Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/11

 

 

 

Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, ерөнхий шүүгч Н.Батчимэг, Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Прокурор: Б.А,

Шүүгдэгч: Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/30 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрсөн прокурор М.Оын эсэргүүцлээр шүүгдэгч Эт холбогдох 2219003010351 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар: Э,

 

2. Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хаалганаас урд зүгт орших хатуу хучилттай замд *** ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4 “жолооч Дараах үүргийг хүлээнэ а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчиж, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, өндгөн тулгуурын Резин гадар, жолооны хөндлөн татуурга тохируулах муфт эвдрэлтэй *** ДГС Улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, тээврийн хэрэгсэлд хамгаалах суудлын бүс хэрэглүүлээгүй зорчигч тээвэрлэж хохирогч Ж.Мын биед хүнд, Б.Аын биед хүндэвтэр зэргийн хохирол учруулсан буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Оаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

4. Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***Эт холбогдох 2219003010351 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол болмогц шүүгдэгч Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч цагаатгах тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

 

5. Прокурор М.О эсэргүүцэлдээ: “5.1. ... Шүүгдэгч Э нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хаалганаас урд зүгт орших хатуу хучилттай замд *** ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 3.4-т “жолооч дараах үүргийг хүлээнэ а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 6/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бус хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчиж, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, өндгөн тулгуурын резин гадар, жолооны хөндлөн татуурга тохируулах муфт эвдрэлтэй *** ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, тээврийн хэрэгсэлд хамгаалах суудлын бүс хэрэглүүлээгүй зорчигч тээвэрлэж явсны улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Ж.Мын биед хүнд, Б.Аын биед хүндэвтэр зэргийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Дорноговь аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн магадалгаа болон Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Мехник, тээврийн сургуулийн Техникийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/02 дугаартай дүгнэлтээр давхар нотлогдож тогтоогдсон.

 

5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр... “ хохирол учруулсан бол гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлж хуульчилсан. Шүүх Эын осол гаргах үед унаж байсан *** ДГС дугаартай тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгийн хугацаа 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дууссан болох нь 11 дугаартай Дорноговь аймгийн Автотээврийн төвийн дүгнэлтээр тогтоогдсон ба энэ нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 5-д заасан зөрчлийг үйлдсэн гэж дүгнэсэн хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэргийг илт үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна.

 

5.3. ... Мөн Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17 “...техникийн хяналтын үзлэг” гэж автотээврийн хэрэгслийн техникийн байдлыг тусгай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан, оношлогчийн мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагад тулгуурлан, стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхэд үзлэг хийж шалгах, тодорхойлох, үнэлэх үйл ажиллагааг...” гэж, 17 дугаар зүйлийн 17.2-т “Техникийн хяналтын үзлэг хийсэн гэрчилгээнд заасан хугацаанд техникийн хяналтад ороогүй автотээврийн хэрэгслийг байлдааны тусгай зориулалттайгаас бусад /замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно” гэж, 191 дүгээр зүйлийн 191.2.1-т “авто тээврийн хэрэгслийн техникийн ашиглалтын байдалд тавих шаардлагын дагуу техникийн хяналтын үзлэгийг/авто тээврийн хэрэгслийн ерөнхий байдал, иж бүрдэл, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тоормосны систем, жолооны механизм, гэрэл дохио, явах анги, экологи болон эргономикийн үзүүлэлт/ бүрэн хийх...” гэж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “...Тээврийн хэрэгслийг эзэмшигч Монгол Улсад бүртгэлтэй механикжсан тээврийн хэрэгслийг ашиглалтын явцад тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамруулах үүрэгтэй...” гэж тус тус хуульчилжээ. Техникийн хяналтын үзлэгт оруулах нь *** ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцох боломжтой эсэх, тухайн тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл бий эсэхийг тогтоох урьдаж нөхцөл бөгөөд хэрэв техникийн хяналтын үзлэгт оруулсан хугацаа дууссан бол тухайн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг жолоочид хориглосон болно. Гэтэл шүүгдэгч Э нь техникийн хяналтын үзлэгт оруулах хугацаа дууссан үед замын хөдөлгөөнд оролцуулах боломжгүй, техникийн зөрчилтэй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нөхцөлийг бий болгож, цаашлаад хүний эрүүл мэндэд хүнд хүндэвтэр хохирол учруулсан. Өөрөөр хэлбэл Э нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 5-д заасан зөрчлийг үйлдсэн бус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Эт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

6. Прокурор Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “... Прокурор М.Оын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна.” гэв

 

7. Шүүгдэгч Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ер нь шулуун замд явж байгаад гэнэт жолооны хүрд булаагаад эсрэг урсгал руу орсон тэгээд осол гарсан. Хэдхэн секундэд болсон. Оношилгоо 05 дугаар сарын 06-ны өдөр дууссан. Тухайн үед аваад удаагүй байсан. Манай аавын бие муудаад Улаанбаатар хот руу авч яваад сүүлдээ хагалгаанд орохоор болоод 06 дугаар сарын 27-ны өдөр  Улаанбаатар хотоос ирээд 29-ний өдөр засвар дээр очиж үзүүлчхээд ... гарсан. засварт очиж үзүүлэхэд... ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй гэж хэлсэн.” гэв.

 

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “8.1. ... Ажлын тоормосны систем гэдэг бол шилжих хөдөлгөөн буюу физикийн хуулиар зохицуулагддаг. Жолооч ер нь хөдөлгөөнд оролцохын өмнө нь өдөр болгон техникийн үйлчилгээг хийдэг. Техникийн үйлчилгээ нь ерөнхийдөө мэдрэхүйгээр арчих, цэвэрлэх, ажиглах, харах, барих, сонсох, үнэрлэх, гэх мэт үйлчилгээг хийдэг. Үүнээс бусад нүднээс далд байгаа техникийн үзүүлэлтээр заасан хэмжээсийг жолооч өөрөө хараад мэдрээд эсвэл гараараа эргүүлээд элэгдлийн зэрэг, сул явалтыг зэрэг, холхионы зэргийг тогтоох боломжгүй байдаг. Хүний хүчин зүйлээс давсан техник гэмтлийг оношилгооны байгууллагаар илрүүлдэг. Өөрөөр хэлбэл мотор цохих, хурдны хайрцаг эвдрэх зэрэг эвдрэл гэмтэл тогтоогдсон тохиолдолд оношилгооны байгууллагаар илрүүлдэг. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 а-д жолооны механизм ажиллахгүй болсон гэж байгаа. Жолооч Эыг шулуун явж байхад нь автомашины жолооны хүрд нь аль нэг тал руу булаагаагүй, савлаагүй, ямар нэгэн жолооны механизм цохилт, доргио, холхио өгөөгүй. Мөн эргэж, тойрох үйлдэл хийхэд жолооны хүрд хүндрэлтэй залагдаагүй, дугуйны хээ жигд бус элэгдээгүй ийм эвдрэл гэмтэл жолоочид мэдрэгдээгүй. Автомашины жолооны механизм хэвийн ажиллаад дээрх эвдрэл гэмтэл мэдрэгдээгүй хөдөлгөөнд оролцож байсан. Ийм учраас жолооны механизм ажиллагаагүй болоогүй байсан. Энэ нь дүгнэлт гаргасан Дорноговь аймгийн авто тээврийн үндэсний төвийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлтэд машины зөв талын өндгөн тулгуур мултарч унаж жолооны ховилгүй болж дугуй залуургүй унадаг тул осол гаргах шалтгаан болсон байна. Мөн Шинжлэх ухаан техникийн их сургуулийн механик техникийн сургуулийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1207 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэд *** ДГС улсын дугаартай автомашины зүүн талын жолооны хөндлөн татуургын нугасан холбоос нь эвдэрсэн байна. Замын нөхцөл байдал, автомашины ашиглалтын горим, гүйлт, тухайн эд ангийн чанар зэргээс хамааран дээрх нугасан холбоосны техникийн байдал мууддаг. Уг автомашины нугасан холбоосны техникийн байдал муудсанаар бөмбөлгөн холбоос нь мултарсан байна. Энэ гэмтэл нь автомашины зүүн талын дугуйг жолооны хүрдээр удирдах боломжгүй болгож улмаар зам тээврийн ослын шалтгаан болсон байна гэсэн дүгнэлтүүд нь *** ДГС улсын дугаартай автомашинд учирсан гэмтлийг тогтоосон байна. Жолооч жолооны механизм эвдрээгүй хэвийн ажиллаж байх үед нугасан холбоосны элэгдлийн зэргийг тогтоогоод ингээд энэ нь хөдөлгөөнд аюултай байдал үүслээ гэдгийг урьдчилан мэдэх боломжгүй юм.

 

8.2. ... Зорчигч нар бол замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн. Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалтад замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино гэсэн заалт байгаа. Мөн тус дүрмийн 6.1 дэх заалтад тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ. Үүнд а/ хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн. Үүнээс харахад мөрдөгчийн гаргасан магадалгааг бүрэн бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй гэж үзэхэд учир дутагдалтай байна гэж үзэж байна.

 

8.3. ... Э *** ДГС улсын дугаартай автомашиныг анх худалдаж авахдаа болон 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр буюу ослын өмнөх өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах авто засварын үйл ажиллагаа явуулдаг 51 гэх авто засварын газарт автомашинаа засвар хийлгэж солих шаардлагатай эд анги байвал үзүүлэхэд хойд талын хоёр амортизатор нь солих шаардлагатай байна. Бусдаар ил гэх эвдрэл гэмтэл алга байна гэж хоёр амортизатораа шинээр авч солиулаад автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг байлгах үүргээ биелүүлсэн. Мөн осол гаргах үедээ жолоодож явсан *** ДГС улсын дугаартай автомашины техникийн авто үзлэгийн хугацаа 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дууссан байсан нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан техникийн хяналтад ороогүй авто тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан зөрчлийг үйлдсэн гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх прокурор М.Оын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

1. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Оаас шүүгдэгч Эыг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хаалганаас урд зүгт орших хатуу хучилттай замд *** ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” 3.4 “жолооч Дараах үүргийг хүлээнэ а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчиж, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, өндгөн тулгуурын Резин гадар, жолооны хөндлөн татуурга тохируулах муфт эвдрэлтэй *** ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, тээврийн хэрэгсэлд хамгаалах суудлын бүс хэрэглүүлээгүй зорчигч тээвэрлэж, хохирогч Ж.Мын биед хүнд, Б.Аын биед хүндэвтэр зэргийн хохирол учруулсан буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт  үйлдэж, хэргийг  хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

2. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр шүүгдэгч Эт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

3.  Прокуророос анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч “ ... эвдрэлтэй тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон ... хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэсэн, ...техникийн хяналтын үзлэгт оруулах хугацаа дууссан үед замын хөдөлгөөнд оролцуулах боломжгүй, техникийн зөрчилтэй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нөхцөлийг бий болгосон, цаашлаад хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан ...” үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх агуулга бүхий эсэргүүцэл гаргасныг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

4. Учир нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэм буруугийн зарчим нь аливаа этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон тохиолдолд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог ба харин гэм буруугүйгээр хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэггүй.

 

Өөрөөр хэлбэл “гэм буруу нь нэг талаас гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын агуулгад багтах биеэ даасан тулгуур ойлголт, нөгөө талаас “нотлогдоогүй бол гэм буруугүй” гэсэн зарчмын субъектэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх чухал үндэслэл, гэмт хэргийн нэг шинж юм.”[1]

 

Иймээс шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан тогтоож, үнэлэлт, дүгнэлт өгөхдөө гэмт хэрэгт буруутгагдаж буй хүний гэм буруугийн хэлбэр, түүний шинжийг зөв тодорхойлох шаардлагатай болдог.

 

5. Хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлтэд /1хх82/ “... тухайн тээврийн хэрэгслийг шинжлэх явцад өндгөн тулгуурын резин гадар байсан ул мөргүй байна. Иймд уг тээврийн хэрэгслийн жолооны хөндлөн татуурга тохируулах муфтнээс өндгөн тулгуур мултарч унан жолооны хуваарьгүй болж дугуй шууд залуургүй унадаг тул осол гарах шалтгаан болсон. Энэ нь техникийн элэгдэл хорогдлын улмаас үүссэн байх боломжтой...” гэж,

Техникийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/07 дугаартай дүгнэлтэд /1хх 225-227/ “... *** ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийн  зүүн талын жолооны хөндлөн татуурганы нугасан холбоос нь эвдэрсэн. ...Замын нөхцөл байдал, автомашины ашиглалтын горим, гүйлт, тухайн эд ангийн чанар зэргээс хамааран дээрх нугасан холбоосны техникийн байдал мууддаг. Уг автомашины нугасан холбоосны техникийн байдал муудсанаар бөмбөлгөн холбоос мултарсан байна. Энэ гэмтэл нь  автомашины зүүн талын дугуйг жолооны хүрдээр удирдах боломжгүй болгож, улмаар зам тээврийн ослын шалтгаан болсон ...” гэж ослын шалтгааныг тогтоожээ.

 

Тэгэхээр эндээс үзвэл осол гарсан шалтгаан нөхцөл нь тээврийн хэрэгслийн зүүн талын жолооны хөндлөн татуурганы нугасан холбоос нь эвдэрч муудсанаар бөмбөлгөн холбоос мултарч эвдэрснээс автомашины зүүн талын дугуйг жолооны хүрдээр удирдах боломжгүй болж осол гарсан, ийнхүү бөмбөлгөн холбоос мултрах гэмтэл нь техникийн элэгдэл хорогдол болон замын нөхцөл байдал, автомашины ашиглалтын горим, гүйлт, тухайн эд ангийн чанар зэргээс хамаардаг болох нь тогтоогдсон байх ба энэ тохиолдолд шүүгдэгч Э нь уг эвдрэл гэмтлийг урьдчилан мэдэх боломжтой байсан эсэх нөхцөл байдал нь түүнийг гэмт хэрэгт буруутгах үндэслэл болно.

 

6. Прокурор энэхүү осол гарсан шалтгааныг шүүгдэгч Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” 3.4 “жолооч Дараах үүргийг хүлээнэ а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчиж, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, өндгөн тулгуурын Резин гадар, жолооны хөндлөн татуурга тохируулах муфт эвдрэлтэй *** ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, тээврийн хэрэгсэлд хамгаалах суудлын бүс хэрэглүүлээгүйгээс тус тус болсон, энэ нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийн шинжтэй гэж үзжээ.

 

7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт болгоомжгүй хэлбэрийн талаар “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заажээ.

 

Энд зааснаас үзэхэд гэмт этгээд нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай хор уршигт хүргэнэ гэдгийг сайтар ухамсарлаж, үүнийг урдаас мэдэж байснаар тухайн хор уршигт хүргэхгүй, гаргахгүй хэмээн бүрэн итгэж найдсан, эсхүл хор уршиг учрахыг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй байдлаасаа болж уг боломжийг ашиглаагүйн улмаас тэрхүү хор уршиг учирсан бол түүнийг гэм буруутайд тооцохоор байна.

 

Гэтэл хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Эын жолоодон явсан *** ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө техникийн хувьд бүрэн бус эсхүл эвдрэл гэмтэлтэй байсан нь эргэлзээгүйгээр нотлогдож тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Энэ талаар Дорноговь аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 82/, техникийн шинжээчийн дүгнэлтэд /1хх 225-227/ тээврийн хэрэгсэлд гарсан эвдрэл, гэмтэл нь техникийн элэгдэл хорогдол болон замын нөхцөл байдал, автомашины ашиглалтын горим, гүйлт, тухайн эд ангийн чанар зэргээс хамаардаг болох тухай дурдагдсан.

 

Мөн тээврийн хэрэгслийн гэрчилгээнд /1хх 20/ “... үйлдвэрлэсэн он 2006, ...импортолсон огноо 2012-07-05 гэж тэмдэглэгдсэн.

 

Гэрч Ж.Б /1хх 196-197/ болон шүүгдэгч Э /1хх 124/ нарын мэдүүлэгт шүүгдэгч нь *** ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 05 дугаар сарын 07-ны үед Ж.Бэс худалдаж авсан, тухайн үед машин эвдрэл гэмтэлгүй байсан, Э машиныг засварын газарт үзүүлээд зүгээр байна гэж хэлээд худалдаж авсан гэсэн.

 

Дорноговь аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн техникч Б.П шинжээчээр өгсөн мэдүүлэгтээ /1хх 199-200/ “...Тээврийн хэрэгслийн өндгөн тулгуур нь гадны биетэд цохигдсоны улмаас эсвэл огцом эргэлтийн улмаас мултрах боломжтой. Уг эвдрэл нь ямар нэгэн саадгүй шулуун замд үүсэх боломжгүй” гэжээ.

 

Дурдагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Эыг замын хөдөлгөөнд оролцох шаардлага хангахгүй тээврийн хэрэгсэл жолоодож явсан, энэ нь осол гаргах, хор уршиг учруулна гэдгийг мэдэж, ойлгож, ухамсарласан атлаа энэхүү учирч болзошгүй хор уршгийг гаргахгүй байж чадна гэж өөртөө хөнгөмсгөөр найдсан, мөн жолооны хөндлөн татуурганы нугасан холбоос нь эвдэрч бөмбөлгөн холбоос мултарч автомашины зүүн талын дугуйг жолооны хүрдээр удирдах боломжгүй болгосон нөхцөл байдлыг жолооч урьдчилан мэдэх боломжтой, мэдэх ёстой байсан боловч хайхрамжгүй хандсаны улмаас мэдээгүй гэж үзэж буруутгах болон Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлээгүйгээс осол гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

8. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Э нь уг автомашиныг 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр худалдан авсан атлаа осол гарсан өдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, энэхүү хугацаа нь 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дууссан болох нь тогтоогдсон хэдий ч шинжээчийн дүгнэлтэд “...техникийн хяналтын үзлэгээр тээврийн хэрэгслийн жолооны хөндлөн татуурганы нугасан холбоосыг оношлох боловч жолооны хөндлөн татуурганы нугасан холбоосны техникийн байдлыг техникийн хяналтын үзлэгээр тогтооход тухайн автотээврийн үндэсний төвд ашиглаж байгаа тоног төхөөрөмж, тэдгээр тоног төхөөрөмжийн техникийн байдал, оношлогч инженерийн ур чадвар, нугасан холбоосны элэгдлийн хэмжээ зэрэг хүчин зүйлс нөлөөлдгөөс уг эвдрэл гэмтлийг тогтоох боломжтой байсан эсэхэд техникийн шинжээч хариулт өгөх боломжгүй ...” гэснээс үзэхэд осол гарахад нөлөөлсөн эвдрэл гэмтлийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжтой байсан, улмаар энэхүү үүргээ биелүүлээгүйгээс учирч болзошгүй хор уршгаас урьдчилан сэргийлж чадаагүй, уг эвдрэл гэмтлийг мэдэх боломжтой байсан гэж үзэх нөхцөл байдал эргэлзээгүйгээр тогтоогдож чадаагүй байна.

 

9. Мөн Дорноговь аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн техникч Б.Пгийн шинжээчээр өгсөн мэдүүлэгт /1хх 199-200/ тээврийн хэрэгслийн өндгөн тулгуур мултрах шалтгааныг гадны биетэд цохигдсон эсвэл огцом эргэлтийн улмаас мултрах боломжтой талаар дурдагдсан ба жолоочийн үйлдэлд буюу шүүгдэгч Эын үйлдэлд энэхүү гадны биетэд цохигдох, огцом эргэх зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй.  

 

10. Түүнчлэн осол болох үеийн үйл баримтын талаар насанд хүрээгүй хохирогч Б.А “...гар утсаараа дуу сонсоод цонхоор хараад явж байсан бөгөөд нэг мэдэхэд машин дотор явж байсан хүмүүс орилох чимээ сонсогдсон би гайхаад хартал машин хажуу талаараа шарваж байсан бөгөөд машин замын хажуу руу унасан. ... ямар шалтгаанаар осолдсон талаар мэдэхгүй байна. ...” гэж /1хх38/,

 

Хохирогч Ж.М “...Аймгаас гараад цагаан хаалга орох гээд явж байхад би утсаа оролдоод ... нэг мэдсэн чинь машин бүтэн хөмрөөд ирсэн ...” гэж /1хх54/,

 

Хохирогч Ц.Б “... жолооч цагдаагийн хажуу талд сууж байсан хүүхэд ... барьж байсан ундаагаа унагаагаад жолооч ундааг нь авч өгөх гээд тонгойход  зүүн тал руу машин явахад буцаагаад баруун тийш дарахад дугуй хагарсан тэгээд замын баруун хажуу руу машин гурван удаа эргээд унасан ...” гэж /1хх73/,

 

Гэрч Б.Э “...утсаа оролдоод явж байтал машин гэнэт дар дар гэж дуугарсан тэгэхээр нь гайхсан тэр дороо машин хажуулдаад өнхөрсөн ...” гэж /1хх63/,

 

Шүүгдэгч Э яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “... машин гэнэтхэн зүүн тал руугаа урсгал сөрж шарвахад дугуй эвгүй болчихлоо гэдэг л мэдрэмж төрөөд л хариулаад л нөгөө урсгал руу оруулах гэж дарсан тэгээд юу болсон талаар мэдээгүй ...” гэж /1хх124/ тус тус мэдүүлсэн байна.

 

Эдгээр баримтаас үзэхэд болж өнгөрсөн нөхцөл байдлын хувьд шүүгдэгчийг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, саадгүй, аюулгүй зорчих нөхцлийг хангаагүй гэж үзэх болон шүүгдэгчийг осол гаргахгүй байх боломжтой байсан гэж үзэх буюу ямар үйл явдал болж өрнөхийг хэн ч урьдчилан мэдэх боломжгүй байдгаас осол гарахад жолоочийн ур чадвар, самбаачлах чадвар нөлөөлсөн гэж дүгнэх үндэслэлгүй юм.

 

Мөн энд хохирогч Ц.Бын мэдүүлэгт /1хх73/ “ ... жолооч хүүхдэд ундаа авч өгөхөөр тонгойход ...” гэсэн үйл баримт дурдагдсан байх боловч энэхүү үйл баримт болсон эсэх, энэ нь осол гарах шалтгаан нөхцөлд хамааралтай эсэх зэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоогоогүй буюу бусад хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтэд энэхүү үйл баримт дурдагдаагүй, тогтоогдоогүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэснийг үндэслэн энэхүү мэдүүлгээр шүүгдэгч Эыг буруутгах үндэслэлгүй гэж үзэв. 

 

11. Прокуророос шүүгдэгч Эыг зорчигчдод хамгаалах бүс хэрэглүүлээгүй гэж буруутгасан байх боловч энэхүү нөхцөл байдал нь осол гарах шалтгаан нөхцөлд хамаарахгүйн гадна үүнийг техникийн шинжээчийн дүгнэлтэд зам тээврийн ослоос учирч болох хохирлын хэмжээг ихэсгэсэн гэж дүгнэжээ.

 

12. Дээрх бүгдийг дүгнэхэд техникийн эвдрэл гэмтлээс болж осол гарсан байх бөгөөд энд жолоочийг үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэх нөхцөл байдлыг хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Эын гэм буруутай эсэх нь эргэлзээгүйгээр тогтоогдоогүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

Иймээс шүүгдэгч Эын үйлдэлд гэм буруугийн болгоомжгүй хэлбэр үгүйсгэгдэж, улмаар түүний үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэм буруугүйгээр хохирол учруулсан шинжийг агуулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Энэ нь гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинж чанар болох гэм буруу үгүйсгэгдсэн тохиолдолд тодорхой шалтгаант холбоо бүхий үр дагавар бий болсныг гэм буруугүйгээр хохирол учруулсан гэж үзнэ.

 

Улмаар анхан шатны шүүх шүүгдэгч Эын үйлдэлд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн хөнгөмсгөөр найдах, хайхрамжгүй хандах шинжийг агуулаагүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2, 2.3 дугаар зүйлийн 3-т нийцсэн, энэхүү хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн бодит байдалд нийцсэн.

 

13. Энэхүү ослын улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Аын биед хүндэвтэр, хохирогч Ж.Мын биед хүнд, хохирогч Ц.Бын биед хөнгөн гэмтэл тус тус учирсан, шүүгдэгч Эын зүгээс тэдний эрүүл мэндэд учирсан хохирлыг  төлж барагдуулсан байх ба эдгээр хохирогчид нь цаашид өөрсдийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Эдгээр үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  02 дугаар сарын  03-ны  өдрийн   2023/ШЦТ/30   дугаар   цагаатгах   тогтоолыг   хэвээр үлдээж, прокурор М.Оын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БОЛОРМАА

 

                                              ШҮҮГЧИД                                   Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                                                  Н.БАТЧИМЭГ

 

 

[1] Монгол Улсын Эрүүгийн хуулийн тайлбар, Улаанбаатар хот, 2010 он, 87 дахь тал.