Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 02087

 

 

 

 

 

 

 

 

 

 “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/02087 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн хариуцагч “Б П” ХХК, “Р” ХХК, “Х” ХХК-д тус тус холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 465 519 990 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, Б.Ганбаатар, хариуцагч “Р” ХХК-ийн төлөөлөгч Г.Цогоо, хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, П.Отгонтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Нэхэмжлэгч 2013 оны 05 сарын 20-ны өдөр “Б П” ХХК-тай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, “Б П” ХХК-ийн эзэмшил газар дээр Ургах наран орон сууцны хороолол барих төслийг хамтран хэрэгжүүлэхээр, “Т” ХХК нь орон сууцны барилга барих шаардлагатай хөрөнгийг гаргах, гаргасан хөрөнгө оруулалтаа тэргүүн ээлжид буцаан авах, орон сууц борлуулсны дараах цэвэр ашгийг хуваан авахаар харилцан тохиролцсон. Хөрөнгө оруулалтын гэрээний зорилго нь “Б П” ХХК-ийн эзэмшил газар дээр нэхэмжлэгч “Т” ХХК-аас хөрөнгө гарган барилга барих зорилготой байсан боловч гэрээний нэг тал “Б П” ХХК-ийн эзэмшил газар нь “Х” ХХК-ийн зээлийн барьцаанд байсан тул талууд харилцан тохиролцож 2013 оны 05 сарын 20-ны өдөр “Б П” ХХК, “Р” ХХК, “Х” ХХК-ийн хооронд 4 талт гэрээ байгуулсан. Дээрх 4 талт гэрээний дагуу нэхэмжлэгч “Т” ХХК нь Ургах наран орон сууцны хороолол барих төслийг “Б П” ХХК, “Р” ХХК-уудтай хамтран хэрэгжүүлэх зорилгоор “Б П” ХХК-ийн эзэмшлийн газар дээр 480 айлын орон сууцны барилгад хөрөнгө оруулалт хийх замаар барилга барьж орлого олсны хариу төлбөр болгож орон сууцны 1 м.кв тутмын үнийн дүнгийн 5 хувийг “Б П” ХХК, “Р” ХХК-д төлөхөөр, уг мөнгөөр гэрээний нэг тал “Р” ХХК-ийн Хас банк ХХК-д төлөх зээлийг төлөхөөр тохиролцсон бөгөөд гэрээнд оролцогч “Х” ХХК-ийн зүгээс зээлийн барьцаанд газрыг давхар “Т” ХХК-д барьцаалахад шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж харилцан туслалцаа үзүүлэхээр тохиролцсон байдаг. Талуудын хоорондын гэрээ нь “Б П” ХХК өөрийн эзэмшил газар болох Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байх нэгж талбарын 3038/0062 дугаартай 640.000 м.кв талбай бүхий газрыг хөрөнгө оруулалтын үр дүнгийн баталгаа болгож давхар хөрөнгө оруулагч “Т” ХХК-д барьцаалах, “Х” ХХК нь барьцаалагч “Р” ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан “Б П” ХХК-ийн газар эзэмших эрхийг давхар барьцаалахтай холбоотой бичиг баримтуудыг бүрдүүлж улсын бүртгэлд бүртгүүлэхэд өөрийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авах, туслалцаа үзүүлэх үүргийг тус тус хүлээсэн. 4 талт гэрээний 2.9-д “Р” ХХК-ийн 2012 оны 2-р сарын 17-ны өдөр “Х” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу авсан 2 162 000 ам.долларын зээлийг хөрөнгө оруулалтад зарцуулан зээлийн төлбөр төлөх хугацааг нэмэлт гэрээнд тусгасан гэж тохиролцсон, энэ нь “Р” ХХК-ийн хамтын үйл ажиллагаанд оруулах хураамж гэж ойлгосон.

“Х” ХХК нь 2014 онд “Р” ХХК-тай байгуулсан 3 жилийн хугацаатай гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан улмаар шүүхэд хандан “Р” ХХК, “Б П” ХХК, Г.Цогоо, Х.Эрдэмбилэг нараас зээлийн гэрээний үүрэгт 2 416 175 ам.доллар гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 03 сарын 19-ний өдрийн 650 тоот захирамж гарсан. Уг захирамжийн дагуу “Х” ХХК нь “Р” ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан Баянзүрх дүүргийн 11-р хороонд байрлах 640.000 м.кв газрыг зээлийн гэрээний үүргийн биелэлтэд тооцон хурааж авсан ба ингэснээр “Х” ХХК-ийн өмнө “Р” ХХК-ийн хүлээсэн зээлийн үүрэг дуусгавар болжээ. “Х” ХХК-ийн нэхэмжлэлээр Баянзүрх дүүргийн 11-р хороонд байх 640.000 м.кв газар дээр 480 айлын орон сууцны барилга барих төсөл-ийн ажил зогсож талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжихээргүй нөхцөл байдал үүсэж улмаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн эрх ашиг сонирхол хөндөгдөх болсон.

Мөн “Х” ХХК нь “Р” ХХК, “Б П” ХХК, Х.Эрдэмбилэг, Г.Цогоо нарыг хариуцагчаар татан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийн биелэлтэд 2 416 175 ам.доллар гаргуулахаар шаардахдаа “Т” ХХК-ийн данснаас суутган авсан 465 519 990 төгрөгийг хасаагүйгээс “Х” ХХК-нд бусдын зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 465 519 990 төгрөгийг төлж хохирсон. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нараас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 465 519 990 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х” ХХК хариу тайлбартаа: “...”Тунжөү” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Х” ХХК  ХХК, “Б П” ХХК болон “Р” ХХК нарт холбогдох 2013 оны 05 сарын 20-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн 465 519 990 төгрөгийг “Х” ХХК-аас буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг шүүхээр хянан хэлэлцэгдэж 2018 оны 04 сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 931 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхийн магадлал, дээд шүүхийн тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Б П” ХХК хариу тайлбартаа: “...Хариуцагч “Х” ХХК нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд 2014 оны 03 сарын 13-ны өдөр “Р” ХХК-аас 2 416 175 ам.доллар буюу 4 272 607 117 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 2014 оны 03 сарын 19-ний өдөр 650 дугаартай шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталсан. Шүүгчийн захирамжийн дагуу “Р” ХХК нь 300 орчим сая төгрөгийн газар, эд зүйл, “Б П” ХХК нь өөрийн эзэмшлийн 5 000 653 000 төгрөгийн үнэлгээ бүхий 640 000 м.кв газрыг хариуцагч “Х” ХХК ХХК-д шилжүүлсэн болно. Хариуцагч “Х” ХХК нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хандсан байх үедээ “Р” ХХК-ийн өр төлбөрт тооцож нэхэмжлэгч “Т” ХХК-ийн 465 519 990 төгрөгийг суутган авсан талаар “Б П” ХХК-д мэдэгдэж байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч “Р” ХХК хариу тайлбартаа: “...Талуудын хоорондын гэрээний 2.15-д зааснаар “Р” ХХК-ийн “Х” ХХК ХХК-аас өмнө нь зээлсэн байсан 2 сая ам.долларын зээлийг хариуцагч “Р” ХХК-ийн өмнөөс хэсэгчлэн болон бүрэн төлөх, мөн дээрх орон сууцны борлуулалтын орлогоос “Р” ХХК-д төлөх төлбөрийг хариуцагч “Х” ХХК-ийг суутган авах эрхийг олгосон байдаг. Зээлийг төлөхгүй бол “Р” ХХК-ийн барьцаа хөрөнгөөс шаардах эрхээ алдахаар заасан байгаа. Иймээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК, “Б П” ХХК, “Р” ХХК нараас 465 519 990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 555 750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Х” ХХК, “Бльюскай партнэрс ХХК, “Р” ХХК нараас 2 555 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхэд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн боловч шийдвэр гаргахдаа алдаатай шийдвэр гаргаснаас шүүхийн шийдвэр хэрхэн биелэгдэх үр дагавар тодорхой бус болсон гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч тал шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 465 519 990 төгрөгийг хариуцагч “Х” ХХК-аас гаргуулахаар шаардлагаа тодорхойлж тайлбарласан.

Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Б П” ХХК, “Р” ХХК, “Х” ХХК нараас 465 519 990 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу бөгөөд шүүхийн шийдвэр хэрхэн биелэгдэх үр дагавар нь тодорхой бус болсон. Эвлэрсэн захирамжийн хүрээнд тухайн үед “Х” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн үндсэн төлбөрөөс нэхэмжлэгч “Т” ХХК-ийн харилцах данснаас суутган авсан мөнгө хасагдаагүй гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрсэн байдаг бөгөөд барьцаа хөрөнгөөр “Р” ХХК-ийн зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үйл баримт хэргийн баримтаар нотлогддог. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж “Х” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Б П” ХХК давж заалдах гомдолдоо: “...Хариуцагч “Б П” ХХК нь “Р” ХХК-ийн 2 162 000 ам.долларын зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн газар эзэмших эрхийн 0231410 дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 640 000 м.кв газрыг барьцаалахыг зөвшөөрч, 2012 оны 02 сарын 17-ны өдрийн 1410000513 дугаар бүхий барьцаат зээлийн гэрээг “Х” ХХК-тай байгуулсан бөгөөд ямар нэгэн байдлаар хариуцагч “Х” ХХК-аас зээл аваагүй болно.

Хариуцагч “Х” ХХК нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хандсан байх үедээ “Р” ХХК-ийн өр төлбөрт тооцож нэхэмжлэгч “Т” ХХК-ийн 465 519 990 төгрөгийг суутган авсан талаар “Б П” ХХК-д мэдэгдэж байгаагүй.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь “Б П” ХХК-тай төсөл хамтран хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт хийх агуулга бүхий гэрээ байгуулж, өөрөө гэрээнд тодорхой заасан үүрэг, хариуцлагатай оролцсон. Үүнд 2013 онд багтааж эхний 480 айлын орон сууцыг барихад шаардлагатай эскиз, ажлын, барилгын гэх мэт зургуудыг гаргах, нийслэлийн холбогдох байгууллагаар батлуулах, Ургах наран хорооллын ашиглалтын зардалд үүсээд байгаа хүндрэлд хөрөнгө гаргах, БНХАУ-аас ажиллах хүч оруулах асуудлаа холбогдох төр захиргааны байгууллагад тавих зэрэг ажлуудыг хийж эхлэх ёстой байсан боловч үүргээ биелүүлээгүй байдаг. Энэ асуудалд гэрээ хэрэгжсэн үү, хэрэгжээгүй юу гэдгээс үл хамааран “Т” ХХК-ийн “Б П” ХХК-аас нэхэмжилж байгаа үндэслэл нь бидэнд огт хамааралгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж “Б П” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Х” ХХК давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Мөн шийдвэрийн агуулгыг нэг мөр ойлгож биелүүлэх боломжгүй, хоёрдмол агуулгатай гэж үзэж байна.

Талуудын хооронд байгуулагдсан 4 талт гэрээний 2.15-т “Гэрээний 2.14-т заасан дансаар “Т” ХХК-ийн хөрөнгө оруулсан Зүүнхараа дахь орон сууцны борлуулалтын орлогыг мөн дамжуулан хийх бөгөөд уг орлогыг банк гэрээний 2.9-д заасан зээлийн төлбөрт суутган авах эрхийг олгосон" гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт гэрээний энэ заалтыг огт иш татаж үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, зөвхөн талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээнд заасан хамтын ажиллагаа хэрэгжсэний дараагаар зээлийн төлбөрийг суутгах эрхтэй гэж буруу дүгнэсэн. “Х” ХХК ХХК-ийн хувьд гэрээний 2.15-д заасныг үндэслэн “Т” ХХК-ийн дансанд орсон Зүүнхараа дахь орон сууцны борлуулалтын орлогоос “Р” ХХК-ийн зээлийн төлбөрт шилжүүлсэн бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт нийцсэн.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 1720 дугаартай тогтоолд дурдсанчлан орон сууц барих төслийг хэрэгжүүлэгч “Б П” ХХК болон хөрөнгө оруулагч “Т” ХХК нарын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээгээр хүлээх үүрэг, эдлэх эрх хэрэгжсэн эсэх, уг төслийг хэрэгжүүлээгүйд хэн нь буруутай асуудалд “Х” ХХК  хамааралтай этгээд биш бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт талууд хамтран ажиллах гэрээнд заасан хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлээгүйд банк буруутай мэтээр тайлбарлан, “Х” ХХК нь төлбөрийг төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хамтран ажиллах гэрээг талууд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт заасны дагуу бичгээр байгуулсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой үндэслэл дурдалгүйгээр гагцхүү хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй нь талуудын хооронд үүрэг үүсээгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх гэрээний хэсэгт тодорхойлсон “гэрээ цуцлах процесс” талуудын тохиролцсон байдлаар явагдсан эсэхэд дүгнэлт хийлгүй, зохих нотлох баримтын үндэслэлгүй гэрээг 2013 онд дуусгавар болсон байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болж чадаагүй. Учир нь гэрээний аль нэг талаас гэрээг цуцлах талаар албан бичгээр мэдэгдсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Мөн шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хамтран хариуцагч нарын хариуцлагын хувь хэмжээ, хэрхэн төлөх төлөх талаар тодорхой тусгалгүйгээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

“Х” ХХК нь уг харилцааны хувьд төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлсэн, гүйлгээ хийсэн этгээд юм. Харин “Р” ХХК-ийн хувьд энэ дүнгээр зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөж, “Т” ХХК нь батлан даагчийн хувьд зээлийн үүргийг биелүүлж байгаа харилцаа үүссэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 сарын 19-ний өдрийн 650 дугаартай захирамжид заасан дүн болон “Р” ХХК-ийн зээлийн дансны хуулга зэргээр нотлогдож байгаа.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “Х” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Р” ХХК давж заалдах гомдолдоо: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Мөн нэхэмжлэгчээс зохигч нарын өмнө хүлээсэн хөрөнгө оруулах гэрээ болон хамтран ажиллах гэрээний 1.2, 2.4, 2.6, 3.1.4, 3.1.6-д заасан үүргүүдээ хэрэгжүүлсэн эсэхэд  дүгнэлт өгөөгүй, гэрээ хэрэгжих нөхцлийг бүрдүүлээгүй гэсэн тайлбарыг тодруулж дүгнэлт хийгээгүй, холбогдох нотлох баримтуудыг үнэлээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Б П” ХХК, “Р” ХХК, хариуцагч “Х” ХХК нарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 465 519 990 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргаж, шүүх хуралдааны явцад дээрх мөнгөн дүнг хариуцагч “Х” ХХК-аас гаргуулах шаардлагаа дэмжиж, хариуцагч “Б П” ХХК, “Р” ХХК нараас гаргуулах шаардлагаа эс дэмжиж мэтгэлцжээ.

Хариуцагч “Б П” ХХК нь “тус компани “Х” ХХК-аас зээл авч байгаагүй, “Т” ХХК-ийн данснаас 465 519 990 төгрөгийг “Х” ХХК нь “Р” ХХК-ийн өр төлбөрт суутган авсан үйлдэлд хамааралгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйлгүй” үндэслэлээр; /хх 80/

Хариуцагч “Р” ХХК нь “талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр “Т” ХХК нь ”Рендербау” ХХК-ийн “Х” ХХК-аас авсан 2 000 000 ам.долларын зээлийг хэсэгчлэн болон бүрэн төлөх үүргийг хүлээж, “Р” ХХК-ийн төлөх төлбөрийг суутган авах эрхийг “Х” ХХК-д олгосон” үндэслэлээр; /хх 147, 165/

Хариуцагч “Х” ХХК нь “нэхэмжлэгч өмнө нь тус компанид холбогдуулан 2013 оны 05 сарын 20-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн 465 519 990 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байгаа, гэрээний дагуу тухайн мөнгөн дүнг суутган авсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр тус тус нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ. /хх 24-25/

 

Анхан шатны шүүх “Б П” ХХК болон “Т” ХХК нарын байгуулсан 2013 оны 05 сарын 20-ны өдрийн “Хөрөнгө оруулах гэрээ”, “Т” ХХК болон “Б П” ХХК, “Р” ХХК, “Х” ХХК нарын байгуулсан 2013 оны 05 сарын 20-ны өдрийн “Гэрээ”-ээр талуудын хүлээсэн эрх, үүрэг, дээрх 2 талт болон 4 тал гэрээнүүд хэрэгжээгүй буюу гэрээний дагуу орон сууцны хороолол баригдаагүй, “Х” ХХК нь гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ хэтрүүлэн хэрэгжүүлсэн талаарх үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан зөв тогтоожээ. /хх 129-134, 120-128/

 

Талууд дээр дурдсан 2013 оны 05 сарын 20-ны өдрийн 4 талт гэрээний зорилгыг “Ерөнхий үндэслэл”-д тодорхойлсон байх ба “энэхүү гэрээний зорилго нь хөрөнгө оруулагч “Ургах наран” орон сууцны хороолол барих төслийг Төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран хэрэгжүүлэх зорилгоор, түүний эзэмшлийн газар дээр 2013 онд 480 айлын орон сууцны барилга барих, хөрөнгө оруулалт хийх, газар дээр барилга барьж орлого олсны хариу төлбөр болгож орон сууцны м.кв тутмын үнийн дүнгийн 5 хувийг Төсөл хэрэгжүүлэгчид төлөх, “Р” ХХК-ийн Төсөл хэрэгжүүлэгчээс шилжүүлэн авсан Банкны өмнө хүлээх зээлийн өр төлбөрийг төлөхөд оршино” хэмээн тодорхойлжээ. /хх 120/

 

Өөрөөр хэлбэл, 4 талт гэрээний зорилго нь хариуцагч “Б П” ХХК-ийн эзэмшлийн, “Х” ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа газар дээр орон сууцны хороолол барихад нэхэмжлэгч “Т” ХХК хөрөнгө оруулах, улмаар орон сууцны барилга баригдсаны дараа борлуулалтын орлогоос тодорхой хувийг хуримтлуулж, “Х” ХХК-ийн өмнө “Р” ХХК-ийн хүлээх зээлийн гэрээний үүргийг төлж барагдуулах агуулгатай гэж үзэхээр байна. /хх 120/

 

 “Т” ХХК-ийн “Х” ХХК дахь 5001020967 тоот данснаас хариуцагч “Х” ХХК нь 2013 оны 12 сарын 31-ний өдөр 243 980 000 төгрөг, 2014 оны 01 сарын 13-ны өдөр 147 800 000 төгрөг, 2014 оны 01 сарын 28-ны өдөр 32 990 000 төгрөг, 2014 оны 02 сарын 05-ны өдөр 40 749 990 төгрөг, нийт 465 519 990 төгрөгийг “Хамтран ажиллах гэрээний 2.14, 2.15 тоот заалтын дагуу 141-513 зээлийн төлбөрт суутган авав” утгатайгаар зарлагын гүйлгээ хийсэн болох нь холбогдох дансны хуулгаар нотлогдож байна. /хх 10, 10-арын нүүр/

 

Мөн гэрээний 2.9-д заасан “Р” ХХК-ийн “Х” ХХК-ийн өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүрэгт барьцааны үл хөдлөх хөрөнгийг тооцохоор талууд эвлэрч зээлийн үүргийг дуусгавар болгосон үйл баримтын талаар талууд маргаагүй байна. Нэхэмжлэгч “Т” ХХК нь энэхүү 4 талт гэрээгээр “Р” ХХК-ийн зээлийн үүргийг өөртөө шилжүүлэн авсан гэж үзэхгүй буюу “Х” ХХК-ийн өмнө зээл төлөх үүрэг гүйцэтгэгч болоогүй байна.

 

Хариуцагч “Х” ХХК-ийн дээрх үйлдэл нь 4 талт гэрээний 2.14-т “Хөрөнгө оруулагч нь орон сууцны борлуулалтын орлогыг Банканд нээх, түүний дансаар дамжин хийх бөгөөд уг орон сууцанд орох орон сууцны борлуулалтын орлогын 5 хувийг гэрээний 2.5-д заасан төлбөрт тооцож Банк 2.9-д заасан зээлийн төлбөрт үл маргах журмаар суутган авах эрхтэй” гэж заасантай нийцэхгүй байгаа талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Хариуцагч “Х” ХХК нь гэрээний 2.15-д “Гэрээний 2.14-т заасан дансаар “Т” ХХК-ийн хөрөнгө оруулсан Зүүнхараа дахь орон сууцны борлуулалтын орлогыг мөн дамжуулан хийх бөгөөд уг орлогыг Банк гэрээний 2.9-д заасан зээлийн төлбөрт суутган авах эрхтэй” гэж заасны дагуу “Т” ХХК-аас өмнө дурдсан 465 519 990 төгрөгийг суутган авсан гэж тайлбарлах боловч уг гэрээний 2.14, 2.15-д тус тус  заасныг “Ерөнхий нөхцөл”-тэй харьцуулан үзэхэд “Р” ХХК-ийн төлөх зээлийн гэрээний үүргийг “Ургах наран” орон сууцны хороолол барих төсөл хэрэгжиж дууссаны дараа борлуулалтын орлогоос төлөх, уг борлуулалтын орлого хүрэхгүй бол Зүүнхараа дахь орон сууцны борлуулалтын орлогоос төлөх дэс дараалалтай гэж ойлгогдож байхаас гадна ямар ч тохиолдолд 4 талт гэрээгээр тохиролцсон “Ургах наран” орон сууцны хороолол барих төсөл амжилттай хэрэгжиж дуусгавар болсон тохиолдолд “Х” ХХК-д “Р” ХХК-ийн хүлээх зээлийн гэрээний үүргийг “Т” ХХК-ийн данснаас суутган авах эрх үүсэхээр байна.

 

Түүнчлэн, 2013 оны 05 сарын 20-ны өдрийн 4 талт гэрээний 2.8-д заасан “Банк нь “Р” ХХК-ийн зээлийн гэрээний барьцаанд буй газрыг Хөрөнгө оруулагчид зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох хүртэлх хугацаанд давхар барьцаалуулах” үүргээ хариуцагч “Х” ХХК нь биелүүлсэн байна. Гэтэл нэхэмжлэгч “Т” ХХК-ийн данснаас “Р” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийг суутган авсан нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх зохицуулалтад нийцээгүй байна.

 

Хэргийн баримт, зохигчдын тайлбараар хариуцагч “Х” ХХК нь нэхэмжлэгч “Т” ХХК-ийн данснаас нийт 465 519 990 төгрөгийг үндэслэлгүйгээр суутган авсан болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх ямар үндэслэлээр хариуцагч “Б П” ХХК, “Р” ХХК-иудад дээрх мөнгийг хамтран хариуцах үүрэг ногдуулсан нь тодорхойгүй, энэ талаар хийсэн эрх зүйн дүгнэлт нь үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээс гадна талуудын хооронд байгуулагдсан 4 талт гэрээний дагуу “Т” ХХК-д “Х” ХХК-ийн өмнө “Р” ХХК-ийн зээлийн төлбөрийг төлөх үүрэг үүсээгүй, уг үүргийг шилжүүлэн авсантай холбоотой барьцааны эрх үүсээгүй буюу уг гэрээ хэрэгжээгүй байх бөгөөд үүрэг үүсээгүй болох нь тогтоогдсон. Иймд хариуцагч “Х” ХХК-ний нэхэмжлэгч “Т” ХХК-ийн данснаас 465 519 990 төгрөг суутган авсан үйлдлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байхад хөрөнгө шилжүүлэн авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлд хамаарна гэж үзэв. Иймд нэхэмжлэгч компани мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “Х” ХХК-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн 465 519 990 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

 

Хариуцагч “Х” ХХК нь “нэхэмжлэгч өмнө нь тус компанид холбогдуулан 2013 оны 05 сарын 20-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн 465 519 990 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байгаа” гэж маргасан боловч хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/00931 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 сарын 22-ны өдрийн 1471 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 сарын 30-ны өдрийн 001/ХТ2018/01720 дугаар тогтоол зэргээс үзэхэд шүүх өмнө нь талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 05 сарын 20-ны өдрийн 4 талт гэрээ хүчин төгөлдөр эсэх талаархи маргааныг шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна. /хх 45-65/ Уг гэрээний дагуу үүрэг үүссэн эсэх, “Х” ХХК нь нэхэмжлэгч “Т” ХХК-аас мөнгө суутган авах эрхтэй байсан эсэх асуудалд дээрх шүүхийн шийдвэрүүд хамааралгүй тул анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Хариуцагч “Х” ХХК нь гэрээний үүрэгт хамаарах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргах боловч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхтэй холбоотой маргаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа болох 10 жил хамаарах учир уг тайлбар үндэслэлгүй.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч “Х” ХХК-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн 465 519 990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, хариуцагч “Б П” ХХК, “Р” ХХК-иудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч “Т” ХХК болон хариуцагч “Б П” ХХК, “Р” ХХК нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/02087 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “Х” ХХК-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн 465 519 990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, хариуцагч “Б П” ХХК, “Р” ХХК-иудад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Т” ХХК болон хариуцагч “Б П” ХХК, “Р” ХХК нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 555 750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүүтөлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс мөн хариуцагч “Х” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2 485 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д тус тус буцаан олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Х” ХХК-аас төлсөн 2 485 550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т” ХХК-аас төлсөн 2 555 750 төгрөг, хариуцагч “Б П” ХХК-аас төлсөн 2 550 750 төгрөг, хариуцагч “Р” ХХК-аас төлсөн 2 541 392 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                       

                                       ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                            Д.НЯМБАЗАР