| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2017/0003/э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2017-12-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Еркебулан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Солонго,
Улсын яллагч Х.Еркебулан,
Шүүгдэгч Н.М /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онги овогт Нямдаваагийн Мөнхсайханд холбогдох эрүүгийн 1709016140268 дугаартай хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1964 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, эрэгтэй, 53 настай, бүрэн дунд боловсролтой, холбооны засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2-49 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,
1984 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын шүүхээр Эрүүгийн хуулийн 128 дугаар зүйлийн 128/б-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Онги овогт Нямдаваагийн М, /РД: КЮ64051770/
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Н.Мөнхсайхан нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд хэд хэдэн удаагийн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аз хур” ХХК-ний харъяа номын дэлгүүрээс 8 ширхэг ном, 7 ширхэг дэвтэр зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, улмаар хохирогч С.Дуламсүрэнд 425.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Мөнхсайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.
Эрүүгийн 1709016140268 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Н.Мөнхсайхан нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би ерөнхийдөө ном унших дуртай заримдаа “Аз хур” номын их дэлгүүрт орж ном худалдаж авдаг байсан. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын сүүлд байхаа 2 удаа “Аз хур” номын дэлгүүрт ороод гадаад хэлний толь бичиг 2 ширхэг, 1 ширхэгийг хулгайлж аваад Сандэй плаза төвийн гадна зогсож байгаад 10.000 төгрөгөөр тус бүрт нь хүмүүст зарчихсан. Тэгээд хэд хоногийн дараа орохдоо 2 ширхэг толь бичиг, 1 ширхэг толь бичиг хулгайлж авсан. Мөн 9 сард дахиад хоёр удаа орсон. Хамгийн сүүлд 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр согтуу уг дэлгүүрт ороод 2 ширхэг толь бичиг аваад гарах гэж байгаад хамгаалагчид нь баригдсан юм. Би одоо ямар ч байсан 8 ширхэг ном 2 ширхэг ярианы дэвтэр байсныг санаж байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
Хохирогч С.Дуламсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын дунд үеэс эхлэн 7 хоног бүрийн хяналтын тооллогоор дандаа 1 бүрийн үнэ нь их үнэтэй ном дутаад байдаг болсон. Тэгээд гайхаад хяналтын камер шүүж үзэхэд 60 орчим насны өндөр нуруутай туранхайдуу хар өнгийн куртиктэй, хар өнгийн өмд, гуталтай кейпк малгайтай хүн орж ирээд ном өвөртөө хийгээд хулгай хийгээд дээд давхарын кофе шоп ороод ялтсыг нь хуулж аваад гарч байгаа бичлэг байсан юм. Дараа нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ном хулгайлж аваад гарч байхад нь манай хамгаалагч Ганзориг таниад барьж авахад 2 ширхэг ном, 1 толь бичиг өвөрт нь байсан. Япон-Монгол толь бичиг 48.000 төгрөг, Монгол-Япон толь бичиг 49.000 төгрөгийн үнэтэй номнууд гарч ирсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,
Гэрч О.Ганзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр эд хариуцагч Дуламсүрэн "толь бичиг алга болсон байна, камер шүүгээд өгөөч" гээд хүсэлт гаргаад шүүж үзэхэд 1 цагаас 1 цаг 30 минутын орчим өндөр туранхай 50 гаруй насны эрэгтэй хүн кейпк малгайтай, малгайнаасаа илүү гарсан хар үстэй хүн орж ирээд надтай шатан дээр зөрснийг би мэдээгүй юм байна лээ. Тэр хүн "Хэл шинжлэл толь бичиг" гэсэн тавиур дээрээс хоёр тал руу харж байгаад 1 толь бичиг энгэртээ хийгээд нөгөө талын энгэрт 2 жижиг ярианы дэвтэр байсан байх хийгээд гарч байсан. Тэгээд шүүгээд намайг энэ дэлгүүр дээр гарахаас өмнө нэг удаа орж ирж ном аваад хамгийн сүүлд 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нөгөө хүнийг дахин орж ирэхийг таниад камерээр харж байсан чинь яг өмнөх үйлдлээ давтаад Монгол-Япон, Япон-Монгол толь тус бүр нэгийг аваад энгэртээ хийгээд кофе шоп руу орохоор нь гарч ирэхийг нь хүлээсээр байсан чинь гарч ирэхгүй байхаар нь доошоо бууж байгаад бичиг хэргийн хэсгийн үүдээр гарахаар нь араас нь очиж барьж авсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ:
“…Хятад Монгол толь бичиг 3 ширхэг-120.000 төгрөг,
Монгол Хятад толь бичиг 3 ширхэг – 120.000 төгрөг,
Хятад ярианы дэвтэр толь бичиг 3 ширхэг – 38.700 төгрөг,
Монгол Хятад ярианы дэвтэр 4 ширхэг- 20.000 төгрөг,
Шинэ Хятад ярианы толь бичиг 2 ширхэг- 30.000 төгрөг,
Монгол Япон толь бичиг 1 ширхэг – 48.000
Япон Монгол толь бичиг 1 ширхэг -49.000 төгрөг…” гэжээ /хх-ийн 6 дугаар хуудас/,
"Азхур" ХХК-ийн харьяа номын дэлгүүрийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...
“…Аз хур номын их дэлгүүрийн нийтийн номын тасгийн хэл шинжлэлийн тавиурын урд талаас япон монгол толь 1 ширхэг, монгол япон толь 1 ширхэгийг номыг хар өнгийн куртка, хар малгай, хар өмд, хар өнгийн гуталтай, куртканы дотуур саарал өнгийн цамцтай 165-175 см өндөртэй эрэгтэй куртканыхаа хармайндаа хийж авч байгааг Аз хур номын их дэлгүүрийн урд талаас хойшоо харсан голын камерийн бичлэгт бичигдсэн байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно...” гэжээ /хх-ийн 8, 9-10 дугаар хуудас/,
Н.Мы оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 30 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Мөнхсайхан нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аз хур” ХХК-ний харъяа “Аз хур” номын их дэлгүүрээс 8 ширхэг ном, 7 ширхэг дэвтэр зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч С.Дуламсүрэнд 425.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.Мөнхсайханы шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Дуламсүрэнгийн мэдүүлэг, гэрч О.Ганзоригийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Н.Мөнхсайхан нь тус номын дэлгүүрээс ном, дэвтэр хулгайлснаа өөрөө хүлээсэн, хохирогч, гэрч нар ном, дэвтэр алдагдсан талаар, камерийн бичлэгт бичигдсэн байдлын талаар мэдүүлсэн, эд мөрийн баримтаар авагдсан камерийн бичлэгээр шүүгдэгчийн гэмт үйлдэл бичигдсэн болохыг тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Мөнхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Н.Мөнхсайханы бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсаны улмаас 425.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Н.Мөнхсайханы гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Мөн шүүгдэгч Н.Мөнхсайханд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Прокуророос шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хийсэн дүгнэлтдээ “...шүүгдэгч Н.Мөнхсайханд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй...” гэсэн санал гаргасан хэдий ч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгасан, хувийн байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж үзсэн болно.
Хэрэгт авагдсан хохирогч С.Дуламсүрэнгийн мэдүүлэгт “...хохирлоо бүрэн барагдуулж авсан, санал гомдол байхгүй...” талаар /хх 15/ мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.
Хавтаст хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Мөнхсайхан нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Онги овгийн Нямдаваагийн Мөнхсайханыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсны улмаас 425.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнхсайханыг 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.Мөнхсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнхсайхан нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Мөнхсайханд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН