Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/10

 

 

 

Ээд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Прокурор: Б.С /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч: Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т,

Хохирогчийн өмгөөлөгч: Б /зайнаас цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/11 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн, шүүгдэгчийн давж заалдсан гомдлоор шүүгдэгч Ээд холбогдох 2120001060012 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Э

 

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Э нь Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байранд 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Гад, иргэн Бын эзэмшлийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалсан гэх хэргийг хүлээлгэх зорилгоор түүний бие махбодь, сэтгэл санааг шаналган зовоож, эрүү шүүлт тулгах явцдаа Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байранд 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Гын биед зүүн дал болон зүүн бугалганы гадна дээд хэсэг, зүүн гуяны дотор талд цус хуралт, баруун завжинд язарсан шарх, гэмтэл учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Доос шүүгдэгч Ээд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1-т зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

4. Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч *** овогт Эийн Э /***/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч *** овогт Эийн Ээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,

 

шүүгдэгч *** овогт Эийн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эийн Эийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

шүүгдэгч Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Эээс бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсаны эмчилгээний зардалд 31,100 /гучин нэгэн мянга, нэг зуун/ төгрөгийг гаргуулж, хохирогч Гад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36,099,652 /гучин зургаан сая, ерэн есөн мянга, зургаан зуун тавин хоёр/ төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Нр цагаан саарал өнгийн DVD-R диск, Нр улаан өнгийн DVD-R диск HP 4GB төмөр флаш диск зэргийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хадгалж,

 

шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ээд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

 

            5. Шүүгдэгч Э давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхээс намайг хохирогч Гыг эрүүлжүүлэх явцдаа бие засах өрөөнд оруулж өчих, цохих, өшиглөх зэргээр зодож биеэд зүүн дал болон зүүн бугалганы гадна дээд хэсэг, зүүн гуяны дотор талд цус хурал, баруун завжинд язарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

 

5.1. Шинжээч,  Гын биед учирсан гэмтлүүд дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж дүгнэсэн. Гэтэл хэргийн материалаас үзэхэд гэрч Л.Отгонболд, хохирогч Г нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр хохирогч Г цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрнаас цагдаагийн алба хаагчийг түлхэн, түүний хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн зугтахдаа унасан болох нь тогтоогддог ба тухайн уналтын үед түүний биед ямар гэмтэл учирсан нь одоо хүртэл тодорхойгүй, Гад миний бие шинжээчийн эмчийн тодорхойлсон яг ямар, ямар гэмтлийг ямар үйлдлийн улмаас учруулсан нь тодорхойгүй, хэрэв гэмтэл учруулсан буй ямар үйлдлээр ямар гэмтэл учруулсан болохыг тогтоож чадаагүй.

 

5.2. Тухайн хэрэгт мөрдөгч, прокурор нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэт талыг барьж явуулсан болох нь харагдаж байна. Нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн гүйцэт тогтоогоогүй байж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан флаш дискенд авагдсан бичлэгт Г нь харин ч хууль сахиулагчийн хууль ёсны шаардлага удаа дараа эсэргүүцэж, гарч зугтахдаа унаж байгаа түүнээс болж цагдаагийн алба хаагч нар мэх хэрэглэж байгаа талаар тодорхой гардаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

 

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Тухайн хэрэгт явагдсан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хангалтгүй явагдсан. Дээрээс нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой гаргаж байгаа асуудлууд нь юу байгаа вэ гэхээр шинжээч мэдүүлэгтээ түүний биед учирсан зүүн дал болон зүүн бугалгын гадна хэсэгт учирсан цус хуралт гэмтэл нь нэг удаа газар унах үед үүсгэгдэх боломжтой гэж мэдүүлсэн байгаа. Мөн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 04241 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Гын биед зүүн дал болон зүүн бугалгын гадна дээд хэсэгт, мөн зүүн бөөрний дотор талд цус хуралт баруун завжинд язарсан гэмтлүүд тогтоогдсон эдгээр гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн байгаа. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагааны явцад Г нь эрүүлжүүлэх байрнаас зугтаж гарахдаа цагдаагийн алба хаагчтай давхралдаж газар унасан бичлэг байгаа. Мөн энэ хүмүүс шаардлага тавиад саатуулах байр руу авч явж байхад доошоо чиглэлтэй унасан асуудлууд байгаа. Тэр нь хавтаст хэрэгт өгсөн флаш диск дээр байгаа. Өнөөдөр шинжээчийн дүгнэлтээр хохирогч зугтах явахдаа биедээ хоёр төрлийн гэмтэл учруулсан байх бүрэн магадлалтай гэж шинжээч мэдүүлсэн байгаа. Гэтэл энэ бүх гэмтлүүдийг Э учруулсан мэтээр шүүх дүгнэлт хийж, гэм буруутайд тооцож байгаа асуудлууд нь үндэслэлгүй байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Эийг цагаатгаж өгөөч гэсэн байр суурьтай оролцож байна” гэв.

