Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Улсын яллагч Г.Цогтгэрэл,  

Шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр /ҮД: 1314/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Энхбаатарын Ганбаатарт холбогдох эрүүгийн 201725020704 дугаартай хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 22 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6а байрны жижүүрийн өрөөнд түр оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,

 

2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 419 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлснийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 

2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 75 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Боржигин овогт Энхбаатарын Г, /РД: УЗ95120559/

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Г нь 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг” хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байсан иргэн Т.Учралын халааснаас 650.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авсан,

 

2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Глобал мед” эмнэлгийн захирал С.Алтантуяагийн өрөөнөөс 1.150.000 төгрөг бүхий түрүүвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авсаны улмаас бусдад нийт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.

Эрүүгийн 201725020704 дугаартай хэргээс:

   Шүүгдэгч Э.Г нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 3 дугаар сар байсан санагдаж байна. Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Хүүхдийн 100-д байрлах нэг супермаркетад оройны 19-20 цагийн орчимд идэх юм авч идэх гээд ороход 2 эмэгтэй зогсож байсан. Нэг эмэгтэйгийнх нь куртикний халааснаас "АйФоне 6" маркийн гар утас цухуйсан байсан. Тэгэхээр нь халааснаас нь хулгайлж аваад шууд такси бариад “Монтел” дээр очсон....Дараа нь 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Паркийн хажуу талд Болдоо гэдэг ах эхнэр, хүүхэдтэйгээ явж байхад нь тааралдсан, Болдоо ах хулгай хийдэг учраас таньдаг, тэгээд намайг цуг гарч хулгай хийх үү гэхээр нь тэгье гэж гараад Замын цагдаагийн газраар урагшаа яваад “Монос фарм” эмийн сан ороод Болдоо ах эм авах гэхэд мөнгө нь хүрэхгүй байсан чинь эхнэртэйгээ эмийн сангаас гараад яваад өгсөн юм ...тэгэхээр нь би хойд талын өрөө рүү нь орсон чинь эмэгтэй хүний цүнх онгорхой дотор нь түрийвч нь ил харагдаж байхаар нь Болдоо ахын хүүхдийг тэвэрсэн чигээрээ хулгай хийгээд гарч яваад Болдоо ахад хүүхдийг нь өгчихөөд такси бариад яваад өгсөн. Би одоо яг хэдэн төгрөг, ямар ямар бичиг баримт байсныг санахгүй байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 91 дүгээр хуудас/,

 

Хохирогч Т.Учрал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 3 дугаар 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “Баялаг” хүнсний дэлгүүр дотор өөрийн найз Энхжингийн хамт явж байсан. Тэгээд шаар худалдан аваад кассны дэргэд шаарны тооцоо хийх гээд тоолж байгаад тооцоогоо хийчихээд дэлгүүрээс гарах гэтэл миний зүүн гар талын халаасанд байсан саарал өнгөтэй "Айфоне 6" маркийн гар утас алга болсон байсан. 16 гега багтаамжтай, содон шинж тэмдэггүй утас..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

 

    Хохирогч С.Алтантуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 13 цагийн үед ажил дээрээ ирээд өөрийн бор өнгийн гар цүнхээ өөрийнхөө өрөөний үүдэнд байрлах сандал дээр тавьчихаад заал руу орж ажилчидтайгаа уулзаж байсан. Тухайн үед би өрөөний хаалгыг хаасан эсэхийг сайн санахгүй байна. Зааланд хэсэг байж байгаад өрөөнд орж иртэл цүнхэнд байсан 1.100.000 төгрөгтэй загасан нүдэн улаан өнгийн хэтэвч алга болсон байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгчихөөд эмнэлгийнхээ хяналтын камерийг шүүж үзэхэд 1 нас гарантай хүүхдийг урд талдаа үүргэвчинд суулгаж тэвэрсэн 25-26 орчим насны шар үстэй туранхай 170 см өндөртэй улаан хүрэн өнгийн биеийн тамирын хувцастай залуу манай эмнэлэгт орж ирээд надаас зөвлөгөө авчихаад гарч явсанаа буцаж орж ирээд миний өрөөний зүг рүү яваад хэсэг байж байгаад буцаад гарч байгаа бичлэг байсан. Би өөрийнхөө өрөөг огт цоожилдоггүй юм. Би тухайн өдөр байрныхаа зээлийг төлөх гээд 1.100.000 төгрөгийг бэлэн авч явж байсан юм. Алдагдсан хэтэвчинд иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, голомт банкны виза карт, мөн дэлгүүрийн хөнгөлөлттэй картууд байсан. Би өөрийнхөө бичиг баримт, картуудыг тухайн өдрийн орой нь эмнэлгийн гадна талаас олж авсан. Алдагдсан хэтэвчийг 2016 онд миний танил Тайланд улсаас авч ирээд, надад бэлэглэж байсан. Би хэтэвчээ одоо 150.000 төгрөгөөр үнэлж байна...Миний эд зүйлийг хулгайлан авсан залуугаас алдсан 1.100.000 төгрөг, хэтэвчээ нэхэмжпэхгүй. Миний хувьд ямар нэгэн гомдол саналгүй. Шүүх хуралд суухгүй..." гэсэн мэдүүлэг /хх 48-49/

 

Эд зүйлийн үнэлгээ:

  • “Айфоне 6” маркийн гар утас 1 ширхэг – 650.000 төгрөг…” гэжээ /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ:

  • Загасан нүдтэй улаан өнгийн арьсан түрийвч 1 ширхэг – 50.000 төгрөг…” гэжээ /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

                 Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолоор:

                 Цэнхэр өнгийн 1 ширхэг сидиг хэрэгт эд мөрийн баримтаар тооцов…” гэжээ /хх-ийн 73 дугаар хуудас/,

 

 Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:

“…цээжин дээрээ цагаан өнгийн бичигтэй улаан цамц, саарал өмд, хар алаг пүүзтэй этгээд “Баялаг” хүнсний дэлгүүр рүү орж ирэх бөгөөд тухайн үед дэлгүүрийн лангууны ард зогсож байсан хоёр эмэгтэйн ард ирж зогсох бөгөөд тэр үед гаднаас хүүхдээ тэвэрсэн эмэгтэй хүн /Ганбаатарын эхнэр/ орж ирэх бөгөөд тухайн үед тэр хоёр эмэгтэйн ард зогсож байсан этгээд /Ганбаатар/ нөгөө хүүхдээ тэвэрсэн эмэгтэйтэй шууд зөрөөд дэлгүүрээс гарч явав. Хяналтын камерийн бичлэгт өөр ач холбогдол бүхий зүйл бичигдээгүй байв…” гэжээ /хх-ийн 74-75 дугаар хуудас/,

 

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 38 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, Э.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 95 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Э.Г нь 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг” хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байсан иргэн Т.Учралын халааснаас 650.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Глобал мед” эмнэлгийн захирал С.Алтантуяагийн өрөөнөөс 1.150.000 төгрөг бүхий түрүүвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авсаны улмаас бусдад нийт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Гын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Учрал, С.Алтантуяа нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг буцаан өгч нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Э.Гт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Э.Гын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Мөн шүүгдэгч Э.Гт ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэв.

Прокуророос гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа Э.Г нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож 6 сар 20 хоногийн хорих ял оногдуулах санал гаргасан боловч шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан заавал нийгмээс тусгаарлаж хорих ялах оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Хэрэгт авагдсан хохирогч Т.Учралд хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх 106/ гэсэн, хохирогч Д.Алтантуяагаас гаргасан хүсэлтэд “…гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй…” /хх 109/ гэсэн баримтуудаар шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Хавтаст хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Э.Г нь 04 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар /4*8=32/ тооцож, шүүгдэгчид оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 32 цагийг эдлэх ялаас хасаж 688 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биеэр эдлүүлэхээр тогтоов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                                  

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Боржигин овогт Энхбаатарын Ганбаатарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсны улмаас бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гыг 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гын цагдан хоригдсон 04 хоногыг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай дүйцүүлэн эдлэх ялаас /4*8=32/ 32 цагийг хасч нийт 688 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечилэн эдлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

      6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

             7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8. Шүүгдэгч Э.Гт урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Гт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН