Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 152/ШШ2024/00361

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: Ц.Ц-ий,

Хариуцагч: Н.С-т холбогдох,

1,794,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 7 дугаар сарын эхээр манай нөхөр Отгонхүү бид хоёр гэртээ байхад Н.С болон түүний эхнэр Уугаа нар манайд ирсэн. Тэд малын хашаа 5,000,000 төгрөгөөр зарна, та 2 авах уу гэхэд бид 2 авна, зээл хэдэн төгрөг гарч байгаагаа мэдээд гарсан мөнгөө урьдчилгаанд өгье, үлдэгдэл мөнгийг нь өвлийн идэшний үеэр өгөхөөр тохирсон. Тэгээд хадам аав Шагдараар тэтгэвэрийн зээл 3,000,000 төгрөг авахуулж, Н.С, Уугаа нарт хэлэхэд тэд ирсэн. Би тэдэнд миний хаан банкны 5800476777 тоот дансанд 2,800,000 төгрөг байгаа та 2 авах уу гэхэд, тэд авна гээд би өөрийн хаан банкны виза картыг 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өгч явуулсан. Миний данснаас орос бараа увс гэх утгаар 1,044,000 төгрөг, 1,750,000 төгрөгийг АТМ-ээс бэлнээр авсан байсан. Маргааш нь 2-лаа ирээд миний картыг өгөөд явсан. Намар болж хадлангаа буулгах гээд Н.Стай ярихад манайх хашаагаа зарахаа больсон гэж хэлсэн. Би за за тэгвэл та боломжтой болохоороо мөнгийг маань өгөөрэй гэж хэлсэн. 2023 оны 12 дугаар сард нэхүүл дагуул болж 1,000,000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 1,794,000 төгрөгийг Н.Саас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.С шүүхэд гаргасан тайлбартаа: “Ц.Ций нэхэмжлэлтэй танилцлаа. Ц.Ций нэхэмжилж байгаа 1,794,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан хэргийг журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Хариуцагч Н.С нь нэхэмжлэгч Ц.Ций нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,794,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.

3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгов.

4. Хариуцагч Н.С нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Ций улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 төгрөгийн тавин хувь болох 21,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 21,875 төгрөг, хариуцагч Н.Саас 21,875 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.Цд олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ций худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1,794,000 /нэг сая долоон зуун ерөн дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Н.С 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Ций улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 /дөчин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийн тавин хувь болох 21,875 /хорин нэгэн мянга найман зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 21,875 / хорин нэгэн мянга найман зуун далан тав/ төгрөг, хариуцагч Н.Саас 21,875 / хорин нэгэн мянга найман зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.Цд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.С нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                               Я.УРНАА