Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч Я.*******, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Зөөд овогт *******ийн *******д холбогдох, эрүүгийн 1736000000106 дугаартай 178/2017/0006/Э/ индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1992 оны 04 сарын 29-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн дунд боловсролтой, агрономич, жолооч  мэргэжилтэй, хувиараа мал малладаг, аминдаа 128 толгой малтай, гэр нэг, мотоцикль нэгийн хөрөнгөтэй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн 01-38 тоотод оршин суух, ял шийтгэлгүй гэх  Зөөд овогт *******ийн *******

                                Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Я.*******  нь  2017 оны 12 сарын 16-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Итгэлт бааранд үйлчлүүлж байсан иргэн Д.*******ийн цүнхэн дотроос түүний эзэмшлийн Самсунг Жи 7 маркийн гар утсыг нууцаар буюу хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Я.******* нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай...Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч хохирогч Д.*******д хохирлыг барагдуулж, гомдол саналгүй болгосон. Хийсэн хэргтээ гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө  үү... гэх хүсэлт,  мөн хохирогч Д.******* нь  ...тухайн хэрэгт алдагдсан эд зүйл болох  Самсунг Жи 7 маркийн гар утсыг бүрэн бүтэн хүлээж  авсан. Хэрэгт шалгагдаж байгаа Я.******* ямар нэгэн гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү... гэх хүсэлтийг тус тус  гаргасан нь хэргийн 52, 53 дугаар хуудас дахь хүсэлтүүдээр тогтоогдож байх тул  шүүгдэгч Я.******* холбогдох  2017 оны 12 сарын 16-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Итгэл” бааранд үйлчлүүлж байсан иргэн Д.*******ийн цүнхэн дотроос түүний эзэмшлийн Самсунг Жи 7 маркийн гар утсыг нууцаар буюу хууль бусаар хулгайлан авсан эрүүгийн 1736000000106  хэргийг  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Я.******* холбогдох  2017 оны 12 сарын 16-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Итгэл” бааранд үйлчлүүлж байсан иргэн Д.*******ийн цүнхэн дотроос түүний эзэмшлийн Самсунг Жи 7 маркийн гар утсыг нууцаар буюу хууль бусаар хулгайлан авч,  504000 төгрөгний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн  болох нь  хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар  хянан хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож  байна. Үүнд:

 Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-рт/

Хэргийн газарт үзлэг хийсэн “...Уг  хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах Итгэл төв байлаа. Итгэл төв нь ертөнцийн зүгээр хойшоо харсан байрлалтай байв. Итгэл төв рүү ороход саарал өнгийн төмөр хаалгатай байлаа. Гар утас алга болсон гэх газар очиж үзлэгийг цагийн зүүний дагуу хийхэд 1х2  харьцаатай цагаан өнгийн бүтээлэгтэй ширээ байх бөгөөд  ширээ тойруулаад хүрэн болон цагаан өнгө хосолсон түшлэгтэй ногоон өнгийн  суудал бүхий буйдан байлаа. Гар утас  байсан гэх газрыг “А” үсгээр тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв.  Хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан ул мөр байхгүй. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг 4 кадр гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг оролцогч нарт танилцуулахад ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй болно ...”гэх тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8-рт/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-13-рт/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн15-17-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.*******ийн гэрч, хохирогчоор өгсөн...2017 оны 12 сарын 16-ны өдөр 18 цагийн үед Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 13 дугаар цэцэрлэгийн бага бүлгийн эцэг эхчүүдийн дунд шинэ жил тэмдэглэсэн. Тухайн арга хэмжээ нь анх Политехникийн зааланд зохион байгууллагдаад сүүлд Итгэл төв орж хүлээн авалт болсон. Уг арга хэмжээнд оролцож байгаад 20 цагийн үед нөхөртэйгээ өөрийн гар утсаар ярьчихаад би утсаа цүнхэндээ хийчихээд тэр үед бид нар архи пиво бага зэрэг хэрэглээд бөөнөөрөө бүжгийн талбайд гарч бүжиглэсэн. Тэгээд сүүлд 21 цаг 15 минутын үед утсаа аваад нөхөртэйгээ ярих гэхэд миний утас гар цүнхэн дотроос алга болчихсон байна гэж хэлэхэд манай нөхөр удалгүй ирээд тухайн сууж байсан хүмүүсээс асуугаад олдоогүй. Тухайн арга хэмжээ нь 22 цагийн үед тараад маргааш өглөө нь Итгэл баарны камерыг шалгах гэхэд камер нь ажиллахгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандах болсон. Би тухайн утсыг 2017 оны 01 сарын 16-ны өдөр Ховд аймгийн Мобикомын салбараас 725000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Миний гар утас  асаалттай байсан. Манай нөхөр 21 цагийн үед миний дугаар руу залгахад дуудаж байгаад холбогдох боломжгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр миний утсыг аваад дуудлага ирэх үед утсыг минь унтраасан байхаа. Надад хүлээлгэн өгч байгаа Самсунг Жи 7 маркийн гар утас нь миний гар утас мөн байна. Өөрийн гар утсыг асаагаад кодоо хийгээд дуудлага хийгээд үзэхэд зүгээр ажиллаж байна. Надад ямар нэгэн гомдол санал   нэхэмжлэх зүйл алга гэх мэдүүлэг / хх-ийн 20-23-рт/

Эд зүйл үнэлсэн тухай тайлангаар “...Самсунг Жи 7 маркийн гар утас  504000 төгрөг...” гэх баримт /хх-ийн 29-рт/

Эд зүйл үнэлсэн тухай тайлангаар “...БНХАУ-д үйлдвэрлэсэн хөргөгч 300000 төгрөг...” гэх баримт /хх-ийн 31-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд Я.*******ийн яллагдагчаар өгсөн...Би 2017 оны 12 сарын 16-ны өдөр Ховд аймгйин ******* сумынтөвд үйл ажиллагаа явуулдаг 13 цэцэрлэгийн бага ангийн эцэг эхчүүдийн дунд шинэ жилийн арга хэмжээнд оролцсон. Тухайн арга хэмжээ нь Политехникийн зааланд болж байгаад хүлээн авалт нь Итгэл төвд зохион явагдсан. Тухайн арга хэмжээнд оролцож байхдаа Д.*******тэй хамт нэг ширээнд суусан. Тухайн ширээн дээр сууж байхад хохирогч Д.******* утсаараа ярьж мессэж бичиж байхад нь тухайн утасны кодыг нь хараад цээжлээд авчихсан. Тэгээд бид нар архи пиво захиалж ууж сууж байгаад манай ширээний хүмүүс босоод бүжиглэх үед нь би ганцаараа сууж үлдэж байгаад хохирогч Д.*******ийн цүнхэн дотроос Самсунг Жи 7 маркийн гар утсыг нууцаар аваад өмсөж явсан пиджакны дотор энгэрийн халаасанд хийчихсэн. Тэгээд удалгүй Д.******* ширээндээ ирж суугаад цүнхээ онгойлгоод миний утас алга болчихсон байна гэж хэлээд нөхрөө дуудаад хамт явсан. Бид нараас харсан уу? гэж асуухаар нь хараагүй гэж хэлээд 22 цагийн үед бид нар бүгдээрээ баарнаас гараад явсан. Итгэл баарнаас гараад би ганцаараа шууд гэрлүүгээ алхаад харьсан. Харих замдаа тухайн гар утсыг унтраагаад сем картыг нь гаргаж хаясан. Сүүлд буюу 2017 оны 12 сарын 20-ны өдөр 13 цагийн үед Их буян зах дээр утас засвар дээр энэ утасны код гаргуулах гэсэн юм гээд барьж үзүүлж байхад энэ утас хулгайд алдагдаад бүртгүүлсэн гээд эзнийг нь дуудсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад шалгагдсан юм. Надад мөнгө хэрэг болоод тухайн гар утсыг авах болсон юм. Би ХААН банкинд 1500000 төгрөгийн малчны зээлтэй. Тэр зээлний мөнгийг хийх гээд хулгай хийх болсон юм. Би эхнэр Б.Гажидмаа хүү А.Мягмарцоож 3 настай хүүхэд нарын хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн 01-38 тоотод түр оршин сууж байна.Үндсэн хаяг нь ******* аймгийн ******* сум ******* нуур багт оршин суух хаягтай. Эхнэр  Б.Гажидмаа нь Ховд Их сургуулийн багш нийгмийн ухааны 4 дүгээр курст сурдаг... гэх мэдүүлэг/ хх-ийн 36-37-рт/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар Зөөд овогт *******ийн *******  нь урьд ял шийтгэгдээгүй... гэх баримт  / хх-ийн 49-рт/

Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч Я.*******ийн өгсөн...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү? Шүүхээс даалгасан ямар ч ажил хийх боломжтой...гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Я.******* нь 2017 оны 12 сарын 16-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Итгэл бааранд үйлчлүүлж байсан иргэн Д.*******ийн цүнхэн дотроос түүний эзэмшлийн Самсунг Жи 7 маркийн гар утсыг нууцаар буюу хууль бусаар хулгайлан авч хохирогчид 504000 төгрөгний хохирол учруулсан  гэмт үйлдэлд нь  Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Зөөд овогт *******ийн *******ийг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад хохирогчид 504000 төгрөгний хохирол учруулсан  гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Я.******* нь анх удаа  гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэргийн 49 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдсон болно.

Шүүгдэгч Я.******* нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дах хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Ховд аймгийн ******* сумын Эрч хүч ОНӨУҮГ-т цас болон хог цэвэрлүүлэх ажлыг хийж гүйцэтгүүлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 1736000000106 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурдав.

               Шүүгдэгч Я.*******ийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн хөргөгч битүүмжилсэн прокурорын 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 5/01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Зөөд овогт *******ийн *******ийг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн 5.4 зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  шүүгдэгч Зөөд овогт *******ийн *******ийг 250 / хоёр зуун тавь /  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах Эрч хүч ОНӨУҮГазарт цас цэвэрлэх, хог цэвэрлэх ажил хийж гүйцэтгүүлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зөөд овогт *******ийн ******* нь  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

4.Эрүүгийн1736000000106 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

               5. Шүүгдэгч Я.*******ийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн хөргөгч битүүмжилсэн прокурорын 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 5/01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай

               6.Шүүгдэгч Я.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

   7.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний  хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдолоо, улсын яллагч,дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                      Т.ЦЭЦЭГМАА