Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 152/ШШ2024/00358

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: О.О-ийн,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч О.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1988 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Хархираа тэжээлийн аж ахуйн үйлдвэрт ажилд орж, 1990 он хүртэл ажилласан. Аймгийн архиваас Тэжээлийн аж ахуйн 1988 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ажилд орсон тушаал гарч ирсэн хэдий ч энэ хугацаанд ажилласан цалингийн тодорхойлолт, ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд 1988 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 он хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Тухайн үед хамт ажиллаж байсан Н.О, М.Х нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 89 дугаартай зөвлөмжийн хуудас, О.Оийн 0791284 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 165 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 120 дугаартай тушаал, Н.Оын иргэний үнэмлэхийн хуулбар, Н.Оын 166655 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс О.Оийн ХААТР-1 маягт, О.О-н төрсний бүртгэлийн лавлагаа, төрснийг бүртгэх анкет, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын баримтаас О.От холбогдох лавлагаа, тооллогын хуудсыг нотлох баримтаар бүрдүүлэв.

О.Оийн хүсэлтээр Н.О, М.Х хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс О.Оийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

2. О.О нь шүүхэд хандаж Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд 1988 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 он хүртэл ажилчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч О.Оийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч О.О нь Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд 1988 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 он хүртэл ажилчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. О.О нь 1988 онд Увс аймгийн Улаангом сумын арван жилийн хоёрдугаар сургуулийг төгсөөд 1988 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс Увс аймгийн Тариалан сумын Хархираагийн тэжээлийн аж ахуйн үтрэмд ажиллаж эхэлсэн. Улмаар 1990 он хүртэл ажилласан.

3.2. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор баримт бичгээ бүрдүүлэхэд Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 89 дугаартай зөвлөмжийн хуудсаар “1988 онд ажилд орсон тушаал гарсан боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь аймгийн архиваас гараагүй тул уг хугацааны жилээр ажилласан жил тооцох боломжгүй” гэх хариу өгсөн тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Хархираагийн тэжээлийн ахуйн даргын 1988 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 120 дугаартай тушаалаар О.Оийг 1988 оны 06-ны өдрөөс үтрэмд туслах ажилчнаар томилж ажиллуулжээ.

Иймд О.О нь Хархираагийн тэжээлийн аж ахуйд 1988 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн туслах ажилчнаар ажиллаж эхэлсэн болох нь тогтоогдож байна.  

4.2. Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан О.Оийн ХААТР-1 маягтыг 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн байх бөгөөд тус баримтад О.Оийг Улаангом сумын 2 дугаар 10 жилийн сургуульд сурагч гэж тэмдэглэжээ.

Энэ баримт нь хүсэлт гаргагч О.Оийг 1988 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Хархираагийн тэжээлийн аж ахуйд ажилчнаар ажиллаж эхэлсэн үеэс өмнө үйлдэгдсэн, хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй баримт байна.

4.3. Шүүхийн журмаар Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас 1989 оны хүн ам, орон сууцны тооллогоос О.От холбогдох тооллогын хуудсыг нотлох баримтаар бүрдүүлсэн бөгөөд тус баримтад О.Оийг ажилгүй гэж тэмдэглэжээ.

Хүсэлт гаргагч О.Оаас дээрх баримтын талаар тодруулахад “...Хархираагийн тэжээлийн аж ахуйн үтрэм нь улирлын чанартай ажилладаг байсан бөгөөд миний бие туслах ажилчин байсан учраас улирлын чанартай буюу 11-3 дугаар сарын хооронд амраад, 4-10 дугаар сарыг дуустал үтрэмд ажилладаг байсан. Хүн амын тооллого явагдсан 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар үтрэмдээ ажиллахгүй, улирлын чанартай амарч байсан учраас ажилгүй гэж бүртгүүлсэн” гэх тайлбар гаргасан.  

4.4.  Гэрч Н.О шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Би 1986-1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Хархираа тэжээлийн аж ахуйд зулагч, машинистаар ажиллаж байсан. О.О нь 1988 онд 10 жилийн сургууль төгсөөд манай байгууллагад туслах ажилтнаар ажилд орж байсан. Тэр цагаас хойш О.О бид хоёр 1989 оныг дуустал хамт ажиллаад, би 1994 онд ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Увс аймгийн Хархираа тэжээлийн аж ахуйн үйлдвэр нь 1992 онд татан буугдсаж компани болж байсан. Тухайн үед туслах ажилтан нь зулагч, тариа будаа сэлгээх, цэвэрлэгээ үйлчилгээ хийх гэх зэрэг ажил хийдэг байсан. Биднийг ажиллаж байхад Увс аймгийн Хархираа тэжээлийн аж ахуйн даргаар Н.Юнгэр гэх хүн ажиллаж байсан” гэж мэдүүлжээ.

Гэрч Н.Оын ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан 166655 дугаартай, Баян-Өлгий аймгийн барилгын техник мэргэжлийн дээд сургуулиас түүнд олгосон хөдөлмөрийн дэвтрийн бичилтээр нотлогдож байна.

Тодруулбал, гэрч Н.О нь 1986-1994 оны хооронд Хархираагийн тэжээлийн аж ахуй болон Хархираа хувьцаат компанид зулагч, машинистаар ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн бичилтээр нотлогдож байх тул гэрч Н.Оын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.   

Харин гэрч М.Хгийн ажиллаж байсан байдал тодорхойгүй байх тул түүний мэдүүлгийг нотолгооны ач холбогдолгүй гэж үзлээ.

5. Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагч О.Оийн Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд 1988 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 он хүртэл ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 6. Шүүхээс хүсэлт гаргагч О.Оийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Монголмууд овогт О.Оийн 1988 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оныг хүртэл Хархираагийн тэжээлийн аж ахуйд ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч О.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.УРНАА