| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2017/0599/э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2017-12-26 |
| Зүйл хэсэг | 148.2., |
| Улсын яллагч | Б.Мөнх-Од |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Солонго,
Улсын яллагч Б.Мөнх-Од,
Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар /ҮД: 1142/,
Хохирогч П.Одгэрэлийн өмгөөлөгч Т.Туул /ҮД: 0649/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мөнхбатын Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201625020354 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, архитектурч мэргэжилтэй, “Тайгам алтай” ХХК-д архитектурч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо Эрхүүгийн гудамж 33 дугаар байр 7 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй одоо Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 44 дүгээр байрны 15 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Мөнхбатын Мөнх-Эрдэнэ /РД:ЧМ86061312/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь “СБЭТЭ” Монголиа компаний борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа иргэн Р.Ариунтөрийн “СБЭТЭ Монголиа” компанид захиалсан 880.000 иений үнэ бүхий “Лексус-250” маркийн автомашины үлдэгдэл төлбөрийг төлөх зорилгоор албан тушаалын байдлаа ашиглаж 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас банк”-ны төв салбарт хохирогч П.Одгэрэлд “СБЭТЭ” Монголиа компаний “тээврийн хэрэгслийг худалдан авахад зуучлан үйлчилгээ үзүүлэх тухай” гэх “СБЭТЭ Монголиа” компанид бүртгэлгүй хуурамч гэрээ ашиглаж Япон улсаас “Toyota Harrier” маркийн автомашин захиалж авчирч өгөх гэж байгаа мэт зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, итгэлийг нь урвуулан ашиглаж автомашины урьдчилгаа төлбөр болох 9.051.680 төгрөг залилж авсан,
Мөн хохирогч Н.Батболдод Япон улсаас “Toyota Harrier” маркийн автомашин захиалж авчирч өгнө гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 5 сая төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо “Централ таур”-ын Голомт банк дотор 5 сая төгрөг хуурч, залилан авч, бусдад нийт 19.051.680 төгрөгийн хохирол учруулсан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Компанид орсон цагаас эхлээд дарамт шахалт их байсан. Компаниас гарахдаа нилээн хүмүүсийн мөнгөний өрөнд орсон одоо ч төлсөөр байгаа. Яагаад тийм их өр гарсаныг тухайн үед ойлгоогүй явж байсан. Компанитай тооцоо нийлж үзэхэд компани энэ асуудалд буруугүй гэдэг. Компаниас гарахад нилээн хэдэн төгрөг тушаасан. Дутуу мөнгийг тушаавал намайг гайгүй, хүмүүс чинь хохиролгүй болж үлдэнэ гэсэн боловч тэр мөнгө хаашаа орсон нь тодорхойгүй. Тухайн үед энэ талаар би нарийвчилж сайн ойлгоогүй байсан. Одоо ингээд нарийн акт гараад тооцоо нийлсэний үүднээс би П.Одгэрэл гэх хүний мөнгийг өгөх ёстой юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Компанийг буруутгаж явсан нь миний буруу байж магадгүй. Гэхдээ өөрийн мэдэлгүй ийм их өрөнд орсондоо би одоог хүртэл гайхсаар байгаа. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. П.Одгэрэл өөрөө компанийн дансруу шилжүүлсэн. Өмнө нь машин захиалсан Р.Ариунтөр гэдэг хүний машины мөнгө дутсан. Компанийн удирдлагууд П.Одгэрэлийн мөнгийг Р.Ариунтөрийн машины мөнгө рүү хийлгэсэн. Намайг Р.