгатай тулгаж үзэхэд 76,682,000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдсон.

Шүүхээс 2024 оны 03 сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөг шилжүүлснээр хамтран ажиллах гэрээний харилцаа дуусгавар болсон гэж үзэж уг төлбөрийг үндсэн 70,000,000 төгрөгөөс хасаж тооцсон тул түүнээс өмнө шилжүүлсэн баримтаар нотлогдсон 56,682,000 төгрөг нь хамтын үйл ажиллагаас олсон ашгийн хувиарлалт байна гэж үзсэн болно.

Иймд хариуцагч Г.*******ын 9,715,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч Г.*******аас 50,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.*******т олгож, 9,715,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн урьдчилан төлсөн 407,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 174,630 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 407,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.АЛТАНТУЯА