Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/311

 

А.Н-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батцэцэг,

шүүгдэгч А.Н-ын өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Н-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2211 00740 1278 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн А-ийн Н, 1990 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, /РД: ... /,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 334 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/514 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 09 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 2 сар 09 хоногийн хугацаагаар тогтоосон,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/525 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сар 8 хоногийн хугацаагаар тогтоосон,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/61 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

А.Н нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм ашиглан 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 22:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны ... дугаар гудамжны ... тоот хашаанаас иргэн О.О-ийн эзэмшлийн 00-00УУУ улсын дугаартай цагаан өнгийн “Toyota Prius-11” загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогчид 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газар: А.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт А-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-ын цагдан хоригдсон 32 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 00-00УУУ улсын дугаартай цагаан өнгийн “Prius-11” загварын тээврийн хэрэгслийг хохирогч О.О-д буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Н-аас нийт 30.840.000 төгрөгийг гаргуулж, хохирогч О.О-д 350.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.З-д 490.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч А.Н-аас 30.000.000 төгрөг гаргуулж улсын орлого болгохыг зааж, шүүгдэгч А.Н-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Н давж заалдах гомдолдоо: “...Би холбогдох зүйл, хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирогч Ц.З-ийн 1 сая төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Гэрч Б.А-ийн дансанд 830.000 төгрөг шилжүүлсэн талаар мэдүүлсэн. Тус 830.000 төгрөгөөс бэлнээр 510.000 төгрөг, “Samsung A7” загварын гар утас өгч, хохирлоос тодорхой хэмжээний мөнгө, утас өгснийг шүүхийн хэлэлцүүлэг, шийтгэх тогтоолд оруулаагүй байна. Би 7-15 насны дөрвөн хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Эхнэр Ө нь сахрын өвчтэй бөгөөд зүүн уушги нь устсан ба эмчилгээгүй болж хагалгаанд орох шаардлагатай болсон. Мөн хүү Н.М маань хөгжлийн бэрхшээлтэй тул миний гэр бүл болон хохирогчоос нэхэмжилсэн хохирлыг барагдуулахаа илэрхийлж байгааг минь харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч А.Н-ын өмгөөлөгч Г.Өсөхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч А.Н-аас хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх машин механизмын үнэлгээ болох 30.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тухайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд хураан авч, улсын орлого болгох ёстой гэж зохицуулсан. Түүнээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг заавал улсын орлого болгох гэсэн зохицуулалт байхгүй учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй хууль ёсны гэж үзэж байна. Шүүгдэгч А.Н 1.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн гэж байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар иргэний нэхэмжлэгчээс 510.000 төгрөг төлөгдөөгүй талаар мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүхээс 510.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгчид олгохоор заасан. Мөн хохирогч О.О-д 350.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч А.Н-ын өмгөөлөгч Г.Өсөхбаярын 30.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон 4, 5 дахь хэсэгт “...хэрэв уг тээврийн хэрэгсэл бусдын эзэмшил, өмчлөлд шилжсэн бол тухайн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж болно...” гэж заасан. Ийм учраас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан байдлыг харгалзан 30.000.000 төгрөгийг улсын орлого болгох нь хууль ёсны, үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч А.Н “...учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрч байна, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн байна. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад 2-8 жилийн хорих ялтай гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуулийн заалтыг хэрэглэхээр заасан байгаа. Гэтэл өнөөдөр давж заалдах шатны шүүхийн шатанд 830.000 төгрөгийг төлсөн талаарх баримт байхгүй. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж үзэж, 30.000.000 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлсэн талаарх баримтыг өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гаргаж өгөөгүй байна. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд, урьд нь хулгайлах гэмт хэрэгт удаа дараа холбогдож байсан, нийт 7 удаагийн ял шийтгэлтэй, прокурорын хяналтын шат болон анхан шатны шүүхийн шатанд оргон зайлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, хохирол төлбөрөө нөхөн төлөөгүй зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх А.Н-т холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч А.Н нь 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 22:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Усан сангийн 2 дугаар гудамжны 33 тоот хашаанаас иргэн О.О-ийн эзэмшлийн 00-00УУУ улсын дугаартай, цагаан өнгийн “Toyota Prius-11” загварын тээврийн хэрэгслийг “Hyundai Mighty II” загварын ачигч машин ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.О-ийн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гэрээсээ гарч найзынхаа гэрт очиж архи ууж, хоёр хоносон. Тэгээд гэртээ ирэхэд надтай хамт амьдарч байгаа Б ах согтуу унтаж байсан. Бие засах гээд ариун цэврийн цаас аваад гадаа гарахад гадаа байсан миний эзэмшлийн 00-00УУУ улсын дугаартай, цагаан өнгийн “Toyota Prius-11” загварын автомашин алга болсон байсан. …Миний автомашин Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах журмын хашаанд байгаа. Дуудлагын ачилт 60.000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш журмын хашаанд байсан хоногийн төлбөр нийлээд 350.000 төгрөг болсон. …” /хх 15-18/,

иргэний нэхэмжлэгч Ц.З-ийн: “...Тухайн тээврийн хэрэгслийг 1.000.000 төгрөгөөр авахаар мөнгийг нь шилжүүлсэн. Тэгээд дараа нь өөрөө тэр эрэгтэйг хайж явж байгаад бэлнээр 510.000 төгрөг авсан. ...” /хх 20/,

