Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 152/ШШ2024/00365

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ж.Б-ийн,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Ж.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Бшүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1970 онд төрсөн, одоо 55 настай. Би 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төвийн 9 дүгээр цэцэрлэгт ажилд орсон. 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд төвийн 9 дүгээр цэцэрлэгт туслах багшаар ажилласан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсны нотлох ажилд орсон, гарсан тушаал, цалингийн тодорхойлолт олдохгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн төвийн 9 дүгээр цэцэрлэгт 1989 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд туслах багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Ц.О, Н.А нарыг гэрчээр асууж өгнө үү.” гэжээ.

Хүсэлт гаргагч Ж.Б2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гаргасан хүсэлтдээ: “Миний бие нь Жаргал овогтой Баттунгалаг нь 1989 оны 01 дүгээр сарын 03-нд төвийн 9 дүгээр цэцэрлэгт туслах багшаар 1990 оны 4 дүгээр сар хүртэл ажиллаж байгаад төвийн 4 дүгээр цэцэрлэгт 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан. Мөн дахиад төвийн 9 дүгээр цэцэрлэгтээ 1992 оны 01 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажилласан. Иймд миний Увс аймгийн төвийн 9 дүгээр цэцэрлэгт 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сар хүртэл, 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төвийн 4 дүгээр цэцэрлэгт, 1992 оны 01 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл төвийн 9 дүгээр цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагчаас Ж.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын төсвийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 162 дугаартай тодорхойлолт, 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 250 дугаартай Ж.Бийн цалингийн тодорхойлолт хавсралтын хамт, Увс аймгийн Нийгмийн  даатгалын газрын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 75 дугаартай зөвлөмжийн хуудас, Ж.Бийн 296928 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Н.Аийн иргэний үнэмлэхийн хуулбар, Н.Аийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ц.Оийн иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийн нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Увс аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс Ж.Бийн ХААТР-1 маягт, төрүүлсэн хүүхдийн лавлагаа, тэдгээрийн төрснийг бүртгэх анкетыг, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас Увс аймгийн Ардын боловсролын хэлтсийн 1989-1994 оны баримт, аймгийн төвийн 9 дүгээр цэцэрлэгийн 1989-1994 оны баримтаас Ж.Бт холбогдох баримтыг шүүлгэж, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас Ж.Бт холбогдох 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын баримтыг нотлох баримтаар бүрдүүлэв.

Ж.Бийн хүсэлтээр Ж.Аюуш, Ц.О нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс Ж.Бийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов. 

2. Ж.Бнь шүүхэд хандаж Увс аймгийн төвийн 9 дүгээр цэцэрлэгт 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сар хүртэл, 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төвийн 4 дүгээр цэцэрлэгт, 1992 оны 01 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл төвийн 9 дүгээр цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Ж.Бийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Ж.Бнь Увс аймгийн төвийн 9 дүгээр цэцэрлэгт 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сар хүртэл, 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төвийн 4 дүгээр цэцэрлэгт, 1992 оны 01 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл төвийн 9 дүгээр цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Ж.Бнь Увс аймгийн төвийн 9 дүгээр цэцэрлэгт 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сар хүртэл, 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төвийн 4 дүгээр цэцэрлэгт, 1992 оны 01 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл төвийн 9 дүгээр цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан боловч тухайн үеийн ажилд орсон болон гарсан тушаал аймгийн архиваас гараагүй байна. Мөн цалингийн баримт дутуу гарсан.

3.2. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор баримт бичгээ бүрдүүлэхэд Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 75 дугаартай зөвлөмжийн хуудсаар “Ж.Бнь 1989-1994 онд Улаангом сумын 4,9 дүгээр цэцэрлэгт ажиллаж байх үеийн ажилд орсон, гарсан тушаал аймгийн архиваас гараагүй тул уг хугацааны ажилласан жилийг тэтгэврийн жил дээр оруулан тооцох боломжгүй байна” гэх хариу өгсөн тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 98 дугаартай албан бичгээр Ж.Бт холбогдох Увс аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1990 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 38 дугаартай тушаалыг хуулбарлан ирүүлжээ.

Тус баримтаар Ж.Бийг 1990 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар түр ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Иймд Ж.Бийг 1990 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс Улаангом сумын 9 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж эхэлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Түүнчлэн, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 250 дугаартай цалингийн тодорхойлолтоор Ж.Бийн 1990 оны 4,8,9,11,12 дугаар сар, 1991 оны 1-6 дугаар сар, 8-11 дүгээр сарын цалин, 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 336 дугаартай цалингийн тодорхойлолтоор1,2,4,5,6,8,9,10,11,12 сарын цалингийн баримтыг түүвэрлэх ирүүлсэн.

Дээрх цалингийн баримтаар хүсэлт гаргагч Ж.Бнь 1990 оны 4 дүгээр сараас 1991 оны хооронд Улаангом сумын 4 дүгээр цэцэрлэгт, 1991-1992 оны хооронд Улаангом сумын 9 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

4.2. Хүсэлт гаргагч Ж.Баас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн түүний 296928 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт “цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №3 тушаалаар төвийн 9 дүгээр цэцэрлэгт туслах багшаар авч ажиллуулав, 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 5 тоот тушаалаар цэцэрлэгийн туслах багшийн ажлаас чөлөөлөв” гэх бичилт хийгджээ.

Ж.Бийн 296928 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг тал бүрээс нь хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлаад эргэлзээтэй гэж дүгнэлээ.

Тодруулбал, 1989-1992 оны хооронд Увс аймгийн Улаангом сумын хэмжээнд цэцэрлэгийн хүмүүжүүлэгч, хүмүүжүүлэгчийн туслахыг Увс аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын тушаалаар ажилд томилж, чөлөөлдөг байсан болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1990 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 38 дугаартай тушаалаар тогтоогдож байна. Иймд Ж.Бийн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар ажилд томилогдож, чөлөөлөгдсөн гэх бичвэрийг үнэн зөв гэж дүгнэх үндэслэлгүй.

Түүнчлэн тус дэвтрийн Ж.Бийг 1989 онд ажилд томилсон тухай болон 1994 онд ажлаас чөлөөлсөн тухай бичвэрийг нэг өнгийн бэхээр бичсэн, нэг маягийн бичилттэй байх тул Ж.Бийн 296928 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг нөхөн бичилттэй гэж дүгнэлээ.

Иймд тус хөдөлмөрийн дэвтрийн бичилтэд үндэслэн Ж.Бийг 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүмүүжүүлэгчийн туслахын ажилд томилогдож, 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

4.3. Шүүхийн журмаар  Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын баримтаас Ж.Бт холбогдох баримтыг шүүлгэхэд 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 02/735 дугаартай албан бичгээр тус шүүхэд “...Ж.Бт холбогдох баримт байхгүй” гэх хариуг ирүүлжээ.

4.4. Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ж.Бийн 1994 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүүхэд болох Ганбатын Хишигзаяагийн төрснийг бүртгэх анкетыг нотлох баримтаар бүрдүүлсэн ба тус баримтад Ж.Бийг Увс аймгийн Малчин суманд байнга оршин суудаг, ажилладаг байгууллага, эрхэлдэг ажил хэсэгт тэмдэглэл үйлдээгүй байна. Харин хүүхдийн эцэг Д.Ганбатыг Малчин сумын Соёлын төвд багш, Малчин суманд байнга оршин суудаг гэж тэмдэглэжээ.

Дээрх баримтаар Ж.Бнь 1994 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Увс аймгийн Малчин суманд байнга оршин сууж байсан үйл баримт тогтоогдож байх тул түүнийг Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

4.5. Гэрч Н.А шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Би 1974 онд Увс аймгийн Чандманы 8 жилийн дунд сургууль төгсөж, Улаанбаатар хотод цэцэрлэгийн багшийн сургуулийг 1977 онд цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш мэргэжлээр төгссөн. Төгсөж ирээд 1977 онд Чандманы цэцэрлэгт багшаар ажиллаж байсан. Тухайн үед Увс аймгийн төвийн 9 дүгээр цэцэрлэг гэх нэртэй байсан. Би 2012 он хүртэл ажиллаад тэтгэвэрт гарсан. Харин Ж.Б1989 оноос Увс аймгийн төвийн 9 дүгээр цэцэрлэгт миний туслах багшаар ирж ажиллаж байсан тул би сайн мэднэ. Ж.Бүндсэн бус орон тоон дээр ажиллаж байсан тул 1994 он хүртэл ажилласан” гэж мэдүүлсэн бол гэрч Ц.О “...Би Завхан аймгийн Худалдааны техникумийн худалдааны нийтийн хоолны ангийг 1979 онд тогооч мэргэжлээр төгссөн. 1992 онд Увс аймгийн Худалдаа бэлтгэлийн тресстэд 6 дугаар гуанзанд тогоочоор 1992 он хүртэл ажилласан. 1992 оноос Увс аймгийн төвийн 9 дүгээр цэцэрлэгт тогоочоор ажилд орж, 2014 он хүртэл ажилласан. Ж.Б1989 онд Увс аймгийн төвийн 9 дүгээр цэцэрлэгт Н.А багшийн туслах багшаар ажилд орж байсан. 1994 он хүртэл ажилласан” гэж мэдүүлжээ.

Гэрч нарын мэдүүлгээс Ж.Б1989 онд ажилд орсон гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтын хүрээнд нотлогдохгүй байх боловч гэрч нарыг мэдүүлэг нь хүсэлт гаргагч Ж.Бийн 1990-1994 оны хооронд Уюс аймгийн Улаангом сумын 9 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан үйл баримтыг сэргээн тогтооход нотолгооны ач холбогдолтой гэж үзлээ.  

5. Иймд шүүхээс хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн Ж.Бийн 1990 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оныг хүртэл хугацаанд Увс аймгийн Улаангом сумын 4 болон 9 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

6. Шүүхээс хүсэлт гаргагч Ж.Быийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Тайж овогт Ж.Бийн 1990 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 он хүртэл Увс аймгийн Улаангом сумын 4 болон 9 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Ж.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Ж.Бийн 296928 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг түүнд буцаан олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.УРНАА