Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 569

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Бэр***н у**т” ХХК,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 352850 дугаар актад холбогдох нөхөн татвар, торгууль, алданги 78.425.700 төгрөгийг актаар тогтоосон төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Монгол Улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль хамруулж, чөлөөлүүлэх” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Да*******н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ду*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Цэвэгмид нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Бэр***н у**т” ХХК-ийн захирал Ц.Ц******* болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Да*******н нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс тус компанийн үйл ажиллагаанд шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2013 оны 352850 дугаар актаар 44.747.800 төгрөгийн нөхөн татвар, 17.007.700 төгрөгийн торгууль, 16.670.200 төгрөгийн алданги, нийт 78.425.700 төгрөгийн төлбөрийг ногдуулсан. Дээрх зөрчлийг татварын албаны хөндлөнгийн мэдээллийн дагуу шалгаж, илрүүлсэн гэх ба энэ нь татвар төлөгч манай компанийн хувьд мэдэх боломжгүй, нуух боломжгүй зөрчил юм.

“Бэр***н у**т” ХХК нь 2010-2012 онд барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бөгөөд холбогдох худалдан авалтыг НӨАТ шингэсэн үнээр хийж, тухай бүрт өөрт шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг хэрэгцээнийхээ дагуу авч, холбогдох төлбөрийг бэлнээр төлж байсан ба татварын албанаас олгосон дугаар бүхий падааныг бичүүлэн авч, худалдан авалтын дэвтрийг хөтөлж, тухайн тайлангийн хугацаанд хасагдах НӨАТ-ын хэмжээгээ тодорхойлсон. Нэр бүхий компаниудын падааныг хуурамч гэдгийг мэдээгүй, мэдэх ямар ч боломжгүй. Татварын цахим тайлангийн системээс үзэхэд зөрчилгүй байсан. Мөн тус компанийн зүгээс худалдан авалт хийсэн талаар бичилтээ цахим тайлангийн системдээ шивсэн байхад уг компаниудаас холбогдох хохирлыг барагдуулаагүй байж, үйл ажиллагаа явуулж байгаа “Бэр***н у**т” ХХК-ийг буруутгаж, төлбөр ногдуулж байгаад гомдолтой байна. 

Манай компани бодит худалдан авалт хийсэн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд нь байгаа ба татварын улсын байцаагч бодит худалдан авалт хийснийг шалгаж үзэлгүй зөвхөн падаан нь хий бичилттэй байсан гэж тайлбарлан акт тогтоосон.

УИХ 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг тус тус баталсан.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэжээ.

Дээрх хуулийн заалтын дагуу манай компани 254.748.111 төгрөгийн татварын тайланг 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст тайлагнасан ба татварын алба бар код өгч баталгаажуулсан. Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд санаатай нуусан орлогыг хамааруулах бөгөөд Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны хяналт шалгалтаар илэрсэн бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамаарахгүй гэж байгаа боловч хуульд үүнтэй холбоотой заалт байдаггүй. Бодит байдал дээр хяналт шалгалтаас зугтсан байгууллага нь хуульд хамрагдаж, татварын хяналт шалгалтад хамрагдсан нь нөхөн татвар төлөх нөхцөл байдал үүсэж байгаа юм. 

Мөн Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэжээ.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 352850 дугаар акт нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн холбогдох заалтын дагуу татварын зөрчилд торгууль, алданги, хүү тооцон хариуцлага ногдуулсан ба эдгээр зөрчил нь Татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон. Татварын улсын байцаагчийн акт нь захиргааны акт учраас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой. Захиргааны актад хохирол, нөхөн төлбөртэй холбоотой зохицуулалт байхгүй тул нөхөн татварыг хохирол гэж үзвэл дээрх хуульд хамрагдах бүрэн боломжтой. 

Иймд Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 352850 дугаар актад холбогдох нөхөн татвар, торгууль, алданги 78.425.700 төгрөгийн төлбөрийн зөрчлийг хуулийн дагуу өршөөлд хамруулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ду******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бэр***н у**т ХХК нь татварын хяналт шалгалтаар орж, татварын улсын байцаагчийн акт тавигдсан бөгөөд уг актад гомдол гаргаагүй учир акт хүчин төгөлдөр үйлчилсэн. Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д “Татварын албанаас гаргасан акт, дүгнэлт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах” гэж зааснаар “Бэр***н у**т” ХХК нь татварын улсын байцаагчийн актад гомдол гаргаагүй байна. 

