Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/312

 

Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах,

хохирогч С.А,

яллагдагч Б.Б-ын өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 379 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Ундрахын бичсэн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар эсэргүүцэлд үндэслэн Б.Б-т холбогдох 2208 00898 1357 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ц овгийн Б-ын Б, 1983 оны ... дугаар сарын ...-ны өдөр Архангай аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Ж” ХХК-д инженер ажилтай, ам бүл 5, ...-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод өглөө 05 цагийн үед салсан эхнэр буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай С.А-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, үснээс нь зулгаах, хөл, гарыг нь хүлж, шатаар түлхэх үед нь шатны уруу унаж, эрүүл мэндэд нь ууцны 3 дугаар нугалмын зүүн талын латериал масс зөрүүгүй хугарал, баруун сарвуунд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Б.Б-т холбогдох тухайн гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн цаг хугацааны талаар яллах дүгнэлтэд байхгүй тул шүүх хуралдаанаас зөвтгөх үндэслэлгүй. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2453 дугаартай захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан боловч захирамжийн хүрээнд нотолбол зохих зарим асуудлын талаар мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй. Тухайлбал, 2022 оны 02 дугаар сарын 20-оос 21-нд шилжих 05 цагийн үед болсон үйл явдлын дараалал зөрүүтэй бөгөөд тодорхойгүй, цагдаагийн алба хаагч хэдэн удаа ирсэн, анх дуудлагын дагуу цагдаа ирэхээс өмнө Б.Б гэрээс гарсан эсэх, хохирогч нь гэрээс гарч ирээд тээврийн хэрэгсэлд суух үед цагдаагийн албан хаагч ирсэн эсэх, Б.Б цагдаагийн албан хаагчид бичлэг өгсөн эсэх, ямар камерын бичлэг байсан эсэх, тус бичлэг хаана байсан, байгаа эсэх хүрээнд хийгдсэн ажиллагаа огт цуглараагүй байна. Б.Б-ын хувьд “...Би гэрээс гараад гадаа байхад араас хохирогч гарч ирсэн, тэгээд цагдаа ирээд би, хохирогч, цагдаа хамтдаа гэрт орсон. ...Дараа нь цагдаагийн хэлтэс дээр очиж мэдүүлэг өгсөн талаар өмнөх, мөн энэ удаагийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлсэн, тус үйл явдлын талаар тус хэрэгт цугларсан нотлох баримтуудын эх сурвалж тодорхойгүй, хангалтгүй талаар хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2453 дугаар захирамжийн холбогдох заалт, үндэслэлд тодорхой дурдсан. Мөн хохирогчийн 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг /хх 13-14/, мөн 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг /хх 32-33/ хооронд зөрүү, зөрчил үүссэн шалтгаан, үндэслэлийн талаар мухарлан шалгах зарим ажиллагаа орхигдсон. Тодруулбал, хохирогчийн анхны мэдүүлэг, түүнээс хойш тодорхой хугацааны дараах мэдүүлэг хооронд үүссэн зөрүү нь нэгэн зэрэг үнэн байх боломжгүй, аль нэг нь үнэн, нөгөө нь худал болох нь бодит үндэслэгээтэй асуудалд хамаарна. Тус асуудлын талаар өмнөх захирамжид тодорхой зааснаас гадна тухайн 2 дахь хэсэгт заасан үндэслэлийн хүрээнд шалгавал зохих асуудлуудыг зөв тодорхойлох нь мөрдөгч, прокурорын чиг үүрэг болно. Яллагдагч Б.Б-т холбогдох хэрэгт нотолбол зохих зарим асуудлыг бүрэн, бодитой тогтоохгүйгээр орхигдуулсан байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч баримт байж болохгүй” гэсэн зохицуулалтад нийцэхгүй.

Дээр дурдсанаар тус хэрэгт шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааны бүрэн бус, дутуу байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 7.2 дугаар зүйлийн 1, 16.2, 32.3, 32.4, 32.10 дугаар зүйлийн холбогдох хэсэгт зааснаар мөрдөгчийн мөрдөн шалгах, прокурорын хянах чиг үүргийн хүрээнд зайлшгүй шалгагдах, хянагдах, засагдах ёстой. ...” гэж дүгнэж, яллагдагч Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцааж, Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, 2 ширхэг компакт диск хураагдсаныг хэргийн хамт тухайн прокурорын газарт хүргүүлж, шүүх хуралдаанд гэрч Р.Б, Ү.Д нарыг оролцуулах тухай яллагдагчийн өмгөөлөгчийн тухайн хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Ундрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацаа орхигдуулсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх хэсэгт заасан “техникийн шинжтэй алдаа” байх тул хуульд зааснаар засах боломжтой.

Хохирогч С.А 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “...Б.Б нь миний нуруу хэсэгт гараараа түлхэх үед бөгс болон нуруу хэсгээрээ шат руу гулсаж унасан. Тэгээд намайг унагачихаад Б.Б миний гарын уяаг тайлаад гараад явсан хойгуур цагдаагийн алба хаагч нар ирсэн. ...” гэж мэдүүлсэн /хх 32-33/. Мөн 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “...Би урьд өмнө хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн мэдүүлсэн. ...” /хх 38/, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “...Би охиныхоо санааг зовоохгүйн тулд ажлынхантайгаа цасны баярт явж байгаад мөсөн дээр унаад нуруугаа гэмтээчихсэн гэж хэлдэг байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 218/ тус тус өгсөн. Дээрх мэдүүлгүүд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй байна. Тухайн хэрэг учрал болох үед дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч О.Н, Б.Н нар “Хохирогчийг түлхэж, цохиж зодсон, тэлээгээр хүлсэн” мэдүүлэг өгсөн. Дээрх бичгийн баримтуудаар цагдаагийн алба хаагч тухайн хэргийн газарт 2 удаа очсон, дуудлагаар очсон цагдаа нар нь хохирогчийг зодож, цохиж байхыг хараагүй, гагцхүү түлхүүлсэн, цохиж зодсон, тэлээгээрээ хүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг хохирогчийн тухайн үед мэдүүлсэн нөхцөл байдлыг гэрчилсэн. Иймд шүүхээс үйл явдлын дараалал, хохирогч нь гэрээс гарч тээврийн хэрэгсэлд суух үед цагдаагийн алба хаагч нар ирсэн эсэх, Б.Б тухайн цагдаагийн алба хаагчид бичлэг өгсөн эсэх, тухайн бичлэг нь ямар камерын бичлэг байсан зэргийг тодруулахаар шүүх хуралдаанд хохирогч С.А, гэрч Б.Н, О.Н нарыг оролцуулан хэргийн талаар нэмж тодруулах шаардлагатай асуудлыг тодруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Хохирогч С.А нь мөрдөн байцаалтад 2022 оны 3 дугаар сарын 21, 2022 оны 8 дугаар сарын 27, 2022 оны 9 дүгээр сарын 30, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрүүдэд 4 удаа мэдүүлэг өгсөн. Түүний мэдүүлэгт хэргийн үйл баримтын талаар ноцтой зөрүү гараагүй, харин ч хохирогч “Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэж хэргийн үйл баримтын талаар бататгаж мэдүүлгээ өгсөн.

Яллагдагч Б.Б-т холбогдох хэрэгт хохирогчоор С.А-г тогтоон мэдүүлэг авсан, гэрчээр цагдаагийн албан хаагч О.Н, Б.Н, хохирогчийн хүү Б.Т, яллагдагч Б.Б-ын аав Р.Б, ээж Ү.Д нараас мэдүүлэг авсан авсан. Хохирогч С.А нь өөрийн нөхөр Б.Б-т урьд зодуулсан асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдсан ба 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1108 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол /хх 127/ хэрэгт авагдсан. Шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3316 дугаартай дүгнэлтээр хохирогчид “Ууцны 3 дугаар нугалмын зүүн талын латериал масс зөрүүгүй хугарал, баруун сарвуунд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан” болох нь тогтоогдсон.

Анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэснийг зөрчиж хэргийг прокурорт буцаасан буюу хохирогч С.А-аас хуульд заасан журмын дагуу авсан 4 удаагийн мэдүүлгийг огт үнэлээгүй. Гэрч Б.Н, О.Н нар нь үйл явдлыг шууд хараагүй. Дуудлагаар 2 удаа очсон талаар л мэдүүлдэг байтал тэдгээрийн мэдүүлэгт хэргийн талаар заавал нотлуулах ажиллагааг хийлгэх агуулгаар хэргийг буцаасан. Мөн шүүх ганц яллагдагч Б.Б-ын мэдүүлэгт хөтлөгдөн дээрх ажиллагааг хийж гүйцэтгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй” үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 379 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч С.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анх удаа үйлдэгдсэн гэмт хэрэг биш. Яагаад хүн хохирсон байхад хариуцлага хүлээхгүй байгаа юм. Тогтвортой ажлаа хийж чадахгүй байгаа. Хагалгаанд орох гэхээр гэр бүл салсан, 4 хүүхэдтэй. Миний хоёр жаахан хүүхдийн хажууд намайг зодож, цохисон. Б.Б-ын эцэг нь утсаараа бичлэг хийгээд байж байсан. ... Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд маань одоо 14 настай. Хоёр дахь хүүхэд маань гэдсэнд байхад би толгойгоо хагалуулж байсан, нүүрээрээ дүүрэн сорвитой. Өөрөө мэдээгүй байж байгаад эмнэлэгт зураг авхуулахад ухархайн яс 2 хугаралтай болсон байсан. Энэ бүгд нурууны хугарлын үеэр гарч ирсэн. ...Гэр бүлийн асуудал шийдвэрлэгдсэн. 4 хүүхдээ өөр дээрээ авсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Шийдвэрийн дагуу төлөх ёстой тэтгэмжийг одоог хүртэл өгөөгүй. Ажлаа хийхгүй бол болохгүй байгаа. Б.Б надтай огт утсаар ярьдаггүй. 4 хүүхдийнхээ хажуугаар дуудагдаад яваад байх надад хэцүү байна. Би банкны эдийн засагч хийдэг. Ажлаас чөлөө өгдөггүй...” гэв.

