Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2016/01057

 

Б.Нармандахын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/02356 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1018 дугаар магадлалтай,

Б.Нармандахын нэхэмжлэлтэй

“Хүннү ресурсес” ХХК-д холбогдох,

1.991.590.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

3.395.971.000 төгрөг гаргуулах, Б.Нармандахын “Голденгобимайнинг” ХХК-ийн нэрээр хууль бус үйл ажиллагаа явуулж, тус компанийн албан бичгийн маягт, таних тэмдэг, ашиглаж байгаа явдлыг таслан зогсоож, “Голденгобимайнинг” ХХК-ийн хуурамчаар хийлгэн ашиглаж байгаа тамгыг албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “Хүннү ресурсес” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Солонго, өмгөөлөгч Ц.Монгол нар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Монгол, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Нармандах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Австрали улсын хуулиар хуулийн этгээдийн эрх эдэлж байсан “Хүннү Коул” ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгуулж, ашигт малтмалын хайгуулын 6 тусгай зөвшөөрөл бүхий талбайг нэг багц болгон Хүннү орд газар хэмээн нэрийдэж, тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад хамтран үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон. Энэ гэрээний дагуу явагдах хамтын ажиллагаануудад оролцох, шийдвэр гаргах эрхийг “Хүннү Коул” ХХК 60 хувь, Б.Нармандах 40 хувь байхаар тогтоож, гэрээнд заасан орд газруудад хайгуул хийх, үйлдвэр байгуулах, нүүрсний уурхай эрхлэх зорилгоор Монгол Улсад бүртгэлтэй компани байгуулан хамтран ажиллахаар болсон. Уг тохиролцооны дагуу гэрээний нэг тал болох “Хүннү Коул” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай, тус компанийн охин компани болох Монгол улсад бүртгэлтэй “Хүннү ресурсес” ХХК-тай хамтарч “Голденгобимайнинг” ХХК-ийг үүсгэн байгуулсан. “Хүннү Коул” ХХК болон бидний хооронд байгуулагдсан хамтран ажиллах тухай гэрээнд заасанчлан шинээр үүсгэн байгуулсан “Голденгобимайнинг” ХХК-ийн нийт хувьцааны 60 хувийг “Хүннү Коул” ХХК-ийн охин компани болох “Хүннү ресурсес” ХХК, 40 хувийг Б.Нармандах би эзэмшихээр болж, дээрх гэрээгээр тохиролцсоны дагуу тус гэрээнд заасан ашигт малтмалын бүх тусгай зөвшөөрлийг шинэ байгуулсан компани дээр шилжүүлсэн. “Голденгобимайнинг” ХХК-ийг үүсгэн байгуулахтай холбоотой бүх тохиролцоо, явуулсан үйл ажиллагаа нь “Хүннү коул” ХХК болон бидний хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээтэй салшгүй холбоотой юм. Өмнө нь уг асуудлаар шүүхэд хандан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан үед миний бие нэхэмжлэлийн үндэслэлийн талаар эрүүгийн журмаар гомдол гарган шалгуулж байсан учир Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 102/ШЗ2015/06121 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 3 а iii хэсэгт заасны дагуу “Хүннү коул” ХХК нь Б.Нармандахад 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд 1 000 000 ам.доллар төлөх ёстой байсан. Талууд 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, төлбөрийн нөхцөлийн талаарх дээрх тохиролцоог Б.Нармандахад 1 000 000 ам.долларыг “Тэнүүн-2 төслийн нүүрсний олборлолтын ашигтай үйл ажиллагааг эхлүүлмэгц” төлөх болгож өөрчилсөн. Хамтран ажиллах гэрээнд шилжүүлэхээр заасан өөрийн эзэмшлийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг “Голденгобимайнинг” ХХК-ийн эзэмшилд бүгдийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 3 а iii хэсэгт өөрчлөлт оруулах тухай 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн гэрээг байгуулах үед Тэнүүн-2 төслийг хэрэгжүүлэх талбайд хайгуулын ажлын хүрээнд нөөц нь тогтоогдчихсон, ашиглалтын үйл ажиллагаа явуулах нөхцөл нь бүрдчихсэн байсан. Тэнүүн-2 төслийг хэрэгжүүлэх ёстой “Хүннү ресурсес” ХХК-ийн менежментээс шалтгаалан төсөл хэрэгжихгүй сунжирч, хэзээ хэрэгжих нь тодорхойгүй нөхцөл байдал үүсч, тухайн үед байсан нөхцөл байдал эрс өөрчлөгдөөд байна. 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хамтран ажиллах гэрээний гол зүйл болох ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах үндэслэл болсон бүх тусгай зөвшөөрөл хариуцагчийн 100 хувь эзэмшлийн компанид шилжсэн, тухайн асуудлаар шийдвэр гаргах бүх эрх мэдэл хариуцагч компанид байгаа учраас энэ нэхэмжлэлийн хариуцагч нь “Хүннү ресурсес” ХХК юм. Иймд Б.Нармандах болон “Хүннү Коул” ХХК-ийн хооронд 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 3 а iii хэсэгт заасны дагуу 1.000.000 ам.доллар буюу 1.991.590.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Хүннү ресурсес” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ичинхорлоо шүүхэд гаргасан тайлбартаа: “Хүннү Ресурсес” ХХК нь Б.