Гэтэл нэхэмжлэгч нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу зөвхөн хүү, торгууль, алдангийн өрийг хүчингүй болгох хүсэлттэй холбогдуулж нэхэмжлэл гаргах ёстой байтал актыг бүхэлд нь хянуулах утга агуулга бүхий нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. 

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст актын зөвхөн хүү, торгууль, алдангитай холбоотой хүчингүй болгох талаар дурдсан бөгөөд бидний зүгээс хууль, журмын дагуу хариуг өгсөн. 

Нөхөн татвар бол захиргааны хариуцлага хүлээлгэж байгаа явдал биш бөгөөд зөвхөн улсад төлөх ёстой төлбөр юм. Харин хүү, торгууль, алданги нь татвараа төлөөгүй тохиолдолд нэмж хариуцлага хүлээлгэж байгаа хэлбэр учраас өршөөлд хамруулах боломжтой, харин нөхөн татварыг өршөөлд хамруулах үндэслэлгүй. 

Мөн нуун дарагдуулсан орлогоо сайн дураар тайлагнасан тохиолдолд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамруулах боломжтой. “Бэр***н у**т” ХХК-ийн хувьд татварын улсын байцаагчийн хяналт шалгалтаар нуусан орлогыг илрүүлж, акт тавигдсан, өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Иймд акт тавигдсан зөрчил дээр Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хамаарахгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Бэр***н у**т” ХХК нь тус шүүхэд  “Чингэлтэй дүүргийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 352850 дугаар актад холбогдох нөхөн татвар, торгууль, алданги 78.425.700 төгрөг, 2014 оны 360004002 дугаар актад холбогдох нөхөн татвар, торгууль, алданги 37.451.077 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварын 2013, 2014 оны 138.871.334 төгрөг, нийт 254.748.111 төгрөгийн төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Монгол улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтын дагуу төлбөрөөс чөлөөлүүлэх, актаар тогтоосон зөрчлийг өршөөлд хамруулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын “Нэмэгдсэн өртгийн албан татварын 2013, 2014 оны 138.871.334 төгрөгийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтын дагуу төлбөрөөс чөлөөлүүлэх” хэсгээс татгалзсан, үлдэх нэхэмжлэлийн “Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн 2013 оны 352850 дугаар актад холбогдох нөхөн татвар, торгууль, алданги 78.425.700 төгрөг, 2014 оны 360004002 дугаар актад холбогдох нөхөн татвар, торгууль, алданги 37.451.077 төгрөгийн төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Монгол улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль хамруулж, чөлөөлүүлэх” шаардлагаас маргаан бүхий 2014 оны 360004002 дугаар акт нь Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Д.Мө*****т, Б.Зо*****а нарын тавьсан акт болох нь тогтоогдсон тул Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарыг хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай үндэслэлээр 2014 оны 360004002 дугаар актад холбогдох хэсгийг тусгаарласан тул “Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн 2013 оны 352850 дугаар актад холбогдох нөхөн татвар, торгууль, алданги 78.425.700 төгрөгийн төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Монгол улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль хамруулж, чөлөөлүүлэх” шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 352850 дугаар актаар  “Бэр***н у**т” ХХК-д шалгалтаар илэрсэн нийт 634.663.400 төгрөгийн зөрчилд ногдуулсан 44.747.800 төгрөгийн нөхөн татвар, 17.007.700 төгрөгийн торгууль, 16.670.200 төгрөгийн алданги, нийт 78.425.700 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоожээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “... энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөх”, 8 дугаар зүйлийн 8.1-д “...учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй”, 10 дугаар зүйлийн 10.2-т “... өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон ... шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байх” гэж, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Хууль тогтоомжийн дагуу хувь хүн, хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ”, 74 дүгээр зүйлийн 74.2-т “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” 74.3-т “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж тус тус заажээ. 

Дээрхээс үзвэл татварын улсын байцаагчийн 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 352850 дугаар актаар “Бэр***н у**т” ХХК-д ногдуулсан 17.007.700 төгрөгийн торгууль, 16.670.200 төгрөгийн алданги нь татвар төлөгчид ногдуулж буй захиргааны хариуцлага (шийтгэл) хүлээлгэж байгаа хэлбэр бөгөөд энэ нь дээрх хуулийн үйлчлэлд хамрах тул 17.007.700 төгрөгийн торгууль, 16.670.200 төгрөгийн алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулж, өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна. 

Харин Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар төлөгч “Бэр***н у**т” ХХК нь “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” үүрэгтэй. Нөгөөтээгүүр 44747.8 мянган төгрөгийн нөхөн татвар нь хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгө байх тул захиргааны шийтгэл /хариуцлага/ хүлээлгэж хэлбэр биш тул хугацаанд нь төлөөгүй 44.747.800 төгрөгийн татварыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг түүнд захиргааны хариуцлага хүлээлгэж байгаа гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Захиргааны актад хохирол, нөхөн төлбөртэй холбоотой зохицуулалт байхгүй тул нөхөн татварыг хохирол гэж үзвэл дээрх хуульд хамрагдах бүрэн боломжтой...” тайлбар үндэслэлгүй байна. 

Мөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилго нь... хуулийн этгээд ... нуун дарагдуулсан .../болон/ ... олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын ... тайланд тусгаж, шинээр тайлагнасан... байх ба эдгээр үйл ажиллагаа нь ... хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөх...” гэж, 2 дугаар зүйлийн 2.2-т “... орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгон бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчлэхгүй” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1-д “...татварын ... тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд .... /орлогоо/ тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр ... тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ... орлогоо ... мэдүүлээгүй ... хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр ... мэдүүлсэн бол ... хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж тус тус зааснаас үзэхэд татвар төлөгч хуульд заасан хугацааны дотор “нуусан орлого”-оо сайн дурын үндсэн дээр татварын байгууллагад мэдүүлснээр уг хуулийн үйлчлэлд хамрагдах боломжтой байна. 

Өөрөөр хэлбэл, татвар төлөгч 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө олсон орлогоо татварын байгууллагад мэдэгдээгүй, тайлагнаагүй, нуусан бөгөөд түүнийгээ өөрийн сайн дураар ил болгож, татварын байгууллагад 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор мэдүүлснээр ийнхүү орлогоо нуусны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөхөөр уг хуульд заасан. Гэтэл нэхэмжлэгч байгууллагын хувьд нуун дарагдуулсан орлогоо сайн дурын үндсэн дээр тайлагнасан бус татварын байцаагч нь хяналт шалгалтын явцад зөрчил илрүүлж акт тавигдсан байх тул нэхэмжлэгч “Бэр***н у**т” ХХК-ийн хувьд “... 254,748.111 төгрөгийн татварт хамааралтай нуусан орлогыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд тайлагнаж, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр татварын албанд мэдүүлсэн” нь хуулийн зохицуулалтад хамаарахгүй юм. 

Дээрх хуулийн зорилго нь нуун дарагдуулсан орлогыг ил болгоход чиглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд зааснаар 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст орлогоо тайлагнасан ба татварын алба бар код өгч баталгаажуулсан. ... нуусан орлого нь хяналт шалгалтаар илэрсэн бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамаарахгүй гэж байгаа боловч хуульд үүнтэй холбоотой заалт байдаггүй...” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч “Бэр***н у**т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 17007.7 мянган төгрөгийн торгууль, 16670.2 мянган төгрөгийн алданги, нийт 33677.9 мянган төгрөгийн төлбөрийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан, өршөөн хэлтрүүлж, үлдэх 44.747.800 төгрөгийн нөхөн татварыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамруулах хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6 дахь заалтыг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Эрд******г, О.Ар***** нарын 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 352850 дугаар актаар “Бэр***н у**т” ХХК-иар төлүүлэхээр тогтоосон 17007.7 мянган төгрөгийн торгууль, 16670.2 мянган төгрөгийн алданги, нийт 33677.9 мянган төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, актаар тогтоосон төлбөрийг 33677.9 мянган төгрөгөөр багасгаж, 44747.8 мянган төгрөгөөр тогтоосугай. 

2. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.2, 4 дүгээр зүйлийн 4.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Эрд******г, О.Ар***** нарын 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 352850 дугаар актаар “Бэр***н у**т” ХХК-иар төлүүлэхээр тогтоосон 44747.8 мянган төгрөгийн нөхөн татварыг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу чөлөөлүүлэх болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ОДМАА