Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2017/0869

 

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2017/0869

Улаанбаатар хот

 

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0736 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.А нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0736 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, 23 дугаар зүйлийн 23.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 дүгээр тушаалын Тушаах нь хэсгийн 1 дэх заалтын “Б.А-г ажлаас чөлөөлсөн” хэсгийг, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/151 дүгээр тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Б.А-ыг Цагдаагийн ерөнхий газрын харьяа Тусгай ажиллагааны газрын даргаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл 8 сар 1 хоногийн хугацааны цалинг ТТ-15 шатлалаар үндсэн цалин 821.016 төгрөг дээр онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны, докторын зэргийн нэмэгдлүүдийг тооцон олгож, энэ хугацааны эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн шаардлагаас “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 дүгээр тушаалын Тушаах нь хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т зааснаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар 20 хувиар бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсан” хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Тусгай ажиллагааны газарт явуулсан шалгалтаар илэрсэн зөрчилд Б.А-д сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа албан тушаал буруулж томилсон шийдвэрийг “...Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ нь төрийн жинхэнэ алба хаагчийг албан тушаал бууруулах үндэслэл болно. Гэтэл эрх бүхий этгээд илтгэх хуудсаар тайлагнасан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх үүргээ хэрэгжүүлээгүй, дүгнээгүй атлаа ямар үндэслэлээр албан тушаалын зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн нь тодорхойгүй...” гэж дүгнэсэн нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Тусгай ажиллагааны газрын үйл ажиллагаанд шалгалт явуулсан.

Тус шалгалтаар Тусгай ажиллагааны газрын нэр бүхий алба хаагчид ажилдаа хариуцлагагүй хандсан, сахилга ёс зүйн зөрчил гаргаснаас гадна Б.А 2016 оны 09 дүгээр сард цагдаагийн дэслэгч Б.Д, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Б, цагдаагийн ахлах ахлагч Н.Э нарт хууль бус үүрэг өгөн 24 ширхэг зулзаган нарс модыг Сонгионохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Гүнтийн амны ойгоос авахуулж, өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Жигжид зуслан /17 мод/, Тусгай ажиллагааны газар /5 мод/-ын хашаанд тус тус суулгасан. Мөн бүлгийн ахлах офицер, цагдаагийн ахмад Н.О-ыг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл амралтгүй 20 хоног буюу 480 цаг томилгоонд ажиллуулсан, дотооддоо явуулсан албаны шалгалтыг Хууль зүйн сайдын 2015 оны А/238 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам” уг журмыг хэрэгжүүлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 4/759 дүгээр албан бичгээр хүргүүлсэн үүргийг зохион байгуулж ажиллаагүй зэрэг үйл баримтууд тогтоогдсон.

Дээрх нөхцөл байдал нь Б.А хууль тогтоомж, цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийг зөрчсөнөөс гадна Тусгай ажиллагааны газрын даргын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтын “Ажлын байрны гол үйл ажиллагаа”-ны 2.1 “Тусгай ажиллагааны газрын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих”, 2.2 “Алба хаагчдын ажилын гүйцэтгэл, үйл ажиллагааны үр дүн, ...биелэлтэд хяналт тавих”, 2.6 “Байгууллагын дотоод журмыг мөрдүүлж, алба хаагчдын болон байгууллагын аюулгүй байдлыг хангах, галт зэвсэг, тусгай хэрэгслийн хадгалалт, хамгаалалт, бүртгэл зарцуулалтад хяналт тавих”, 3.1”Улсын Их Хурал, Засгийн газар, Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газраас гаргасан хууль тогтоомж, тушаал шийдвэр, хөтөлбөр, төлөвлөгөө, үүрэг даалгавар, ажлын чиглэлийг хэрэгжүүлж, биелэлт, үр дүнг тооцож тайлагнах” зэрэг үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэл болж байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачлагаар албан тушаал бууруулж болно” гээд 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж заасан бөгөөд “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 7-д “Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан”...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно” гэжээ.

Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт боловсруулах заавар”-ын гуравт “Ажлын байрны тодорхойлолтыг хэрэглэх чиглэл”-ийг заасан бөгөөд уг хэсгийн 4-д “Албан тушаал дэвшүүлэх, бууруулах зэрэг хүний нөөцийн удирдлагын зарим арга хэмжээ авах.

Ажлын байрны тодорхойлолт нь дор дурдсан хууль тогтоомж, эрх зүйн актад заасны дагуу ажилтныг албан тушаал дэвшүүлэх, бууруулах, ...үндэслэл болно. Тухайлбал:

а/ ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн боловсруулсан үр дүнгийн гэрээний биелэлтэд тулгуурлан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 19.2-т заасан ёсоор “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, ...албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ”

б/ Төрийн албан тухай хуулийн 23.1.1-д заасан ёсоор “Албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” нь төрийн албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаал бууруулах үндэслэл болно” гэж тус тус заасан.

Мөн Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд агентлагийн даргын эрх хэмжээг хуульчилсан.

Б.А-ыг албан тушаал бууруулан томилохдоо үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээг дүгнэж шийдвэрлээгүй бөгөөд үүнээс үзэхэд анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Нөгөөтээгүүр шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт /15 дахь тал/ “Шалгалтын дүнгийн танилцуулгаас үзвэл Б.А-ыг 12 асуудалд холбогдуулан шалгаснаас дээрх 3 асуудлаас бусад асуудлын хувьд шалгалтаар тогтоогдоогүй, мөн сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзсэн... асуудлын тухайд шүүх дүгнэхгүй” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг хэрэгжүүлээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна.

 Учир нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны Б/51 дүгэр тушаалаар Б.А-д шүүхийн шийдвэрт дурдагдсан 3 зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан хэдий ч мөн газрын даргын 2017 оны Б/151 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасныг үндэслэн албан тушаал бууруулж томилохдоо сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэдий ч шалгалтаар тогтоогдсон бусад нөхцөл байдлыг харгалзсан болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар Тусгай ажиллагааны газрын дарга, цагдаагийн хурандаа Б.А-ыг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.4-д заасныг зөрчсөн  гэсэн үндэслэлээр албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалаас нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлжээ.

Үүний дараа Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б151 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн албан тушаалыг бууруулж, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн даргаар томилж, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.А “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/51, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/151 дүгээр тушаалын Б.А-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, цагдаагийн хурандаа Б.А-ыг Цагдаагийн ерөнхий газрын харьяа Тусгай ажиллагааны газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх уг шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэн нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг хэрэгжүүлээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хангах боломжгүй байна.

Учир нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн, ингэхдээ зарим модыг өөрийн эзэмшлийн хашаанд суулгасан, уг үйлдэлдээ албаны автомашин, шатахуун зарцуулж, албаны нэр хүндийг ашигласан зөрчил гаргасан үйлдэлд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй байх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны  өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 517 дугаар тогтоол[1]-оор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, захиргааны зөрчлийн шинжтэй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Мөн Бүлгийн ахлах офицер, цагдаагийн Н.О-ыг 2016 оны 08 дугаар сарын 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 9 хоног буюу 216 цаг амралтгүй томилгоонд ажиллуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3, 74 дүгээр зүйлийн 74.3 заасныг тус тус зөрчсөн бөгөөд Хууль зүйн сайдын 2015 оны А/238 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам”, уг журмыг хэрэгжүүлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 7/759 дүгээр албан бичгээр хүргүүлсэн үүргийг зохион байгуулж ажиллаагүй нь Тусгай ажиллагааны газар явуулсан шалгалтаар тогтоогдсон байна.

Иймд нэхэмжлэгчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т зааснаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь тухайн зөрчлийн шинж байдалд тохирсон, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан шаардлагыг хангасан байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 дүгээр тушаалын Тушаах нь хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэгчийн албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан атлаа 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн нь нэг зөрчилд 2 шийтгэл давхардуулан ногдуулсан байна. Ингэхдээ ажлаас чөлөөлсөн үндэслэл, холбогдох хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй байна.

Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл Б.А-ыг “...албан тушаалаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэсэн атлаа дээрх тушаалын “ажлаас чөлөөлсөн” хэсгийг хүчингүй болгоогүй, мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны Б/151 дүгээр тушаалаар албан тушаал бууруулахдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг хэрхэн зөрчсөн болон албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй байна. Үүнээс үзэхэд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны Б/51 дүгээр тушаалын Тушаах нь хэсгийн 1 дэх заалтын “...албан тушаалаас чөлөөлсөн” хэсэг хүчин төгөлдөр, хууль зүйн үр дагавар үүсгэж байхад нэхэмжлэгчийг албан тушаал бууруулан томилсон нь ойлгомжгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно”, 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг хуульчилжээ.

Нэхэмжлэгч Б.А нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн тогтоогдсоноор Цагдаагийн ерөнхий газрын даргатай 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр үр дүнгийн гэрээ байгуулж, гэрээнд заасан хугацаанд үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсаар тайлагнасан байхад үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнээгүй, дүгнээгүй байж 2016 оны жилийн эцэст үндсэн цалингийн 60 хувиар урамшуулсан атлаа 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/151 дүгээр тушаалаар албан тушаалын зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулсан нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасантай нийцээгүй байна.

Иймд хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох боломжгүй.

Дээрхээс дүгнэхэд хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчим болон 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг зөрчсөн байна.

Нөгөөтээгүүр, шүүхээс Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилсон тул ажилгүй байсан хугацааны урьд авч цалин хөлсний дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0736 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                    Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                                    Э.ЗОРИГТБААТАР  


[1] 1ХХ-235-237 хуудас