Ариунтөрийн ойролцоогоор 390.000 иенийг авсан гээд байгаа. Би авсанаа хүлээн зөвшөөрч байгаа нь үнэн. Яагаад тэгж авсан бэ гэвэл тухайн үед иенийн ханшийг асууж байгаад иень хямдхан байна гэвэл хүмүүс намайг тушаачих гээд надруу шилжүүлчихдэг юм. Цаад компанийн шаардлага нь болохоор эхний 50 хувийг төллөө гэхэд дараагийн 50 хувийг хурдан төл гэдэг. Тэгтэл хүмүүс мөнгө байхгүй байна “ахын дүү чи аргалаад өгчих” гэдэг байсан. Манай өөрийн компаниас хүмүүсийнхээ мөнгийг төлүүл, төлүүлэхгүй бол чиний цалингаас 200, 300 иень суутгана гэдэг байсан болохоор нэг хүнийх нь мөнгөөр нөгөө хүний мөнгийг нөхдөг асуудал тогтчихсон байсан. Н.Батболд бид 2 найзууд. Найздаа машин оруулж ирж өгье гэдэг үүднээс хандаад надад “Toyoto Harrier” машин захисан. Бид 2 ярилцаад худалдан авах машины тал мөнгө болох 10.000.000 төгрөгийг би авсан. Үлдсэнийг нь гааль дээр ирэхэд төлж гэж болно гэж тохиролцсон. Гэтэл Н.Бат-Эрдэнэ үлдэгдэл мөнгийг олоход хэцүү болчлоо, машинаа зардаг юм уу ямар нэгэн арга бодъё 2-уулаа гэхээр нь би бүүр болохгүй бол өөр машинаар солъё гэж хэлсэн. Тэр хооронд хугацаа удсан болохоор надад итгэхгүй өргөдөл өгсөн байсан. Дараа нь би “Приус 30” маркийн машин авч өгсөн. ” гэв.
Эрүүгийн 201625020354 дугаартай хэргээс:
Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 11 дүгээр сарын эхээр Одгэрэл гэдэг хүн миний зарыг уншаад өөрөө над руу ярьсан. Тэгээд би “Хариар” маркийн автомашин 22.000.000 төгрөгөөр орж ирнэ” гэж хэлсэн. Японд иймэрхүү машин байгаа гээд зургийг нь фэйсбүүкээр үзүүлэхэд захиалъя гэсэн. Тэгээд 2015 оны 11 дүгээр сарын 11-нд худалдах худалдан авахад зуучлан үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Гэрээг бид урьд нь өөрсдөө хийдэг байсан. Гэрээний дагуу Япон компани руу мөнгөө шилжүүлсэн. “Хариар” машины урьдчилгаа 50% болох 9.051.680 төгрөг болсон. Тэр машиныг өөр дээрээ бүртгэж авсан. Одгэрэлийн авах машин руу мөнгийг нь унагаах ёстой гэхэд үгүй чиний өмнөх 2 машины үлдэгдэл төлбөрт энэ мөнгийг чинь авч төлүүлнэ гээд компаниас авчихсан. Би тэр үед Одгэрэлийн машиныг захиалганд оруулах талаар захиралтай яриад төлбөр нь хийгдсэн талаар ярихад наад хүний чинь мөнгийг өмнөх өрөнд чинь суутгасан, наад машиныхаа мөнгийг чи өөрөө олж өг гэсэн. Ахлах Мягмарсүрэн, гүйцэтгэх захирал Баярсайхан, ерөнхий захирал Хонгор нар хоорондоо ярилцаж байгаад Одгэрэлийн шилжүүлсэн мөнгийг хааш нь зарцуулахаа шийдсэн байх. Одгэрэлийн шилжүүлсэн мөнгө урьд нь машин захиалсан Ариунтөр гэх хүний машины үлдэгдэл төлбөр компанид орж ирээгүй байсан учраас оруулчихсан. 2016 оны 8 дугаар сарын сүүлээр манай найз Батболд нь машинаа шинэчилмээр байна гэж хэлээд надаар “Хариар” маркийн машин захиалуулна гэсэн. Тэгээд би Япон ченжээс “Хариар” маркийн машин байгаа юу гэж асуухад ачуулахад удна гэж хэлж байсан. Тэгээд 2016 оны 8 дугаар сарын сүүлээр Батболд нь надад урьдчилгаа 30%-ийн 5.000.000 төгрөгийг надад өгсөн. Тэгээд 10 хоногийн дараа үлдсэн 30%-ийг төлнө гэж нэмж 5.000.000 төгрөгийг надад өгсөн. Би тэгээд нийт 10.000.000 төгрөгийг Батболдоос аваад нөгөө японоос наашаа явуулах хүнд шилжүүлэг хийсэн бөгөөд одоо хүртэл хариу өгөөгүй. Надад Япон улс руу шилжүүлсэн мөнгөний баримт байгаа. Н.Батболд уг машиныг авч чадахгүй үлдсэн мөнгөө өгч чадахгүй гээд Бамбууш гэдэг хүнээр заруулсан. Батболд өөрөө мөнгө нэмээд “Приус 30” маркийн автомашин авъя гэсэн. Батболдоос авсан 5.000.000 төгрөгийг хувьдаа зарцуулсан. Төсөл хэрэгжээд урьдчилгаа мөнгөө авахаараа буцаагаад өгчихнө гэж бодсон. /1 хх-ийн 57-62, 162-163, 2 хх-ийн 63, 97-98 гэсэн мэдүүлэг/,
Хохирогч П.Одгэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Багшийн дээдийн “Хас” банкны төв салбар дээр намайг дуудсан. Очиход 2 хувь гэрээ бэлдээд иенийн хэлцэл “Хас” банкнаас захиалаад авчихсан, гэрээнд Мөнх-Эрдэнэ өөрийнхөө гарын үсгийг зурчихсан, Япон бичигтэй жижиг тэмдэг дарсан байхаар нь “Монгол тамга байх хэрэгтэй, энэ гэрээ хүчин төгөлдөр биш гэж үзэж байна” гэсэн чинь “Япон, Монгол 2 захирал гадаад явчихсан, энэ тамгыг дарчихсан байхад хүчин төгөлдөр, таны хийсэн мөнгө Японы толгой компаний данс руу ордог учраас та айлтгүй” гэж хэлэхээр нь би итгэсэн. Хас банкны теллерээс мөнгө шилжүүлэх дансыг “Японы данс мөн үү “Эс Бэ Тэ Монголиа” ХХК танай байгууллагатай хамтран ажилладаг уу” гэж асуухад “тиймээ манай байгууллагатай байнга хамтран ажилладаг, Япон компаний данс мөн, ямар үйл ажиллагаа явуулдаг эсэхийг бид мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би бэлнээр 9.051.680 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсэн баримтын нүүрний ягаан тасалбарыг Мөнх-Эрдэнэ авч, би ногоон тасалбарыг нь авч явсан. Миний машиныг 2015 оны 12 дугаар сарын 04-05-ны үед ирнэ гэж хэлсэн. Хэлсэн хугацаанд нь машин ирээгүй, утасдаж лавлахад удахгүй ирнэ гээд түүнээс хойш өдийг хүртэл худлаа ярьсан. 2015 оны 12 дугаар сарын 20-ны үед би Мөнх-Эрдэнэтэй яриад ууралсан чинь маргааш нь машин чинь ирчихсэн гэж хэлэхээр нь би үлдэгдэл мөнгөө аваад хүргэн ахтайгаа хамт материал импекс дээр очиж Мөнх-Эрдэнэтэй уулзахад Лот-ын дугаар, контенерийн дугаар, тээвэр зуучийн компаний дугааруудыг ахдаа өгчих ах нь өөрөө асуучихая гэхэд Мөнх-Эрдэнэ юу ч хэлж чадахгүй, худлаа хэлээд ээрч муураад байсан. Манай ах шууд л “чи худлаа хэлсэн байна наад залуугаа цагдаа руу аваад яв нэг бол нотариатаар ордог ч юм уу ямар нэг арга хэмжээ ав, чамайг луйвардсан байна гэж хэлэхэд би тэгээгүй би маргааш бүгдийг нь олоод өгнө гээд байсан. Мөнх-Эрдэнэтэй хийсэн гэрээгээ эхлээд Мягмарсүрэнд харуулахад миний гарын үсэг байхгүй байна гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 45 дугаар хуудас/,
Хохирогч Н.Батболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өөрийнхөө 1405102311 дугаарт Голомт банкны данснаас М.Мөнх-Эрдэний 2025100516 дугаартай данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөн Мөнх-Эрдэнийн данс руу өөрийн найз ажлынхаа Э.Ариунжаргалын Худалдаа хөгжлийн банкнаас 1.000.000 төгрөг, А.Түвшинтөгсийн Худалдаа хөгжлийн банкны данснаас 2.000.000 төгрөгийг өгсөн. Надад нийт 18.000.000 төгрөг болно гэж байсан. Урьдчилгаа 5.000.000 төгрөг өгчих, үлдсэн мөнгийг нь гааль дээрээс машинаа авахдаа өгчихөж болно гэж байсан. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 10-нд дахиад мөнгө өгөх хэрэгтэй байна гээд өөрийн 1405102311 дугаарт Голомт банкны данснаас М.Мөнх-Эрдэний 2025100516 дугаартай дансруу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд энэ өдрөө 4.000.000 төгрөгийг Централ таурын 4 давхрын Голомт банкинд бэлнээр 4.000.000 төгрөгийг өгсөн. Мөнх-Эрдэнэд 2864549 арлын дугаартай 2008 оны хар өнгийн “Хариар” маркийн авто машин Япон улсаас захиалсан боловч одоог хүртэл захиалсан машин өгөөгүй. Мөнх-Эрдэнэ би өөрөө оруулж ирнэ гээд интернэтээр орж надад машины зураг үзүүлээд би тэрнээс нь сонгосон. Тэгээд за “би захиалчихлаа” гээд “мөнгөө өг”гэж хэлсэн. 18.500.000 төгрөгөөр “Тоёота Хариар” машиныг захиалж болно гэж хэлсэн. Мөнх-Эрдэнэ эхний ээлжинд 10.000.000 төгрөг өгчих дараа нь 8.500.000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. 2016 оны 9 дүгээр сарын 03-нд Монголд ирнэ гэж Мөнх-Эрдэнэ хэлж байсан. Тэгсэн машин хугацаандаа ирээгүй тэгээд Мөнх-Эрдэнээс шаардахаар одоо ирж байгаа, удахгүй ирнэ гэх зэргээр шалтгаан хэлсээр байгаад одоог хүрсэн..." гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 54-55, 80 дугаар хуудас/,
Гэрч С.Баярсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Гэрээг байгууллагын гүйцэтгэх захирал гарын үсэг зурж тамга дарж байж хүчин төгөлдөр болдог. Гэрээг ажлын байран дээр хийдэг. Оффис менежер гэрээг хэвлэж гаргаж борлуулалтын менежер ахлах менежер нар гарын үсэг зурж баталгаажуулсаны дараа гүйцэтгэх захирал гарын үсэг зурж байгууллагын Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээдийн тэмдэгээр баталгаажуулж байж хүчин төгөлдөр болно. М.Мөнх-Эрдэнийн Одгэрэлтэй хийсэн гэрээ нь хүчин төгөлдөр биш хуурамч гэрээ гэж үзэж байгаа. Гэрээнд дарсан бөөрөнхий тэмдэгийг хаанаас олж дарсан эсэхийг мэдэхгүй байна. Манай байгууллагад ийм тэмдэг байхгүй. Одгэрэл гэдэг хүн манай компанид машинаа авах талаар хандахад бид шилжүүлсэн мөнгө нь хаашаа орсон талаар шалгаж үзэхэд Мөнх-Эрдэнэ дээр байсан Рэнчинсамбуугийн Ариунтөр гэдэг өмнөх захиалагчийнх нь машины үлдэгдэл төлбөрт орсон байсан. Ариунтөрийн авах автомашины данс руу Одгэрэлээр Мөнх-Эрдэнэ мөнгө шилжүүлүүлсэн байсан. Хуурамч бичиг баримт үйлдсэн компаний нэрийг ашиглан залилангийн хэрэг үйлдэж компаний нэр хүндэд халдсан гэж үзэж байна..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 46-47 дугаар хуудас/,
Гэрч Б.Мягмарсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Мөнх-Эрдэний Одгэрэлтэй хийсэн гэрээг харж байгаагүй. Миний гарын үсэг байхгүй байгаа. Мөнх-Эрдэнэ Ариунтөр гэж машин захиалагчийн үлдэгдэл төлбөрийн данс руу хийлгэсэн байсан. Мөнх-Эрдэнэ Ариунтөрөөс бэлэн мөнгө авч байсан юм байна лээ. Миний зүгээс Одгэрэлийн машин захиалсан мөнгийг өөр машинд унагаасан зүйл байхгүй. Гэрээг эх хувиар нь хүний нөөцийн менежер хэвлэж өгдөг. Одгэрэлийн бариад явж байсан гэрээ нь миний гарын үсэггүй, компаний тамга тэмдэггүй баталгаат бус гэрээ байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
Гэрч П.Алтангэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Миний төрсөн дүү Одгэрэл 2015 оны 11 дүгээр сараас эхлэн “Тоёота хариар” маркийн машиныг “СБЭТЭ ХХК”-аар дамжуулан Япон улсаас оруулж ирэн авах гэж байгаа гэдгээ надад хэлж байсан юм. Ингээд уг компаний менежер Мөнх-Эрдэнэ гэх хүний зааварчилгааны дагуу 9.051.680 төгрөгийг Япон улс дахь машин зарж байгаа компаний данс руу шилжүүлсэн гэж надад хэлсэн. Мөнх-Эрдэнийг “СБЭТЭ” компанид борлуулалтын менежерээр ажилладаг хүн гэж надад манай дүү хэлж байсан. Мөн би энэ хүнтэй 2015 оны 12 дугаар сарын дундуур очиж уулзаж манай дүүгийн захиалсан машин яасан бэ гэж асуухад би машиныг нь Японоос ачуулаагүй юм аа харин танай дүүгийн чинь өгсөн мөнгөөр өөр хүний захиалсан машиныг авчихсан байна гэж надад хэлсэн..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 100 дугаар хуудас/,
Гэрч Б.Халиунаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…Би “СБЭТЭ” компанид захиргаа хүний нөөцийн ажилтанаар 2013 оны 8 дугаар сараас хойш ажиллаж байсан. Борлуулалтын менежер гэрээний загварыг хүний нөөцийн мэргэжилтэн Ууганжаргал гэх хүнд хэвлэж өгдөг байсан. Ингээд борлуулалтын менежерүүд гэрээний загварыг авч захиалагчийн хувийн мэдээллийг бөглөөд хүний нөөцийн мэргэжилтэн Ууганжаргал болон надад авч ирж хянуулж гарын үсэг зураад гүйцэтгэх захиралаар гарын үсэг зуруулж гэрээг баталгаажуулдаг юм. Мөн гэрээний нэг хувийг компанид авч үлддэг ба нөгөө хувийг захиалагчид өгч явуулдаг юм. Гүйцэтгэх захирал байхгүй тохиолдолд гэрээ байгуулагдахгүй. Хамгийн эхэнд борлуулалтын менежер гарын үсэг зурна. Үүний дараа ахлах менежер гарын үсэг зурна, дараад нь хүний нөөцийн менежер хянаад гүйцэтгэх захиралаар гарын үсэг зуруулж тамга даруулдаг юм. Гэхдээ гүйцэтгэх захиралыг орлож борлуулалтын менежер гарын үсэг зурдаггүй. Мөнх-Эрдэнэ энэ талаар огт хэлээгүй..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 101 дүгээр хуудас/,
Гэрч Т.Ганзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...”СБЭТЭ” ХХК-ны дөрвөлжин хэлбэртэй цэнхэр өнгөтэй тэмдэгийг иргэдтэй байгуулсан гэрээн дээр дардаг байсан. Кано Шүйчи гэх хүнийг ажиллаж байхад “СБЭТЭ” компани нь дөрвөлжин хэлбэртэй тамга, тэмдэг ашигладаг байсан. Тамга тэмдэг өөрчлөгдөөгүй..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 106 дугаар хуудас/,
Гэрч Ариунтөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...”Лексус 250” машин захиалж авсан. Тухайн үед мөнгийг нь хоёр хувааж өгсөн ба эхний удаад 50 хувийг нь “СБЭТЭ” ХХК-ны данс руу шилжүүлсэн. Харин автомашин орж ирсэний дараа үлдсэн 50 хувийн төлбөрийг нь төлсөн. Мөнх-Эрдэнэ гадаад гуйвуулгаар шилжүүлье гэж хэлээд надаас мөнгийг нь бэлнээр авсан. Тэгээд миний захиалсан автомашин ирэхээр нь авах гэтэл машины үлдэгдэл төлбөр орж ирээгүй байна гээд өгөхгүй хэсэг хугацаа өнгөрсөн. Тэгээд хэд хоногийн дараа мөнгө нь орж ирсэн гээд миний захиалсан машиныг өгсөн. 2015 оны 10 дугаар сард машин гааль дээр ирсэн боловч надад машиныг өгөхгүй байхаар нь лавлаж асуутал миний машины төлбөрт төлсөн мөнгө орж ирээгүй байна гэж байгаад 14 хоногийн дараа мөнгө чинь орж ирлээ гээд надад машин өгсөн. 2015 оны 11 дүгээр сарын дундуур машинаа авсан. Би уг машиныг гааль татварыг нь бүгдийг нь төлөөд 18.314.374 төгрөг төлсөн байгаа. Харин машины үнэ гэвэл 14.300.000 төгрөг буюу 880.000 иен болж байгаа. Мөн уг урьдчилгаа төлбөр 512.500 иен буюу 8.565.180 төгрөгийг шилжүүлж өгсөн. Энэ нь надад баримтаар байгаа. Харин үлдэгдэл 367.500 иенийг Мөнх-Эрдэнэ би гадаад гуйвуулга хийе гэж хэлээд надаас бэлнээр аваад үлдсэн юм. Ингээд миний тушаасан 512.500 иен болон Мөнх-Эрдэнэд бэлэн өгсөн 367.500 иен нийлээд 880.000 иен болж байгаа..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 149-153 дугаар хуудас/,
Гэрч Ц.Хонгор мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…”СБЭТЭ Монголиа” компаний хувьцааг 100 хувь эзэмшдэг Ерөнхий захирал бол Япон улсын иргэн Юүчи Янагида гэдэг хүн байдаг. Энэ хүн гүйцэтгэх захирлыг томилох асуудлыг шийддэг юм. Одгэрэл гэдэг хүний авчирсан гэрээн дээр зуучлагчаар манай ажилтан М.Мөнх-Эрдэнэ өмнөх гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Япон улсын иргэн Кано Шүичигийн гарын үсгийг хуурамчаар зурж, хэний ч мэдэхгүй, манай компаний ашигладаггүй бөөрөнхий Япон ханз бүхий тэмдэгийг дарсан байсан. Тэгээд би Мөнх-Эрдэний утас руу залгаж нөхцөл байдлын талаар хэлж асуухад надад утсаар би харин өмнөх төлбөрийг аваад сүүлд нь өгөх гэсэн дутаад тэгээд ингээд гээд маш олон тайлбар өгсөн би түүнийг нь ойлгоогүй ба чи ямар ч байсан энэ асуудлыг шийдээрэй. Энэ хүний урьдчилгаа төлбөрийг дансанд байршуул тэгэхгүй бол машин ирэхгүй шүү гэж хэлэхэд би ойлгож байгаа би асуудалгүй шийднэ уучлаарай захиралаа гэж хэлсэн. +810452909485 дугаар бол манай “СБЭТЭ Монголиа” ХХК-тай Япон улсаас серверээр холбогдсон байдаг. Манай “СБЭТЭ Монголиа” компаний ямар ч борлуулалтын менежер Монгол улсад энэ дугаараар хүмүүс рүү залгаж болно. Тэгэхэд хүмүүс рүү энэ дугаараас залгаж байгаа харагдана. Борлуулатын менежерүүд оффис дээр захиалагчийг дуудан компаний оффис менежерээс гэрээ бичүүлэн аваад гүйцэтгэх захиралд танилцуулж гарын үсэг зуруулан компаний тамгыг дарж гэрээ байгуулдаг. Манай компани гэрээг өөр журмаар байгуулж байгаагүй. Байгуулагдсан цагаасаа эхлэн уг журмаар үйл ажиллагааг явуулж байгаа. Нэг захиалагчийн төлбөрийг нөгөө захиалагчийн төлбөр рүү хийлгээд дараа нь нөгөө захиалагчаас авч хийдэг тийм зүйл байхгүй. Ингэвэл маш замбараагүй байдал үүснэ. Тийм учраас манай компани зөвхөн захиалагчийн төлбөр уг захиалсан машины төлбөрт л орох ёстой байдаг." гэсэн мэдүүлэг. /1 хх-ийн 224-225 дугаар хуудас/,
Гэрч Р.Булганзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…Скайпаар Мөнх-Эрдэнэ П.Одгэрэл гэж хүний төлсөн төлбөрийг СМЮ-198647 гэсэн өөр хүний захиалсан төлбөрийг хийх зорилгоор өөр данс руу шилжүүлэх хүсэлтийг тавьсан. Би тухайн үед Замын-Үүд рүү ажлаар явсан байсан учир уг мөнгийг хувиарлаагүй. Хүний нөөцийн ажилтан Халиун гэдэг хүн Батжаргал Нарандэлгэр гэдэг хүний данс руу хуваарилсан байсан..." гэсэн мэдүүлэг. /1 хх-ийн 226 дугаар хуудас/,
“Ред сан” компаний захирал гэрч Т.Базар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Манай компанид 2 сар орчим Мөнх-Эрдэнэ ажилласан. Туслах ажилтаны үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан. М.Мөнх-Эрдэнэ нь манай компанид хөрөнгө оруулсан зүйл байхгүй. М.Мөнх-Эрдэнэ бид хоёрт одоогоор тооцоо байхгүй..." гэсэн мэдүүлэг. /2 хх-ийн 106 дугаар хуудас/,
Гэрч Э.Баярмагнай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би М.Мөнх-Эрдэнэ, Бамбууш гэх хүнийг танихгүй. Би хувиараа автомашин гадаад улсаас импортлож оруулан ирээд энд зарж борлуулдаг бизнес эрхэлдэг. Автомашиныг захиалахдаа интернэтээс ороод тэр сайтаас нь захиалга хийгээд дуудлага худалдаанд үнийн санал явуулаад тэгээд мөнгөө байршуулаад ОАА-МН1138\Л/2864549 дугаартай автомашин ачигдан ирсэн юм. Дээрхи автомашиныг би тэгж захиж авчируулаад вокзалын хажуу талд байдаг мянган машины зогсоол дээр тавьж байгаад сонирхсон хүн болох Хонгорзул гэдэг хүнд зарсан..." гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 84 дүгээр хуудас/,
