Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2024/05042

 

 

 

 

 

 

 

 

2024 11 29

182/ШШ2024/05042

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, ..хаягт байрлах ******* банк ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд А.*******/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******г эрэн сурвалжлуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэгийг оролцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******г эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Хүсэлт гаргагч ******* банк ХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч Б.******* 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/150736024 дугаартай кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан 1,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй карт сарын бэлэн бус зээлийн хэрэглээнд 2 хувь, бэлэн зээлийн хэрэглээнд 3,5 хувь, зээлийн эрх нэмэгдүүлсний 2 хувь, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн 1 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай картын зээл авсан. Зээлдэгч Б.******* нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй. Сонгинохайрхан дүүргийн .. тоот хаягт оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 184/Ш32024/21239 дугаар захирамжаар тогтоогдсон. Иймд Б.*******г эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч ******* банк ХК-иас нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, Кредит картын тооцооллын хүснэгт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.

 

3.******* банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, Кредит картын тооцооллын хүснэгт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШЗ2024/21239 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагч Б.*******д нэхэмжлэлд дурдсан Сонгинохайрхан дүүрэг, .. тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хаяг тус хороонд байдаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэх үндэслэлээр ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 682,480 төгрөг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

6.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******гийн оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь дээрх баримтаар тогтоогдож байх тул ******* банк ХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогтой ******* /регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжлах хүсэлтийг хангах үндэстэй. 

 

7.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогтой ******* /регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.*******г эрэн сурвалжлах, оршин суух газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ******* банк ХК /утас-*******/‑д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