Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 46

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн;

улсын яллагч: Г.Цогтгэрэл;

шүүгдэгч: Б.А (өөрийгөө өмгөөлөж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Бямбадоржийн Алтангэрэлд холбогдох эрүүгийн 1709019390345 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал, мужааны ажил эрхэлдэг, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11-619 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 4-610 тоотод түр оршин суудаг, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 356 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 07 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан, ВЮ92041117 регистерийн дугаартай, Боржигон овогт Б. А

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ганцаараа 2017 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 84-300 тоотод хохирогч Д.Мөнхсайхантай маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: Хэрэг гардаг тухайн өдөр Д.Мөнхсайхантай маргалдаад, барилцаж аваад цохисон нь үнэн. Би найз Б.Төмөрдулам дээр очсон юм. Намайг хаалга тогшоод зогсож байхад Д.Мөнхсайхан эхэлж маргаан үүсгэсэн юм. Гэм буруугаа хүлээж байна гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Мөнхсайхан /хх-ийн 19-20/, гэрч Г.Мөнхгэрэл /хх-ийн 23/, Б.Төмөрдулам /хх-ийн 29-30/, Г.Баасанбат /хх-ийн 30-32/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13555 тоот дүгнэлт /хх-ийн 34/, Б.Аийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 6-7/, шинээр хохирогч Д.Мөнхсайханы хүсэлт 1 хуудас зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 84-300 тоотод хохирогч Д.Мөнхсайхантай маргалдан тэмцэлдэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

   хохирогч Д.Мөнхсайханы /хх-ийн 19-20/: “...арай махлаг өндөр залуу нь намайг зодсон...Өндөр биетэй Алтангэрэл гэх залуу нь нүүр рүү цохисон...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Г.Мөнхгэрэлийн /хх-ийн 23/: “...Мөнхсайхан “амармаар байна” гээд хаалгаар шагайгаад хэлсэн чинь цаанаас нь “чамд ямар хамаатай юм” гээд хаалган дээр зодолдоод ороод ирсэн. Тэгэхээр нь би босч очоод бариад авсан. Тэгтэл улаан малгайтай залуу нь намайг пивоор дух хэсэг рүү цохисон. Нөгөө залуу нь манай найзыг унагаад зодоод байсан. Би хаалгаар гараад зугтаасан. Миний араас манай найз Мөнхсайхан гарч ирсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Төмөрдуламын /хх-ийн 29-30/: “...Мөнхсайхан гараад “хөөе” гэж дуудаад “гөлөг минь наад хаалга цохихоо боль, унтаж амармаар байна” гэх зэргээр хараалын үг хэлээд байсан. Нөгөө хаалга цохиод байсан хүн нь цаанаас “чамд хамаагүй, чиний
хаалгыг нүдээгүй бол болоо” гэж хэлж байсан. Мөнхсайхан цаашаа гараад
коридорт маргалдаад байх шиг байсан. Мөнхсайхан маргалдаад байсан хүнээ
дагуулаад ороод ирсэн. Хартал Алтангэрэл байсан. Би хувцасаа өмсөх гээд байж
байтал зодолдоод эхэлсэн. Тэгээд би хурдхан шиг хувцасаа өмсөөд гараад
зугтаасан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Г.Баасанбатын /хх-ийн 30-32/: “...Алтангэрэл танихгүй 2 залуутай маргалдан, барилцаж авсан байсан. Тэгтэл Алтангэрэл жижигхэн биетэй Мөнхсайхан гэх залуутай нь цохилцоод автал араас нь нөгөө Мөнхгэрэл гэх залуу нь Алтангэрэлийн араас цохиод авахаар нь би нөгөө өндөр Мөнхгэрэл гэх залууг нь татаж унагаад нэг удаа алгадсан. Нөгөө хоёр залуу болон Аптангэрэлийн таньдаг охин бүгд гараад явсан. Бид хоёр мөн гараад явсан…” гэх мэдүүлгээр,

 

Б.Аийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 6-7/: “...мухарын өрөөнөөс нэг залуу гарч ирээд “зайлаач, яагаад хаалга нүдээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “танай хаалгыг цохиогүй, чи гэртээ орж амар” гэж хэлсэн. Нөгөө хүн намайг “чи зайл” гэж хэлээд надтай маргаан үүсгэсэн. Над руу ирээд намайг бариад авсан, би өөдөөс нь мөн барьж авсан. Намайг гарч ирсэн өрөөрүүгээ оруулсан. Тэгтэл нөгөө өрөөнд нь манай найз Төмөрдулам байсан. Өрөөгөө сольсон байсан юм байна лээ. Нөгөө залуу намайг нэг удаа цохисон, би зөрүүлээд нэг удаа цохисон. Тэгтэл нөгөө найз гэх залуу нь над руу бас цуг дайраад миний араас цохисон. Тэгтэл гаднаас манай найз Баасанбат орж ирээд намайг салгасан. Мөнхсайхан гэх залуу Мөнхгэрэл гэх найзын хамт гараад зугтсан...хөмсөг нь халцарсан байсан. тэр нь унахдаа үүссэн
байх, харин шүд болон уруулын язрал нь миний цохисноос үүссэн байх. Хамарт
учирсан гэмтлийг бол мэдэхгүй байна. Гэхдээ би түүний биед хөнгөн зэргийн
гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,

 

Б.Аийн буруутай үйлдлийн улмаас Д.Мөнхсайханы биед “үүдэн дээд баруун нэг, зүүн нэгдүгээр шүдний сулрал, зүүн хөмсөг, хамар, дээд уруул зулгаралт, дээд уруулын дотор салст цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13555 тоот дүгнэлтээр /хх-ийн 34/, Б.Аийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогчтой хэрэлдэж маргалдсаны улмаас бие биетэйгээ харилцан зодолдсоныг өөрөө хүлээсэн, хохирогч, гэрч нар хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч, хохирогч нар хоорондоо зодолдож байсныг гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

 Хохирогч Д.Мөнхсайханы “битгий хаалга нүдээд бай, амармаар байна, зайлаач” гэж хэлсэн үгэнд дургүйцэн, улмаар Д.Мөнхсайхантай маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.Аийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Б.Аийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч Д.Мөнхсайхан “…500.000 төгрөг авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх Б.Аийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Б.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.МӨНХ-ЭРДЭНЭ