Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 135/ШШ2024/01503

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 135/ШШ2024/01503

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2024/01558/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** дугаар баг,***** тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******ийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Я.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жавхлан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Я.******* шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Би 1992 онд хөдөө аж ахуйн сургуулийг төгссөн. 1992 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хандгайт компанид ерөнхий нягтлан бодогчоор ажилд орсон. 1996 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар ажлаас халагдсан. 1995 оноос 1996 оны 7 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн. Ажилд орсон тушаал байгаа ажлаас гарсан тушаал засвартай гээд тэтгэвэрт гарахад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жил тооцохгүй байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагч хүсэлттэй холбогдуулан Сэлэнгэ аймаг засаг даргын тамгын газрын архивын тодорхойлолт 1 хувь баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

3. Шүүхээс Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хүсэлт гаргагчийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хандгайт ББХК-д 1992 оны 11 сарын 16-ны өдрөөс 1996 оны 07 сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны ажиллаж байсан үеийн цалингийн болон хөдөлмөрийн хөлсний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх лавлагаа болон холбогдох бусад баримтууд, Сэлэнгэ аймгийн Төрийн архивын тасгаас ажилд томилсон тушаал, ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн цэс, ээлжийн амралт, шагнал урамшуулал олгосон, цагийн бүртгэл, байгууллагын болон бусад хурал цуглааны бүртгэл, цалингийн цэс, байгууллагын нэрийн өөрчлөлт зэргийг нотлох баримтаар бүрдүүлж, гэрч Д.*******, Д.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Я.*******ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч нь ажилд орсон болон гарсан тушаал засвартай байгаа учраас шүүхэд хандсан гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлсон байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч Я.******* нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

4. Хэрэгт авагдсан 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дархан хотын Хөдөө аж ахуйн сургуулийн захирлын олгосон хөдөлмөрийн дэвтэр, гэрч Д.*******, Д.******* нарын өгсөн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр хүсэлт гаргагч Я.******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хандгайт ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор 1992 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1996 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

 

Иймд Я.*******ийн шүүхэд гаргасан хүсэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

 

5. Хүсэлт гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хандгайт ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор 1992 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1996 оны 07 дугаар сарын 01-ний хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