Гэрч Б.Хонгорзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр автомашин худалдан авах зорилготойгоор Вокзалын ойролцоо байдаг автомашин зардаг зогсоол дээр автомашин худалдан авахаар очоод сонирхоод явж байсан. Тэгээд 28.500.000 төгрөгөөр уг автомашиныг худалдаж авсан..." гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 86 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгслийг худалдан авахад зуучлан үйлчилгээ үзүүлэх гэрээ /1 хх-ийн 5-6/, М.Мөнх-Эрдэнийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 26/, дансны хуулга /1 хх-ийн 30-42/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх-ийн 63/, орлогын баримт /1 хх-ийн 25/, ажилд томилох тушаалын хуулбар /1 хх-ийн 84/, харилцагчийн гэрээний дугаарын хөтлөлт /1 хх-ийн 97/, “СБЭТЭ Монголиа” компаний баталгаат тамганы дардас /1 хх-ийн 98/, СБЭТЭ компанид иргэдтэй хийсэн гэрээнд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 132-133/, гэрч П.Алтангэрэлийн мэдүүлэг /1 хх-ийн 105/, гэрч Д.Ганболдын мэдүүлэг /хх-ийн 108/, гэрч Б.Моломын мэдүүлэг /хх-ийн 109/, гэрч Б.Эрдэнэхүүгийн мэдүүлэг /1 хх-ийн 233-234/, гэрч Э.Баярмагнайгийн мэдүүлэг /2 хх-ийн 89/, М.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 122/, гадаад гуйвуулгын маягт, орлогын маягт /1 хх-ийн 135-136/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 137-138/, тээврийн хэрэгслийг худалдан авахад зуучлан үйлчилгээ үзүүлэх гэрээ 1 хх-ийн 139-146/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2 хх-ийн 72/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь давтан үйлдлээр
“СБЭТЭ” Монголиа компаний борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж бусдын автомашины үлдэгдэл төлбөрийг төлөх зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас банк”-ны төв салбарт хохирогч П.Одгэрэлд “СБЭТЭ” Монголиа компаний “тээврийн хэрэгслийг худалдан авахад зуучлан үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэх “СБЭТЭ Монголиа” компанид бүртгэлгүй хуурамч гэрээ байгуулан итгэл төрүүлж “Япон улсаас “Toyota Harrier” маркийн автомашин захиалж авчирч өгнө” гэх нэрийдлээр хуурч, итгэл итгэл эвдэх аргаар автомашины урьдчилгаа төлбөр болох 9.051.680 төгрөгийг залилан авсан,
Хохирогч Н.Батболдод “Япон улсаас “Toyota Harrier” маркийн автомашин захиалж авчирч өгнө” гэж урьд танилын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр дансаар 5 сая төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо “Централ таур”-ын Голомт банк дотор 5 сая төгрөгийг хуурч, итгэл итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад нийт 19.051.680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэний шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П.Одгэрэл, хохирогч Н.Батболд нарын мэдүүлэг, гэрч С.Баярсайхан, гэрч Б.Мягмарсүрэн, гэрч П.Алтангэрэл, гэрч Б.Халиунаа, гэрч Т.Ганзориг, Ариунтөр, Ц.Хонгор нарын мэдүүлэг, орлогын баримт, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, “СБЭТЭ Монголиа” компаний баталгаат тамганы дардас зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, 2 дахь хэсэгт “...“…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж зохицуулжээ.