гэрч А.Х-ийн: “...89хххххх дугаарын утаснаас над руу “Toyota Prius-11” загварын машин задаргаанд авах уу” гэж залгасан. ...Авсан машины доторхыг шалгатал О.О гэсэн эзэмшигчтэй машины гэрчилгээ болон бусад баримт бичиг гараад ирэхээр нь сэжиг аваад буцаагаад залгатал таксины жолооч байсан ба “Төмөр замд “Леон” гэх зочид буудлын гадаа буусан” гэж хэлэхээр нь эхнэр бид хоёр очоод тэнд байрлах караокег шалгатал машин зарсан залуу гараад ирсэн. Цагдаа дуудаад ирэхгүй болохоор нь тэр залууд бэлэн байсан 510.000 төгрөгийг авсан. ...Энэ машиныг “Ямар хүний нэр дээр байгаа юм” гэж асуухад машин зарсан залуу “О.О-ийн машин” гэж хэлсэн. ...” /хх 28/,

гэрч Б.А-ийн: “...Цагаан өнгийн 00-00УУУ улсын дугаартай “Toyota Prius-11” загварын автомашин байсан хашаанд очсон. Очиж зогсоод надаас “Та өөрийнхөө автомашины түлхүүрийг өгч бай, адилхан юм чинь” гэж хэлээд машины түлхүүр сугалж аваад хашаа руу орсон. Тэр үед авч явж байсан газрын бичгээ машинд ил орхисон байсан бөгөөд эзэмшигчийн нэр нь О.О гэсэн нэртэй байсан. ...Удаад байхаар нь араас нь очиход “Түлхүүр таарахгүй байна” гэхээр нь би “Юу гэж таарах вэ” гэж хэлээд өөрийнхөө машины түлхүүрээ буцаагаад авсан. ...Фэйсбүүк дээрээс машины задаргааны дугаар авч залгаж байгаад 89хххххх гэсэн дугаартай хүн “Машиныг чинь авъя” гэж хэлсэн. Тэгээд “Машин худалдаж авах гэж байсан залуугаас “Huawei” брэндийн утас 100.000 төгрөгөөр авлаа” гээд ирсэн. Тэгээд машины төлбөрийн мөнгө 1.000.000 төгрөгөөс чирэгчийн мөнгө 70.000 төгрөг, утасны мөнгө 100.000 төгрөг, үлдэгдэл 830.000 төгрөгийг миний данс руу шилжүүлж авсан. Тэгээд би 50.000 төгрөг аваад, үлдсэн 780.000 төгрөгийг бэлэн мөнгөний машинаас авч, тэр залууд өгсөн. ...” /хх 32-33/,

шүүгдэгч А.Н-ын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү. ...” /хх 199/ гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар нотлогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу оролцогч нарын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Н-ыг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь хулгайлах гэмт хэргийн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан хүндрүүлэх бүрэлдэхүүн нь бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж машин, механизм ашигласныг ойлгох бөгөөд шүүгдэгч А.Н нь хохирогч О.О-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хулгайлахдаа иргэн А.А-ын эзэмшлийн өргөгч, ачигч машиныг ашигласан нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд сонгох санкцгүйгээр хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч А.Н-т хорих ял шийтгэсэн нь үндэслэлтэй болжээ.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг 4 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэх боломжтой гэж үзэв.

"Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-622/3983 дугаартай дүгнэлт /хх 40-43/-ээр хохирогч О.О-ийн эзэмшлийн “Toyota Prius-11” загварын автомашины үнэлгээг 5.500.000 төгрөгөөр тогтоосон боловч хохирогч О.О нь биет байдлаар машиныг хүлээн авсан бөгөөд машиныг буцаан авах хүртэл түр саатуулах хашаанд байрлуулж байсны төлбөр 350.000 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзэж, шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Харин анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгч Ц.З-д 490.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь, шүүгдэгч А.Н, иргэний нэхэмжлэгч Ц.З нарын мэдүүлгээр тэдгээр нь хохирогч О.О-ийн эзэмшлийн автомашиныг 1 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 100.000 төгрөгт гар утас, 70.000 төгрөгийг тус автомашиныг зөөвөрлөн авч ирсэн төлбөрт, 830.000 төгрөгийг таксины жолоочид шилжүүлэх замаар А.Н авсан бөгөөд үүнээс 510.000 төгрөг, 100.000 төгрөгт тооцож өгсөн гар утас, нийт 610.000 төгрөгийн мөнгө, эд зүйлийг иргэний нэхэмжлэгч Ц.З нь шүүгдэгч А.Н-аас буцаан авсан нь тогтоогдсон тул 320.000 төгрөгийг шүүгдэгч А.Н-аас гаргуулан Ц.З-д олгох нь зүйтэй.

Шүүгдэгч А.Н-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан А.А-ын эзэмшлийн 00-00УУУ улсын дугаартай “Hyundai Mighty II” загварын тээврийн хэрэгслийг “Ашид билгүүн” ХХК-иас 30.000.000 төгрөгөөр үнэлсэн, уг тээврийн хэрэгслийн үнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутай этгээдээс гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод хамааруулж, хураан авахаар заасан бөгөөд анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт энэ талаар тодорхой дурдсан атлаа тогтоох хэсэгт Иргэний хуулийн зүйл, хэсгийг баримталсан байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, “анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий шүүгдэгч А.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан тул шүүгдэгч А.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...6 жилийн хугацаагаар хорих ял...” гэсэн хэсгийг “...4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял...” гэж,

7 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Н-аас нийт 670.000 /зургаан зуун далан мянга/ төгрөг гаргуулж, хохирогч О.О-д 350.000 /гурван зуун тавин мянга/, иргэний нэхэмжлэгч Ц.З-д 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөг тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Н-аас 30.000.000 /гучин сая/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-ын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 42 /дөчин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                           Б.АРИУНХИШИГ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