Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 216/МА2020/00019

 

 Н Ш СӨХ-ны  нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020  оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 134/ШШ2020/00184 дугаар шийдвэртэй, Н Ш СӨХ-ны нэхэмжлэлтэй Л.А холбогдох нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж, эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж, нотариатын зардал, нийт 145 854 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А, хариуцагч Л.А, нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н Ш СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай СӨХ-ны хувьд 2019 оны 09 дүгээр сарын 04-нд нийтийн хурал хуралдаж, үүсгэн байгуулагдсан. Ш О ХК-ийн 6-н байртай. Эдгээр байрнуудыг хувьчилсан. Хувьчилсаны үндсэн дээр зарчмын хувьд СӨХ байгуулах шаардлага гарсан. Энэ бүх нийтийн хурлаар төлбөр мөнгө, орон тоог тогтоож байсан. СӨХ-ны тухай хуулийн 15.1-д зааснаар ямар барилга байгууламжийн ямар, ямар үйл ажиллагаа юу нь СӨХ-д хамааралтай талаар дурдсан байгаа. Хуулийн дагуу СӨХ-ны  үйл ажиллагааг хариуцаж засвар үйлчилгээгээ хийдэг. Хоёрдугаарт, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.2-т зааснаар СӨХ-ны үйл ажиллагаан дээрээ нэмэлтээр мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг явуулдаг. Дэд бүтцийн асуудлыг мөн давхар хариуцаж явдаг. Үүнд халаалт дулаан, хэрэглээний ус гэх мэт зүйлийг хариуцдаг. Гуравдугаарт, Тохижилт үйлчилгээний газрын үйл ажиллагааг мөн манай СӨХ давхар хариуцдаг. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар орчны газраа хариуцан ажилладаг. Ийм үйл ажиллагаануудыг давхар эрхлэн явуулдаг учраас өндөр төлбөртэй байгаа. Энэ нь орон нутгийн онцлогоос болж тогтоосон төлбөр байгаа. Улаанбаатар хоттой харьцуулах шаардлагагүй. Манай СӨХ-ны хувьд ашиглалтын зардал өндөртөй. 28 орцны засвар үйлчилгээ, 6 байрны халаалт дулаан гэх мэт зүйлийг хариуцан ажилладаг. СӨХ-ны төлбөр тогтоох үндэслэл гэж байгаа. Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн 2004 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06 тоот тогтоол байгаа. Тухайн тогтоолд засвар үйлчилгээний хураамжийг айл бүрийн байрны метр квадратын ханшаар тогтоосон байгаа. Метр квадратын үнийг 200-300 төгрөгөөр тогтоохоор заасан. Цэвэрлэгээ үйлчилгээний мөнгийг 1 500-10 000 төгрөгийн хооронд тогтооно гэдгийг үндэслэж, бүх нийтийн хуралдаанаар хэлэлцэж тогтоож, өнөөдөр мөрдөж байгаа төлбөр байгаа. Манай СӨХ-ны хувьд 75 айлын 6 байртай. Улаанбаатар хотын хувьд 108 айлын 1 байртай байдаг. 28 орцны засвар үйлчилгээ, халаалт дулааныг хариуцдаг учраас ашиглалтын зардал өндөр гардаг гэсэн үг. Манай суманд 2 СӨХ-ны байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэр байгууллагын хураамж 8000 төгрөг байгаа. Тэр байгууллагын хувьд зөвхөн цэвэрлэгээний асуудлыг хариуцдаг. Тохижилт үйлчилгээ, засвар үйлчилгээ, халаалт дулааны асуудлыг хариуцдаггүй гэх мэт мэдээллийг өгсөн. Тийм учраас манай оршин суугчид тэр бүр ойлгох хэрэгтэй. Иргэн Л.А хувьд 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 05 дугаар сар дуусталх хугацаанд Н Ш СӨХ-д төлбөл зохих нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж 136 858 төгрөгийг төлөөгүй байна. Сар бүрийн төлбөрт 25 000 төгрөг төлөх ёстойгоос 10 000 төгрөгөөр төлдөг. Анхнаасаа төлөх ёстой мөнгөн дүнгээрээ төлөхгүй байсаар байгаад төлбөрийн үлдэгдэл ийм болсон.

            Иймд, хариуцагч Л.А нийтийн зориулалттай орон сууцны өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж 136 858 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж 4 816 төгрөг, нотариат зардал 4 180 төгрөг, нийт 145 854 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Л.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н Ш СӨХ нь сарын 25 000 төгрөгийн хураамж авдаг, үүнийг би хүлээн зөвшөөрдөггүй, сарын 10 000 төгрөгийн хураамж төлдөг. Н Ш СӨХ-ны сарын 25 000 төгрөгийн хураамж бодит байдалд нийцээгүй, хэт өндөр үнэтэй тогтоогдсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Шивээговь сумын ШОНУ-н харьяаллын бус орон сууцны СӨХ-ны сарын хураамж 8000 төгрөг, Улаанбаатар хотын 5 давхар орон сууцны СӨХ-ны сарын хураамж 13 000 төгрөг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Найрамдал хотхоны СӨХ-ны сарын хураамж 5 000 төгрөг байдаг байх жишээтэй. Гэтэл Н Ш СӨХ-той хураамж төлөх тухай гэрээ хэлцэл байгуулаагүй ба Н Ш СӨХ-ны цэвэрлэгээ үйлчилгээнд тохирсон сарын 10 000 төгрөгийн хураамжийг 2019 оны 11 дүгээр сараас эхлэн 2020 оны 06 дугаар сар хүртэл нийт 90 000 төгрөгийг төлсөн. Манай орцны хувьд орцны жижүүр, харуул хамгаалалт, камер, хогийн цэг гэх мэт зүйл байхгүй байж өндөр төлбөрөөр нэхэж болохгүй. СӨХ гэдэг бол төрийн бус байгууллага. Төрийн бус байгууллага байж өндөр үнээр иргэдийг хохироож болохгүй. Орцыг тэр бүрчлэн угаагаад байдаггүй. Төлбөрийн өндөр байна гэж үзэж байна гэжээ.  

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д заасныг баримтлан Н Ш СӨХ-ны нэхэмжлэлтэй Л.А холбогдох нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж, эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж, нотариатын зардал, нийт 145 854 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5 026 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, ... гомдол гаргах эрхтэйг дурдаж  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Нэхэмжлэгч “Н Ш” сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгч Ц.А миний бие Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 134/ШШ2020/00184 дүгээр шийдвэрийг анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, хуулийг буруу хэрэглэж тайлбарласан үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 134/ШШ2020/00184 дүгээр шийдвэрийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гардан авсан болно.

Анхан шатны шүүх “Н Ш” СӨХ-ны нэхэмжлэлтэй Шивээговь сумын 1-р баг, 9 байрны 5 тоот орон сууцны өмчлөгч Л.А нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж, эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж, нотариатын зардал, нийт 145 854 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ... түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох ... гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй /бүх гишүүдийн хурлын тэмдэглэл өгөөгүй/ гэх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хууль буруу хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтыг дутуу судласнаас буруу шийдвэр гарсан хэмээн үзэж байна.

Нэхэмжлэгч “Н Ш” СӨХ нь иргэний хэрэгт “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д заасан “Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно” гэсэн заалтын дагуу үүсгэн байгуулагдсан хурлын тогтоол, бүх гишүүдийн хурдаас СӨХ-ны хураамжийг тогтоосон тогтоол, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар “Н Ш” СӨХ-г зохион байгуулагдсан болохыг бүртгүүлсэн гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгсөөр байхад мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3, 16 дугаар зүйлийн 16.5-д заасан үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн зөрчлийг үүсгэлээ.

“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна.” 8 дугаар зүйлийн 8.4-д “Хурлаас тогтоол ... гарах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж... баталгаажуулна.” хэмээн заасан. “Н Ш” СӨХ нь анх үүсгэн байгуулагдсан бүх гишүүдийн хурлаар үйлчилгээний  хураамжийг шийдвэрлэж тогтоол гаргасан ба тогтоолд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

Хариуцагч “Н Ш” СӨХ-г үүсгэн байгуулагдсан эсэх, хураамжийн асуудлыг шийдвэрлэсэн тогтоолыг хүчин төгөлдөр бус болох талаар маргаан үүсгээгүй, зөвхөн хураамжийн хэмжээ 25000 төгрөгөөр тогтоогдсон нь өндөр үнэтэй байна гэсэн үндэслэлээр маргаж, түүнийгээ нотлосон ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүх СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоол хүчин төгөлдөр бус байх талаар тайлбарлаж, дүгнэлт өгсөн нь хууль буруу тайлбарласан, нотлох баримтыг дутуу үндэслэлгүй үнэлсэн болох нь харагдаж байна.

Мөн шүүх “Н Ш” СӨХ-г үүсгэн байгуулагдсан, гүйцэтгэх захирлыг томилсон бүх гишүүдийн хурлын тогтоолуудыг үндэслэлтэй, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байгаа талаар үнэлсэн хэрнээ, үйлчилгээний хураамжийг шийдвэрлэсэн тогтоолыг хүчин төгөлдөр бус хэмээн шийдвэрлэсэн нь “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны  байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасан заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчлийг үүсгэсэн болно. “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.5-д “дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ”. хэмээн зааснаас “бүх гишүүдийн хурлын тэмдэглэлээр хураамжийн асуудлыг шийдвэрлэхээр тусгаагүй болно.

Иймд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 134/ШШ2020/00184 дүгээр шийдвэрийг анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, хууль буруу тайлбарласан, нотлох баримтанд үндэслэлгүй дүгнэлт өгсөн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 –т зааснаар  хэргийг бүхэлд нь хянав.

Нэхэмжлэгч Н Ш СӨХ нь хариуцагч Л.А нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж, эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж, нотириатын зардал нийт 145 854 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Л.А нь СӨХ-ны хураамж өндөр байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй өөрөөр хэлбэл Н Ш СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тэмдэглэлийг шүүхэд ирүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу нотлох баримтыг  үнэлж чадаагүй  гэж үзэхээр байна.

Учир нь нэхэмжлэгч нь хариуцагчаас нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх  тухайн СӨХ-ны эрх зүйн байдлын талаар өөрөөр хэлбэл СӨХ байгуулсан, үйлчилгээний хураамж тогтоосон бүх гишүүдийн хурлын тэмдэглэл ирүүлээгүй  буюу нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн  нь үндэслэлгүй болжээ.

Хариуцагч Л.А нь Шивээговь сумын 1-р баг 14 дүгээр байрны 42 тоот орон сууцны өмчлөгч байх бөгөөд Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар сууц өмчлөгч нь заавал  тухайн сууц өмчлөгдийн холбооны гишүүн байхаар үүрэгжүүлсэн ба Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “...дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон  зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө” гэж заажээ.

 Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн 13.2.1-д “... холбооны дүрмийг сахин биелүүлэх” , 13.2.2-д “бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх “ , 13.2.3-т “... засвар, үйлчилгээтэй холбогдсон ... зардлыг санхүүжүүлэхэд... оролцох” үүрэгтэй болохыг тус тус хуульчлан заажээ.

Хариуцагч  нь Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн 13.1.4-т зааснаар засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д зааснаар хэрэглэгчийн хувьд чанаргүй ажил, үйлчилгээний улмаас зөрчигдсөн эрхээ хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагаар дамжуулан хамгаалуулах эрхтэй байх боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй ба хэрэгжүүлсэн гэх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлага хангасан зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Мөн нэхэмжлэгч нь нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамжаас гадна эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж, нотариатын зардал гаргуулах шаардлага гаргасан байх ба нэхэмжлэгчийн зүгээс гарсан энэхүү зардлыг Иргэний  хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй “ гэж заасны дагуу хохирол нэхэмжилсэн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Сууц өмчлөгдийн холбоог үүсгэн байгуулсан асуудал, үйл ажиллагааг хуульд нийцүүлэн  явуулдаг эсэх талаар сууц өмчлөгчийнхөө хувьд хуулиар олгогдсон эрхээ эдлэхэд энэ шийдвэр нөлөөлөхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1,167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 134/ШШ2020/00184 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 219 дүгээр зүйлийн 219.1, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал,  нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан хариуцагч Л.А нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж 136 858 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж 4816 төгрөг, нотариатын зардал 4180 төгрөг,  нийт 145 854 төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймаг Шивээговь сумын Н Ш Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай” гэж ,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “ ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ..., хариуцагч Л.А 5 026 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н Ш сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай” гэсэн нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5026 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Х.БАЙГАЛМАА

                                           ШҮҮГЧИД                              О.ОДНЯМАА

                                                                                          Г.ТЭГШСУУРЬ