| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2014 25000 5671Т |
| Дугаар | 2023/ДШМ/313 |
| Огноо | 2023-03-21 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2023/ДШМ/313
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Батцэцэг,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр, Д.Дэлгэрцэцэг,
нарийн бичгийн дарга П.Тунгалаг нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/52 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Б-д холбогдох 2014 25000 5671Т дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
С овгийн Б-ын Б, 1985 оны ... дугаар сарын ...-ны өдөр Орхон аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ...-ийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;
Б.Б нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуун бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг үйлдлүүдээр А.Г-тэй бүлэглэн:
1. Иргэн Б.У-ээс ““М” ХХК-аас лаазалсан бүтээгдэхүүн авч Оросын Холбооны Улс руу гаргаж зараад, эргүүлээд мөнгийг өгнө” гэж 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 13.000.000 төгрөг, “бүтээгдэхүүнээ хилээр гаргахад гаалийн татвар хэрэгтэй байна” гэж 2015 оны 02 дугаар сарын 26, 29-ний өдөр 23.500.000 төгрөг, нийт 36.500.000 төгрөгийг,
2. Иргэн Д.Н-ээс “Оросын Холбооны Улсаас гурил оруулж ирэхэд мөнгө дутаад байна, энэ бизнест хөрөнгө оруулаач” гэж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 4.500.000, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 10.000.000, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 14.000.000, нийт 28.500.000 төгрөгийг,
3. Иргэн А.М-аас 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтад орох “Б” ХХК-ийн барьж байгаа байшингийн дотор заслын ажлыг “М” ХХК хийж байгаа, бартераар 7 байр авахаар болсон” гэж итгүүлэн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах “Хаан” банкны салбараас 25.000.000 төгрөг болон 2.300.000 төгрөгийн гоо сайхны барааг,
4. Иргэн Д.Н-тэй 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр орон сууцны барилга захиалгаар барих гэрээг байгуулан 32.670.000 төгрөгийг,
5. Иргэн Б.У-тай 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр орон сууцны барилга захиалгаар барих гэрээг байгуулан 50.000.000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад нийт 174.970.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газар: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 163 дугаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С овогт Б-ын Б-ыг бусадтай бүлэглэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг журамлан Б.Б-ын нийт цагдан хоригдсон нийт 10 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-оос нийт 33.950.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Н /РД:АА00000000/-д 13.950.000 төгрөг, хохирогч А.М-д 20.000.000 төгрөг тус тус олгож, шүүгдэгч Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруугаа ухаарч, хохирогч нарт учирсан хохирлыг барагдуулсан. Мөн гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж, гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүйгээр өрөөлийг болон өөрийгөө хохироохгүйгээр, шударгаар хөдөлмөрлөж амьдарна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс оногдуулсан ял хүндэдсэн гэж үзэж байна. Б.Б-ын хувьд хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар ямар нэг маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож, гэмшиж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирогч Д.Н-т 21.335.000, Б.У-т 20.270.000, Б.У-д 35.500.000, Д.Н-д 13.950.000, А.М-д 20.000.000 төгрөгийн хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч, бүх хохирогч нарын хохирлыг барагдуулсан. Анхан шатны шүүх хуралдааны дараагаар хохирогч Д.Н, А.М нарт хохирол, төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан. Одоо хэн нэгэнд ямар нэг хохирол төлбөр байхгүй. “...Б.Б нь “S” ХХК-д менежерээр ажилладаг байсан, Оросын Холбооны Улсад дээд боловсрол эзэмшсэн, орос хэлтэй. Хэрэв Б.Б-д оногдуулсан хорих ялыг торгох ялаар соливол Б.Б-ын ажлын байр бэлэн, 2.500.000 төгрөгөөр цалинжуулах боломжтой, мөн үндсэн цалингаас нь гадна урамшуулал болох 2 хувийн бонустай...” гэж компаниас нь тодорхойлолт гаргаж өгсөн байгаа. Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ар гэрийнхнээс нь баталгаа гаргасан. Уг баталгаанд хүргэн ах нь “...өөрийн өмчлөлийн “Toyota Alphard H20” гэх автомашиныг Б.Б-ын хохирол, төлбөр төлөхөд зориулна...” гэж баталгаа гаргасан. Хорих ангид байгаа учраас бэлэглэлийн гэрээ хийх боломжгүй байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, хор уршиг арилсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн бол хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан хэдий ч 10.000 нэгжээс 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байна. Иймд, энэхүү хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. Прокурорын зүгээс “Б.Б-ыг хорих ангид нийгмээс тусгаарлаж, нийгэмшүүлэх хэрэгтэй” гэж байна. Хорих ял гэдэг нь нийгмээс тусгаарлаж байгаа гэсэн ойлголт. Б.Б-ыг хүлээж авах хамт олон байна. Тиймээс хамт олныхоо дунд нийгэмшиж, хүмүүжнэ гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ц.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Б болон өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдаанаар өмгөөлөгчийн зүгээс дээрх саналыг тавьж оролцсон. ...” гэв.
