Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/308

 

 

 

 2023             03             21                                        2023/ДШМ/308                                             

Н.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхтулга,

шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/120 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Мд холбогдох 2109011591638 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

***** овгийн Н.М, **** оны * дугаар сарын *-ны өдөр Увс аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, Хандгайт * дүгээр гудамжны *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: **00000000/;

Шүүгдэгч Н.М нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “тавилга хийж өгнө” гэж хохирогч Б.Хыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж 2.500.000 төгрөгийг С.Дын Хаан банкны 5019728148 дугаартай дансаар дамжуулан иргэн П.Бийн Голомт банкны 1825108010 дугаартай дансаар өөртөө шилжүүлэн авч,

 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Сүлд хотхоны 105 дугаар байрны 102 тоотод оршин суух хохирогч Д.Шг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “тавилга хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж 4.600.000 төгрөгийг иргэн Х.Нийн Хаан банкны 5495387940 дугаартай дансаар өөртөө шилжүүлэн авч,

2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын комбинатын 63 дугаар байрны 7 тоотод оршин суух хохирогч Б.Сг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “гал тогооны тавилга хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, иргэн О.Бын Хаан банкны 5016560561 дугаартай дансаар 2.500.000 төгрөгийг шилжүүлэн авч,

2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гүрэн” нэртэй ресторанд тавилга хийлгэхээр Г.Н, Г.А нарын хооронд тохиролцсон тохиролцоог иргэн Г.Ааар дамжуулан мэдэж, улмаар хохирогч Г.Нд “тавилга хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 4.900.000 төгрөгийг иргэн Х.Нийн Хаан банкны 5495387940 дугаартай дансаар өөртөө шилжүүлэн авч тус тус залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Н.Мыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Н.Мд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Маас нийт 14.500.000 /арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Хд 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, хохирогч Б.Сд 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, хохирогч Д.Шд 4.600.000 /дөрвөн сая зургаан зуун мянга/ төгрөг, хохирогч Г.Нд 4.900.000 /дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөг тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, анхан шатны шүүх хэлэлцүүлэгт өөрийн гэм буруутай үйлдлийн талаар үнэн зөв тогтвортой, тодорхой мэдүүлэг өгч байсан. Дээрх гэмт хэрэг гарах бодит шалтгаан нөхцөл нь миний бие тухайн үед Увс аймаг явах замдаа зам тээврийн осол гаргаж, энэ ослын улмаас хамт явж байсан хүн маш хүнд гэмтэл авсны улмаас тухайн хүнийг эмчлэх, хагалгаанд оруулах, эм тарианы мөнгө зэрэг өөрт байсан мөнгөө тухайн хүнд зарцуулж, хүний амь нас, эрүүл мэнд хамгийн чухал гэж үзэж дээрх гэмт хэргийн 4 хохирогч нарын төлбөрийг барагдуулж чадаагүй өдий хүргэсэн, энэ нөхцөл байдлын талаар ч хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой мэдүүлэг өгч байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа манай ар гэрээс дээрх 4 хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг дараах байдлаар төлж барагдуулсан. Үүнд, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Г.Нийн ... дугаар Хаан банкны данс руу 4.900.000 төгрөг, хохирогч Б.Сийн ... дугаар Хаан банкны данс руу 2.500.000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Б.Хы ... дугаар Хаан банкны данс руу 2.500.000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Д.Шийн ... дугаар Хаан банкны данс руу 4.600.000 төгрөгийг тус тус шилжүүлж, хохирогч нарын хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болно. Миний бие 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү М.Т, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Н.Б, бие муутай эхнэр Б.Э, өндөр настай ээжийн хамтаар амьдарч, өнөөгийн үүсээд байгаа нийгэм, эдийн засгийн хүнд нөхцөлд үр хүүхэд, ар гэрээ тэжээн тэтгэх зайлшгүй шаардлага байгааг шүүх бүрэлдэхүүн анхааран үзэхийг хүсэж байна. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж, ухамсарлаж байна. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна. Иймд дээрх миний нөхцөл байдлыг харгалзан үзэж, Н.М надад хорих ял оногдуулахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Н.Мын өмгөөлөгч Ц.Баяртогтох давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, анхан шатны шүүх хэлэлцүүлгийн явцад өөрийн гэм буруутай үйлдлийн талаар үнэн зөв тогтвортой, тодорхой мэдүүлэгч өгч байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа түүний ар гэрээс дээрх 4 хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг дараах байдлаар төлж барагдуулсан байна. Үүнд, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Г.Нийн ... дугаар Хаан банкны данс руу 4.900.000 төгрөг, хохирогч Б.Сийн ... дугаар Хаан банкны данс руу 2.500.000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Б.Хны ... дугаар Хаан банкны данс руу 2.500.000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Д.Шийн ... дугаар Хаан банкны данс руу 4.600.000 төгрөгийг тус тус шилжүүлж, хохирогч нарын хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болно. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэснээр манай үйлчлүүлэгч үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч ойлгож, гэмшиж, ухамсарлаж, цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байгаа болно. Иймд Н.Мд хорих ял оногдуулахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү.” гэв.

Прокурор Н.Энхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг зорчих эрхийг хязгаарлах ял болон нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолын үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор оногдуулсан нь шүүгдэгч Н.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шинж чанар, хувийн байдал зэрэгт тохирсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хохирлоо нөхөн төлөхөөр завсарлага авсан боловч хохирлоо нөхөн төлөөгүй, үргэлжилсэн 4 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.М нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “тавилга хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Х, Д.Ш, Б.С, Г.Н нарт нийт 14.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Хы “...2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр би тавилгын мөнгө болох 2.700.000 төгрөгийг С.Дугарын ХААН банкны ... дансанд шилжүүлсэн. Үүний дараа Н.М нь ар гэрт нь ажил гарсан гээд Увс аймаг руу явсан ба 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр фэйсбүүк чатаар нөгөөдөр тавилгыг чинь хийж дуусгаж өгнө гээд сураггүй алга болсон. ...” /1хх 50-51/,

хохирогч Д.Ш “...2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүүхдийн өрөөний тавилга буюу шүүгээ, ор хийлгэхээр дахин захиалга өгсөн. Уг тавилгын захиалга болох 4.600.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Тэгээд уг хүмүүс нь миний захисан тавилгыг хийж өгөөгүй. ...” /1хх 55/,

хохирогч Б.Сийн “...2021 оны 12 дугаар сарын 4-ний өдөр нөхөр бид хоёр ломбарданд үнэт эдлэлээ барьцаанд тавьж байгаад дээрх 2.500.000 төгрөгийг Н.М руу шилжүүлэх гээд холбогдсон чинь ХААН банкны ... данс өгөөд энэ данс руу шилжүүлчих гэхээр нь нөхөр бид хоёр дээрх данс руу 1.500.000 төгрөг, 1.000.000 төгрөг тус тус хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. ...Би гомдолтой байна, 2.500.000 төгрөгөө нэхэмжлэнэ. ...” /1хх 137/,

хохирогч Г.Нийн “...би урьдчилгаа 6.720.000 төгрөгийг өөрийн 5166686187 дугаарын данснаас Алдарсайханы эхнэр болох Нарантунгалагийн ... ХААН банкны дансруу 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн. ...” /1хх 186/,

гэрч Г.Аны “...Нандин-Эрдэнэ ширээ сандал хийлгэнэ гэж манай эхнэр Нарантунгалагийн ... ХААН банкны дансруу 6.720.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Би тухайн мөнгийг ширээ сандал хийлгэх хүнийхээ данс руу 2021 оны 5 дугаар сарын 13-ны өглөө ... ХААН банкны данс руу 4.900.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн хүн маань төлөвлөсөн хугацаандаа тавилгаа хийж өгөөгүй ба тавилгаа хийж байгаа эсэхийг асуухаар хийж байгаа, удаахгүй гэх зэргээр өдөр хоногийг өнгөрөөж, одоог хүртэл тавилгаа хийгээгүй, ор сураггүй алга болсон. ...” /1хх 190/,

гэрч С.Дын “...2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 3.600.000 төгрөгийн гал тогооны тавилга, хувцасны өлгүүр хийж өгсөн. ...Тэгээд хийж байх явцдаа манай Ш гэх найз 3 ор, хүүхдийн өрөөний тавилга, ширээ хийж өгнө гээд хоорондоо тохироод Ш Н.Мын данс руу 4.600.000 төгрөгийг шилжүүлсэн байна лээ. Тэгээд тэрнээс хойш утсаа авахгүй алга болсон. ...Мөн манай найз Буянтогтохын дүү Х нь 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Н.М бид хоёр Хийн гэрт очиж хэмжээ авч, зургийг нь гаргаад тавилга хийхээр болоод 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2.700.000 төгрөгийг миний данс руу хийсэн. Тэгээд 2.500.000 төгрөгөөр Н.М материал авна гэхээр нь би 100 айлд явж байхад нь өөрийнх нь ХААН банкны ... данснаас ... дансруу хийсэн. Тэгээд бэлдэц материал авч өгнө, хийж өгнө гээд одоог хүртэл худлаа яриад алга болсон. ...” /1хх 58/,

гэрч Д.Бийн “...Н.М нь Голомт банкны ... дансыг 2021 оны 5 дугаар сараас эхлэн ашиглаж байгаа ба миний картыг буцааж өгөөгүй одоог хүртэл ашиглаж байгаа. ...” /1хх 70/,

гэрч Х.Нийн “...Н.М гэх ах тухайн үед эхнэрээсээ салж байгаа, ах нь өөрийн данс руу мөнгө хийж болохгүй байгаа учир чиний дансанд шилжүүлээд авъя гэж хэд хэдэн удаа гүйлгээ хийж, мөнгөө Н.М ах өөрөө бэлнээр авсан. ...” /1хх 116/,

гэрч О.Бын “...тухайн үед дээрх ... дансыг хамтран амьдрагч Н.М ашиглаж байсан бөгөөд тухайн үед би дээрх 2.500.000 төгрөгийн гүйлгээ орж ирснийг мэдсэн. Тухайн үед дээрх мөнгийг Н.М айлд тавилга хийж өгнө гээд урьдчилгаа мөнгө гэж авч байсан ба маргааш нь өөрөө хэрэглэнэ гээд авсан санагдаж байна. ...” /1хх 144/,

шүүгдэгч Н.Мын “...Б.Хаас авсан мөнгөөр бүгдээр нь материал авсан. Шээс авсан мөнгөний талаар материал авсан ба тал мөнгийг нь хөдөө явахдаа гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан. ...Би 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Ш гэх хүнд хүүхдийн өрөө, унталгын өрөөний ор, шүүгээ хийж өгнө гэж захиалга авч 4.600.000 төгрөгийг хамт ажилладаг байсан Нацагдоржийн ХААН банкны дансаар шилжүүлэн авсан. Г.Нээс тавилга хийж өгнө гэж 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Алдарсайханы дансаар хамт ажилладаг Нацагдоржийн данс руу 4.900.000 төгрөг шилжүүлэн авсан. Саас тавилга хийж өгнө гэж хамтран амьдрагч О.Бямбажавын дансаар 2.500.000 төгрөг шилжүүлэн авсан. Би одоо хийж байгаа ажлаа дуусгаад хохирогч нараас авсан бүх мөнгийг төлж барагдуулж, гомдолгүй болгоно. ...” /1хх 103, 2хх 1-2/ гэсэн мэдүүлгүүд,

депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 41, 131, 201/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Н.Мыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Н.Мын дөрвөн удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Х, Д.Ш, Б.С, Г.Н нарыг залилан мэхлэж, нийт 14.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох нар “...хорих ял оногдуулахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял, эсхүл зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Шүүх хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанар, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой зөв дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь /ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх/ шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Тэнсэх нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасан хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар албадлагын арга хэмжээ хэрэглэдэг өвөрмөц зохицуулалт юм.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэхэд шүүгдэгчийн өөрийн учруулсан хор уршигт хандаж байгаа хандлага чухал байх бөгөөд энэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирогчоос уучлалт гуйх, эвлэрэх, хор уршгийг арилгах, эсвэл энэ талаар хүсэл зоригоо илэрхийлэх, энэхүү илэрхийлэл нь бодитой, хэрэгжихүйц байх зэргээр илэрнэ.

Шүүгдэгч Н.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлоо давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө төлсөн, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтүүдийг бичгээр ирүүлсэн /2хх 57, 60, 61, 62, 63/, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

          Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын тус тус гаргасан “...нийтэд тустай ажил хийлгэх ял, эсхүл зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/120 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Мд мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй гэж,

3 дахь заалтын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Мд оршин суух газар, ажил, сургуулиа, өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтохын нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Н.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт нийт 55 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР