Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 216/МА2020/00021

 

 Н Ш СӨХ-ны  нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 134/ШШ2020/00186 дугаар шийдвэртэй, Н Ш  СӨХ-ны нэхэмжлэлтэй Л.Т холбогдох нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж, эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж, нотариатын зардал, нийт 140 712 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А, түүний өмгөөлөгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч, нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н Ш СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Л.Т нь 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 05 дугаар сар дуусталх хугацаанд Н Ш СӨХ-нд төлбөл зохих нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж 131 924 төгрөгийг төлөөгүй. Сууц өмчлөгч биш гэж байна. Үүнтэй холбоотой тайлбар хэлэхэд байр нь хувьчлагдаагүй хэдэн айлуудын тоонд энэ айл хамрагддаг. Энэ айлын талаарх мэдээллийг манай байгууллага бүрдүүлсэн. Тус байр нь Ш О ХК-ийн нэр дээр байдаг учраас СӨХ-ны гишүүн. Ш О ХК нь ашиглалтын зардал гэж 6000 төгрөг авдаг ба мөн компаниас ирүүлсэн албан бичгээр СӨХ төлөх ёстой гэж үзсэн. Хэд хэдэн байр нэг өмчлөгчтэй байж болох ба өмчлөгч нь Ш О ХК байж болно. Ш О ХК нь өөрийн байраа үнэ тогтоож хувьчилж байгаа. Өнөөдөр уурхайгаас өөрсдөө хувьчилаад байраа авч болно. Тийм боломж бололцоо байгаа. Мөн энэ байранд амьдарч байгаа тул гишүүн нь болж төлбөрөө төлөх ёстой.

Иймд, хариуцагч Л.Т нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж 131 924 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж 4 608 төгрөг, баримт бичиг нотариат хийлгэсний төлбөр 4 180 төгрөг ба нийт 140 712 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Т шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Т 2019 оны 10 дугаар сарын 44 117 төгрөгийг 11 дүгээр сарын 6-нд, 11 дүгээр сарын 16 000 төгрөгийг 12 сарын 25-нд, 2019 оны 12 дугаар сар, 2020 оны 01 дүгээр сард 24 000 төгрөгийг, 2020 оны 02 дугаар сард 15 000 төгрөгийг, 2020 оны 03 дугаар сард 13 000 төгрөгийг тус тус Т б ХХК-д сар бүр СӨХ-д 12 000-13 000 төгрөгийг төлдөг. Манай суудаг 14 дүгээр байрны 44 тоот нь хувьчлалд ороогүй, төрийн өмчийн байр бөгөөд би сар бүр Ш О ХК-д сууц ашиглалтын 6 146 төгрөгийг төлж байгаа. Анх энэ байгууллага үүсгэн байгуулагдсан гэх нэхэмжлэх ирэхээр нь төлсөн. Дараа нь компанийн нэхэмжлэх ирсэн. Танайх сууц өмчлөөгүй. Танай сууц Ш О ХК-ийн нэр дээр байгаа гээд 6 000 төгрөг нэхэмжилсэн. Тэгээд би гайхаад 2 талд мөнгө төлөх нь утгагүй ч Н Ш СӨХ-ны нэхэмжилсэн үнийн дүнгийн талыг нь төлж байя гэж бодон төлж байсан. Гэтэл сая шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Эвлэрүүлэн зуучлалын хүн ирж уулзахад манай өөрийн сууц биш тул төлөх боломжгүй гэдгийг хэлсэн. Нэхэмжилсэн 131 924 төгрөгийг сууц өмчлөгч биш учраас төлөх боломжгүй ба сууц өмчлөгч биш учир энэ харилцаанд оролцох боломжгүй. Ш О ХК-ийн өмчлөлд байдаг хэдэн байрны нэг нь манай байр байсан. Би төлбөр үүсэхээр нь гайхаж эрх зүйн хувьд ямар байдаг талаар мэдэх гэж шүүхэд ирсэн. Би үйл ажиллагаанд оролцоогүй. Би хурал болсон талаар мэдээгүй. Би СӨХ-ны асуудлаар уурхайн даргатай уулзахад хувьчлагдаагүй хэдэн байр байгаа түүнд танайх хамаарсан гэж хэлсэн. Тэр байруудаа дараа шийдвэрлэнэ гэсэн. Манайх 1 өрөө 31 м.кв байр. Орон сууцтай холбоотой өөр зардлуудыг манайх төлдөг. Манай гэр бүлийн хүн бүжгийн багш мэргэжилтэй. Сумын соёлын төвд бүжгийн багшаар ажилладаг, үүнийг Ш О ХК дэмжиж биднийг өөрийн байрандаа амьдруулдаг гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.5, 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-д заасныг баримтлан нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамжийн төлбөр, эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж, нотариатын зардал, нийт 140 712 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4871 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, ... гомдол гаргах эрхтэйг дурдаж  шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 134/ШШ2020/00186 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.5-д зааснаар орон сууцны бүрэлдэхүүнд төрийн болон орон нутгийн өмчийн сууц байгаа бол өмчлөгчийн эрх бүхий байгууллагаас томилсон төлөөлөгч холбооны гишүүн байна гэж заажээ. ...хариуцагч Л.Т нь сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-т заасан эрхийг эдэлж үүргийг хүлээхгүй болно гэжээ.

2019.09.04-ний өдөр болсон Ш О хувьцаат компаниас хувьчлагдсан орон сууцны өмчлөгчдийн хүрээнд СӨХ үүсгэн байгуулах хурал болж Н Ш СӨХ-г үүсгэн байгуулжээ.

Шивээговь сумын 1-р багт байрлах 9, 10, 12, 13, 14, 15 дугаар орон сууцны зохих хэсэг төрийн өмчийн орон сууц байгаа ба тус төрийн өмчийн орон сууцанд хариуцагч Л.Т амьдарч байгаа болно.

СӨХ байгуулах хуралд Иргэний хуулийн 143 дугаар зүйлд заасны дагуу төрийн өмчийн төлөөлөгч, Ш О хувьцаат компаний гүйцэтгэх захирал Ц.Э өөрөө оролцсон нь 2019.09.04-ний өдрийн СӨХ үүсгэн байгуулах хурлын тэмдэглэлээр нотлогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн хариуцагч Л.Т нь сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 13 дугаар зүйлийн 13.1. 13.2-т заасан эрхийг эдэлж үүргийг хүлээхгүй гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 –т зааснаар  хэргийг бүхэлд нь хянав.

Нэхэмжлэгч Н Ш СӨХ нь хариуцагч Л.Т нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж, эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж, нотириатын зардал нийт 140 712 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Л.Т нь  СӨХ-ны хураамж өндөр байгаа учраас хагасыг нь төлж байсан, сууц өмчлөгч биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч нь уг орон сууцны өмчлөгч биш учраас “Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 13 дугаар зүйлийн 13.1,13.2-д заасан эрхийг эдэлж,  үүрэг хүлээхгүй” гэж , мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан тайлбарыг үгүйсгэх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж тус тус үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй буюу анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй өөрөөр хэлбэл шүүх нотлох баримтыг үнэлж чадаагүй гэж үзэхээр байна.

Учир нь  хариуцагч нь сууц өмчлөгч биш ч гэсэн тухайн СӨХ-д харьяалагдах орон сууц хөлслөгч байх бөгөөд Иргэний хуулийн  302 дугаар зүйлийн 302.2-д “...дундын өмчлөлийн ашиглалтын талбайг  ... хөлслөгчид адил тэгш ашиглах эрхтэй” гэснээс үзэхэд орон сууц хөлслөгч нь өмчлөгчийн нэгэн адил дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамжыг төлөх үүрэгтэй  гэж үзэхээр байна.

Мөн орон сууц хөлслөх гэрээ хэрэгт авагдаагүй ч Ш-О ХК-ны 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Н Ш СӨХ-д явуулсан албан бичиг/ хх-58/-ээс үзэхэд орон сууц хөлслөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамжийг төлөх үүрэгтэй гэжээ.

Хариуцагч Л.Т нь Шивээговь сумын 1-р баг 14 дүгээр байрны 44 тоот орон сууцны хөлслөгч байх бөгөөд Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар сууц өмчлөгч бусад этгээд  заавал  тухайн сууц өмчлөгдийн холбооны гишүүн байхаар үүрэгжүүлсэн ба Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “...дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон  зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө” гэж заажээ.

            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн 13.2.1-д “... холбооны дүрмийг сахин биелүүлэх” , 13.2.2-д “бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх” , 13.2.3-т “... засвар, үйлчилгээтэй холбогдсон ... зардлыг санхүүжүүлэхэд... оролцох” үүрэгтэй болохыг тус тус хуульчлан заажээ.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Мөн нэхэмжлэгч нь нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамжаас гадна эвлэүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж, нотариатын зардал гаргуулах шаардлага гаргасан байх ба нэхэмжлэгчийн зүгээс гарсан энэхүү зардлыг Иргэний  хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй “ гэж заасны дагуу хохирол нэхэмжилсэн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1,167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 134/ШШ2020/00186 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 219 дүгээр зүйлийн 219.1, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Т нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж 131 924 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж 44608 төгрөг, нотариатын зардал 4180 төгрөг,  нийт 140 712 төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймаг Шивээговь сумын Н Ш Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай” гэж ,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “ ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ..., хариуцагч Л.Т 4 871 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н Ш сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай” гэсэн нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 871 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Х.БАЙГАЛМАА

                                           ШҮҮГЧИД                             О.ОДНЯМАА

                                                                                          Г.ТЭГШСУУРЬ