Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ДШМ/09

 

2023 оны 03 сарын 27 өдөр                                                     Дугаар 2023/ДШМ/09                                                               Даланзадгад сум

 

 

Б.*******, Ч.******* нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокурор Д.Ган-Эрдэнэ /цахимаар/,

Шүүгдэгчийн Б.*******ын өмгөөлөгч Ш.Амарбаяр /цахимаар/,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/..... дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.*******, Ч.******* нарт холбогдох ........ дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

. 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Дорнод аймгийн Матад суманд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймаг, Матад сум, .... дүгээр багт оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Дорнод аймаг, Хэрлэн сум, 1-р баг, Малчины ...... тоот хаягт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, /регистрийн дугаар ........../,

.......... овгийн .........*******, 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, засвар үйлчилгээний мэргэжилтэн мэргэжилтэй, ******* аймаг, ******* сумын 2 дахь км-т том тэрэгний засварын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Төв аймаг, Эрдэнэ сум, .......... багт оршин суух бүртгэлтэй боловч одоогоор ******* аймаг, ******* сум, 4-р баг, .............тоот хаягт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, /регистрийн дугаар ........../,

Шүүгдэгч Б.*******, Ч.******* нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 07 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрийн хооронд ******* аймгийн ******* сумын Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад гэх газарт байрлах Ц.*******ийн гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж, 8688000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг .............. улсын дугаартай Хюньдай маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ нь Б.*******, Ч.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Ч.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.*******т 2 жил, Ч.*******д 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.*******, Ч.******* нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т ******* аймгийн *******, ******* сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, ******* аймгийн *******, ******* сумаас гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 2 жилийн хугацаанд хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг ******* аймгийн ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст,

Шүүгдэгч Ч.*******д Дорнод аймгийн Хэрлэн, Баянтүмэн /Хөдөлмөр/, Матад сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Дорнод аймгийн Хэрлэн, Баянтүмэн /Хөдөлмөр/, Матад сумаас гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 2 жилийн хугацаанд хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж,

Шүүгдэгч Ч.******* нь хохирогч Ц.*******т хохиролд нийт 10,000,000 төгрөг төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.******* нь "шүүгдэгч Б.*******, Ч.******* нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хюньдай” маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэнд 1800000 төгрөгийг шүүгдэгч Б.*******, Ч.******* нараас шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хувь тэнцүүлэн /шүүгдэгч тус бүрээс 900000 төгрөг/ гаргуулж, улсын төсвийн орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Шүүгдэгч Б.*******, Ч.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  ... Өмгөөлөгч болон үйлчлүүлэгчийн зүгээс тухайн гэмт хэргийн гэм буруу, зүйлчлэл дээр маргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугаа хүлээсэн.

Б.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “..тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, мөн хуулийн 1.2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн...” зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тус тус хамаардаг.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хөнгөрүүлэн үзэх бүхий л нөхцөл байдал тогтоогдсон байхад уг хуулийн заалтыг хэрэглээгүй нь үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар Б.*******т оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар багасгах саналтай байна.

Мөн тухайн гэмт хэргийг үйлдэхэд ашигласан ******* маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөрдөн шалгах ажиллагаагаар олж тогтоогоогүй. Гэтэл хавтаст хэрэгт тухайн тээврийн хэрэгслийг шууд 1800000 төгрөгөөр үнэлсэн.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар тухайн үнэлгээг гаргахад ямар аргаар яаж гаргасан нь тодорхой бус, тухайн эд зүйл бодитоор байхгүй байхад түүнийг хийсвэрлэн үнэлгээ гаргасан нь үндэслэлгүй.

Шүүхээс уг тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрч шүүгдэгч нараас гаргуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шүүгдэгч Б.*******оос 1800000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргасан заалтыг хүчингүй болгох.

Өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгч нь ******* аймагт дуудлагаар ачааны том тэрэг янзалж амьдрал ахуйгаа авч явдаг. Ажлын онцлогоос шалтгаалж аймгийн газар нутагт хаана ч дуудагдах боломжтой тул ******* аймгийн хэмжээнд зорчих эрхийг хязгаарлах санал гаргасан.

Шүүхээс ******* аймгийн *******, ******* сумдын нутаг дэвсгэрт зорчих эрхийг хязгаарлахаар шийдвэрлэсэн. Тухайн шийдвэр нь үндсэндээ хэрэгжих боломжгүй байна. Учир нь ******* сумаас ******* сум ороход өөр сумын нутгаар буюу Баян-Овоо сумын нутгаар дайран өнгөрдөг зэрэг шүүхийн шийдвэр зөрчигдөхөөр нөхцөл байдлууд үүсээд байна.

Миний үйлчлүүлэгч нь эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, тухайн том тэргийг дуудлагаар засварлахаас өөр ажил хөдөлмөр эрхэлдэггүй тул түүний амьдрах, хөдөлмөрлөх ар гэрээ авч явахад хүндрэл учруулж байх тул ******* аймгийн хэмжээнд тухайн зорчих эрхийг хязгаарлах бүсийг тогтоож шийтгэх тогтоолд дээр дурдсан заалтуудад өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Прокурор Д.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаагаар ажлаа хийж, амьдралаа залгуулмаар байна гэдэг агуулгын хувьд энэ хүн өнөөдөр гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн этгээд болохоос энгийн амьдралаараа амьдарч байгаа хүн шиг ажлаа хийгээд амьдралаа залгуулаад ******* аймгийн *******, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрээрээ чөлөөтэй зорчиж явах нь өөрөө ялын бодлого ялын хэрэгжилтэд хэр нийцэх вэ гэдэгт шүүх дүгнэлт хийж үзээсэй гэж хүсэж байна. Иймд анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад бүсийг ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэр буюу түүний оршин суух хаягаар нь өөрчлөн тогтоож бусад заалтыг нь хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаярын гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.*******, Ч.******* нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 07 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрийн хооронд ******* аймгийн ******* сум, Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад гэх газарт байрлах Ц.*******ийн гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж, 8688000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч, гэрч Ц.*******ийн “...07 дугаар сарын 13-ны орой гэртээ очиход хаалганы цоож эвдэрчихсэн, гэрт байсан засварын багаж байхгүй байсан. Фадын мотор, 380 вт-ын генератор, дугуйны компрессор, 2 ширхэг хийн шланк, дугуй тайлдаг буу, данхрат, хийн аппарат, 2 ширэмтэй газан плитка, 3 ширхэг баллонтой газ, битүү чанагч тогоо, машин угаагч, хайрцагтай 2 ширхэг ком багажнууд алга болсон байсан. ...Миний хохирлыг *******, ******* нар нь бүрэн төлж барагдуулсан.” /1хх-70-72, 79, 80-82/ гэх мэдүүлэг,

Яллагдагч, шүүгдэгч Б.*******ын гэрээс засварын багаж хулгайлахдаа ногоон өнгийн микро машиныг ашигласан. ...******* ******* ахтай ямар нэгэн маргаан үүссэний улмаас болсон юм болов уу яасан юм ******* ахын гэрээс очиж юм авахдаа цуг явъя гээд хэдэн өдөр болсон. Тэгэхээр нь би цуг яваад авсан.

Тэгээд би буцаагаад өгчий гэсэн чинь ...******* намайг адилхан л асуудалд орно шүү гээд байсан. ...би ******* ахад утсаар болсон зүйлийн талаар хэлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөр төлөхийн тулд хохирогчид 2 сар ажиллаж өгсөн. ” /2 хх-11, 38, 40/ гэх мэдүүлэг,

Яллагдагч Ч.*******ы “...Би тухайн үед Б.*******ын ногоон өнгийн микро машиныг хулгай хийхдээ ашигласан. Хохирол төлбөрт баталгаа баримтгүй 3000000 төгрөг, баримттай 8000000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” /2 хх-16, 38, 40/ гэх мэдүүлэг,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-39-45/, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 218/01, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 01/35 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1 хх-104, 107/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хх-242/ зэрэг  мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.*******, Ч.******* нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.*******, Ч.******* нарт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр нь шүүгдэгч Б.*******т оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар багасгах,  Б.*******оос тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн гаргасан заалтыг хүчингүй болгох, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг ******* аймгийн хэмжээнд тогтоож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг  гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан   дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно. 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар хуульчилсан.

Шүүгдэгч Б.*******, Ч.******* нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, тэдний хувийн байдал зэргийг харгалзаж, анхан шатны шүүхээс тэдэнд хуульд зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлээгүй буюу шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглээгүйг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.  

Анхан шатны шүүхийн “шүүгдэгч нарт оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн гаргасан 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэх саналыг шүүх “шүүгдэгч нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн хорих ялын хэмжээг багасгасан, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн тул  ...өмгөөлөгч Ш.Амарбаярын Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нь “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх заасан шударга ёсны зарчимд үл нийцнэ гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлээгүй болно.” гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.*******, Ч.******* нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж, Б.*******т ******* аймгийн *******, ******* сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор,  Ч.*******д Дорнод аймгийн Хэрлэн, Баянтүмэн /Хөдөлмөр/, Матад сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор тус тус зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, дээрх сумдуудаас гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 2 жилийн хугацаанд хүлээлгэн зорчих эрхийг хязгаарласан нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөгчийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэлд /1 хх-56/ “...эд зүйл хулгайлахад ашигласан гэх ногоон өнгийн микро машиныг олохоор гэрч Б.*******ын Цагаан хадны хогийн цэг дээр хаягдсан байж болзошгүй гэснийг гэрч Б.*******ын хамт Цагаан хаданд журмын хашаанд 11 цаг 25 минутанд очиж тухайн тээврийн хэрэгсэл байгаа эсэхийг шалгахад ногоон өнгийн микро машин байхгүй байв. 11 цаг 45 минутанд Цагаан хадны хойд талд байх хогийн цэг дээр очиж ногоон өнгийн микро машин байгаа эсэхийг үзэхэд хогийн цэг дээр тухайн машин байхгүй болохыг тэмдэглэл болгон бичив.”гэж,

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн “хэргийг прокурорт буцаах тухай” 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 150 дугаартай захирамжид ...яллагдагч Б.*******оос “...хулгай хийх үед ашигласан ...... улсын дугаартай, серийг нь санахгүй байна, ногоон өнгийн ачааны микро нь 2001 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монголд орж ирсэн, би ............ гэх хүнээс 2019 онд 3000000 төгрөгөөр бэлэн мөнгийг нь өгөөд худалдаж авсан, тээврийн хэрэгслийн нэр бол шилжээгүй байсан. Тухайн тээврийн хэрэгслийг 2019 оноос хойш жил бүр тээврийн хэрэгслийн үзлэгт оруулж байсан. Намайг ковидын үед хотод байхад тэр машин тоногдоод дууссан. Тэгээд Цагаан хадны гэр хорооллыг нүүлгэж байх үеэр машин алга болсон. Би тухайн машиныг хогийн цэг дээр хаягдсан гэж бодож байна.” /1 хх-231/ гэж,

Яллагдагч Ч.*******ы “...Ногоон өнгийн ачааны микро машин бол *******ын эзэмшлийнх, серийг нь бол санахгүй байна. ....... гэсэн дугаартай байсан. ...Цагаан хадны тохижилт гээд бид хоёрын засвар хийж байсан газрын гадуур байсан машин тэрэг, техник хэрэгслийг намайг байхгүйд ачсан байсан.” /1 хх- 231-232/ гэж,

Тээврийн хэрэгслийн лавлагаанд “....... улсын дугаартай, Hyundai маркийн, Grace модельтой, ........ арлын дугаартай, 2002 онд үйлдвэрлэсэн, тээврийн хэрэгслийн эзэмшигч ..... овогтой ....” /1 хх-242/ гэж,

Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэлд “...улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч .......... утас руу залгаж тухайн тээврийн хэрэгслийн талаар мэдүүлэг авах шаардлагатай байна гэхэд би одоо наад машиныг чинь мэдэхгүй. 2-3 жилийн өмнө Б.*******т 3 саяад билүү өгсөн санагдаж байна. Одоо хаана байгааг нь мэдэхгүй, би өөрөө хөдөө байгаа болохоор мэдүүлэг өгөх боломжгүй байна.” /1 хх-245/ гэснээс дүгнэхэд гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг олж тогтоох ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн боловч тухайн тээврийн хэрэгслийг олж, хураан авах боломжгүй болсон байна.

Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу /1 хх-246/  “Ашид билгүүн” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “...Солонгос улсад 2002 онд үйлдвэрлэгдсэн, ....... маркийн авто машин нь 2019 оны 7 дугаар сарын байдлаар манай улсын зах зээл дээр дунджаар 1800000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.” гэснийг яллагдагч Ч.*******, Б.******* нарт 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр танилцуулахад /2 хх 1-2/ ...санал хүсэлт байхгүй гэдгээ илэрхийлэн автомашины үнэлгээтэй холбогдуулан ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаагүй байна.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг авахдаа анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1800000 төгрөгийг Ч.*******, Б.******* нараас хувь тэнцүүлэн гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв хэрэглэсэн байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаярын “Б.*******т оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар багасгах,  Б.*******оос тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн гаргасан заалтыг хүчингүй болгох, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг ******* аймгийн хэмжээнд тогтоож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах”  тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ГЭРЭЛМАА

                                  ШҮҮГЧИД                                Ш.ТӨМӨРБААТАР

                                                                                   М.МӨНХДАВАА