Яллагдагч Б.Б-ын өмгөөлөгч Э.Мөнхзолбоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Өмнөх захирамжийг хангагдаагүй гэх үндэслэлээр шүүгчийн захирамж дахин гарсан. Учир нь, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй. Б.Б-ын тухайд хохирогч С.А-тай хаалгаар гарахдаа чулуун шат руу ар араасаа цувраад араас нь түлхэх байдалтай гарсан нэг ч үйл баримт байдаггүй. Эхлээд С.А-г хүлээд гадаа зогсож байхад цагдаа ирээд С.А, Б.Б нарыг авч гарсан байдаг. Б.Б цагдаагийн хэлтсээс шууд ажилдаа явсан байдаг. С.А тэр хооронд гэртээ буцаж очоод Б.Б-ын эцэг, эхэд нь агсам тавихад эцэг, эх нь цагдаа дуудаж, улмаар С.А зугтаж гарсан үйл баримт байдаг. С.А анхны мэдүүлгээрээ “Намайг түлхэж, цохиж унагаасан” гэж ярьдаггүй. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа буюу 3 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлгээрээ “Намайг чулуун шатаар араас түлхэж унагаасан. Унахдаа бэртсэн” гэдэг. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.

Прокуророос Б.Б-ыг өөрийн салсан эхнэр буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай С.А-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, үснээс нь зулгаах, хөл, гарыг нь хүлж, шатны уруу түлхэн унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, шүүгчийн 379 дүгээр захирамжаар “...2022 оны 02 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө 05 цагийн үед болсон үйл явдлын дараалал зөрүүтэй бөгөөд тодорхойгүй, цагдаагийн алба хаагч хэдэн удаа ирсэн, анх дуудлагын дагуу цагдаа ирэхээс өмнө Б.Б гэрээс гарсан эсэх, хохирогч нь гэрээс гарч ирээд тээврийн хэрэгсэлд суух үед цагдаагийн албан хаагч ирсэн эсэх, Б.Б цагдаагийн албан хаагчид бичлэг өгсөн эсэх, ямар камерын бичлэг байсан болох, тус бичлэг хаана байсан, байгаа эсэх хүрээнд хийгдсэн ажиллагаа огт цуглараагүй, нотлох баримтуудын эх сурвалж тодорхойгүй, хангалтгүй, ...хохирогчийн 2021 оны 02 дугаар сарын 21, 3 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлгүүд хооронд зөрүү, зөрчил үүссэн шалтгаан, үндэслэлийн талаар мухарлан шалгах зарим ажиллагаа орхигдсон. ...” гэж дүгнэж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр Б.Б-т холбогдох хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.

Хохирогч С.А өөрийнх нь бие, эрүүл мэндэд яллагдагч Б.Б хэрхэн хүч хэрэглэж халдсан үйл явдлын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгийн зөрүүг арилгах, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг нарийвчлан, эргэлзээгүй тогтоох нь хэргийн бодит байдлыг тогтоох болон гэм буруугийн зарчимд тус тус нийцнэ.

Прокурор төрийг төлөөлж хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авах үүргийнхээ хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг нэн даруй хийж гүйцэтгэн хэргийг шүүхэд шийдвэрлүүлэхээр шилжүүлэхэд анхаарах шаардлагатай.

Прокурорын эсэргүүцэлд дурдагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй” гэсэн хэм хэмжээ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад гарах давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхой заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах хэм хэмжээг Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр хүчингүй болгосон.

Ингэснээр давж заалдах шатны шүүх (1) гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, (2) анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, (3) хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргах эрх хэмжээтэй болсон бөгөөд прокурорын эсэргүүцэлд дурдсанчлан давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд хэргийг буцаах эрх хэмжээ байхгүй.

Харин эсэргүүцэлд дурдагдсанчлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох “үндэслэл” буюу давж заалдах шатны шүүхэд олгогдоогүй эрх хэмжээг эдэлж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлал, агуулгад нийцэхгүйгээс гадна хуульд байхгүй зүйлийг нөхөн гаргах, цоорхойг нөхөх, хуульд бичигдсэн хэм хэмжээнд цааш шинээр утга бий болгохыг хориглосон “lex stricta” буюу хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглох зарчим зөрчигдөхөд хүрнэ.

“Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаах” агуулга бүхий прокурорын эсэргүүцэл биелэгдэх боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй байх тул прокурор хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “шуурхай байх” зорилтод нийцүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах, хяналт тавихыг цаашид анхаарвал зохино.

Иймд, прокурор Н.Ундрахын бичсэн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 379 дүгээр захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 379 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Ундрахын бичсэн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