Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

улсын яллагч Л.Мажигсүрэн,             

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

шүүгдэгч З.Чт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:               

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1968 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Улиастайд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нисгэгч мэргэжилтэй, “Лив мед” ХХК-д захирал ажилтай, ам бүл 4,эхнэр 2 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 44-115 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, З.Ч-д  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1709021440314 дугаар 185/2018/0023/Э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:       

   

Шүүгдэгч З.Чт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар хорооллын 44 дүгээр байрны 68 тоотын үүдэнд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн үед автомашины зогсоол дээр машинаа буруу байрлуулж, саад болсон талаар нь хэлж уулзсан М.Гомбосүрэнтэй харилцан маргалдаж улмаар түүний биеийн зүүн далны хэсэгт хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Чтын: 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ унтаж байсан чинь хаалганы хонх дуугарсан. Хаалгаа нээсэн чинь нэг залуу зогсож байсан. Надад машинаа гаргаадах гэхээр нь надад машины түлхүүр байхгүй, түлхүүр нь байгаа хүний дугаарыг өгөе гэхэд өөрөө ярь гээд гараад явчихсан. Тэгэхээр нь би хүү рүүгээ залгаад түлхүүр авчирч өг гэхэд за гэж хэлсэн. Нөгөө залуу над руу залгахад нь ирж байна гэж байна гэж хэлэхэд аан за гээд утсаа тасалсан. Тэгээд би хоол хийх гээд хутгаа ирлээд зогсож байсан чинь хаалга өшиглөөд унахаар нь тэр чигтээ хутга ирлэгч хоёроо гартаа бариад очсон юм. Тэгээд хаалгаа нээсэн чинь манай гэр рүү эхнэртэйгээ хамт дайрч орж ирэхээр нь надад түлхүүр байгаа шүү дээ, хүүхэд маань одоо ирж байна гэж хэлэхэд дайраад байсан. Тэгэхээр нь би айлгах санаатай хана руу хутга далайхад тэр залуу эргэхдээ өмсөж явсан куртикны ар нь орчихсон. Тэгээд манайхаас гараад явсан. Удаа ч үгүй цагдаа нар  ирсэн гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

мөрдөн байцаалтад хохирогч М.Гомбосүрэнгийн: ...2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн үед эхнэр Оюунсүрэн, 3 настай Эмүжин, 1 настай Агваанцэрэн нарын хамтаар гараад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хорооллын 44 дүгээр байрны гражид ороод өөрийн эзэмшлийн 2924 УБП улсын дугаартай Тоёота Рав 4 маркийн автомашинаа гаргах гэхэд урд таглаад 0042 улсын дугаартай автомашин тавьсан байсан. Утас нь холбогдохгүй байсан бөгөөд гражны жижүүрээс асуухад ...115 тоотод суудаг хүний машин гэж хэлсэн. Тэгээд би 11 давхарт 115 тоотын хаалгыг тогшиход дотроос нь 50 орчим насны эрэгтэй хүн гарч ирсэн. ...машин таглаж тавьчихаад гээд уурлахад тэгээд чи яах гээд байгаа юм гэж хэлснээ нөгөө эрэгтэй цаашаа яваад өгсөн. Удалгүй нөгөө эрэгтэй хүн зүүн гартаа заазуур, баруун гартаа хутга бариад гараад ирсэн. Тэгээд шууд ирээд хутгаараа далайгаад дайрахаар нь би хүүхдээ тэвэрч байсан болохоор баруун тийш эргэхэд зүүн суга юм уу дал орчим руу хутгалчих шиг болсон. Би буцаад зугтсан юм. Тэгээд лифт хүртэл араас дагаж явж байгаад буцаад явсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-13-14/,

            Мөрдөн байцаалтад гэрч Г.Оюунсүрэнгийн: ...Манай нөхөр би таныг 30 минут хүлээлээ шүү дээ, утсаа ч авахгүй гэж хэлэхэд тэр хүн өөдөөс хэрэлдэж эхэлсэн. Тэр хүн цаашаа яваад өгсөн. Удалгүй баруун гартаа хутга, зүүн гартаа заазуур бариад гараад ирсэн. Ер нь бол хүүхэд тэвэрчихсэн байхад манай нөхөр рүү хутгаараа чичээд дайрсан. Манай нөхөр баруун тийшээ эргэхэд зүүн далан тус газраа хутгалуулсан байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-15-16/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14241 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. М.Гомбосүрэнгийн биед зүүн далны хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэсэн дүгнэлт /хх-22/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-7/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-8/, хохирлын баримтууд /хх-40-43/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-34/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-35/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/, бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /хх-37/, иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-38/, Цагдаагийн ерөнхий газрын саатуулсан хүний мэдээлэл /хх-39/, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-44/ хохиролд 3.000.0000 төгрөг төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжилснээр тогтоогдон нотлогдов.    

Шүүгдэгч З.Чтыг /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.         

Шүүгдэгч З.Чт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч М.Гомбосүрэн гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч З.Ч 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.         

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгав.                           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч З.Чт өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.