Прокурор Б.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол, тайлбарыг бүхэлд нь эсэргүүцэж байна. Хэдийгээр энэ гэмт хэргийн ял нь сонгох санкцтай боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн арга, хэлбэр, учруулсан хохирол, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг үзэхэд шүүгдэгч Б.Б бусадтай бүлэглэн санаатай гэмт хэргийг үйлдсэн байгаа. Мөн нэр бүхий 5 хохирогчид 10 удаагийн үйлдлээр их хэмжээний хохирол буюу 174.970.000 төгрөгийг хохирол учруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, 3 жил 3 сар 15 хоногийн хугацаагаар оргон зайлсан нөхцөл байдал байгаа. Б.Б гэмт хэргийг урьдаас төлөвлөж, санаатайгаар үйлдсэн гэдэг нь анхан шатны шүүх хуралдаан явагдсан процесс, хохирол, төлбөрийг төлсөн баримтуудаас харагдаж байна гэж үзэж байна. Энэ гэмт хэргийг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хооронд үйлдсэн байдаг. 3 жил 3 сар 15 хоног оргон зайлсны эцэст 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б.Б эрэн сурвалжлагдаж, баривчлагдан цагдан хоригдсон. Анхан шатны шүүх хуралдаан 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр болсон. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс нэр бүхий хохирогч нарт учруулсан хохирлынхоо 77.105.000 төгрөгийг төлсөн байдаг. Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө үлдэгдэл 33.950.000 төгрөгийг төлсөн байна. Эдгээрээс үзэхэд Б.Б нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, хөрөнгө, орлоготой, өөрийнхөө ажил, амьдралыг авч явах бүрэн боломжтой байж хохирогч нарыг санаатай үйлдлээр шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор залилсан гэдэг нь дээрх баримтуудаар нотлогдож байна. Анхан шатны шүүхээс Б.Б-ын үйлдсэн гэмт хэрэг, гэм бурууд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан байна. Залилах гэмт хэргийн хувьд ноцтой төрлийн гэмт хэрэг. Хэрэв Б.Б-д оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж шийтгэвэл дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй. Иймд Б.Б-ыг нийгмээс тусгаарлаж, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Миний хувьд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийн материалтай танилцсан. Миний харснаар Б.А-д холбогдох хэргийн шийтгэх тогтоол хавтаст хэрэгт харагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Б.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж бүхэлд нь хянаж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
хохирогч Б.У-ийн: “...2016 оны 01 дүгээр сард А.Г гэх эмэгтэй “Б.Б гэх хүнтэй хамтарч “Э” гэсэн хувийн компани байгуулсан байгаа, тэгээд “М " ХХК-аас 100 сая төгрөгийн бараа аваад ОХУ-руу гаргаж зараад эргүүлээд чамд мөнгийг нь өгнө” гэж хэлээд надаас 13.000.000 төгрөг авсан. ...Би 30.000.000 төгрөгийг Б.Б-д бэлнээр нь өгсөн. …Б.Б 30.000.000 төгрөгөө миний хажууд зогсож байгаад авч яваад тэр шөнөдөө ОХУ-руу явсан. ..." /3хх 209-210/,
гэрч М.Н-ын: “...Гаалийн татвар гэж Баян Цээлийн “Хаан” банкны орчмоос ирж А.Г, Б.Б хоёр Б.У-ээс мөнгө авсан. Би тухайн үед машин дотроо сууж байсан учраас яг хэдэн төгрөг өгч, авсныг мэдэхгүй. ...” /3хх 213/,
гэрч Г.П-ын: “...Б.У-ийг А.Г-тэй ажлын шугамаар уулзуулж байсан. Б.Б, А.Г хоёр “Яаралтай мөнгө хэрэг болчихлоо, 7 хоногийн дотор буцаагаад өгнө” гэж ярьж байсан. 30 сая төгрөгийг би таньдаг ахаараа дамжуулаад яг 7 хоногийн дараа гэх юм бол өндөр хүүтэй мөнгө зээлдэг хүн байгаа гээд Б.У О.Н гэх хүнээс гэрээ байгуулж, 30 сая төгрөг авсан. …Нийтдээ 30 сая төгрөг аваад, тэрнээс хүнээс мөнгө зээлчихсэн байсан гээд мөнгө авч үлдсэн. Тэгээд үлдсэн бүх мөнгийг нь бэлнээр Б.Б, А.Г нар аваад явсан. ...” /3хх 215/ гэсэн мэдүүлгүүд,
2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “М” ХХК-ийн захирал Д.Г, “Э” ХХК-ийг төлөөлж Б.У нарын хооронд байгуулсан "Бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээ" болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,
хохирогч Д.Н-ийн: “...2016 оны 6 сард А.Г “Монгол Улсаас ОХУ-руу тушёнка гаргаж байгаа, харин ОХУ-аас гурил оруулж ирэх гэсэн юм, тушёнкад бүх мөнгөө оруулаад мөнгөгүй болчихлоо, мөнгөтэй юу” гэсэн. ...А.Г, Б.Б нар “Хамтарч ажиллаж байгаа, тушёнкад мөнгөө оруулчихсан чинь мөнгөгүй болчихлоо, гурилд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна, та надад итгэ, санаа зоволтгүй, гурилд ямар ч эрсдэл байхгүй” гэсэн. …Би А.Г, Б.Б нарт дансаар болон бэлнээр нийт 28.500.000 төгрөг өгсөн. ..." /4хх 50-53/,
гэрч М.С-ын: “...Д.Н гэх хүнийг танихгүй. Би Б.Б гэх залуутай ОХУ-д наймаа хийж байгаад танилцаж байсан. Энэ үед Б.Б нь оюутан байсан. Б.Б хэн гэдэг хүнээс мөнгө төгрөг авч байгаа талаар мэдээгүй. Найзынхаа квот дээр гурил оруулж ирэх гэж байгаа гэсэн. ...Б.Б “Надад квот байгаа” гэж худал хэлсэн байна. Надад ямар нэг квот байгаагүй, ямар нэг квот байгаа гэж Б.Б-д хэлж байгаагүй. ...” /5хх 219-220, 7хх 194-195/ гэсэн мэдүүлгүүд,
Б.Б, Д.Н нарын байгуулсан "Хөрөнгө оруулалтын гэрээ", “Б.Б, А.Г нар нь “хөрөнгө оруулалт хэлбэрээр 39 сая төгрөг авсан гэх гар бичмэл /4хх 70-72/, хохирогч Д.Н-ээс гаргаж өгсөн А.Г, Б.Б, М.Н нартай харилцсан зурвасууд /4хх 83-94/, Гадаадын иргэн, харьяатын газраас ирүүлсэн Б.Б-ын 2016 оны 6 дугаар сард Монгол Улсын хилээр гараагүй талаарх лавлагаа /4хх 151/ болон бусад баримтуудаар,
хохирогч А.М-ын: “...Манай дүү А.М-ийн найз Г.П гэх залуу “Сонгинохайрхан дүүргийн Ханын материалын эцэст ТОСК-ын орон сууцыг "Б " ХХК барьж байгаа. Энэ барилгын дотор заслыг “М” ХХК хийж байгаа бөгөөд төлбөрт нь 7 байр авч байгаа. Тэгээд одоогоор эд нарт мөнгө хэрэгтэй байгаа болохоор 1 өрөө байраа 1 м.вк-ыг нь 800.000 төгрөгөөр бодож 33,54 м.кв байрны төлбөрийг өгчихвөл 11 сард байр нь ашиглалтад орохоор оруулна гэж байна лээ” гэсэн. …Тэр байрыг сонирхож үзье гэж бодоод Г.Пүрэвжаваас “М” ХХК-ийн менежер А.Г гэх эмэгтэйн утасны дугаарыг авч яриад 2015 оны 9 дүгээр сарын 23-нд очиж уулзахад А.Г, Б.Б нартай уулзаж байраа үзээд, м.кв-ыг нь 800.000 төгрөгөөр бодож, 33,54 м.кв 1 өрөө байрыг 26.864.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. “Б " ХХК-ийн борлуулалтын албан дээр очиж уулзаад “М” ХХК-аас бартерын орон сууц худалдан авах гэрээг "Б " ХХК-тай байгуулсан. Тэгээд А.Г-ийн өгсөн дансанд 25 сая төгрөгийг, үлдэгдэл 3 сая төгрөгт гоо сайхны бараа болох үнэртэй ус, гутал, хувцас зэргийг 2015 оны 10 сарын сүүлээр А.Г-д төрсөн дүү А.М-ийн гэрт өгсөн. Тэгээд мөнгөө өгчихөөд байраа ашиглалтад орж байгаа эсэх талаар асуухад “Дулаанаа аваагүй байгаа, тийм учраас дотор засал хийгдээгүй” гэж хэлдэг байсан. …Тэгээд 2016 оны 5 дугаар сард баригдаж буй барилга дээр очиж “Б” ХХК-ийн захирал Я.Г-тай очиж уулзахад “Манай компани нь “М” ХХК-тай гэрээгээ цуцалсан, манайхтай ямар ч хамаагүй учир тэр хүмүүстэйгээ уулзаж мөнгө төгрөгөө ав, таны мөнгөө өгсөн гэх энэ компанийг олон хүмүүс асууж ирж мөнгөө авъя, байрандаа оръё гээд байгаа” гэж хэлэхээр нь би гайхаад гэрээ хийж мөнгө өгсөн А.Г гэх хүүхэн рүү яриад асуухад “Манай компани нь “Б” ХХК-аас гэрээгээ цуцалсан, гэхдээ танаас авсан байрны мөнгийг эргүүлж төлнө, эсвэл танд байрыг чинь “Б” ХХК-тай ярьж байгаад аваад өгнө” гэж хэлсэн. …Тэрнээс хойш “М” ХХК-ийн захирал Б.Б-той утсаар болсон зүйлийг хэлэхэд “ОХУ-д явж байна, очиж байгаад уулзъя” гэж хэлсэн. Б.Б нь “Би та нараас мөнгө авсан нь тэр мөнгийг “Б” ХХК-ийн барилгад зарцуулах гэж байтал эдний компани оруулаагүйгээс болоод ажил нь хойшлогдсон бөгөөд тэр хугацаанд мөнгө байлгаж байснаас Монголоос махан таташ худалдаж аваад ОХУ-руу гаргаж бизнес хийсэн бөгөөд Оросоос мөнгөө авч чадахгүй болсон” гэсэн. Тэгээд 2016 оны 10 дугаар сард Б.Б болон түүний өмгөөлөгчтэй бид гурав уулзахад “Бид нар “Б” ХХК-тай шүүхдээд ямар ч гэсэн тэндээс 1 өрөө байр гарна, аль нэгэнд нь өгнө, эсвэл Оросоос 2017 оны 01 дүгээр зарын 03-нд мөнгийг нь чинь шилжүүлнэ” гэсэн гар бичмэл харуулсан. Тэгээд мөнгөө авчихвал өгчихнө гэж хэлээд хүртэл намайг залилсан. …” /5хх 38, 55, 57/,
гэрч Г.П-ын: “...2015 оны 8 сард А.Г гэх найз маань над руу залгаад “Надад хямдхан байр байгаа шүү, авах хүн байвал сураглаж байгаарай” гэж хэлсэн. Тухайн цаг хугацаанд би А.М эгчийн дүү А.М над руу залгаад ойр зуурын юм ярьж байгаад “Манай эгч гадаадаас ирчихсэн хямдхан байр хайж байгаа, чи байр мэдэж байгаарай” гэж хэлэхээр нь би “Манай ангийн А.Г хямдхан байр зарна гэсэн, чи А.Г-тэй яриад үз” гэж хэлээд А.Г-тэй яриад байрных нь байршлыг асуучхаад “Ер нь бол А.Г-ийн барьж байгаа байрнаас авахаар болчихлоо” гэж хэлсэн. ...А.М эгч “Б” ХХК-тай орон сууцны захилгын байр барих гэрээ байгуулчихаад явсан. ...” /5хх 35-36/,
гэрч Г.Х-ийн: “...2015 онд "М " ХХК-д менежерээр ажиллаж байсан. А.Г “Чиний “Хаан” банкны дансыг ашиглаад компанийн гүйлгээгээ хийж байя” гэж хэлээд миний дансаар 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр А.М гэдэг хүний 25 сая төгрөгийг оруулаад Б.Б-ын данс руу шилжүүлээд авсан. ...А.М гэдэг хүн утсаар ярьж “Байрны асуудал юу болж байна, ашиглалтад орсон уу” гэж асуусан. Тэгээд би А.Г-тэй уулзаж нөгөө хүмүүсийн байр нь юу болсон талаар асуухад “Манай ажилчид ажилдаа орсон байгаа” гэж хэлсэн. Намайг ажиллаж байхад барилгын заслын ажил хийгээгүй байсан. ...” /5хх 51-52/ гэсэн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар,
