Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 152/ШШ2024/00357

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Г.Н-ын,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б (цахим),

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1969 онд төрсөн, 55 настай. Би 1985-1988 онд Баян-Өлгий аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуульд 3 жил сурч төгсөөд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Барилга трестэд Армоторчноор томилогдон ажилласан. Одоо тэтгэвэрийн нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн архивын тасгаас шүүлгэж авсан цалингийн тодорхойлолт байгаа боловч ажилд томилж, чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа тул 1988 оны 7 дугаар 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл армотурчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Я.Зг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, 252191 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Г.Нын 1005443 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 429 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 79 дугаартай зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 104 дугаартай тодорхойлолт, мөн өдрийн 157 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, мөн өдрийн 103 дугаартай тодорхойлолт, 156 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, гэрч Я.Згийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч Я.Зг ажилд томилсон Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1985 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 192 дугаартай тушаал, Г.Наас Г.Бэд олгосон итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Г.Нын ХААТР-1, гэрлэсний бүртгэл, Ц.С, Ц.Б, Ц. нарын төрсний бүртгэлийн лавлагаа, төрснийг бүртгэх анкет, Увс аймгийн барилга угсралтын трест хэдэн онд татан буугдсан талаарх лавлагаа, Барилгын биржийн үүсгэн байгуулагдсан болон татан буугдсан талаарх лавлагаа, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын баримтаас Г.Над холбогдох лавлагаа, тооллогын хуудсыг, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас Барилгын биржийн 1992-1994 оны тушаалын болон цалингийн баримт, Барилгын материалын үйлдвэрийн 1990-1994 оны тушаалын болон цалингийн баримтаас Г.Над холбогдох баримтыг тус тус шүүлгэж нотлох баримтаар бүрдүүлэв.

Г.Нын хүсэлтээр Я.Зг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс Г.Нын хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов. 

2. Г.Н нь шүүхэд хандаж 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөс 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн барилга угсралтын трестэд армотурчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Г.Нын хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Г.Н нь 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөс 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн барилга угсралтын трестэд армотурчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Г.Н нь 1988 онд барилгын техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Увс аймгийн барилга угсралтын трестэд ажиллаж эхэлсэн. Улмаар 1994 оныг дуустал хугацаанд тус байгууллагад ажилласан.

3.2. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор баримт бичгээ бүрдүүлэхэд Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 79 дугаартай зөвлөмжийн хуудсаар “1988 онд Увс аймгийн барилга угсралтын трестэд ажилд орсон нь баталгаажиж байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь аймгийн архиваас гараагүй тул уг хугацааны жилээр ажилласан жил тооцох боломжгүй” гэх хариу өгсөн тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 156 дугаартай цалингийн тодорхойлолтоор Г.Нын 1988 оны 8,9,10 дугаар сарын цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлжээ.

Мөн тус архивын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 157 дугаартай тодорхойлолтоор Г.Нын 1989 оны 01-12 дугаар сарын цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлжээ.

Дээрх цалингийн баримтаар Г.Н нь 1988 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн барилга угсралтын трестэд ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

4.2. Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан Г.Нын ХААТР-1 маягтыг 1988 оны 8 дугаар сарын 15-ны өдөр үйлдсэн байх бөгөөд тус баримтад Г.Ныг 1988 онд Барилга угсралтын трестэд армотурчнаар ажиллаж эхэлсэн гэж тэмдэглэжээ.

Энэхүү баримт нь хүсэлт гаргагч Г.Н 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Увс аймгийн барилга угсралтын трестэд армотурчнаар ажиллаж эхэлсэн гэх үйл баримтыг давхар нотлох нотолгооны ач холбогдолтой байна.  

4.3. Шүүхийн журмаар Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас 1989 оны хүн ам, орон сууцны тооллогоос Г.Над холбогдох тооллогын хуудсыг нотлох баримтаар бүрдүүлсэн бөгөөд тус баримтад Г.Ныг Барилга угсралтын трестэд засалч ажилтай гэж бүртгэжээ.

Мөн Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан Г.Нын гэрлэсний бүртгэлээс үзвэл Г.Н нь 1989 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Г.Ц гэрлэлтээ бүртгүүлж, 1990 онд хүү Батболдыг, 1991 онд хүү Бийг, 1993 онд хүү Сийг төрүүлжээ.

Шүүхээс Г.Нын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэрэгт түүний 1990-1993 оны хооронд төрүүлсэн хүүхдүүдийн төрснийг бүртгэх анкетыг нотолгооны ач холбогдолтой гэж үзэж, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан.

1990 оны 5 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгдсэн ЦБын төрснийг бүртгэх анкетад Г.Ныг Барилга угсралтын трестэд нормчин ажилтай гэж тэмдэглэсэн бол 1992 оны 7 дугаар сард үйлдэгдсэн Ц.Бийн төрснийг бүртгэх анкетад Г.Ныг Барилгын материалын үйлдвэрт цахилгаанчин, 1993 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр үйлдэгдсэн Ц.Сийн төрснийг бүртгэх анкетад Г.Ныг Хийц компанид нормчин ажилтай гэж тэмдэглэжээ.  

Увс аймгийн барилга угсралтын трест нь 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Барилгын бирж улсын үйлдвэрийн газар болж өөрчлөгдсөн болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 751 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Иймд дээрх үйл баримтад үндэслэн Г.Ныг 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Увс аймгийн барилга трестэд армотурчин, 1990 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл барилга трестэд нормчин, 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс Хийц хувьцаат компанид нормчноор ажиллаж эхэлсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

5.  Гэрч Я.З шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Би 1985 онд Завхан аймгийн барилгын техник мэргэжлийн сургуулийг бетон армотурчин мэргэжлээр төгссөн. Төгсөж ирээд 1985 онд Увс аймгийн барилга угсралтын трестын барилгын материал үйлдвэрт армотурчнаар ажилд орж, 1996 он хүртэл ажилласан. Г.Н 1988 онд Увс аймгийн барилга угсралтын трестын барилгын материал үйлдвэрт армотурчнаар ажилд орж байсан. Г.Нтай хамт ажилладаг байсан тул нэгнээ мэднэ. Г.Н Увс аймгийн барилга угсралтын трестын барилгын материал үйлдвэрт 1994 он хүртэл ажилласан” гэж мэдүүлжээ.

Гэрч Я.З 1985 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс Увс аймгийн Барилга угсралтын трестэд армотурчнаар ажиллаж эхэлсэн болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн барилга трестийн даргын 1985 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 192 дугаартай тушаалын хуулбараар тогтоогдож байх бөгөөд түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.  

6. Ийнхүү хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтын хүрээнд хүсэлт гаргагч Г.Н нь 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн барилга трестэд армотурчнаар бус 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Увс аймгийн барилга трестэд армотурчин, 1990 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл барилга трестэд нормчин, 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс Хийц хувьцаат компанид нормчноор ажиллаж байсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагч Г.Нын хүсэлтээс 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Увс аймгийн барилга трестэд армотурчин, 1990 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл барилга трестэд нормчин, 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд Хийц хувьцаат компанид нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

7. Шүүхээс хүсэлт гаргагч Г.Нын хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Г.Н-ын 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Увс аймгийн барилга трестэд армотурчин, 1990 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл барилга трестэд нормчин, 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд Хийц хувьцаат компанид нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Г.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.УРНАА