 

7. Хохирогчийн өмгөөлөгч Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...ямар нэгэн асуудал гаргаагүй хүнийг авчирч эрүүлжүүлсэн байдал харагддаг. Очиж авчирсан цагдаа нь энэ хүнийг эрүүлжүүлэх шаардлагагүй байна. Тухайн машины шилийг хагалсан гэж тогтоогдохгүй байна, драгер үлээлгээд гарга гэдэг зүйлийг хэлсэн байдаг. Гэтэл драгер үлээлгээд гаргах ёстой хүнийг нойлд оруулж зодоод байх нь зөв үйлдэл юм уу. Хэрэгт авагдсан сиди бичлэгт нотлох баримтын шаардлага хангуулж үзлэг хийсэн байдаг. Тухайн үзлэгт юу гэж бичсэн байдаг вэ гэхээр чи машины шил хагалсан байна, хагалснаа хүлээн зөвшөөр гэдэг байдлаар зодсон байдаг. Мөн чамд өмгөөлөгч хэрэггүй, дуудаж өгөхгүй, чи өмгөөлөгчөөр яадаг юм гэдэг байдлаар хандсан байдаг. Мөн завж дээр урагдал, бусад газруудад цус хуралт гэмтлүүд байгаа. Дээрээс нь сүүлд MRI шинжилгээ өгөхөд мөрний гэмтэл нь эдгээгүй байсан. Хэрэг болсноос хойш хоёр сарын хугацаанд мөрний гэмтлээс болоод ажлаа хийж чадаагүй. Бүх нотлох баримт байхад  нотлогдохгүй байна, энэ хүн өөрөө бид нараас зугтаж явж байгаад унасан гэдэг. Дөрвөн хөллөж унахад завж, бусад газруудад гэмтэл учирч ажлаа хийх боломжгүй байдал үүсдэг юм уу. /1хх 55/ хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлт дээр хөнгөн гэмтэлд хамаарна гэж байгаа. Мөн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл дээр эхлээд нойл руу ор гэж түлхэж оруулдаг. Яагаад хоёр удаа нойл орсон юм, эхлээд шээгээгүй, сүүлд нь шээдэг. Эхнийх дээр нь нойл орж гарч ирэхдээ ямар ч эсэргүүцэх чадваргүй болгоод гаргаж ирсэн байна гэж бичсэн байдаг. Бусад гэрчүүдийн мэдүүлэг бас байдаг. Ийм байдлаар нотлох баримтууд хэрэгт авагдсан, нэмж хэлэхэд энэ хүн шүүхээр орж гэм буруутай нь тогтоогдсон байхад ажлаа одоо хүртэл хийгээд явж байгаа” гэв.

 

8. Прокурор Б.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, хэрэгт хураан авсан камерын бичлэг гарахгүй боловч мөрдөн байцаалтын шатанд хуульд зааснаар үзлэг хийж бэхжүүлсэн тэмдэглэлүүд байдаг. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч ярьж байх шиг байна. Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд авсан шинжээчийн мэдүүлэг байдаг. Талуудаас шүүх хуралдаан эхлэхээс өмнө санал гаргаж шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулсан байдаг. Шинжээч эмч нь Гын биед учирсан гэмтэл хэд хэдэн удаагийн хатуу зүйлийн үйлчлэлийн үр дүнд үүсэх боломжтой, учирсан гэмтэл нь нэг удаагийн уналтын үед үүсгэгдэх боломжгүй гэж мэдүүлсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогч Г нь эрүүлжүүлэх байранд ирэхээс өмнө биед нь ил харагдах шарх сорвигүй байсан гэдгийг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн цагдаагийн алба хаагчийн мэдүүлэг байдаг.

 Иймд хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр прокурорын яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогддог.  Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын байр суурийг дэмжиж оролцож байгаа. Иймд шүүгдэгчийн гаргасан гомдол нь үндэслэлгүй учир гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Эийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

1. Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн шинжийг “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө,  эсхүл бусад этгээдийг хатгаж,  зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол” гэж хуульчилж,  

 

Монгол Улсын нэгдэн орсон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-д “Эрүүдэн шүүх гэж хэн нэгэн хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбод, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ” гэж тодорхойлжээ.    

 

2. Эдгээр дурдсан хууль болон конвенцын агуулга, хавтас хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан эх сурвалжийг магадлан үзэхэд:

 

2.1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д, шүүгдэгч Эийг эрүүлжүүлэх байрны цагдаагаар ажиллаж байхдаа буюу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд хохирогч Гад,  иргэн Бын эзэмшлийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалсан хэргийг хүлээлгэх зорилгоор түүний бие махбодь, сэтгэл санааг шаналган зовоож, эрүү шүүлт тулгасан, эрүүдэн шүүж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар биед нь зүүн дал болон зүүн бугалганы гадна дээд хэсэг, зүүн гуяны дотор талд цус хуралт, баруун завжинд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

 

2.2. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд прокуророос шүүгдэгч Ээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Эийг аар зүйлийн 1 дэх хэсэг заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эийн Эийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцжээ.

 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Эийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.12-т зааснаар “эрүүдэн шүүж”, хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн шинж тогтоогдоогүй, харин шүүгдэгчийн үйлдэлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж, шийдвэрлэсэн нь зөв байна.

 

3. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э “...Г цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрнаас цагдаагийн алба хаагчийг түлхэн, түүний хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн зугтаахдаа унасан, унах үед түүний биед ямар гэмтэл учирсан нь тодорхойгүй, миний бие яг ямар гэмтлийг ямар үйлдлээр учруулсан болохыг тогтоож чадаагүй, Г гарч зугтахдаа унаснаас болж цагдаагийн алба хаагч нар мэх хэрэглэж байгаа нь камерын бичлэгт тодорхой гардаг, иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргасан ба гомдлыг хангах үндэслэл  тогтоогдсонгүй.

 

Учир нь хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж, дүгнэх боломжтой хоорондоо зөрүүгүйн зэрэгцээ  гэмт хэргийн үйл баримтыг нотолж байна.

 

Тухайлбал хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хохирогч Гаас “...би эгч рүү залгаад намайг авах хэрэгтэй байна гэхэд Э миний гарыг өчиж байгаад утсыг булааж авсан, тэгээд би эрүүлжүүлэх байрнаас гарах гээд үүдэнд очиход араас татаж, бие засах газрын өмнө зогсоосон, хэсэг байж байгаад Э намайг бие засах өрөө рүү оруулсан, ороход миний баруун хацар, зүүн хацарт 1 удаа алгадсан, миний зүүн гар хэсэгт цохиж, гараа барих үед нуруу хэсэгт цохисон, зодуулж байхдаа би Ээд больё би өөрөө эрүүлжүүлэх байранд оръё гэж хэлсэн. Өрөөнөөс гарахад нэг цагдаагийн албан хаагч ирээд Э тэр хоёр намайг өчиж хувцас тайлуулах үед би тэр хоёрт хандан өөрөө хувцсаа тайлъя зүүн гар хөдлөхгүй байна гэж хэлсэн, тэр хоёр намайг тавьж, би өөрөө хувцсаа тайлсан. Надад учирсан зүүн дал болон зүүн бугалганы гадна хэсэг, зүүн гуяны дотор талд цус хуралт, баруун завжинд язарсан шарх гэмтлийг Э цагдаа учруулсан, манай дүү эрүүлжүүлэх рүү орж ирсний дараа Э, чи гараад энд болсон зүйлийг ярихгүй юм байгаа биз дээ, ярихгүй бол гаргана, ярих бол гаргахгүй шүү гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /1хх 17-18/,

 

гэрч Ц.Алтанхуягийн “...цагдаагийн 2 алба хаагч манайд ирээд Гыг авч явсан, тэр ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй зүгээр машинд нь суугаад явсан, түүний биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй, намайг цагдаа очиход Г гараад ирсэн байсан, тухайн үед түүний зүүн гар хөдөлж болохгүй болсон, дүүтэйгээ эмнэлэг явна, зураг авахуулна гээд явсан” гэсэн мэдүүлэг /1хх 20-21/,

 

гэрч  Т.Дын “...намайг ажил дээрээ очиход Г эмэгтэй дүүгийн хамт ажлын үүдэнд зогсож байсан, Г гар эвгүй болсон гээд гараа бариад байсан” гэсэн мэдүүлэг /1хх 31-32/,

 

гэрч Э.Эын “...намайг Гын биед үзлэг хийхэд түүний биеийн бугалга болон бусад газарт улайлт үүссэн байсан” гэсэн мэдүүлэг/1хх 38-39/,

 

гэрч Л.Оын “...Г бие засах хэрэгтэй байна гэхээр нь би өрөөний хаалгыг нээж өгөхөд тэр намайг түлхээд цааш зугтаасан ба араас нь хөөхөд тэрээр коридорт байрлах вакум хаалганы босгонд бүдэрч унахад би дээрээс нь дарж унасан, тэгээд босгож ирээд би түүний баруун гарыг, Э зүүн гарыг өчиж, эрүүлжүүлэх байр руу оруулсан, Г тухайн үед утсаар хүнтэй ярьж байгаад арай гайгүй тайвшрахад Э түүнийг бие засах өрөө рүү ор гэж оруулаад, хамт ороод 3-4 минут болоод гарч ирсэн, би хамт ороогүй” гэсэн мэдүүлэг/1хх 45-46/,

 

гэрч О.Ггийн “...эгч над руу залгаад цагдаа дээр очоорой, Г орилж, чарлаад түс тас хийх чимээ гараад, утас нь газар унах шиг боллоо гэсэн, би цагдаагийн хэлтэс рүү орсон, манай ахын хувцасыг өмсгөөд Э цагдаа гаргаж ирсэн, ах Г тухайн үед зүгээр байж байгаад зодуулсан, гомдолтой, эмнэлэгт үзүүлнэ, намайг камераас нууж, бие засах өрөөнд оруулж зодсон, цагдаа намайг олон юм ярихгүй бол явуулна, яриад байх юм бол эндээ үлд гэхээр нь олон юм ярихгүй гэж хэлээд гарч ирсэн талаар надад хэлсэн. Үдээс хойш бид хоёр эмнэлэг ороод Г ах хувцсаа тайлахад зүүн гар нь улаан эрээн юм болсон байсан” гэсэн мэдүүлэг/1хх 48-49/, эрүүлжүүлэх байрны 2021 оны 9 сарын 28-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх114-115/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтууд болно.

 

Хохирогч, гэрчүүд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэзээ хаана, яаж үйлдэгдсэн талаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гэснийг зөрчөөгүйн гадна тэдгээрийн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон, хэргийн бодит байдалд нийцэж байх тул тэдгээрийн мэдүүлгийг үнэн зөв, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт гэж үзнэ. 

 

4. Шүүгдэгчийн үйлдлээс хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаар бусад оролцогч, хохирогч үнэн зөв мэдүүлсний гадна шинжээч эмчээс  “...Гын биед зүүн дал болон зүүн бугалганы гадна дээд хэсэгт, зүүн гуяны дотор талд цус хуралт, баруун завжинд язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо, гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой, гэмтлүүд мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ, гэмтлүүд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэж  хохирогчид учирсан гэмтэл /1хх 59/-ийг тодорхойлж, тогтоожээ.

 

Шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан, оролцогчоос дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй. 

 

Шинжээч эмчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мөн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрчийн мэдүүлгээс үзэхэд хохирогч зугтаах үед унаснаас тухайн гэмтлүүд учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх114-115/-д тусгагдсанаар хохирогч Г дөрвөн хөллөж унах үед түүний биед учирсан гэмтлийг үүсчээ гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин эдгээр гэмтлийг шүүгдэгч Э нь хохирогчийг ариун цэврийн өрөөнд оруулж, цохиж, зодсоноос учирсан  болох нь шинжээч эмчийн “... учирсан  гэмтэл нь 3-аас дээш хэд хэдэн удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэсэн дүгнэлт болон хохирогчийн “...намайг ариун цэврийн өрөөнд оруулаад шууд зодсон, гуя руу өшиглөөд, би доошоо сөхрөөд ойчоод өгсөн, тэгээд гараараа цохиод, хөлөөрөө өшиглөөд байсан” гэсэн мэдүүлэг, гэрчүүдийн “...Г цагдаад руу явахаас өмнө ил харагдах шарх сорви байгаагүй мөн шүүгдэгч  нь хохирогчийг ариун цэврийн өрөө рүү ор гээд өөрөө хамт орж хаалгыг хаасан” талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзнэ.  

 

Тиймээс шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх ба бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан үр дагаварт хүргэх байдлаар илрэх бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан үр дагаврын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон нөхцөлд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцдог учиртай.

 

5. Шүүхээс хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэдэг.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Эийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Гын  эрүүл мэндэд  учирсан  хохиролтой холбоотой нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, цаашид  гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг заасан нь үндэслэл бүхий байна.

 

Харин цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтыг хохирогчоос шүүхэд гаргаж өгөхдөө тэдгээр баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх түүнчлэн шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримттай шалтгаант холбоотой байх ёстойг анхаарах нь зүйтэй.

 

Иймд эдгээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/11 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Эийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                                                  Н.БОЛОРМАА