Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/14

 

Д.Чойжилсүрэн, Я.Дашдорж нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул,

          Прокурор                                                                                             Н.Цогтбаяр

          Шүүгдэгч                                                                                             Д.Чойжилсүрэн                              

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                                   Б.Энхжаргал

                                                                                                                        Б.Баярцогт

нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Чойжилсүрэн түүний өмгөөлөгч Б.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлоор Д.Чойжилсүрэн, Я.Дашдорж нарт холбогдох 1923000540007 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1962 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг Цэцэрлэгийн 16 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Сайраг овогт Доохүүгийн Чойжилсүрэн /РД: ЧМ62091177/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1962 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, электроникийн инженер, механик мэргэжилтэй. “Эл Си Би” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Романа Резидэнс 1406 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Зэс дархан овогт Ядамсүрэнгийн Дашдорж /РД: ИЭ62083111/

Шүүгдэгч Д.Чойжилсүрэн нь албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Завхан аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Халуун усны тариф болон хэрэглэгчийн дулааны үнэлгээг  1 метр куб тутамд 1350 төгрөгөөр тогтоосон” үнийг зөрчиж тус аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт баригдсан Баруун бүсийн тамирчдыг олимпт бэлтгэх төвийн барилга байгууламжийг 1 метр куб тутамд 1650 төгрөгөөр тооцож дулааны эрчим хүчээр хангах тухай 28 дугаартай гэрээг “Эл Си Би” ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хуурамчаар үйлдэн 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “Эл Си Би” ХХК-д халаалт дулааны зардалд 151.767.000 төгрөгийг төлөх байснаас үндэслэлгүйгээр 65.043.000 төгрөгийг илүү шилжүүлсэн, улмаар халаалт дулааны зардалд илүү шилжүүлсэн 65.043.000 төгрөгийн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах замаар тухайн барилга байгууламжид 21 нэр төрлийн тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжийг худалдан авахдаа хуульд заасан нээлттэй тендер зарлалгүйгээр “Эл Си Би” ХХК-иар гүйцэтгүүлж давуу байдал  бий болгосны улмаас төрд 7.586.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Я.Дашдорж нь Д.Чойжилсүрэнтэй бүлэглэн Завхан аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Халуун усны тариф болон хэрэглэгчийн дулааны үнэлгээг 1 метр куб тутамд 1350 төгрөгөөр тогтоосон” үнийг зөрчин тус аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт баригдсан Баруун бүсийн тамирчдыг олимпт бэлтгэх төвийн барилга байгууламжийг 1 метр куб тутамд 1650 төгрөгөөр тооцож дулааны эрчим хүчээр хангах тухай 28 дугаартай хуурамч гэрээг Завхан аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Д.Чойжилсүрэнтэй 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулан 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “Эл Си Би” ХХК нь халаалтын зардалд 151.767.000 төгрөг авах  байснаас 65.043.000 төгрөгийг илүү авч улмаар халаалт дулааны зардалд илүү авсан 65.043.000 төгрөгөөр Завхан аймгийн Биеийн тамир, спортын газарт 21 нэр төрлийн 57.357.000 төгрөгийн бодит үнэ бүхий тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжийг нийлүүлж, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх хамжих замаар өөртөө давуу байдал  бий болгосны улмаас төрд 7.686.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэргийг  үйлдэхэд  дэмжлэг  үзүүлсэн  гэх  гэмт хэрэгт тус тус холбогджээ

          Анхан шатны шүүх:

1. Шүүгдэгч Сайраг овогт Доохүүгийн Чойжилсүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Зэс дархан овогт Ядамсүрэнгийн Дашдоржийг Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Дашдорж, Д.Чойжилсүрэн нарын нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, Я.Дашдорж, Д.Чойжилсүрэн нарыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,   Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Дашдорж, Д.Чойжилсүрэн нарт оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн сар бүр /450.000/ төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Дашдорж, Д.Чойжилсүрэн нар нь 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулж,  Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Дашдорж, Д.Чойжилсүрэн нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоож, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Чойжилсүрэнгийн өмгөөлөгч Б.Энхжаргал давж заалдах гомдол болон тайлбартаа,

...Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2-р сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Учир нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд цагаатгах байр сууринаас гаргасан саналыг ямар нотлох баримт, байр сууринаас няцаасан дүгнэлтийг хийгээгүй байна. Мөн шийтгэх тогтоолд Завхан аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 09-р сарын 20-ны өдрийн 115 дугаартай Биеийн тамир спортын газарт хандаж Эл Си Би ХХК-ийн Спорт цогцолборт мөрдөх дулааны үнийн тарифыг 1 м куб тутамд 1350 төгрөгийн тарифыг мөрдөхийг тогтоосон албан бичгийг нотлох баримтаар үнэлсэн байна. Дээрх Завхан аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 09-р сарын 20-ны өдрийн 115 дугаартай албан бичиг нь биеийн тамир спортын газарт Д Чойжилсүрэнг даргаар ажиллаж байх хугацаанд ирээгүй болох нь гэрч Сэвжидмаа Алтансувд, хэнд хүлээлгэн өгснөө мэдэхгүй байгаа гэрч Бямбадоо ирсэн бичгийг бүртгэл зэрэг нотлох баримтаар тогтоогддог. Мен Захиргааны ерөнхий хуулийн 37-р зүйлийн Захиргааны актанд хамаарахгүй бөгөөд нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зуйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагаа буюу захирамж, тогтоол биш байхад түүнийг үнэ тариф тогтоосон захиргааны акт гэж үнэлж нотлох баримтаар үнэлсэн нь хууль бус байна Эрчим хүчний тухай хуулинд эрчим хүчний зохицуулах зөвлөл нь үнэ тарифийг тогтооно гэсэн болохоос зовлож хүргүүлнэ гэсэн зохицуулалт байхгүй

Завхан аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 09-р сарын 20-ны өдрийн 115 дугаартай албан бичиг нь үнэ, тариф тогтоосон захиргааны акт биш тул Эрчим хүчний тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.18 дахь хэсэгт зааснаар "зохицуулалтгүй хангалт гэж гэрээний үнээр хэрэглэгчид эрчим хүч худалдахыг" гэж зохицуулсанд хамаарахаар байна. Гэтэл шийтгэх тогтоолд хуулийг буруу тайлбарлаж эрчим хүчний зохицуулах зөвлөл, хорооноос баталж нийтэлсэн тариф тогтоогоогуй байхад зохицуулалттай тарифаар тооцсон ундэслэлгүй бөгөөд хуульд нийцэхгүй байна

Завхан аймгийн биеийн тамир спортын газрын дарга Д. Чойжилсүрэнгийн Эл Си Би ХХК-тай байгуулсан гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52-р зүйлийн 52 23 дахь заалтанд зааснаар дэд бүтэц болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох тогтвортой ашиглахтай холбоотой захиргааны гэрээг хэрэглэж болно гэж хуульчилсан байхад хууль бус гэрээ гэж үзэн шийтгэх тогтоолд нотлох баримтаар тооцоогуй нь унд байна.

Мөн Д.Чойжилсүрэн нь тухайн бараа материалыг захиалаагүй, халаалтын зардлыг шинжээчийн дүгнэлтэд заасан тухай жилийн хүрээнд хэтрүүлэн шилжүүлээгуй болон нь тэрч Сэвжидмаагийн шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ жилийн халаалтын зардал илүү төлөлттэй байгаа халаалтын төлбөр шилжүүлэх боломжгүй гэхэд Амартүвшин дарга шилжүүл гээд жилийн эцэст илүү шилжүүлсэн талаар мэдүүлдэ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд Д.Чойжилсурэнгийн л шилжүүлсэн гэх халаалтын зардлыг жилийн эцэст нийт дүнгээс хамааран жилийн эцэст нэмж шилжүүлэх шаардлагагүй байсан бөгөөд нягтлан тайлан тооцоогоо буруу гаргасан байна гэх агуулгатай тайлбарыг гаргадаг. Энэ байдлаас дүгнэхэд Д.Чойжилсурэн нь бусдад албан тушаалын байдлаа ашиглаж давуу байдал үүсгэсэн зүйлгүй бөгөөд жилийн эцэст 2018 оны 09-р сарын 20-ны өдрийн 115 дугаартай албан бичигтэй танилцсан мөртлөө жилийн эцэст илүү шилжүүлсэн тухай үеийн удирдлага, нягтлан бодогчийн буруутай үйлдэл байх боломжтой байхаар эргэлзээтэй байдал үүссэн

