Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 02086

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/02095 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ц-д холбогдох, 1 300 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 7 800 000 төгрөгийн үнэ бүхий 6 дугуй, 6 обуд гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхбаясгалан, хариуцагч Б.Ц-, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Тус компани нь Б.Ц-той 2020 оны 01 сарын 22-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр Б.Ц- нь “О” ХХК-ийн нэрийг тэмцээн уралдаан, үйл ажиллагаанд ивээн тэтгэгчээр тодорхойлуулж, гэрээнд заасан нөхцөлөөр ажил гүйцэтгэх, 7 хоногт 3 цагаар ажиллах, “О” ХХК нь 7 800 000 төгрөгийн үнэ бүхий автомашины обуд, дугуй шилжүүлэх харилцааг зохицуулсан. “О” ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлж 6 дугуй, 6 обудыг Б.Ц-д шилжүүлэн өгсөн. Гэвч хариуцагч Б.Ц- 7 хоногт 3 цаг ажиллах үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж байсан боловч шаардлагыг биелүүлээгүй тул хамтран ажиллах боломжгүй болж хүлээлгэн өгсөн 6 дугуй, 6 обудыг буцаан шилжүүлэх, гэрээг цуцлахыг мэдэгдсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан 6 дугуй, 6 обудыг буцаан шилжүүлэх үедээ 550 000 төгрөгийн үнэ бүхий 1 обуд, 750 000 төгрөгийн үнэ бүхий 1 дугуйг гэмтээсэн байсан. Иймд эд зүйлд учруулсан хохирол 1 300 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие “О” ХХК-ийн захирал Г.Жаргалсайхантай 2019 оны 04 сараас хамран ажиллахаар болж, тэмцээн уралдаанд орохдоо 1 жилийн хугацаанд тус компанийг ивээн тэтгэгчээр тодорхойлж, харин “О” ХХК нь 6 обуд, 6 дугуйг нийлүүлэхээр тохиролцсон. Улмаар 2019 оны 05 сард BAJA-150 уралдаанд “О” ХХК-ийн нэр дээр уралдан 3 дугаар байранд орсон бөгөөд тухайн үед нэхэмжлэгч үүргээ зөрчиж дугуй, обудаа нийлүүлээгүй тул өөрийн дугуй, обудыг хэрэглэж тэмцээнд орсон. Дараа нь 2019 оны 09 сард Master Rally-2019 уралдаан, мөн оны 10 сард BAJA-250 уралдаанд нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс оролцож тус тус 3 дугаар байранд шалгарсан. “О” ХХК-тай амаар тохиролцон ажиллаж байсан ба хожим 2020 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан. Нэхэмжлэгч нь намайг уралдаан тэмцээнд ороход хэрэглүүлэх зорилгоор дугуй, обудаар ивээн тэтгэхээр тохирсон бөгөөд гэрээний дагуу шилжүүлсэн дугуй, обудаа үндэслэлгүйгээр буцаан авч хүний хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн. Мөн тохирсон хугацаанд дугуй, обудаа нийлүүлээгүй, хожим нийлүүлсэн дугуй, обуд нь чанарын шаардлага хангахгүй байсан учир сүүлийн тэмцээн дээр бэртэж, гэмтэж надад хохирол учирсан. Иймд “О” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Оролцсон тэмцээн бүртээ амжилт гаргаж, “О” ХХК-ийн нэрийг гаргах үүргээ бүрэн биелүүлсэн байхад нэхэмжлэгч компани шилжүүлсэн 6 дугуй, 6 обудаа буцаан авч бидний хоорондын 2019 оны харилцааг 2020 онд нөхөж гэрээ байгуулан надаас хохирол шаардсан нь үндэслэлгүй юм. Тус компани 2020 онд байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд гэрээ цуцлагдсан. Харин миний хувьд 2019 онд тухайн компанийг сурталчилсны төлбөрт авсан 6 дугуй, 6 обудыг гаргуулан авах хүсэлтэй байна. Хүний хөдөлмөрийг үнэгүйдүүлж, намайг 2019 онд тус компанийн өмнөөс ямар ч үнэ төлбөргүй уралдаан тэмцээнд оролцсон мэт нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна. Иймд 7 800 000 төгрөгийн үнэ бүхий 6 дугуй, 6 обудыг хариуцагч “О” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “О” ХХК нь тэмцээн уралдааны үеэр шинэ дугуй, обудыг эзэмших эрхийг түр хугацаагаар тамирчдад үнэ төлбөргүйгээр хэрэглүүлдэг боловч өмчлөх эрхийг бүхэлд нь шилжүүлдэггүй. Тамирчид хэрэглэсэн дугуй, обудыг тэмцээн уралдаанд хэрэглэсний дараа “О” ХХК-д буцаан олгодог журамтай. “О” ХХК нь 6 дугуй, 6 обудыг бүрмөсөн хариуцагчид өгнө гэсэн ямар ч тохиролцоо хийгээгүй бөгөөд шаардах эрх хариуцагчид үүсээгүй байхад сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар Б.Ц-гоос 1 300 000 төгрөг гаргуулах тухай “О” ХХК-ийн нэхэмжлэл, “О” ХХК-аас 7 800 000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг обуд, 6 ширхэг дугуй гаргуулах тухай Б.Ц-гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 800 төгрөг болон 139 750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Шүүх “О” ХХК-ийг 6 ширхэг обуд, 6 ширхэг дугуйг уралдаан тэмцээнд ороход нь түр хугацаагаар шилжүүлэхээр тохирсон гэж ямар нотлох баримтыг үндэслэн дүгнэсэн нь тодорхойгүй юм. 2019 онд “О” ХХК нь Б.Ц- надтай хамтарч ажиллахаар тохиролцсон. Би уралдаан тэмцээнд оролцохдоо “О” ХХК-ийн нэрийн өмнөөс оролцох, “О” ХХК надад 6 ширхэг дугуй, 6 ширхэг обудыг өгөхөөр харилцан тохиролцсон. Миний бие 2019 онд зохион байгуулагдсан BAJA-150, BAJA-250, Master Rally-2019 уралдаан тэмцээнд “О” ХХК-ийн нэрийн өмнөөс оролцож тус тус 3 дугаар байр эзэлсэн. Иймд 2019 онд тухайн компанийг сурталчилсны төлбөрт авсан 6 ширхэг дугуй, 6 ширхэг обудыг гаргуулан авах хүсэлтэй байна. Хүний хөдөлмөрийг үнэгүйдүүлж, намайг 2019 онд тус компанийн өмнөөс ямар ч үнэ төлбөргүй уралдаан тэмцээнд оролцсон мэт шүүх хурал дээр маргадаг. Бодит байдал дээр Б.Ц- миний бие өөрөө уралдааны машинтай тул бүх бэлтгэл сургуулилтаа хангаад тэмцээнд оролцох боломжтой. Гэвч “О” ХХК-тай хамтарч ажилласны учир нь уг компани надад 6 ширхэг обуд, 6 ширхэг дугуйг өмчлүүлэх, би тэмцээнд оролцоод гаргасан амжилтуудаа тухайн компанийн нэр дээр бичүүлэх юм. Миний бие энэхүү үүргээ биелүүлсэн боловч “О” ХХК 6 ширхэг дугуй, обудыг буцааж авсан нь үндэслэлгүй юм. Иймд шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч “О” ХХК эд зүйлд учирсан хохирол гэж 1 300 000 төгрөгийг гаргуулахаар шаарддаг бол хариуцагч Б.Ц- 2019 онд амаар байгуулсан хэлцлийн дагуу шилжүүлэн өгсөн 7 800 000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг дугуй, 6 ширхэг обудыг гаргуулахаар сөрөг шаардлага гаргадаг бөгөөд зохигчид үндсэн болон сөрөг шаардлагыг тус тус харилцан эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүхийн зүгээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлоогүй, хуулийг оновчтой тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзэв.

 

Талууд анх 2019 онд амаар хэлцэл байгуулан хамтран ажиллаж эхэлсэн, хожим 2020 оны 01 сарын 22-ны амаар байгуулсан хэлцэлийнхээ нөхцөлөөр “Хамтран ажиллах гэрээ”-г бичгээр байгуулсан гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч няцаагаагүй бөгөөд хариуцагчийн тайлбар нь хэрэгт авагдсан “Omerta” гэсэн бичиглэл бүхий уралдааны автомашин болон тамирчин Б.Ц-гийн 2019 онд уралдаан, тэмцээнд оролцож шагналт байранд орж байсан тухай фото зургуудаар нотлогдож байна.

 

Талууд хоорондын тохиролцоогоо “Хамтран ажиллах гэрээ” гэж томъёолсон байх боловч гэрээний шинж, агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт заасан Холимог гэрээ буюу Эд хөрөнгө хөлслөх гэрээний шинж давамгайлсан, Хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан гэрээний харилцаанд хамаарч байна.

 

Учир нь, нэхэмжлэгч “О” ХХК нь уралдаан, тэмцээнд оролцоход нь зориулж тамирчин Б.Ц-гийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгө буюу 7 800 000 төгрөгийн үнэ бүхий дугуй, обудыг шилжүүлэн өгөх, харин тамирчин Б.Ц- нь уралдаан, тэмцээнд оролцохдоо “О” ХХК-ийн нэрийн өмнөөс оролцож, “О” ХХК-ийн нэрийг дурдуулах үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Талууд дээрх гэрээг харилцан тохиролцоод цуцалсан гэж тайлбарладаг ба уг гэрээ нь 2019 онд хэрэгжээд дууссан буюу гэрээний эрх, үүрэг дуусчээ. Мөн хариуцагч Б.Ц- нь гэрээний үүргээ биелүүлж, “О” ХХК-ийн нэрийн өмнөөс уралдаан, тэмцээнд оролцож тодорхой амжилт гаргаж, “О” ХХК-ийн нэрийг дурдуулсан үйл баримт хэргийн баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Түүнчлэн, гэрээний дагуу 7 хоногт 3 цаг ажиллаагүй гэдэг нь “О” ХХК-д учирсан гэх хохиролтой шалтгаант холбоогүй бөгөөд автомашины уралдаан, тэмцээний үед дугуй, обуд гэмтэх нь болзошгүй эрсдэл учир 1 дугуй, 1 обуд гэмтсэнийг хохирол гэж үзэх боломжгүй юм.

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан хохирол төлөх үүрэг үүсээгүй байх тул 1 300 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв.

 

Харин 7 800 000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг дугуй, 6 ширхэг обуд гаргуулах сөрөг шаардлагын тухайд талуудын хооронд дээр дурдсан эд хөрөнгийг Б.Ц-гийн өмчлөлд шилжүүлэн өгөх тохиролцоо хийгдсэн болох нь нотлогдохгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь мөн зөв байна.

 

Тайлбарлавал, аливаа этгээд өөрийн өмчлөлийн зүйлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдаас шаардах эрхтэй бөгөөд 2019 онд амаар хийсэн хэлцлийг хожим 2020 онд бичгээр байгуулсан гэх “Хамтран ажиллах гэрээ”-ний агуулга, түүнд тусгагдсан “дугуй, обудыг тэмцээн уралдааны үед ашиглаад буцаан хадгалуулах” нөхцөл, гэрээ дуусгавар болоход Б.Ц-гийн зүгээс 6 ширхэг дугуй, 6 ширхэг обудыг “О” ХХК-д буцаан өгсөн үйл баримт зэргийг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд дугуй, обудыг бүрмөсөн шилжүүлэн өгсөн гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ удиртгал хэсэгт хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дурдаагүй байгааг анхааруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/02095 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...189 дүгээр зүйлийн 189.1 дах хэсэгт...” гэснийг “...186 дугаар зүйлийн 186.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 09 сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139 750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                        

                                       ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                            Д.НЯМБАЗАР