Нармандахтай хэзээ ч хамтран ажиллах гэрээ байгуулаагүй болно. Харин “Хүннү Коул” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд үндэслэл болгож байгаа гэрээ бол Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д заасан компани үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ гэж үзэх нь зохилтой. Энэ гэрээ компанийн үүсгэн байгуулах баримт бичигтэй хамаарахгүй. Уг гэрээний дагуу хамтарсан компани үүсгэн байгуулснаар хөрөнгө оруулалт, худалдан авах хувьцааны тоо хэмжээг зохицуулах ёстой бөгөөд орд худалдан авах, эсвэл Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ биш юм. Дээр дурдсан гэрээний агуулгаас үзэхэд Б.Нармандахад компанийн санхүүжилт, хайгуулын ажлыг хийж гүйцэтгэх үйл ажиллагаанд зориулан нийт 2.700.000 ам.доллар шилжүүлэхээр тохиролцжээ. Хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний 3 \а\-д “Хүннү Коул” ХХК нь Б.Нармандахад хайгуулын ажлын хуваарийн дагуу орд газарт хийх шаардлагатай бүх хайгуулын ажилд нийт 2.700.000 ам.долларыг дангаар санхүүжүүлэх хугацаанд хуваариар төлөхөөр тохиролцсон. Энэ тохиролцоо ёсоор 1.700.000 ам.долларыг төлсөн боловч Б.Нармандах хайгуулыг санхүүжүүлэх мөнгийг хувьдаа авч ямар ч хайгуулын ажил хийхгүйгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болно. 2010 оноос хойш компани хайгуулын ажлыг жил бүр өөрийн хөрөнгөөр одоо хүртэл хийж байгаа. Иймээс компани 1.700.000 ам.долларыг нэхэмжлэх эрхтэй болно. Харин дээрх дангаар санхүүжүүлэх хайгуулын ажлын үлдэгдэл болох санхүүжилтийн 1.000.000 ам.долларыг Тэнүүн-2 төслийн нүүрсний олборлолтын ашигтай ажиллагааг эхлүүлмэгц төлөхөөр өөрчилсөн бөгөөд тус төслийн нүүрсний олборлолтын ашигтай үйл ажиллагаа эхлээгүй, хайгуулын ажил хийгдэх шатандаа явж байгаа. Тэгэхлээр Б.Нармандах нь хайгуулын ажлын санхүүжилтийн мөнгийг тус компанид ямар ч ажиллагаа явуулахгүйгээр өөртөө нэхэмжлэн авах хууль зүйн үндэслэлгүй. Харин анхны хөрөнгө оруулалтын хувьд “Голденгобимайнинг” ХХК-ийн дүрмийн санг “Хүннү ресурсес” ХХК 100 хувь мөнгөн дүнгээр хөрөнгө оруулан санхүүжүүлсэн ба хувьцааны 60 хувийг эзэмшдэг байсан, одоо 100 хувь хувьцааг эзэмшдэг бөгөөд Б.Нармандах ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлөөр хөрөнгө оруулан хувьцааны 40 хувийг эзэмшиж байгаад өөрөө хүсч 40 хувийн хувьцаагаа 3.000.000 ам.доллараар үнэлэн 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр “Хүннү ресурсес” ХХК-д худалдсан тул шаардах эрхгүй болсон. Тиймээс компанийн хайгуулын санхүүжилтийн үлдэгдэл 1.000.000 ам.долларыг тэрээр нэхэмжлэн авах хууль зүйн үндэслэлгүй юм. Б.Нармандах нь хамтран хөрөнгө оруулсан компанийн үйл ажиллагааны санхүүжилтийн мөнгөнөөс 1.700.000 ам.доллар өөртөө шилжүүлэн авсан, улмаар хувьцаагаа 3.000.000 ам.доллараар худалдаж “Голденгобимайнинг” ХХК-ийн гишүүнээс гарсан, гишүүн бус болсон тул “Хүннү Ресурсес” ХХК нь 1.000.000 ам.доллар буюу 1.991.590.000 төгрөгийг Б.Нармандахад төлөх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Хүннү ресурс” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Хүннү Коул” ХХК болон Б.Нармандах нарын хооронд 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан хамтран ажиллах тухай гэрээний 3/а/ заалтыг талуудын хооронд 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ байгуулж, өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт гэрээгээр 3а заалтыг “Хүннү коул” ХХК нь Б.Нармандахад албан ёсоор танилцуулан баталсан хайгуулын ажлын хуваарийн дагуу орд газарт хийх шаардлагатай бүх хайгуулын ажилд нийт 2.700.000 ам.долларыг дараах хуваариар төлнө гэж өөрчлөлт оруулсан. Гэрээний дагуу “Хүннү Коул” ХХК орд газарт хийх хайгуулын ажилд зориулан Б.Нармандахад 1.700.000 ам.долларыг 2 удаагийн шилжүүлгээр өгсөн. Гэтэл Б.Нармандах гэрээний дагуу хийх хайгуулын ажилд зориулсан уг мөнгийг авсан боловч хайгуулын ажлын зардалд энэ мөнгийг зарцуулаагүй. Иймд Б.Нармандахаас 1.700.000 ам.долларыг буюу 3.395.971.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Б.Нармандах 2 талын хамтран байгуулсан “Голденгобимайнинг” ХХК-ийн  өөрт ногдох 40 хувийн хувьцаа, бүх эрх үүргээ 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Хүннү ресурсес” ХХК-д шилжүүлж, уг компанитай холбогдолгүй болсон. Гэтэл тэрээр албан бичгийн бланкийг хуурамчаар үйлдэн, уг компанийн нэрээр бусадтай бүлэглэн бусад байгууллага руу албан бичиг бичиж, өр төлбөр үүсгэж, хууль бусаар мэдээлэл олж авах зэрэг хууль бус ажиллагаа явуулж байгаа нь тодорхой болсон. Иймд Б.Нармандахын “Голденгобимайнинг” ХХК-ийн нэрээр хууль бус үйл ажиллагаа явуулж, тус компанийн албан бичгийн маягт, тамга, таних тэмдэг ашиглаж байгаа явдлыг таслан зогсоож, “Голденгобимайнинг” ХХК-ийн хуурамчаар хийлгэн ашиглаж байгаа тамгыг албадан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Нармандах сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай уг гэрээгээр талуудын хооронд 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний “Дангаар санхүүжүүлэх” хэсгийн 3(а) заалтад дараах агуулга бүхий өөрчлөлтүүдийг л оруулсан. Хүннү орд газарт доод тал нь 5.000.000 ам.долларын хайгуулын өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэх эсвэл 20.000 метр гүн өрөмдлөгийн ажлыг 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд хийж гүйцэтгэнэ” гэсэн нөхцөлийг хасах; “Хүннү Б.Нармандахад нийт 2.700.000 ам.долларыг 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд дараах хуваарийн дагуу төлнө” гэх хэсгээс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд гэсэн хугацааг хасах, хуваарийн (iii) хэсэгт заасан “Нармандахад 1.000.000 ам.долларыг 2011 оны 12 дугаар сарын 31 гэхэд төлөх” гэх хэсгийг “Нармандахад 1.000.000 ам.долларыг Тэнүүн-2 төслийг нүүрсний олборлолтын ашигтай үйл ажиллагааг эхлүүлмэгц төлөх” болгох. Ийнхүү гэрээнд оруулсан өөрчлөлтөөс бусад гэрээний заалтуудад өөрчлөлт ороогүй тул Хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зохицуулсан харилцаа нь үлдсэн гэрээ болох 2009 оны хамтран ажиллах гэрээний бусад зохицуулалттай уялдаж хэрэгжих гэрээ юм. Хамтран ажиллах гэрээний бусад зохицуулалтын агуулгаас үзэхэд гэрээнд заасан ашигт малтмал бүхий орд газруудад хайгуулын ажил хийж, гүйцэтгэх, тэдгээртэй холбоотой санхүүжилтийг “Хүннү коул” дангаараа хариуцахаар тохиролцсон гэрээний заалтууд хэвээр үйлчилж байсан. Иймээс Б.Нармандах хайгуулын ажил хийх, түүнд нь зориулж 2.700.000 ам.доллар авах тохиролцоо хийх шаардлага байгаагүй ба ямар ч хүн өөртөө илтэд хохиролтой ийм гэрээ хийхгүй. Тэгээд ч хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн гэрээнд ийм зохицуулалт огтоос байхгүй юм. “Хүннү коул” ХХК болон бидний хооронд байгуулагдсан гэрээний агуулгыг илтэд гуйвуулж буруу орчуулсан орчуулгыг үндэслэн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Нармандахын “Голденгобимайнинг” ХХК-ийн нэрээр хууль бус үйл ажиллагаа явуулсан, компанийн албан бичгийн маягт, тамга, таних тэмдэг ашигласан, “Голденгобимайнинг” ХХК-ийн тамгыг хуурамчаар хийлгэн ашигласан зүйл байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/02356 дугаар шийдвэрээр:  Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4, Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсгийг баримтлан хариуцагч “Хүннү ресурсес” ХХК-иас 1.991.590.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нармандахад олгож, Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсгийг баримтлан Б.Нармандахад холбогдох 1.700.000 ам.доллар буюу 3.395.971.000 төгрөгийг гаргуулах, “Голденгобимайнинг” ХХК-ийн нэрээр хууль бус үйл ажиллагаа явуулах, тус компанийн албан бичгийн маягт, таних тэмдэг, ашиглах үйлдлийг зогсоолгох, хуурамчаар хийлгэн ашиглаж байгаа “Голденгобимайнинг” ХХК-ийн тамгыг түүнээс албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 5.072.000 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлд хариуцагчийн төлсөн 17.137.805 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс 51.115.900 төгрөгийг улсын орлогод төлүүлж, хариуцагчаас 10.115.900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1018 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/02356 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Хүннү ресурсес” ХХК-иас 1.991.590.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нармандахад олгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Б.Нармандахаас 1.700.000 ам.доллар буюу 3.395.971.000 төгрөгийг гаргуулах, “Голденгобимайнинг” ХХК-ийн нэрээр хууль бус үйл ажиллагаа явуулах, тус компанийн албан бичгийн маягт, таних тэмдэг, ашиглах үйлдлийг зогсоолгох, хуурамчаар хийлгэн ашиглаж байгаа “Голденгобимайнинг” ХХК-ийн тамгыг албадан гаргуулах тухай хариуцагч “Хүннү ресурс” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “51.115.900” гэснийг “5.115.900” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч “Хүннү ресурсес” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.253.750 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Хүннү ресурс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Солонго хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн давж заалдах шатны шүүх гаргасан 2016 оны 1018 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 заалтыг баримтлахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан боловч “Хүннү Ресурсес” ХХК-иас 1,991.590.000 төгрөг гаргуулан Б.Нармандахад олгохоор шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 205.1, 9.4.2-т зааснаар манай компанийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэтэрхий нэг талыг барьсан, үйлчилсэн эрх зүйн үндэслэлгүй, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай хуулийн үндсэн зарчмыг гажуудуулсан.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан хэлцлийг талууд байгуулаагүй юм. Давж заалдах шатны шүүх, шүүхийн шийдвэрт гаргасан гомдлыг бодитойгоор авч үзсэнгүй, эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч чадсангүй гэж үзэж байна.

Манай компани хамтарсан компани байгуулах замаар хөрөнгө оруулалт хийсэн, харин Б.Нармандах компанийн тухай хуульд зааснаар өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлөөр “Голденгоби Майнинг” компанийн 40 хувийг эзэмшсэн, улмаар эзэмшиж байсан 40 хувийн хувьцаагаа 3.000.000 ам.доллараар худалдсан. Ингэснээр Б.Нармандах “Голденгоби Майнинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс гарснаар түүний тус компанитай үүссэн бүх харилцаа дуусгавар болсон.

Энэ харилцаанд компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д заасан заалтыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. “Хамтран ажиллах тухай гэрээ” нь маргааны үндсэн нотлох баримт болно. Энэ гэрээнд “Монгол улсад бүртгэлтэй албан ёсны компани байгуулж хамтран ажиллахаар тохиролцсон нь компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д заасан зохицуулалтад хамаарна. Түүнчлэн Шүүхэд гэрээний эх хувь болох Англи эхийг авч үзэхгүй байх бөгөөд Б.Нармандахад байгаа гэрээний Монгол хэл дээрх орчуулга зөрүүтэй, санаатайгаар буруу орчуулсан байхад түүнийг шүүх үнэлсэн, харин манай компанийн Монгол хэл дээрх зөв орчуулгыг үнэлэхгүй орхиж байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай Хуулийн 40 дүгээр зүйлийг илэрхий зөрчсөн.

Мөн магадлалд “Голденгоби Майнинг” ХХК-д хөрөнгө оруулан эзэмшсэн хувьцааг илэрхий гуйвуулан тайлбарлаж, улмаар компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмших, хөрөнгө оруулах тухай зохицуулалтыг хууль зүйн үндэслэлтэй үнэлэлт өгч чадаагүй гэж үзнэ.

Гэрээ Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан Хамтран ажиллах гэрээний шинж, зохицуулалтад үл хамаарна. Харин гэрээний үндсэн шинжид тулгуурлан эрх зүйн дүгнэлт хийх бол Иргэний хуулийн дагуу ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтад хамаарах болно. Тэгэхлээр Б.Нармандах хайгуул хийх үүрэг хүлээсэн, хайгуулын ажлаа хийгээгүй атлаа 1.700.000 ам.доллар авчихсан, улмаар компанийн хувьцаа эзэмшигч биш атлаа тус компанийн бичиг баримтын загвар хуурамч тамга тэмдэг ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг харгалзахгүйгээр манай компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иргэний хуулийн 205.1, 9.4.2-ыг хэрэглэсэн, улмаар буруу тайлбарласан Б.Нармандахыг шүүх үндэслэлгүй хөрөнгөжүүлсэн шийдвэр, магадлал гаргасан гэж үзэж байна. Тиймээс шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож манай компанийн нэхэмжлэлийг бүрэн хангаж, Б.Нармандахын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Хүннү ресурсес” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Монгол хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2016/023 дугаар Шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1018 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-д заасан хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Үүнд:

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үүргээ шүүх хэрэгжүүлсэнгүй.

-Шүүх ИХШХШТХуулийн 57 дугаар зүйлийг хэрэглээгүй. Нэхэмжлэгч 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улсын Тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг төлөн “Голденгоби Майнинг” ХХК-ийн хувьцаатай холбогдуулж нэхэмжлэл гаргасан байдаг ингэхдээ хүчингүй болсон Прокурорын тогтоол өгсөн. Энэ нэхэмжлэлийг эрүүгийн хэрэг шалгагдаж дуусаагүй байсан тул ИХШХШТХуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр татгалзах байтал хэрэг үүсгэсэн, нэхэмжлэгч хүчингүй болсон Прокурорын тогтоол шүүхэд өгсөн байсан. Үүнийг шүүхэд хуурамч, хүчингүй нотлох баримт гаргаж өгсөн гэх үндэслэл мөн. Шүүх 2015 оны 10 дугаар сарын 22-нд “иргэний хэрэг үүсгэсэн”, нэхэмжлэгч 2015 оны 11 сарын дугаар 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн өөрчилж, өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байхад шүүх энэ татгалзлалын талаар захирамж гаргаагүй, хэрхсэн нь тодорхойгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох нэг үндэслэл мөн.

-Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчаас 1,991.590.000 төгрөгийг гаргуулахаар өөрчлөх нэрээр шинээр нэхэмжлэл гаргасан. Шүүх энэ тохиолдолд энэхүү өмнөх нэхэмжлэлээс огт өөр утга агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг ИХШХШТХуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу Улсын Тэмдэгтийн хураамжийн 10.115.900 төгрөгийг төлүүлэх, өмнө төлсөн 70.200 төгрөгийг захирамжаар буцаах ажиллагаа хийх ёстой байсан тул ИХШХШТХуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 заалтыг хэрэглэх ёстой байсан. Мөн нэхэмжлэлийн шаардлага үндсээр нь өөрчилсөн тухай хүсэлтийг бичиг хэргээр дамжуулахгүйгээр шууд Улсын Тэмдэгтийн хураамж төлүүлэхгүйгээр хүлээн авсан нь нэхэмжлэгчээр Улсын Тэмдэгтийн хураамж төлүүлэхгүйд чиглэгдсэн ажиллагаа гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. ИХШХШТХуулийн 57-р зүйлийн 57.1-ийг хэрэглээгүй.

-Ингээд нэхэмжлэлийн шаардлага өөрчилснөөс 20 хоногийн дараа буюу 2015.12.07-ны өдөр шүүгч захирамж гаргаж, нэхэмжлэгчийн Улсын Тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл хойшлуулах захирамж гаргасан. Сарын дараа буюу 2016.01.07-ны өдөр нэхэмжлэгч 5.000.000 төгрөг төлсөн тухай хуулийн шаардлага хангаагүй баримт өгөхөд үлдэх 5.115.900 төгрөгийг хэргийг хэлэлцэж, шийдвэр гаргах хүртэл хэсэгчлэн төлүүлэхээр захирамж гаргасан байдаг. Шүүх ИХШХШТХуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.11, 62 дугаар зүйлийн 62.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцаах ёстой байсан.

-Шүүгч анхнаасаа нэхэмжлэгчийн талыг баримталж илтэд нэг талыг барьсан болохыг шийдвэрийг үндэслэх нь хэсгээс тодорхой байна.

Шийдвэрийн 6 дугаар хуудаст “Хамтран ажиллах тухай гэрээ”-ний Англи хэлнээс илтэд зөрүүтэй Монгол гэрээний орчуулгын З.а заалтыг хуулж үндэслэлээ болгосон нь илтэд нэг талыг барьж, нотлох баримтыг ИХШХШТХуулийн 40-р зүйлийн 40.2-р заалтыг зөрчиж өрөөсгөлөөр нэхэмжлэгчид илтэд ашигтайгаар үнэлсэн. Дээрх илтэд ташаа дүгнэлтийнхээ үндсэн дээр Компанийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.8-д заасан гэрээ гэж хуулинд байхгүй зүйлийг дурдаж Хуулийг буруу хэрэглэсэнд гомдолтой байна. “Б.Нармандах нь 6 орд газрыг эзэмших тусгай зөвшөөрлийг “Голденгоби Майнинг” ХХК-д үнэ төлбөргүйгээр шилжүүлэн өгсөн мэтээр буруу дүгнэж, энэ 6 зөвшөөрөлдөө ногдох 40%-ийг Б.Нармандах бодитойгоор эзэмшсэнийг орхигдуулсан байна. Иймээс “Хүннү Ресурсес” ХХК нь “Голденгоби Майнинг” ХХК-ийн 60%-г эзэмших эрхийг бодит үйлдлээр шилжүүлэн авсан гэж илтэд ташаа дүгнэлт хийсэн. “Хүннү Ресурсес” ХХК, Б.Нармандах нар нь “Голденгоби Майнинг” ХХК-ийг үүсгэн байгуулахдаа анхны дүрмийн санг 60% ба 40% гэж тохиролцсон Компанийн тухай Хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.5, 33.4-д заасны дагуу хувь нийлүүлсэн хөрөнгө тус бүр эзэмшин, уг хөрөнгийн хэмжээг Компанийн дүрэмд тусгасан байдаг. “Хүннү Ресурсес” ХХК нь “Голденгоби Майнинг” ХХК-ийн 60%-даа ногдох хайгуулын ажлын санхүүжилтийг дангаар хийх, бусад зардлыг “Хамтран ажиллах тухай гэрээ”-ний 3-д зааснаар гаргахаар тохирсон байдаг. Энд заасан 2.700.000 ам.доллар бол зөвхөн хайгуулд зориулагдах санхүүжилт болох нь гэрээний заалгаад тодорхой байгаа.

Гэтэл шүүх “Хүннү Коул ПТИ Лимитед” компани “нэхэмжлэгч Б.Нармандахад 1.700.000 ам.долларыг төлсөн талаар маргахгүй байна” гэсэн нь нэг талыг барьсан байна. Энэ хэргийг “Хүннү Коул ПТИ Лимитед” компанийн оролцоогүй шийдэх нь материаллаг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж буй хэрэг юм. Хамтран ажиллах гэрээ, нэмэлт гэрээ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар буюу хоорондын харилцаа, төлбөрийн баримт зэргээр нотлогдоно. Бүх шийдвэрийг зөвхөн “Хүннү Коул ПТИ Лимитед” компани гаргасан. Нэг гол нотлох баримт бол “Хүннү Коул ПТИ Лимитед” компани нь “Хүннү Ресурсес” ХХК-ийг (гэрээний тал биш) буюу тодорхой зорилго бүхий охин компаний хувиар тухайн төслийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан.

-“Хамтран ажиллах тухай гэрээ”-ний 2010.03.29-ны өдрийн нэмэлт өөрчлөлт 3 өөр орчуулгын газраар орчуулан нотлох баримтаар өгсөн, эдгээр нь утга агуулгын хувьд адил байхад, нэхэмжлэгчийн зүгээс хуулийн шаардлага хангаагүй, гарын үсэггүй, эзэн нэргүй илтэд хуурамчаар үйлдэж шүүхэд гаргаж өгсөн орчуулгыг хамгаалж, гэрч н.Сайнчулууны мэдүүлгийг илтэд гуйвуулан тайлбарлах замаар дүгнэлт хийсэн байхад давж заалдах шатны шүүх мөн анхаарч үзсэнгүй.

Мөн “Аnd” гэдэг үг орсон учир тусдаа төлбөр ч байж магадгүй гэж эргэлзэж тээнэгэлзсэн байдлаар ярьсан. Орчуулагч нь хоёр талын гэрээний утга агуулгыг тайлбарлах эрхгүй ба орчуулгыг байгаа байдлаар нь үнэн зөв хийх үүрэгтэй. Шүүх ИХШХШТХуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасан заалтыг хэрэглээгүй, шинжээч томилоогүй.

-Шүүх хавтаст хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангаагүй хуурамч орчуулгыг нотлох баримтаас хасуулах тухай хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй нь ИХШХШТХуулийн 38-р зүйлийн 38.4, 38.5-р заалтыг хэрэглээгүй байна. Ингэснээр ИХШХШТХуулийн 38-р зүйлийн 38.3-д заасан нотлох баримтыг хууль бусаар цуглуулах, хуурамчаар нотлох баримт гаргахыг хориглох заалтыг зөрчсөн. Үүнийг зөвтгөх ёсгүй.

-Шүүх Шийдвэрт “...хайгуулын ажлын хуваарийн дагуу Б.Нармандахад шилжүүлсэн гэсэн утга агуулга бүхий гэрээний заалтыг” төлбөрийг Б.Нармандахад төлөх ёстой төлбөр байсан” гэх утгаар, эсрэгээр нь тайлбарлан дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй байна.

-Тэнүүн-2 төсөл буюу хайгуулын 15147Х дугаар тусгай зөвшөөрөл нь 2009.09.21-ний өдөр олгогдсон ба Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар хайгуулын ажлыг 9 жилийн хугацаанд хийж гүйцэтгэж ашиглалтын зөвшөөрөл авах тухай хуулийн зохицуулалтын дагуу сунгагдаад, хайгуулын ажил нь хуулийн дагуу хийгдээд явж байгаа. Б.Нармандах нь энэ байдлыг мэднэ. Нэхэмжлэгч нь “Тэнүүн-2 төслийг хэрэгжүүлэх хайгуулын талбайд хайгуулын ажлын хүрээнд нөөц нь тогтоогдсон, ашигтай үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэн байсан” гэсэн тайлбараа нотлоогүй. ИХШХШТХуулийн 37-р зүйлийн 37.2-т зааснаар өөр нотолгооны баримтаар нотлогдоогүй. Шүүгч, хэрэгт нэхэмжлэгчийн тайлбарыг нотлох ямар ч нотолгоо байхгүй байхад “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, уг гэрээнээс гарахаар хариуцагчтай тохирсон нь зохигчийн тайлбар, нотлох баримтаар тогтоогдож байна гэж ямар ч нотлох баримтгүйгээр, үндэслэлгүйгээр дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Хуулийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч 2012.04.23-ний өдөр өөрийн санаачлагчаар Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрт ногдох 40%-ийн хувьцаа /5 тусгай зөвшөөрөл багтсан/-гаа 3.000.000 ам.доллараар “Хүннү Ресурсес” ХХК-д худалдаж, эрхээ бүрэн шилжүүлсэн.

-Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт ИХШХШТХуулийн 44 дүгээр зүйлийн 44-2-т заасан шаардлагыг хангаагүй, нотариатаар батлагдаагүй байгаа шүүх хүлээн авсан нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл юм.

-ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө гэж хуульчилсан. Мөн Хуулийн 38 дугаар зүйлийг 38.5-д заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчин, ИХШХШТХуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг мөн хангаагүй, хариуцагчид танилцуулагдаагүй болно.

-Шүүх зөвлөлдөх тасалгаанаас гарч шийдвэрийн үндэслэлийг танилцуулахдаа “нэхэмжлэгч гэрээний нэмэлт өөрчлөлтөөс татгалзсан учир нэг сая ам.долларыг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангалаа” гэж огт үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Гэтэл энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл, шийдвэрийн үндэслэлд тусгагдаагүй байна. Тэгэхээр шийдвэрийг нэг үндэслэлээр гаргадаг. Давж заалдах шатны шүүх мөн огт өөр үндэслэл гаргаж шийдвэрийг хэвээр үлдээсэн нөхцөл байдал нь хэргийг хяналтын шатны шүүхээр эцэслэж шийдвэрлэх боломжгүй болгож байна.

Шүүх хэрэгт авагдсан хариуцагч талын нотлох баримтыг бүхэлд нь үнэлэхгүй орхигдуулсан болно. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн тул анхан болон давж заалдах шатны шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

        ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Нармандах нь хариуцагч “Хүннү ресурсес” ХХК-д холбогдуулан 1.991.590.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлд “Хүннү коул” ХХК-тай байгуулсан Хамтран ажиллах тухай гэрээ болон уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг дурджээ.

Хариуцагч “Хүннү ресурсес” ХХК нь Б.Нармандахтай гэрээ байгуулаагүй, “Хүннү коул” ХХК нь Б.Нармандахад хайгуулын ажилд нийт 2.700.000 ам.долларыг тодорхой хуваариар төлөхөөр тохирч, 1.700.000 ам.доллар төлсөн боловч тэрээр ямарч хайгуулын ажил хийгээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээс татгалзаж, 3.395.971.000 төгрөг гаргуулах, Б.Нармандахын “Голденгобимайнинг” ХХК-ийн нэрээр хууль бус үйл ажиллагаа явуулж, тус компанийн албан бичгийн маягт, таних тэмдэг, ашиглаж байгаа явдлыг таслан зогсоож, “Голденгобимайнинг” ХХК-ийн хуурамчаар хийлгэн ашиглаж байгаа тамгыг албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Б.Нармандах болон “Хүннү коул” компанийн хооронд 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан Хамтран ажиллах тухай гэрээгээр Нармандах нь “...Хүннү-д орд газрын, хамтын ажиллагааны хувь ногдол болгон 60 хувийг дангаар эзэмших эрхийг олгох, талууд орд газарт хайгуул хийх, үйлдвэр байгуулах, хэрэв баталгаажсан тохиолдолд орд газарт нүүрсний уурхай эрхлэх зорилгоор Монгол Улсад бүртгэлтэй албан ёсны компани байгуулж хамтран ажиллах, Хүннү нь орд газарт доод тал нь 5 сая ам.долларын хайгуулын ажил хийж гүйцэтгэх эсвэл 20.000 м гүн өрөмдлөгийн ажлыг Нармандахад танилцуулан баталсан хайгуулын ажлын хуваарийн дагуу 2011 оны 12 дугаар сарын 31 гэхэд хийж гүйцэтгэнэ. Хүннү нь Нармандахад нийт 2.700.000 ам.долларыг 2011 оны 12 дугаар сарын 31 гэхэд дараах хуваариар төлнө...” гэжээ.

Уг гэрээний 16-т “гэрээг ижил тэгш эрх бүхий англи монгол хэл дээр үйлдсэн болно” гэж заасан, Монгол хэл дээрх хувь хэргийн 5-13, Англи хэл дээр хувь 293-302 дугаар талд авагджээ.

Энэхүү гэрээг анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-т заасан тусгайлсан гэрээ гэж үзсэн боловч хуульд ийм заалт байхгүй байна.

Давж заалдах шатны шүүх дээрх гэрээг худалдах, худалдан авах болон хамтран ажиллах агуулга бүхий холимог гэрээ гэж дүгнэжээ.

Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээ гэж тодорхойлсон ба нэхэмжлэгч нь лиценз эзэмших эрхээ худалдсан талаар тайлбар гаргаагүй байна.

Харин Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээхээр байгуулсан гэрээг хамтран ажиллах гэрээ гэнэ.

Дээрх гэрээнд Б.Нармандах нь хамтын ажиллагааны хувь ногдол болгон орд газрын 60 хувийг дангаар эзэмших эрхийг олгохоор заасан нь хамтран ажиллах нөхцөл боловч тэрээр хамтын ажиллагаанд ямар үүрэгтэй оролцох нь тодорхой бусаас гадна талуудаас төлөх хураамж зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байна.

Хамтран ажиллах гэрээ нь оролцогчдын хураамж, хамтын үйл ажиллагаанаас бүрдэх бөгөөд хураамж нь талуудаас хамтын үйл ажиллагаанд зориулж байгаа хөрөнгө юм.

Хураамж нь хамтран ажиллах гэрээний нөхцөл, талуудын үүрэг тул “Хүннү коул” ХХК нь нэхэмжлэгчид 2.700.000 ам.доллар төлөхөөр гэрээнд заасан нь хураамж, эсхүл хайгуулын ажилд зарцуулах хөрөнгө болох нь тодорхойгүй байхад шүүх түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтад тулгуурласан гэж үзэх боломжгүй юм.

Мөн хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд талууд “Голденгобимайнинг” ХХК-г байгуулж, хувьцааг хамтран эзэмшсэн байх ба  энэ нь хуульд  нийцсэн эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй байна.

Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “компанийг нэгээс дээш этгээд үүсгэн байгуулах тохиолдолд үүсгэн байгуулагчид нь компани үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бөгөөд уг гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгана”, 13.4-т “энэ хуулийн 13.3-т заасан гэрээ нь компанийг үүсгэн байгуулах баримт бичигт хамаарахгүй” гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, талууд хамтран ажиллах гэрээ байгуулсан тохиолдолд шинээр компани байгуулах асуудлыг уг гэрээгээр биш харин Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан гэрээгээр зохицуулах ба хуульд заасан тодорхой нөхцөлүүдийг харилцан тохиролцох шаардлагатайг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

Хамтран ажиллах тухай гэрээний 3/a/ хэсэгт 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд уг гэрээний Англи хэл дээрх хувийн хуулбар хэргийн 98 дугаар талд авагдсан, харин уг гэрээг Монгол хэл дээр байгуулсан нь тодорхой бус, хэрэгт авагдаагүй байна.

Нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг Англи хэлнээс Монгол хэл дээр орчуулсан 3 орчуулга хэргийн 99, 208, 210 талд авагдсан байх ба зохигчид уг орчуулгын талаар маргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон дээрх баримт нотлох баримтын шаардлага хангаагүй, гэрээг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч орчуулаагүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзнэ.

Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Хараат болон охин компани нь толгой компанийн өрийг хариуцахгүй бөгөөд тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол толгой компани нь хараат болон охин компанийн өрийг хариуцахгүй” гэж заасан бөгөөд шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ  “...нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнд зааснаар 1.000.000 ам.долларыг Тэнүүн-2 төслийн нүүрсний олборлолтын ашигтай үйл ажиллагааг эхлүүлмэгц төлөх”-өөр тохирсон гэсэн боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх “...төслийн нүүрсний олборлолтын ажиллагааг хэзээ эхлүүлэх нь тодорхойгүй, уг ажиллагааг хэрэгжүүлэх нь нэхэмжлэгчээс хамааралгүй...” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцээгүй байна.

Хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн алдааг хяналтын шатны шүүх шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар залруулах боломжгүй тул хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/02356 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1018 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хариуцагч “Хүннү ресурсес” ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 27.253.705 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