Иймд 2022 оны 12-р сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон Д Чойжилсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.Чойжилсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:   ...Намайг ажиллаж байх үед спорт цогцолбор ашиглалтад орж халаалтын асуудал зайлшгүй үүссэн. Халаалтын мөнгө нэхэгдээд байсан. Би өгөхгүй явсаар байсан. Тэгтэл зун наадмын дараа аймгийн засаг дарга амрахын өмнө өвөлжилтийн бэлтгэлийг хангаад холбогдох мөнгө төгрөгийг шийдээд амраарай гэсэн чиглэл өгсөн. Мөн Засгийн газраас бичиг ирсэн байсан. Энэ дагуу би 08 сарын 01-нд нягтландаа үүрэг өгсөн. ...Тийм учраас гэрээгээ байгуулъя. Хуулийн хүрээнд бусад уурын зуухтай жишиг үнээр халаах талаар нягтлантай нь тохироод гэрээ байгуул гэсэн үүрэг өгсөн. Тэгээд гэрээ байгуулаад ороод ирсэн 1650 төгрөгөөр байгуулсан байсан. Нэгэнт би үүрэг өгсөн, мэргэжлийн хүн нь гэрээ байгуулсан учраас асуусан. Ямар үндэслэлээр гэрээг хийв гэхэд төсөв батлахдаа манай цогцолборыг 2017 оны ашиглалтад орно гэж тооцоод 1650 төгрөгөөр тооцож төсөв баталсан байсан. Тэр баталсан төсвийн хүрээнд гэрээ хийсэн гэж хэлсэн. Тэгээд би гэрээг нь баталсан. Ингээд 8 сарын 10-нд албан газрын дарга нарыг гэнэт дуудаад өвөлжилтийн бэлтгэлээ ханга ажилдаа ор гэсэн ажилдаа орсон. Ингээд 8 сард би мөнгө өгөх ёстой байсан боловч өгч чадахгүй байсан. Учир нь спорт цогцолборын барилга ашиглалтад ороогүй 95 хувьтай явж байсан. Тэгтэл 09 сарын 05, 06-ны үед 09 сарын 20-нд энэ цогцолборыг хүлээж ав гэсэн 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй комисс томилсон Засаг даргын захирамж гарсан. Тэгтэл надаас дахиад мөнгө нэхсэн би халаалтын улирал эхлэнгүүт өгнө гээд өгөөгүй. Ингээд байж байтал намайг Засаг дарга 6, 7-ны үед дуудсан. Тэгээд төв цэнгэлдэх дээр яваад очтол Засаг дарга, Улсын их хурлын гишүүн Я.Санжмятав, телевизийнхэн, Я.Дашдорж нарын хамт байж байсан. Тэгтэл Засаг дарга өмнө нь намайг 2, 3 удаа ажлаас чөлөөлсөн асуудлаа яриад одоо өмнөх асуудлаа орхиод хамтраад ажиллаад явъя. Спорт цогцолборын ажлаа хүлээж ав, наад мөнгөө янз бүр болоод байхгүй өгөөд хамтраад ажилла гэсэн. Тэгэхээр нь би Батсайхан даргад наад мөнгийг чинь би өгч болно. Танай төрийн сан шилжүүлдэггүй шүү гэж хэлсэн. Тэгтэл ажил хийх гээд байхад чи битгий саад болоод бай, чамтай чамгүй ажлаа хийнэ, чи мөнгийг нь өгчих би Хүрэлбаатарт үүрэг өгчихнө гэсэн. Тэр үед Засаг дарга материал авах талаар яриа надад цухалзуулсан. Тэгэхээр нь хуулийн хүрээнд халаалтын мөнгө өгнө. Түүнээс бараа материалын мөнгө өгөхгүй гэж би хэлсэн. Тэгээд хүрээд иртэл нягтлан энэ хүн халаалтын мөнгө төгрөг нэхээд байна. Одоо өгөх юм уу гэсэн. Нэхэмжлэл хүрээд ирвэл өгч болно гэсэн. Учир нь халаалтын улирал эхэлсэн, 9 сарын 7, 8 болсон байсан. Ингээд нягтлан бид хоёр ярилцаад мөнгө шилжүүлэх гэсэн чинь 53,0 сая төгрөгийн нэхэмжлэл ирсэн. Тэгэхээр нь би 9 сард 15 хоног л халаана 15 хоногт 53 сая төгрөг өгч чадахгүй гээд буцаасан. Гэтэл маргааш өглөө нь 15,0 сая төгрөгийн нэхэмжлэл орж ирэхээр нь би өгсөн. Нэгэнт барилгаа хүлээж авна, барилгаа хүлээж авч байгаа учраас халаана. Халаахаар уурын зуух 4 галч, нягтлан, слесарь гээд 7, 8 хүн ажилд авахаар байсан. Тооцож үзэхэд сарын зардал нь 30-аад сая төгрөг гарах гээд байсан. Тэгэхээр нь би 15 хоног ажиллах юм чинь гээд 15,0 сая төгрөг өгсөн. Ингээд барилгаа 9 сарын 20-ны өдөр хүлээж авсан. Тэр үед улсын ерөнхийлөгч ирсэн их сүртэй хүлээж авсан. Гэтэл 09 сарын 20-ноос хойш барилга хүлээж аваад манайхтай харьцахаа байсан. Аймгийн захиргаа ч дуудахаа байсан. 10 сар гарсан 06-ны үед дахиад 53,0 сая төгрөг нэхэмжилсэн. Барилга чинь ашиглалтад орсон танай мөнгөөр халаана өвөлжилтийн бэлтгэл хангана, ажилчдын цалин өгнө мөнгө өг гэсэн. Би барилга ашиглалтад орсон учраас 53,0 сая төгрөг өгсөн. Төрийн сан хууль бус мөнгө шилжүүлдэггүй газар, гэтэл төрийн сангийн гүйлгээ хийсэн. Ингээд түүнээс хойш дахиж надтай аймгийн дарга ч, Я.Дашдорж ч харьцаагүй байсаар 10 сар гарсан. ...10 сарын төгсгөлд Я.Дашдоржоос 60,0 сая төгрөгийн нэхэмжлэл ирсэн. Манайх 11 сарын нүүрсээ татна, ажилчдын цалин өгнө гэсэн. Нэгэнт ашиглалтад орсон учраас би 60,0 сая төгрөгийг нь өгсөн. Ингээд нийт 128,0 сая төгрөг өгсөн. Гэрээ би байгуулахдаа хуулийн дагуу гэрээ байгуулсан. Харин гэрээ байгуулахгүйгээр тэр мөнгийг өгсөн бол би хуулийн хариуцлага хүлээх байсан. Ингээд 128 сая төгрөг өгчхөөд байж байтал 10 сарын 30, 31-ний үед Д.Батсайхан дарга намайг дуудаад ажлаа өг гэсэн. Та ажлаа өг, тантай ажиллахгүй, та хоцрогдсон, энэ байгууллага дотроо ахлах мэргэжилтэн хийж байгаад тэтгэвэртээ гар гэсэн би өгмөөргүй байна гэсэн. Тэгтэл өгсөн өгөөгүй таныг чөлөөлөөд өөр хүн тавина гэсэн. Тэгэхээр нь би та чөлөөлөх гэж байгаа бол чөлөөл, би шүүхээр яваад эрхээ хамгаалуулна гэсэн. Тэгээд 11 сарын 01-ний өглөө миний ажлыг хүчээр авсан. Би тэр үед хэлсэн. Өгөх ёстой халаалтын мөнгийг өгсөн. Оны төгсгөлд тооцоо хийгээд дуусгана. Өөр надад өр авлага, тооцоо байхгүй гээд ажлаа өгсөн. Миний хийсэн үйлдэл бол гэрээ байгуулсан, 3 шилжүүлэг хийсэн. Халаалт гэж өгсөн болохоос бараа материал ав гэж мөнгө өгөөгүй. ...Энэ бараа материалын асуудлаар Я.Дашдоржид би чамд 65,0 сая төгрөг илүү өгчихье, бараа материал аваад ир гэж захиалаагүй, гэрээ байгуулаагүй, бэлдэх явцад нь оролцоогүй, оны сүүлч 12 сарын 31-нд авахад нь би байгаагүй, 2018 оны тайлан баланст би гарын үсэг зураагүй. Шүүхдэж явсаар байгаад 2020 онд ажлаа авахад ийм болчихсон байсан. ...Я.Дашдорж хурал дээр Д.Чойжилсүрэнтэй нийлж гэмт хэрэг үйлдээгүй гэж хэлдэг. Би Я.Дашдорж болон ямар нэг хүнтэй нийлж гэмт хэрэг үйлдээгүй. Бодит амьдралд ийм  л зүйл болсон. Энэ асуудлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Я.Дашдоржийн өмгөөлөгч Б.Баярцогт давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тавилга нийлүүлсэн гэх асуудлын тухайд Я.Дашдорж гэдэг хүн олон тэрбум төгрөгөөр энэ байгууламжийг босгож ашиглалтад оруулсан. Энэ байгууламжийн хувьд онцлогтой буюу бассейн бүхий цогцолбор. Эрчим хүчний тухай хуульд тухайн жилийн 9 сарын 15-наас дараа оны 05 сарын 15 гэж тогтоогдсон боловч энэ барилга нь өөрөө жилийн 4 улирлын турш халаалт шаарддаг. Энэ байгууламжийг байгуулаад хүлээлгэж өгөх гэтэл дотор нь ямар ч тавилгагүй хоосон байсан. Тийм учраас Я.Дашдоржийн тухайд хууль гэрээний дагуу авсан өөрийнхөө мөнгөөр тавилга авч нийлүүлсэн. Ингэж тавилга авч нийлүүлснээрээ Я.Дашдорж өөрөө буруудаад байгаа. Төсвийн мөнгөнөөс илүү мөнгө авч тавилга шилжүүлсэн гэж буруутгагдаад байгаа. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар хамжигчаар орсон гэж үзсэн нь үндэслэлгүй. Я.Дашдорж гэрээний дагуу зөвхөн хөлсөө авсан. Халаалтын зардлаа авсан. Барилгаа хүлээлгэж өгөхөд хоосон байсан учраас сэтгэл гаргаад өөрийнхөө мөнгөнөөс тавилга авч нийлүүлсэн. ...Иймд Б.Энхжаргал өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна гэв.

Прокурор Н.Цогтбаяр дүгнэлтдээ: ...Тухайн үед уг барилга нь Завхан аймгийн Биеийн тамир спортын газрын харьяанд байж байгаад сүүлд орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болж тусдаа бие даасан статустай болсон. Барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбоотойгоор тухайн үед хариуцаж байсан Биеийн тамир спортын газраас тухайн барилга байгууламжийн ашиглалттай холбоотой буюу өөрөөр хэлбэл халаалтын үнийг төсөвт суугдсан хуваарийн хүрээнд шийдвэрлэх үндэслэл бий болсон. Үүнтэй холбоотойгоор 2018 оны 08 сарын 01-ний өдөр энэ барилга байгууламжийг 1 м.куб тутмыг нь 1650  төгрөгөөр тооцож халаалт дулаанаар хангах, эрчим хүчээр хангах гэрээг нэг талаас ЭЛ СИ БИ компани нөгөө талаас Биеийн тамир спортын газрыг төлөөлж тухайн үед Биеийн тамир спортын газрын даргаар ажиллаж байсан шүүгдэгч Д.Чойжилсүрэн нар 28 дугаартай гэрээг байгуулсан. ЭЛ СИ БИ компани халаалт дулаанаар хангах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж мөн үү гэвэл мөн байсан. Эрчим хүчний тухай хуульд зааснаар халаалт дулаанаар хангах ажлыг дотор нь хэд ангилсан байдаг. Тухайлбал, аж ахуйн нэгжийг зохицуулалттай хангах, зохицуулалтгүй хангах гэсэн 2 зохицуулалттай. ЭЛ СИ БИ компани нь зохицуулалттай тарифаар эрчим хүч халаалтаар хангах эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байсан. Эрчим хүчний тухай хуулиар зохицуулалттай хангах аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд Эрчим хүчний тухай хууль тогтоомжийг орон нутгийн хүрээнд тодорхой асуудал дээр хяналт тавьж чиг үүргийг нь хэрэгжүүлж ажиллах субъект болох Завхан аймгийн эрчим хүчийг зохицуулах салбар зөвлөл хороо хяналт тавьж тухайн аж ахуй нэгжийг ямар үнэ тарифаар эрчим хүч дулаанаар хангахыг зохицуулж өгнө. Энэ хүрээнд Завхан аймгийн Эрчим хүчний зохицуулах салбар зөвлөлөөс Биеийн тамир спортын газар дээр 1 м.куб тутмыг нь 1350 төгрөгөөр эрчим хүчний үнэ тарифыг тогтоох нь зүйтэй гэж албан бичиг хүргүүлсэн. Энэ албан бичгийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар Биеийн тамир спортын газар албан ёсоор ирээгүй гэж мэтгэлцдэг боловч хүргүүлсэн гэдгийг гэрч Бямбадоо удаа дараа хэлдэг. Зөв нь м.куб тутмыг нь 1350 төгрөгөөр тооцож халаалт дулааны мөнгөө өгөх ёстой байтал 1650 төгрөгөөр тооцож үндэслэлгүйгээр 65.043.000 төгрөгийг илүү шилжүүлсэн. Захиргааны ерөнхий хуулиас харахад Эрчим хүчний зохицуулах салбар зөвлөлөөс гаргасан шийдвэр нь ямар хэлбэртэй байх талаар тухайлан зохицуулсан зохицуулалт байдаггүй. Иймд уг албан бичгийг хууль ёсны бөгөөд тухайн аж ахуйн нэгжийн хуулийн хүрээнд тавьж байгаа шаардлага бүрэн бодитой илэрхийлж байгаа эрх зүйн акт хүргэгдсэн гэж дүгнэж байна. Төсөвт халаалт дулааны асуудал зардал нь 1650 төгрөгөөр ирсэн учраас тэр хүрээнд гэрээ байгуулсан гэж байна. Төсөв 1650 төгрөгөөр батлагдсан хэдий боловч түүнийг үр ашигтай зарцуулах үүрэг нь Биеийн тамир спортын газрын даргад байсан байна. Мөн 21 төрлийн тавилга эд хогшлыг ЭЛ СИ БИ компани болон өөр бусад аж ахуйн нэгжээс Биеийн тамир спортын газрын орлогод шилжүүлсэн үйлдэл байдаг. Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан буюу шүүгдэгч Д.Чойжилсүрэн, Я.Дашдорж нар нь өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэх гэмт хэргийн шинжийг агуулдаггүй.  Харин үүнийг яаж тодруулж гаргаж ирсэн гэхээр энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг бодитой тооцож тогтоох хэрэгцээ шаардлага гарсан. Үндэслэлгүйгээр илүү шилжүүлсэн 65.043.000 төгрөгөөс 53,0 сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. 21 төрлийн эд хогшлыг ямар нэгэн шийдвэр худалдан авах ажиллагаа хийлгүйгээр хандив нэрийдлээр авч орлогод бүртгүүлсэн. Тэгэхээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг бодитой тогтоохын тулд гаргаж ирж байгаа нөхцөл байдал үйл баримт болохоос шүүгдэгч нарын бусдад болон өөртөө давуу байдал олгож байгаа гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна. Шүүгдэгч Д.Чойжилсүрэн гэрээний дагуу 2 удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн. Энэ нь түүнийг ажлаас чөлөөлөгдсөний дараа Биеийн тамир спортын газрын ажил албан тушаалд томилогдсон байгаа учраас, миний шийдвэргүйгээр шилжүүлсэн учраас хамаагүй гэдэг асуудлыг яриад байна. Тэгэхээр энэ үндэслэлгүйгээр 65.043.000 төгрөг шилжүүлээд байгаа асуудал нь Я.Дашдорж болон Д.Чойжилсүрэн нарын хооронд байгуулсан гэрээнээс үүдэж шилжигдэж байгаа учраас үүнээс үүдэн гарч байгаа үр дагаврыг Д.Чойжилсүрэнтэй хамаатуулж авч үзнэ. Илүү төлсөн мөнгө Д.Чойжилсүрэнгийн байгуулсан гэрээ түүнтэй шалтгаант холбоотой байна. Өөр дарга ажиллаж байх үед мөнгө гарсан гэдэг нь Д.Чойжилсүрэнгийн холбогдсон гэмт хэргийг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал болохгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлж, бүрэн бодитой, хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлэсэн байна. Ийм учраас шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргаж байгаа гомдлыг хэрэгсэхгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Д.Чойжилсүрэн, Я.Дашдорж нарт  холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

1.Хэргийн үйл баримтын талаар,

Шүүгдэгч Д.Чойжилсүрэн нь Завхан аймгийн Биеийн тамирын Спортын газрын даргаар ажиллаж байхдаа  2018 оны 08 дугаар сарын 01-ны өдөр “Эл Си Би “ХХК-ны захирал Я.Дашдоржтой Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт баригдсан Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төвийн барилга байгууламжийг 1 метр куб тутамд 1650 төгрөгөөр тооцож дулааны эрчим хүчээр хангах тухай  гэрээ байгуулсан байна.

Завхан аймгийн Биеийн тамир Спортын газар нь  2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 12-р дугаар сарын 31-ны өдрийг хүртэл хугацаанд  халаалт дулааны зардалд 151.767.000 төгрөгийг шилжүүлсэн байна.

Улмаар дулааны зардалд шилжүүлсэн мөнгөнд тухайн барилга байгууламжид “Эл Си Би” ХХК -иас 21 нэр төрлийн тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжийг  57.357.000 төгрөгөөр худалдан авсан байна.

 Энэ үйл баримт нь  хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхтуяагийн “...орон нутгийн өмчид 7.686.000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Байгууллагаа төлөөлж байгаагийн хувьд ч тэр, хуулийн хүрээнд ч тэр нэхэмжлэх шаардлагатай гэсэн ... мэдүүлэг,

Гэрч Э.Сэвжидмаагийн “...Баруун бүсийн олимпод бэлтгэх төвийг 2018 оны 04 сараас эхлээд ашиглалтад оруулна гэсэн...Гэтэл 4 сард ашиглалтад ороогүй тул 4 сар бүтнээрээ, 5 сарын эхний 15 хоногийн халаалтын зардал батлагдсан төсвөөс хэмнэгдсэн. Хэмнэгдсэн зардал нь 65 сая төгрөг байсан...Хэмнэгдсэн уг зардал нь 2018 оны 09 сард барилга байгууламж ашиглалтад орох хүртэл хугацаанд манай Биеийн тамирын газрын дансанд байсан...Чойжилсүрэн дарга надад “аймгийн засаг дарга Баруун бүсийн спортын ордонд сагсан бөмбөгийн шийд авч тавь гэж хэллээ, тийм болохоор 15 сая төгрөгийг “Эл Си Би” ХХК -ийн данс руу шилжүүл гэсэн үүрэг өгсөн...Би “Эл Си Би” ХХК-ны данс руу шилжүүл гэсэн үүрэг өгсөн.

Гэрч Э.Балжиннямын “...2018 оны 10 сард Дашдорж ах надтай утсаар яриад Завхан аймагт баригдаж байгаа Усан спорт цогцолборт тавилга эд хогшил авах шаардлагатай байна. Чи БНХАУ руу яваад аваад ирээч гэхээр нь би ямар тавилга эд хогшил хэдэн төгрөгөөр авах юм бэ гэж асуусан чинь зөндөө олон юм авна гэж хэлж байсан. ...Манай компани Эл Си Би ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. ...18 нэр төрлийн эд зүйлийг тухайн үеийн валютын ханшаар бодож, гаалийн татвар, тээвэрлэлтийн зардлыг нэмж өртгийг гаргасан ба ямар нэгэн байдлаар ашиг харж мөнгө нэмсэн зүйл байхгүй, нийт 40.909.200 төгрөг болсон. ...тухайн үед манай компани өндөр борлуулалттай компани биш болохоор компанийн түүхэнд хэрэгтэй юм болов уу гэж бодоод гэрээ байгуулсан юм. Миний хувьд урамшуулал ашиг гэсэн зүйл аваагүй. Харин миний зардлыг л Дашдорж ах надад өгсөн. Эл Си Би ХХК-ийн захирлууд нь манай ах, эгч гэдэг утгаараа би ашиг хонжоо харах шаардлагагүй байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Сувд-Эрдэнийн “...төсөвт өртөг нь босго үнээс дээш буюу 10 сая төгрөгөөс 50 сая төгрөг хүртэлх үнийн дүнгээр бараа худалдан авахаар бол харьцуулалтын аргаар, харин 50 сая төгрөгөөс дээш үнийн дүнгээр бараа худалдан авах тохиолдолд нээлттэй тендер шалгаруулах ёстой. Нээлттэй тендер гэдгийг тодруулбал аль болох олон нийтэд нээлттэй, олон оролцогчийг тендерт оролцуулах, олон нийтийн оролцоог хангах ёстой байдаг ба тендер явуулах талаар өдөр тутмын сонинд урилга нийтлэх, цахим сайтуудад тендер зарлагдаж байгаа урилгыг тавих ёстой байдаг. ...2018 онд аймгийн Биеийн тамир спортын газраас тавилга эд хогшил худалдан авахтай холбоотой тендер зарлагдаагүй байна лээ...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Ганболдын “...2018 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр барилгын ажлыг улсын комисс хүлээж авсан. 2017 оны 11 сард бол Эл Си Би ХХК-иас барилгын ажлыг 100 хувь хийж дуусгаагүй, мөн усан бассейны тоног төхөөрөмжүүдээ Хятадаас оруулж ирээгүй байгаа гэх мэт асуудлууд байсан. ...2018 оны 04, 05 саруудад дутуу ажлуудаа хийж байсан, арай дуусгаагүй гадна тохижилт болон зам талбайн ажил гэх хийгдээгүй ажил дутуу байсан юм...” гэсэн мэдүүлэг, тогтоогдож байна.

Завхан аймаг дахь Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, шинжээч Ц.Мядагмаагийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай дүгнэлтээр,

Завхан аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаартай Биеийн тамир спортын газарт хандаж Эл Си Би ХХК-ийн Спорт цогцолборт мөрдөх дулааны үнийн тарифыг 1 м.куб тутамд 1350 төгрөгийн тарифыг мөрдөхийг тогтоосон албан бичиг,

Завхан аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаартай Эл Си Би ХХК-ийн захиралд хандаж хэрэглэгчийн үнэ тарифаа батлуулж ажиллахыг үүрэг болгосон албан шаардлага,

Завхан аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай Тариф батлах тухай тогтоол, тогтоолын хавсралтаар,

Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/393 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах тухай захирамж, түүний хавсралт,

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 14/2018 дугаартай дүгнэлт,

Завхан аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Д.Чойжилсүрэн, Эл Си Би ХХК-ийн захирал Я.Дашдорж нарын баталсан 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Төсвийн байгууллага, аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүчээр хангах тухай 28 дугаартай гэрээ,

Эл Си Би ХХК-ийн дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, дансны хуулгууд,

Завхан аймгийн Биеийн тамир, спортын газрын дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, дансны хуулга, ,

Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/42 дугаартай Д.Чойжилсүрэнг мөн өдрөөс Завхан аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаар эгүүлэн томилсон захирамж, хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг хэрэгт цугларсан хуульд заасан журмын дагуу  цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар  тогтоогдсон байна.

2. Эрх зүйн дүгнэлт болон Давж заалдах гомдлын талаар,

Хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “Дулааны эрчим хүч” худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Д.Чойжилсүрэн нь Завхан аймгийн Биеийн тамир, Спортын газрыг төлөөлж, Я.Дашдорж нь “Эл Би Си “ХХК-ийг төлөөлж, гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт нийцсэн байна.

Эрчим хүчний тухай хуулийн 3.дугаар зүйлийн 3.1.16-д “эрчим хүч хангагч” гэж эрчим хүчний зохицуулалттай , эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг хэлнэ.

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д эрчим хүчний зохицуулалттай хангалт” гэж энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан эрчим хүчний зохицуулах хорооноос баталж нийтэлсэн тариф /цаашид зохицуулалттай тариф” -аар хэрэглэгчид эрчим хүч худалдахыг хэлэхээр заажээ.

 “Эл Си Би ХХК” нь дулаан үйлдвэрлэл, дулаан түгээх, “хэрэглэгчийг зохицуулалттай хангах “тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж болох нь улсын бүртгэлийн 000156701 дугаартай гэрчилгээгээр тогтоогдсон байна.

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар Эрчим хүчний зохицуулах хороо нь “тариф тогтоох аргачлал боловсруулах, тарифын бүтэц тодорхойлох, тусгай  зөвшөөрөл эзэмшигчдийн тарифыг хянаж батлах, хэрэглэгчдэд худалдах, үнийг тогтоох, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх” бүрэн эрхтэй байхаар заажээ.

Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Хэрэглэгч нь зохицуулалттай хангалтын төлбөрийг нийтлэгдсэн тарифаар, зохицуулалтгүй хангалтын төлбөрийг гэрээний үнээр төлөхөөр  заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас харахад, Завхан аймгийн Биеийн тамирын Спортын газар нь Эл Би Си ХХК-тай Завхан аймгийн Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон үнэ тарифыг үндэслэж, гэрээ байгуулж, гэрээний үнийг төлөхөөр байна.

Гэтэл талууд Завхан аймгийн Эрчим хүчний зөвлөлөөс тогтоосон үнэ тарифыг судлалгүйгээр өөрсдөө үнэ зохиож, гэрээ хийсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 3.1.7, 9.1.4, 27.2 дахь заалтуудыг зөрчсөн байна.,

Түүнчлэн Завхан аймгийн Эрчим хүчний зөвлөлөөс хэрэглэгчдийн дулааны үнэлгээг 1 метр куб тутамд 1350 төгрөгөөр тогтоосон талаарх 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичгийг “Эл Си Би “ХХК-нд хүргүүлсэн байхад  талууд уг албан бичгийг хүлээн авч гэрээнд үнийн талаар өөрчлөлт оруулаагүй байгаа нь гэрээний үнийг санаатайгаар өндөр тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Я.Дашдорж нь Эрчим хүчний тухай хууль зөрчиж, Д.Чойжилсүрэнтэй гэрээ байгуулсан, халаалтын зардалд илүү шилжүүлсэн 65.043.000 төгрөгийн 57.357.000 төгрөгт нь 21 нэр төрлийн тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжийг Завхан аймгийн Биеийн тамирын спортын газарт нийлүүлж, Д.Чойжилсүрэнгийн үйлдэлд хамжигчаар оролцсон байна.

Шүүгдэгч Д.Чойжилсүрэн, Я.Дашдорж нарын дээрх үйлдэл нь Төрийн болон Орон нутгийн хөрөнгөөр бараа материал худалдах худалдан авах тухай хуулийг зөрчиж, тендер зарлалгүйгээр “Эл Си Би ХХК” -иас бараа материал нийлүүлж, худалдан авч “Эл Си Би ХХК” нд давуу байдал бий болгожээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Чойжилсүрэн, Я.Дашдорж нар нь Завхан аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн тогтоосон үнээс өндөр үнээр гэрээ байгуулсан, улмаар уг гэрээгээр илүү шилжигдсэн 65,043,000 төгрөгт 57.357.000 төгрөгийн бараа худалдан авсан нь Д.Чойжилсүрэнгийн хууль бусаар байгуулсан гэрээнээс үүссэн үр дагавар гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Д.Чойжилсүрэн ажлаас чөлөөлөгдсөнөөр уг  гэрээнээс татгалзсан, гэрээ  дуусгавар болсон байдал тогтоогдоогүй байна.

Иймээс шүүгдэгч нарын үйлдэл нь Эрчим хүчний тухай хууль, Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа материал худалдан авах тухай хуулийг санаатай зөрчсөн хууль бус үйлдэл  гэж үзэхээр байна.

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд “ энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу байдал эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхол гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн хуулийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалтны эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” хэлнэ” гэж   тус тус тодорхойлжээ.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хохирол хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй  байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн үйлдэл төгсдөг.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Чойжилсүрэнг Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт албаны бүрэн эрх, эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт, шүүгдэгч Я.Дашдоржийг Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  албаны бүрэн эрх, эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хуульд зааснаас хөнгөн ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Д.Чойжилсүрэн, түүний өмгөөлөгч Б.Энхжаргалын ...Завхан аймгийн эрчим хүчний зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичиг нь үнэ тариф, тогтоосон захиргааны акт биш тул Эрчим хүчний тухай хуулийн 3-р зүйлийн 3.18 дахь хэсэгт зааснаар “зохицуулалтгүй хангалт гэж гэрээний үнээр эрчим хүч худалдахыг” гэж зохицуулсанд хамаарахаар байна. Гэтэл шийтгэх тогтоолд хуулийг буруу тайлбарлаж эрчим хүчний зохицуулах зөвлөл, хорооноос баталж нийтэлсэн тариф тогтоогоогүй байхад зохицуулалттай тарифаар тооцсон нь үндэслэлгүй байна ...мөн Д.Чойжилсүрэн нь тухайн бараа материалыг захиалаагүй, шинжээчийн дүгнэлтэд заасан тухайн жилийн хүрээнд хэтрүүлэн шилжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байгаа. ...тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Чойжилсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...гэсэн давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Д.Чойжилсүрэн, түүний өмгөөлөгч Б.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

Ж.БАТТОГТОХ