Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 152/ШШ2024/00359

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Г.Б-ийн,

Г.Цийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Г.Б (цахим),

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Г овогтой Ц нь 1988 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн барилга трестэд цахилгаанчнаар томилогдоод анх ажилд орсон. 1991 оныг дуустал ажиллаж байгаад барилга трест хувьчлагдаж Хийц ХК-д үргэлжлүүлэн 1995 он хүртэл ажилласан. Увс аймгийн Архивын тасгаас тодорхойлолт авахад 1988, 1989, 1991 онуудад цалин авсан баримт, ажилд орсон тушаал гарсан бөгөөд Хийд ХК-ийн баримт шилжиж ирээгүй байна. Одоо Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд төрсөн дүү болох Г овогтой Батсүх надад итгэмжлэл олгосон тул шүүхэд хандаж байна. Тухайн үед Г.Цтэй хамт ажиллаж байсан Я.З гэрчээр асууж түүний ажилласан байдлыг тогтоож өгнө үү. Г овогтой Цийн 1988 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 1991 оныг дуустал Барилга трестэд цахилгаанчнаар, 1992 оноос 1994 оныг дуустал Хийц ХК-д цахилгаанчнаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Цээс Г.Бэд олгосон итгэмжлэл, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаартай зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 167 дугаартай тодорхойлолт, мөн өдрийн 254 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, Увс аймгийн барилга трестийн даргын 1988 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 511 дугаартай тушаал, 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 568 дугаартай тушаал, 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04/09 дугаартай тушаал, Г.Цийн 271296 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Батлан хамгаалах яамны батлан хамгаалахын төв архивын 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 06/673 дугаартай цэргийн алба хаасан лавлагаа, гэрч Я.Згийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүнийг ажилд томилсон Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1985 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 192 дугаартай тушаал, гэрч Я.Зд хүүхэд асрах чөлөө олгосон Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1990 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 555 дугаартай тушаал зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Г.Цийн ХААТР-1, гэрлэсний бүртгэл, Цийн С, Ц.Б, Ц.Б нарын төрснийг бүртгэх анкет, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас Хийц ХК 1991-1995 оны хооронд тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлж байсан эсэх лавлагааг нотлох баримтаар бүрдүүлэв.

Г.Бийн хүсэлтээр Я.Зг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс Г.Бийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов. 

2. Г.Б нь шүүхэд хандаж Г.Цийн 1988 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 1991 оныг дуустал Барилга трестэд цахилгаанчнаар, 1992 оноос 1994 оныг дуустал Хийц ХК-д цахилгаанчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Г.Бийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Г.Б нь Г.Цийн 1988 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 1991 оныг дуустал Барилга трестэд цахилгаанчнаар, 1992 оноос 1994 оныг дуустал Хийц ХК-д цахилгаанчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Г.Ц нь 1988 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс Увс аймгийн барилга угсралтын трестэд ажиллаж эхэлсэн. Барилга угсралтын трест татан буугдсаны дараа Хийц ХК-д цахилгаанчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1994 оныг дуустал хугацаанд тус байгууллагад ажилласан.

3.2. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор баримт бичгээ бүрдүүлэхэд Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаартай зөвлөмжийн хуудсаар “1988 онд Увс аймгийн барилга угсралтын трестэд ажилд орсон, гарсан нь хөдөлмөрийн дэвтрээр баталгаажиж байгаа боловч уг ажилласан жил нь нөхөн бичилттэй байгаа тул уг хугацааны жилээр тэтгэвэр тогтоох боломжгүй” гэх хариу өгсөн тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Хэрэгт Увс аймгийн барилга трестийн даргын 1988 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 511 дугаартай тушаалын хуулбар авагдсан бөгөөд Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажжээ. Иймд дээрх баримтад үндэслэн Гын Цийг 1988 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс Увс аймгийн барилга трестэд цахилгаанчнаар ажиллаж эхэлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Мөн хэрэгт авагдсан Увс аймаг дахь барилга трестийн даргын 190 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 568 дугаартай тушаалаар 1990 оны төлөвлөгөөт үзүүлэлт, ажлын цаг ашиглалтыг 100 хувиас дээш хувиар биелүүлж, байгууллагын аваргаар шалгарсан 20 хүнийг шагнасан байх бөгөөд тус тушаалын хавсралтад Г Ц гэж бичигджээ.

Дээрх баримтаар Гын Ц нь 1990 онд Увс аймгийн барилга трестэд ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан Увс аймаг дахь барилга трестийн даргын 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04/09 дугаартай тушаалаар тус байгууллагад тасралтгүй удаан жил ажилласан ажилтнуудад нэмэгдэл олгох асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд тус тушаалын хавсралт Г.Ц, барилгад ажилласан жил-2 гэж бичжээ.

Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 254 дугаартай цалингийн тодорхойлолтоор Г.Цийн 1988 оны 11 дүгээр сар, 1989 оны 01-11 дүгээр сар, 1991 оны 1-12 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлжээ.

Мөн тус архивын 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 167 дугаартай тодорхойлолтоор Увс аймгийн Хийц компанийн баримт тус архивт шилжиж ирээгүй тул Гын Цд холбогдох баримтыг гаргах боломжгүй гэжээ.  

Дээрх бичмэл нотлох баримтуудаас Г.Ц нь 1988 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 1991 оныг дуустал хугацаанд Увс аймгийн барилга угсралтын трестэд цахилгаанчнаар ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

4.2. Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан Г.Цийн ХААТР-1 маягтыг 1988 оны 7 дугаар сарын 04-ны өдөр үйлдсэн байх бөгөөд тус баримтад Г.Цийг 1988 онд ажилгүй гэж тэмдэглэжээ.

Энэхүү баримт нь Г.Цийг 1988 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн барилга угсралтын трестэд цахилгаанчнаар томилогдон ажиллаж эхэлхээс өмнө үйлдэгдсэн баримт байх тул хэрэгт хамааралгүй баримт байна.

4.3. Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан Г.Цийн гэрлэсний бүртгэлээс үзвэл Г.Ц нь 1989 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Гүнгийн Намидтай гэрлэлтээ бүртгүүлж, 1990 онд хүү Батболдыг, 1991 онд хүү Бат-Эрдэнийг, 1993 онд хүү Сумъяанамдагийг төрүүлжээ.

Шүүхээс Г.Цийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэрэгт түүний 1990-1993 оны хооронд төрүүлсэн хүүхдүүдийн төрснийг бүртгэх анкетыг нотолгооны ач холбогдолтой гэж үзэж, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан.

1990 оны 5 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгдсэн Цийн Батболдын төрснийг бүртгэх анкетад Г.Цийг Барилга угсралтын трестэд цахилгаанчин ажилтай гэж тэмдэглэсэн бол 1992 оны 7 дугаар сард үйлдэгдсэн Цийн Бат-Эрдэнийн төрснийг бүртгэх анкетад Г.Цийг Барилгын материалын үйлдвэрт цахилгааны мастер, 1993 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр үйлдэгдсэн Цийн Сумъяанамдагийн төрснийг бүртгэх анкетад Г.Цийг Хийц компанид нормчин ажилтай гэж тэмдэглэжээ.

Увс аймгийн барилга угсралтын трест нь 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Барилгын бирж улсын үйлдвэрийн газар болж өөрчлөгдсөн болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 751 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

5.  Гэрч Я.З шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Би 1985 онд Завхан аймгийн барилгын техник мэргэжлийн сургуулийг битон армотурчин мэргэжлээр төгссөн. Төгсөж ирээд 1985 онд Увс аймгийн барилга угсралтын трестын барилгын материал үйлдвэрт армотурчнаар ажилд орж 1996 он хүртэл ажилласан. Г.Ц 1988 онд Увс аймгийн барилга угсралтын трестын барилгын материал үйлдвэрт цахилгаанчнаар ажилд орж байсан. Г.Цтэй хамт ажилладаг байсан тул нэгнээ мэднэ. Г.Ц Увс аймгийн барилга угсралтын трестийн барилгын материал үйлдвэрт цахилгаанчнаар 1994 он хүртэл ажилласан” гэж мэдүүлжээ.

Гэрч Я.Згийн ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан Увс аймгийн барилга трестийн даргын 1985 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 192 дугаартай тушаалын хуулбар,  1990 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 555 дугаартай тушаалын хуулбараар тогтоогдож байх бөгөөд түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.  

6. Хүсэлт гаргагч Г.Б нь Г.Цийн 1988 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 1991 оныг дуустал Барилга трестэд цахилгаанчнаар, 1992 оноос 1994 оныг дуустал Хийц ХК-д цахилгаанчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд Г.Ц нь Хийц хувьцаат компанид 1993 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар нормчноор ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

Иймд шүүхээс Г.Цийн 1988 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Увс аймгийн барилга трестэд цахилгаанчин, 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Хийц хувьцаат компанид цахилгаанчин, 1993 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 1994 оныг дуустал Хийц хувьцаат компанид нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

7. Шүүхээс хүсэлт гаргагч Г.Бийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Булгадар овогт Гын Цийн 1988 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Увс аймгийн барилга трестэд цахилгаанчин, 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Хийц хувьцаат компанид цахилгаанчин, 1993 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 1994 оныг дуустал Хийц хувьцаат компанид нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Г.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.УРНАА