| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1000/Э |
| Дугаар | 311 |
| Огноо | 2019-06-14 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 311
Г.Тд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчдийн өмгөөлөгч С.Баянмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 1404 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1065 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 66 дугаар тогтоолтой, Г.Тд холбогдох 201709000362 дугаартай эрүүгийн хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор А.Оюунгэрэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Т овогт Г.Т нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 2, түүнээс олон хүний амь нас хохироох” гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Тийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 2, түүнээс олон хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан шүүгдэгч Г.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хасаж, нэг жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоолын 1 дэх заалтад “Шүүгдэгч Т овогт Г.Тийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 түүнээс олон хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Т овгийн Г.Тийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 3 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 3 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Г.Тийг шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Г.Тийг шийтгэсүгэй” гэж,
4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Г.Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Тий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүний хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Тэс нийт 19.749.361 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч В.Чд 11.543.414 төгрөг, Г.О, Б.Ө нарт 8.016.000 төгрөг, хохирогч Ц.Бд 189.947 төгрөгийг тус тус олгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийтгэх тогтоол, магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар шүүгдэгч Г.Түмэн-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасч, 4/дөрөв/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, П.Батжаргал, Д.Номин-Эрдэнэ нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд хяналтын прокурор А.Оюунгэрэл бичсэн болон шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалт зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14, Арванесдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн” гэж дүгнэн 1 дугаар дүгнэлт гаргажээ.
Монгол Улсын Их хурал Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “шүүгдэгчийн ялыг хүндрүүлж өөрчлөлт оруулах тухай” холбогдох заалтуудад өөрчлөлт оруулсанаар давж заалдах болон хяналтын шатны шүүх ялыг хүндрүүлж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрх хэмжээгүй болсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ...” шинэ нөхцөл илэрч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хууль зүйн үндэслэл бий болж байна.
Иймд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Тд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт ялыг хүндрүүлж өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолын заалтыг тус тус хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1.2-т заасныг баримтлан хяналтын шатны шүүхэд прокурорын дүгнэлт бичсэн” гэв.
Мөн шүүх хуралдаанд хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчдийн өмгөөлөгч С.Баянмөнх хэлсэн саналдаа: “Ял хүндрүүлсэн мэт харагдаж байгаа боловч Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхтэй холбоотойгоор давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрүүд гарсан. Хяналтын шатны шүүхээс 4 жил хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах шинэ нөхцөл байдал мөн. 3 хүний амь нас хохирсон хэрэгт 1 жил хорих ял оногдуулсан нь хууль хэрэглээний хувьд алдаа болно” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэлийн бичсэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай дүгнэлтийг үндэслэн Г.Тд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Тд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хянан шийдвэрлэх үед давж заалдах болон хяналтын шатны шүүх нь хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлж өөрчлөх эрх хэмжээтэй байжээ.
Ийнхүү давж заалдах болон хяналтын шатны шүүхээс шүүгдэгч Г.Тд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болон 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Г.Тд анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил хорих ялыг 5 жил болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсныг, мөн хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд шүүгдэгч Г.Тд оногдуулсан хорих ялыг 4 жил болгон өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй юм.
Гэвч Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно” гэж, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж тус тус заасны “... хүндрүүлж ...", “... эсхүл хүндрүүлж ...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “...шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрч, Улсын Их Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад өөрчлөлт оруулжээ.
Иймд Г.Тд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Улсын Их хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан” шинэ нөхцөл байдлын улмаас тухайн шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэлд хамаарч байх тул энэ талаар прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Тд оногдуулсан хорих ялыг 5 жил болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал болон шүүгдэгч Г.Тд оногдуулсан хорих ялыг 4 жил болгон хүндрүүлж өөрчилсөн хяналтын шатны шүүхийн тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 1404 дүгээр шийтгэх тогтоолын хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1065 дугаар магадлалын Г.Тд оногдуулсан ялыг хүндрүүлсэн хэсгийг,
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 66 дугаар тогтоолоор шийтгэх тогтоолын “4 жил...” болгосон хэсгийг тус тус хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН