Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 135/ШШ2024/01575

 

 

 

 

 

 

 

2024 12 02 135/ШШ2024/01575

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2024/01694/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймгийн Дархан сум,***** тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жавхлан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1998 оны 8 сард Шарын голын Шороон орд майнинг гэдэг компанид ажилд орсон. Намайг ажилд ороход Засгийн газрын алт нэртэй байсан. Хувьд шилжихэд Шороон орд майнинг ХХК болж өөрчлөгдсөн. 2002 оны 11 сарын 10 хүртэл ажилласан. Хувийн компани болоход бичиг баримт нийгмийн даатгалын дэвтэр алга болсон. Архиваас шүүлгэхэд ажилд орсон, ажлаас гарсан тушаал мөн олдохгүй байна. Тэтгэвэр тогтоолгох гэхэд ажилласан жил хүрэхгүй байгаа юм. Иймд миний ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2. Хүсэлт гаргагчаас Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, тодорхойлолтыг ирүүлсэн.

3. Шүүхээс Дархан-Уул аймгийн төрийн архивын тодорхойлолт, Архивын тасгийн албан бичиг, нийгмийн даатгалын газрын тодорхойлолт, Ш.******* Д.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.*******ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч нь нийгмийн даатгалын дэвтэрт бичилт байхгүй, ажилд орсон ажлаас гарсан тушаал архиваас олдохгүй бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажилласан жил хүрэхгүй байгаа тул шүүхэд хүсэлт гаргасан гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлсон байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч Д.******* нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

4. Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд 1998 оны 08 сарын 01-ний өдрөөс 2002 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Шороон орд майнинг ХХК-д каразны жолоочоор ажиллаж байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар холбогдох байгууллагаас баримт бүрдүүлэхэд Дархан-Уул аймгийн Төрийн архиваас тус компанийн баримт архивт шилжиж ирээгүй гэсэн хариу ирүүлсэн байна.

Харин нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор Д.*******ын нэр дээр 2000 оны 05 дугаар сараас 2002 оны 12 дугаар сарын дуустал хугацаанд Шороонд орд майнинг ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн болох нь тогтоогдож байна.

Мөн гэрч Ш.*******ы ... би 1999 онд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Шороон орд майнинг ХХК-д булдозерчноор ажилд орж 2001 он хүртэл ажилласан. Д.******* нь байнгын ажил эрхэлдэг байсан. ... Намайг ажлаас гарах үед ажиллаад үлдсэн. Д.******* краз машины жолооч хийдэг байсан... гэсэн мэдүүлэг, гэрч Д.*******гийн ... Д.******* ах 1998 оны 07 сард Шарын голын майнинг компанид кразны жолоочоор ажилд орж байсан. 2002 онд тус компани хувьчлагдаж ажиллаж байсан ажилтнууд бүгд ажлаас гарсан... гэсэн мэдүүлгээр Д.*******ыг 1998, 1999 оноос эхлэн 2002 он хүртэл тус компанид ажиллаж байсан гэсэн боловч энэхүү мэдүүлгүүд бусад баримтаар давхар нотлогдохгүй байна.

Иймд хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтын дагуу шимтгэл төлсөн хугацаагаар буюу 2000 оны 05 дугаар 01-ний өдрөөс 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Шороонд орд майнинг ХХК-д кразны жолоочоор ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.

5. Хүсэлт гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ***** регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын 2000 оны 05 дугаар 01-ний өдрөөс 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Шороонд орд майнинг ХХК-д кразны жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс 1998 оны 08 сарын 01-ний өдрөөс 2000 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд тус компанид ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