Прокуророос шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэд шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл тус бүрийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүх хуралдаанд яллажээ.
Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэд шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын дээд хэмжээ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан хорих ялын дээд хэмжээнээс хүндрүүлэн зохицуулсан тул шүүгдэгчийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн тус холбогдох зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул хэргийн зүйлчлэлийг нийцүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэнийг давтан үйлдлээр, албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь өөрийн өмчлөлийн тодорхой хөрөнгөгүй атлаа албан тушаалын байдал, урьдын сайн харилцааг ашиглаж, хохирогч нарын автомашин авах хүсэл, сонирхлын эсрэг бусдын эд хөрөнгийг өөр зориулалтаар зарцуулах зорилгоор “хохирогч нарт авто машиныг цаг алдалгүй, найдвартай, түргэн шуурхай нийлүүлнэ” гэж үгээр ярьж, “СБЭТЭ Монголиа” ХХК-ийн гэрээ хийж буй мэтээр дуураймал гэрээний төслийг гэрээ хийж буй мэт дүр үзүүлэх, хохирогчийн дансаар шилжүүлсэн мөнгийг өөр данс руу шилжүүлэх гэх мэтээр бодит байдлыг гуйвуулан бусдын мөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэргийг үйлджээ.
Шүүх шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэд ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзаж шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, улмаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэх боломжтой гэж шийдвэрлэлээ.
Хохирогч П.Одгэрэл нь шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтэндээ: “…Миний бие М.Мөнх-Эрдэнээс хохирлын мөнгө болох 9.051.680 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авлаа. Нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй гэдгээ илэрхийлж байна…” гэжээ /3 хх-ийн 6 дугаар хуудас/, хохирогч Н.Батболд нь хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “...гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцохгүй…” /2 хх-ийн 193 дугаар хуудас/ гэсэн тул шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн өмчлөлд хувьд ногдох тодорхой хөрөнгөгүй тул шүүх шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 16 хоног цагдан хоригдсоныг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос Боржигон овогт Мөнхбатын Мөнх-Эрдэнэд холбогдуулан шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг болгон нийцүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг давтан үйлдлээр, албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авсаны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь 16 /арван зургаа/ хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.
7. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 2 /хоёр/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хариуцуулсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Мөнх-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН