Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 152/ШШ2024/00362

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                                       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай   

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  А.Жийн,

Хариуцагч: Г.Б-д холбогдох,

800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С,

Хариуцагч Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд А.Жгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. 600,000 төгрөг авчихвал болно. Буцаагаад сэлбэгээ авах ч юм уу, өөр сэлбэг авах боломжгүй гэсэн саналтай ороорой гэж надад хэлсэн. Тэгэхээр 500,000 төгрөг дээр эвлэрэх боломжгүй” гэв.

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчид 600,000 төгрөгийг өнөөдөр төлөөд эвлэрэх хүсэлтэй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүхээс зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

2. Нэхэмжлэгч А.Ж хариуцагч Г.Бд холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 800,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

3. 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явагдсан иргэний хэргийн шүүх хуралдаан үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөг гаргуулах тухай хэсгээс татгалзаж, 600,000 төгрөг гаргуулах, хариуцагч нь 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн дотор 600,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт “Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно” гэж зааса.

Энэ тохиодолд зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс зохигчдын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Жгийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 23,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Баас зохигчдын эвлэрсэн хэмжээ 600,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 9,325 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Жд олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С нь хариуцагч Г.Бд холбогдох, худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөг гаргуулах тухай хэсгээс татгалзаж, 600,000 төгрөг гаргуулах, хариуцагч  Г.Б нь 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн дотор 600,000 төгрөгийг нэхэмжлэгч А.Жд төлж барагдуулахаар тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Жгийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 23,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Баас зохигчдын эвлэрсэн хэмжээ 600,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 9,325 төгрөг гаргуулж нэхэмжлэгч гаргуулж нэхэмжлэгч А.Жд олгосугай.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Я.УРНАА