хохирогч Д.Н-ийн: “...Би 2015 оны 12 дугаар сарын эхээр А.Г гэх Б.Б-ын эхнэртэй багшийн дээд дээр уулзахад “Би барилгын компанид ажиллаж байгаа, манай захирал Б.Б 1 м.кв-ыг 800.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн” гэхээр нь би уг байрыг нь сонирхоод 2-3 хоногийн дараа А.Г-тэй утсаар холбогдоод “М” ХХК-ийн захирал Б.Б-той уулзаад урьдчилгаа мөнгө гэж 10.000.000 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Б.Б нь надад “Б” ХХК-тай хийсэн гэрээг үзүүлсэн. Б.Б бид хоёрт Г.Х гэдэг хүний дансны дугаар өгөөд “Үлдэгдэл 22.670.000 төгрөгийг хийчихээрэй” гэж хэлсэн. Долоо хоногийн дотор 22.670.000 төгрөгийг Г.Х гэдэг хүний данс руу шилжүүлсэн. 2016 оны 01 дүгээр сард би Сонгинохайрхан дүүргийн “Хайрхан” хотхонд очтол миний захиалсан хоёр өрөө байрны ажил явагдаагүй байсан. Тэгээд би “Б” ХХК-ий П.Б гэх хүнтэй уулзаад байрны талаар асуухад “Хүйтэн байгаа болохоор барилгын ажил хойшилно” гэж хэлсэн. Ингээд 2016 оны 4 дүгээр сард буюу цагаан сарын дараагаар “Хайрхан” хотхон дээр очиход байрны гүйцэтгэлийн ажиллагаа явагдаагүй байсан ба би Б.Б-ын гар утас руу залгахад холбогдох боломжгүй байсан учраас “Б” ХХК-ийн П.Б гэх хүнтэй уулзаад байрны талаар асуухад “Б.Б-ын компанийн ажилчид нь ажлаа хийхгүй байгаа” гэж хэлээд надад Ундармаа гэдэг хүний дугаарыг өгөөд би уг дугаарын утас руу нь холбогдож уулзахад “Б.Б-д бэлнээр 50.000.000 төгрөг өгсөн” гэж хэлсэн. Би Б.Б-ыг сураглахад “М” ХХК-ийн оффис нь байхгүй болсон байсан. ...” /4хх 215/,
гэрч П.Б-ын: “...2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр манай компани “М” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан ба уг гэрээнд 450.000.000 төгрөгийн үнэ бүхий 7 ширхэг байрны бартерын гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар 2015 оны 10 дугаар сард ажил эхлэх байсан боловч улсаас хийгдэх дэд бүтцийн ажил хийгдээгүйн улмаас ажил 2016 оны 3 дугаар сар хүртэл хойшилсон. 2016 оны 3 дугаар сарын 03, 15-нд дэд бүтэц хийгдэхгүй байгаа шалтгаанаар гэрээг цуцлах тухай албан бичиг “М” ХХК-д хүргүүлсэн боловч гэрээг цуцлахгүй гэсэн хариуг ирүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 01-нд “250 ажилчдаа ажилд нь оруул” гэж Б.Б-той гар утсаар нь холбогдож хэлсэн боловч 2016 оны 4 сарын 15-нд нийтдээ 10 хүний бүрэлдэхүүнтэй ажилчид ирсэн. ... Үүнээс хойш Б.Б таг чиг болсон. Хэсэг хугацааны дараа Б.Б миний гар утас руу залгаад "Би ОХУ-д байна, мөнгөө аваад удахгүй очно, байрны урьдчилгаа мөнгө өгсөн хүмүүсийн хохирлыг барагдуулна" гэж хэлсэн. …Гурвалсан гэрээг манай компанийн захирал Я.Г нь “М” ХХК-ийн захирал Б.Б болон захиалагчтай нь байгуулсан. Уг гэрээ нь “М” ХХК-ийн албан бичгийн дагуу байгуулж, байрыг захиалагчийн нэр дээр нь шилжүүлж өгсөн юм. Гэрээг “Б” ХХК-ийн оффист байгуулсан. …Б.Б анх А.-ийг танилцуулахдаа “Манай нягтлан бодогч” гэж дагуулж ирээд “Бүх тооцоог энэ хүн хариуцна” гэж хэлсэн. Сүүлдээ эхнэр, нөхөр гэж байсан. …“М” ХХК-аас тус иргэнтэй 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр м.кв-ыг нь 800.000 төгрөгөөр буюу 44.912.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан талаар бол надад мэдэх зүйл байхгүй байна. ...” /4хх 214-215, 5хх 5-6, 230-231/,
гэрч Я.Г-ын: “...Манай “Б” ХХК нь 2015 онд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилга барьж байсан. Тухайн үед манай компанийн менежер ажилтай байсан Б.У гэх эмэгтэй нь ““М" ХХК-тай хамтарч ажиллах бололцоотой юу, уулзаад үзээч” гэсэн. Ингээд тухайн компанийн холбогдох хүмүүстэй нь уулзаад хамтран ажиллахаар болоод гэрээ байгуулсан. Гэрээн дээр ажлын хөлсөнд нь 7 ширхэг орон сууц бартераар өгөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Үүнийг гүйцэтгэх захирал болох эхнэр П.Б-д хариуцуулж өгсөн. Тухайн үед би гэрээн дээр гарын үсэг зурсан. Нарийн асуудлыг нь манай эхнэр П.Б мэдэж байгаа. ...” /5хх 225/ гэсэн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар,
хохирогч Б.У-ийн: “...2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр "М" ХХК-ийн захирал Б.Б-той Сонгинохайрхан дүүрэг, Ханын материалын буудлын хажууд “Б” ХХК-ийн барьж байгаа байрнаас 1 м.кв талбайг нь 1 сая төгрөгөөр бодож 68 м.кв талбай бүхий байрыг худалдаж авахаар гэрээ байгуулсан. Уг байр нь “2015 оны 12 дугаар сард ашиглалтад орно” гэж байсан. Байрны урьдчилгаа мөнгийг 2 хувааж өгөхөөр тохиролцсон. Эхний 25 сая төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Б.Б-ын туслах болох Г.Х-д “Хаан” банкны дансанд шилжүүлж өгсөн. “Үлдэгдэл 25 сая төгрөгийг өгөхгүй бол байрыг чинь өөр хүнд өгнө шүү” гэх зэргээр дарамтлаад байсан. Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр захирал Б.Б-ын “Хаан” банкны дансанд 25 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Нийт 50 сая төгрөгийг өгсөн. Туслах менежер А.Г нь “Байранд чинь удахгүй оруулна, үлдэгдэл мөнгөө бэлдэж байгаарай” гээд байсан. Тэгээд орох хугацаа болсон чинь байрандаа орж чадаагүй. 2016 оны 4 дүгээр сард Б.Б-той уулзсан чинь “Таны мөнгийг барилга руу оруулаагүй. ОХУ-руу наймаанд яваад шатсан, А.Г хагас мөнгийг аваад зугтаасан” гэж байсан. 2016 оны 9 дүгээр сард “Хохиролгүй болгож өгнө” гэж баталгаа бичиж өгсөн. Намайг байранд оруулах нь худлаа болсон. Миний орно гэж байсан байр ашиглалтад орсон боловч би байрандаа орж чадаагүй. "Б " ХХК-ийн захирал Я.Г-тай очиж уулзахад “Б.Б туслан гүйцэтгэх ажлаа хийгээгүй болохоор манайхаас байр өгөөгүй. Та нарыг гэрээ хийсэн нэрээр залилсан байна” гэдгийг хэлсэн. Одоо би Б.Б-оос 50 сая төгрөгөө нэхэмжилж байна...” /5хх 169-170/,
шүүгдэгч Б.Б, "Б " ХХК-ийн захиралтай 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан "Ажил гүйцэтгэх гэрээ", “М” ХХК-аас иргэний шүүхэд "...2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр "Ажил гүйцэтгэх гэрээг хууль бус нэг талын санаачилгаар цуцалсантай холбоотойгоор өөрийн компанид учирсан 30 сая төгрөг гаргуулж өгнө үү" гэсэн нэхэмжлэл /4хх-ийн 206-213/, "Б " ХХК-аас “М” ХХК-д хүргүүлсэн 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн гэрээг цуцлах санал, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн гэрээг цуцлах талаарх мэдэгдэл, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээг цуцалсан талаарх хариу зэрэг албан бичгүүд /4хх-ийн 187-189/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай байжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу оролцогч нарын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б-ыг бусадтай бүлэглэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Залилах гэмт хэрэг нь хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байдаг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах учиртай.
Шүүгдэгч Б.Б нь А.Г-тэй бүлэглэн бизнес эрхлэх, үйл ажиллагаа явуулах тодорхой хөрөнгийн эх үүсвэргүй атлаа “хүнсний бүтээгдэхүүн ОХУ-руу экспортолж ашиг олно” гэж хохирогчдыг хуурч, их хэмжээний мөнгө шилжүүлэн авсан, мөн барилгын дотоод заслын ажил гүйцэтгэх ажиллах хүч, туршлага, хөрөнгийн эх үүсвэргүй, хуулийн этгээдийн нэрээр гэрээ байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй атлаа гэрээний үнэ болох байрыг бусдад худалдана хэмээн их хэмжээний мөнгө шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлсэн” залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг их хэмжээний хохиролд хамааруулахаар заасан бөгөөд бусдыг залилж, 174.970.000 төгрөгийн хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Б-ын 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 6 дугаар сарын хооронд нэр бүхий хохирогч нарыг залилсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байх боловч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар тус гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.
Анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б-ын гэм бурууг хэлэлцэж дууссаны дараа хохирол нөхөн төлөхөөр завсарлага авах хүсэлтийн дагуу завсарлага авсан хугацаа дуусч, эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаан зарлахад шүүгдэгч Б.Б нь оргон зайлсан байх ба гэм бурууг хэлэлцэх асуудал хуульд заасан журмын дагуу бүрэн шийдвэрлэгдэж дууссан байх тул түүнийг олдмогц шүүх хуралдааны ажиллагааг эрүүгийн хариуцлага оногдуулах шатнаас явуулсан нь хуульд нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг нараас “хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялыг торгох ялаар солих” агуулга бүхий давж заалдах гомдлууд тус тус гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-ыг эрэн сурвалжлан олсны дараа тэрээр хохирогч Б.У, Д.Н, Б.У нарт гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн бөгөөд тэдгээр нь “Хохирлыг барагдуулсан тул гомдол саналгүй, хөнгөн ял шийтгэхэд татгалзах зүйлгүй” талаар, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны дараа хохирогч А.М, Д.Н нарт гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн бөгөөд хохирогч А.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М болон хохирогч Д.Н нар нь “хохирол бүрэн барагдсан, ялыг хөнгөрүүлж торгох ял оногдуулахад татгалзах зүйлгүй” талаараа тус тус бичгээр илэрхийлжээ.
Хэдийгээр шүүгдэгч Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 жил гаруй хугацаанд оргон зайлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан боловч гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж, хохирогч нарыг гомдолгүй болгосон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг 3 жилийн хугацаагаар хорих болгон хөнгөрүүлэх боломжтой гэж үзэв.
Харин түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруу зэргийг харгалзан хорих ялыг сонгон оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн тул “Хорих ялыг торгох ялаар солих” талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгохоор тогтов.
Иймд, шүүгдэгч Б.Б-ын гаргасан “хорих ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэгийн “хорих ялыг торгох ялаар солиулах”-аар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг энэхүү магадлалд дурдаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2 дахь заалтын “...5 жил 1 сарын хугацаагаар хорих ял...” гэсэн хэсгийг “...3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял...” гэж,
4 дэх заалтын “...5 жил 1 сарын хорих ялыг...” гэсэн хэсгийг “...3 /гурав/ жилийн хорих ялыг...” гэж тус тус өөрчилсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