Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 152/ШШ2024/00364

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: С.Ц-ын,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч С.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1968 онд төрсөн, 56 настай. Би 1990 оны 6 дугаар сард Булган аймгийн Өлзийт дахь ЦБС-ийг төгсөж ирээд 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Малчин сумын хүүхдийн цэцэрлэгт багшаар ажилд орсон. 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оныг дуустал тус цэцэрлэгт багшаар ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн тушаал байгаа, Малчин сумын цэцэрлэгт орсон тушаал, цалингийн тодорхойлолт олдохгүй байгаа болно. Аймгийн Архиваас 1996 оны 3 дугаар сарын 20-ны өдөр чөлөөлөгдсөн тушаал гарч ирсэн. Одоо тэтгэвэрт гарах эрх үүссэн тул тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох ажилд орсон тушаал, цалингийн тодорхойлолт олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд миний 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Малчин сумын цэцэрлэгт багшаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Ц.Оийг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, төлбөрийн даалгавар, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 184 дугаар тодорхойлолт, Малчин сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1996 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тушаал, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 99 дугаартай зөвлөмжийн хуудас, С.Цын 422886 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ц.Оийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний 275584 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс С.Цын ХААТР-1 маягт, гэрч Ц.Оийн мэдүүлэг, Увс аймгийн Улсын бүртгэлийн газрын 2024 оны 7 дугаар 05-ны өдрийн 732 дугаар албан бичгээр ирүүлсэн С.Цын ХААТР-1 маягт, ХААТР-15 маягт, Рэнчиндоржийн Дашням, Рэнчиндоржийн Номин, Рэнчиндоржийн Одням нарын төрсний бүртгэлийн лавлагаа, төрснийг бүртгэх анкетыг нотлох баримтаар бүрдүүлж, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас Увс аймгийн Ардын боловсролын хэлтсийн 1990-1994 оны баримтаас С.Цд холбогдох баримтыг шүүлгэж, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас М.Цэцэгбалын 1995-1996 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаг нотлох баримтаар бүрдүүлэв.  

С.Цын хүсэлтээр Ц.Оийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс С.Цын хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов. 

2. С.Ц нь шүүхэд хандаж 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Малчин сумын цэцэрлэгт багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч С.Цын хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч С.Ц нь 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Малчин сумын цэцэрлэгт багшаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. С.Ц нь 1990 оны 6 дугаар сард Булган аймгийн Өлзийт дахь цэцэрлэгийн багшийн сургуулийг төгсөж ирээд 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс Увс аймгийн Малчин сумын цэцэрлэгт багшаар ажилд орсон. 1995 оны хүртэл ажиллаад ажлаас гарсан.

3.2. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор баримт бичгээ бүрдүүлэхэд Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 99 дугаартай зөвлөмжийн хуудсаар “1990-1994 онуудад ажиллаж байх үеийн ажилд орсон, гарсан тушаал аймгийн архиваас гараагүй тул уг хугацаан дээр ажилласан жил тооцох боломжгүй байна” гэх хариу өгсөн тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан С.Цын ХААТР-1 маягт буюу БНМАУ-ын хүн амын регистрийн картыг 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үйлдсэн байх бөгөөд тус баримтад С.Цыг 1988 онд багшийн сургуулийн нэгдүгээр курсын оюутан гэж тэмдэглэжээ.

С.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...миний бие 1988 онд багшийн сургуульд элсэн суралцаж,1990 оны 6 дугаар сард төгссөн” гэх тайлбар гаргасан ба дээрх баримтад үндэслэн С.Цын тайлбарыг үнэн зөв гэж дүгнэлээ.

4.2. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас Увс аймгийн Ардын боловсролын хэлтсийн 1990-1994 оны баримтаас С.Цд холбогдох баримтыг шүүлгэхэд тус архивын тасгаас 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 103 дугаартай тодорхойлолтоор “С.Цд холбогдох баримт гараагүй болно” гэх хариуг ирүүлсэн.

Харин хүсэлт гаргагч С.Цаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн түүний 422886 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт “Малчин сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 17 тоот тушаалаар Малчин сумын хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар томилов” гэж бичилт хийгджээ.

С.Цын 422886 дугаартай хөдөлмөрийн дэвтэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаж байх тул үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Түүнчлэн тус хөдөлмөрийн дэвтэрт С.Цыг “цэцэрлэгийн эрхлэгчийн 1991 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 тоот тушаалаар 1991 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 тоот тушаалаар хүүхдийн цэцэрлэгийн туслах багшийн ажлаас чөлөөлж, 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 тоот тушаалаар Малчин сумын цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшаар томилж ажиллуулав” гэжээ.

Иймд дээрх баримтад үндэслэн С.Цыг 1990 оны 6 дугаар сард цэцэрлэгийн багшийн сургууль төгсөж ирээд 1990 оны 8 дугаар сарын 8 дугаар сарын 20-ны өдрөөс Увс аймгийн Малчин сумын хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар, 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс тус цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж эхэлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

4.3. Шүүхийн журмаар С.Цын 1992 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрүүлсэн хүүхэд Р овогтой Д-н төрснийг бүртгэх анкетыг нотлох баримтаар бүрдүүлсэн ба 1992 оны 8 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн дээрх баримтад С.Цыг Малчин сумын цэцэрлэгт багш гэж тэмдэглэсэн байна.

Энэхүү баримт нь С.Ц 1992 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Увс аймгийн Малчин сумын хүүхдийн цэцэрлэгт цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан үйл баримтыг нотолж байна.

Харин шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс С.Цын ХААТР-15 маягт буюу гэрлэснийг бүртгэх анкетыг нотлох баримтаар бүрдүүлсэн бөгөөд 1992 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үйлдэгдсэн тус баримтад С.Цыг ажилгүй гэж тэмдэглэсэн байна.

Түүнчлэн,1994 оны 8 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдсэн Р овогтой Н-ийн төрснийг бүртгэх анкетад хүүхдийн эх С.Цын ажилладаг байгууллага, эрхэлдэг ажлын талаар тэмдэглээгүй байна.

 Иймд С.Цыг 1992 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш Увс аймгийн Малчин сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэг багшаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна.

4.4.  Гэрч Ц.О шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Би 1990 оноос 2004 он хүртэл Увс аймгийн Малчин сумын цэцэрлэгт багшаар ажиллаж байсан. С.Ц нь 1988 онд багшийн сургуульд элсэн орж, 1990 онд төгсөөд 1990 оны 8 дугаар сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Малчин сумын цэцэрлэгт багшаар ажилласан” гэж мэдүүлжээ.

Гэвч гэрч Ц.Оийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй байх тул гэрч Ц.Оийн мэдүүлгийг эргэлзээтэй гэж дүгнэсэн ба түүний мэдүүлэг нь хүсэлт гаргагч С.Цын 1992-1994 оны хооронд Увс аймгийн Малчин сумын хүүхдийн цэцэрлэгт багшаар ажиллаж байсан үйл баримтыг сэргээн тогтооход нотолгооны хүрэлцээгүй байна.

5. Иймд шүүхээс хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн С.Цын 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар, 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл тус цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

6. Шүүхээс хүсэлт гаргагч С.Цын хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Борлууд овогт С.Ц-ын 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар, 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл тус цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч С.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.С.Цын 422886 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг түүнд буцаан олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.УРНАА