Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/13

 

Х.*******ад холбогдох

 эрүүгийн хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариун Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд

          Прокурор/Тосонцэнгэл сумаас онлайн/                                      Б.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                                   М.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.******* түүний өмгөөлөгч М.******* нарын давж заалдах гомдлоор Х.*******ад холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл ганцаараа Завхан аймаг Тосонцэнгэл сумын ******* багт байнга оршин суух хаягтай, урьд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ************** овогт *******ын *******, /РД:/

Шүүгдэгч Х.******* нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ******* багийн нутаг гэх газраас иргэн Д.ын эзэмшлийн 7 тооны үхрийг хулгайлж, өөрийн эзэмшлийн халтар зүсмийн /нас гүйцсэн, ширээтэй дөл тамгатай/ мориор Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ******* багийн нутаг гэх газар руу тууж, хохирогч Д.од 8,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч ************** овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ************** овогт *******ын *******ыг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.*******ад оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж  шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.*******ын өмгөөлөгч М.*******гийн давж заалдах гомдол болон тайлбартаа,

...X.******* нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байгаа нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон болно. Шүүгдэгч X.******* үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирол, хор уршиг болох 5 үхрийг зүсээр нь хүлээлгэж өгсөн тэмдэглэл, 2 үхрийн мөнгө 2,400,000 төгрөг, хор уршигийн мөнгө болох 200,000 нийт 2,600,000 төгрөгийг бэлнээр өгсөн тэмдэглэл (хх 77-р хүүдсанд зэрэг нотлох баримтуудаар нөхөн төлсөн болох нь тогтоогдож байгаа.

Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлоо барагдуулсан нөхцөлд 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-н заалтаар дээд хэмжээний 2-ны нэгээс хэтрүүлэхгүйгээр доод хэмжээний 2-ны нэгээс багагүй ял оногдуулна гэсэн байгаа тул Х.*******ад оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь ял хүнддэж байна гэж үзэж байна.

Иймд Х.*******ад оногдуулсан хорих ялыг ЭХ-ийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж ЭХХШТХ-ийн 39.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Прокурор Б.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын эрүүгийн хэргийн шүүхээс Х.*******ад холбогдох хэргийг  2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр анхан шатны шүүх хянан хэлэлцээд Х.*******ыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан хөнгөрүүлэх нөхцөлд авч үзсэн. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Х.*******ыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тухайн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг юм. Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой ямар нэгэн эргэлзээгүй байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар давж заалдах шатны шүүх Х.*******ад холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг  хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь  хянаж үзлээ.

          Хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Х.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ******* багийн нутаг нутгаас  иргэн Д.ын өмчлөлийн 7 тооны үхрийг бэлчээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар хулгайлан авчээ.

Энэ үйл баримт нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

Хохирогч Д.ын "...2021 оны 11 дүгээр сард манайх үхрүүдээ Тосонцэнгэл сумын ******* багт мал малладаг гэх залуугийнд түр тавьсан юм. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэх хүн манай эхнэр болох гийн утас руу залгаад 7 тооны үхэр алга болчихсон байна гэж хэлсэн юм. ...Тэр оройдоо үхрүүд ирчихсэн тэгээд маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 11-ны өглөө үхрээ саах гээд гарахад шийр цагаан халтар үнээ, хар хөх үнээ, мухар бор тарлан үнээ, сартай бор дөнжин үнээ, мухар хар үнээ, сартай халтар гунжин үнээ, мухар алаг үнээ нийт 7 тооны үхэр байхгүй болчихсон байна гэж хэлж байсан. ... гэх айлын гадна манай алдсан үхрүүдээс 5 тооны үхэр нь байсан. Харин шийр цагаан халтар үнээ, хар хөх үнээнүүд байхгүй байсан. Одоо хүртэл хайгаад олохгүй байгаа. ...2022 оны 08 дугаар сард ирж уулзаад 2 тооны үхрийг чинь төлж өгье гэж хэлж яриад явсан. Х.******* нь 2022 оны 10 дугаар сарын 27-ы өдөр надад 2,600,000 төгрөгийг бэлнээр авчирч өгч, миний хохирлыг бүрэн барагдуулсан..." гэсэн мэдүүлгээр,

Гэрч Ц.гийн “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө үнээнүүдээ саах гэж гарахад шийр цагаан халтар үнээ, хар хөх үнээ, мухар бор тарлан үнээ, сартай бор дөнжин үнээ, мухар хар үнээ, сартай халтар гунжин үнээ, мухар алаг үнээ гэх нийт 7 тооны үхэр байхгүй байсан гэж надад утсаар хэлсэн юм. ...тэгээд тухайн газраас зүүн зүг рүү гол гараад Шарилын булан гэх газарт нутаглаж байсан гэх залуугийн гэрийн гадна сартай бор дөнжин үнээ, мухар бор тарлан үнээ, мухар алаг үнээ, сартай халтар гунжин үнээ, мухар хар үнээ зэрэг нийт 5 тооны үнээ үхрийн зэлэн дээр нь байх үед нь манай нөхөр олоод тууж ирсэн гэж надад хэлж байсан. Харин одоо бол шийр цагаан халтар үнээ, хар хөх үнээ хоёр сураггүй алга болчихсон байгаа тухайн алга болсон цаг үеэс хойш олдохгүй байна...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Г.онын "...Д.ын алдсан гээд байсан сартай бор үнээ, мухар бор тарлан үнээ, сартай халтар 3 тооны үхэр нь явж байгааг таниад сумын төв рүү орж од утсаар хэлсэн. Тэгээд маргааш нь бид хоёр сумын төвөөс гарч замд таарсан үхэр болгоныг харж явсаар байгаад Х.*******ын үхрийн зэлэн дээр очиход тэдний үхэр дотор нөгөө үхрүүд байхлаар нь ноднин алдсан үхэр маань мөн байна гэж хэлээд үхрээ салгаж туугаад гэртээ авчирцгаасан..." гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогджээ.

2.Эрх зүйн дүгнэлт болон давж заалдах гомдлын талаар,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатын шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч нь  давж заалдах гомдолдоо...Х.******* нь  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч хохирол гомдол саналгүй гэсэн байгаа. Х.******* нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа зэргийг харгалзан зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хуульд зааснаас хөнгөн  ял оногдуулж  өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Х.*******ын  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо   нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.*******ад  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын  хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

2, 3 дахь заалтын “2 жил 6 сарын хугацаагаар гэснийг” “2 /хоёр/ жилийн хугацаагаар гэж өөрчилж, шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч М.******* нарын ялыг хөнгөрүүлэн өөрчлөх давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Шүүгдэгч Х.*******ын цагдан хоригдсон хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧЖ.БАТТОГТОХ

ШҮҮГЧИДЦ.ОЮУН-ЭРДЭНЭ

Б.АРИУНБАЯР