Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Улсын яллагч Э.Халиун,  

Шүүгдэгч Г.Г /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халбин овгийн Ганболдын Ганзоригт холбогдох эрүүгийн 1709021910294 дугаартай хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ирүүлснийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, “Платиниум Ланд” ХХК-д автосамосволын жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 37 дугаар гудамжны 58 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйдийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Халбин овгийн Ганболдын Ганзориг, /РД: СЙ84122517/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.Г нь Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 77-10 тоотод 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу гэр бүлийн гишүүн болох эхнэр Ц.Болортунгалагийг найзтай нь хардан зодож улмаар баруун бугалга, баруун даланд цус хуралт, баруун өгзөг, баруун гуя, баруун өвдөг, зүүн өвдөг, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.

Эрүүгийн 1709021910294 дугаартай хэргээс:

   Шүүгдэгч Г.Г нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...хэрэг гардаг өдөр би галаа түлээд хоол бэлдээд халуун тогооны ишнүүр /залгуур/ бариад явж байсан. Тэгэхэд манай эхнэр хэрүүл өдөөд гарна, явна, сална гэх мэт зүйл яриад байхаар нь би уурандаа барьж явсан халуун тогооны ишнүүрээр ар нуруу руу нь 1 удаа, гуя хэсэг рүү нь 2 удаа цохиж, нэг удаа хөл рүү нь өшиглөсөн. Манай эхнэр надтай байнга уурласан, зандарсан байдалтай харьцдаг байсан. Ийм нөхцөл байдлын улмаас би эхнэрээ зодсон асуудал үүссэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

 Хохирогч Ц.Болортунгалаг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Манай нөхөр хөдөө 20 хоног ажиллаад 5 хоног амардаг. Амраад ирэх үед нь арга эвийг нь олоод байж байгаад буцаад ажилд нь явуулдаг ийм байдалтай сая намар хүртэл байсан. Тэгтэл “сая чиний утсанд ирдэг 100 минутын бонус ярианы эрх чинь дууссан байна. Чи хэнтэй ярьсан нөгөө хүнтэйгээ ярьсан юм уу” гээд элдвээр харааж хардаад тогооны залгуураар баруун гарын ар хэсэг, дал, мөр, мөн хоёр хөл рүү нилээн хэдэн удаа цохиж биед минь гэмтэл учруулсан...Миний биеийн байдал ерөнхийдөө зовиур ихтэй байна. Хөл, гар, дал, нуруу хэсгээр өвдөж байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹14489 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Ц.Болортунгалагын биед баруун бугалга, баруун даланд цус хуралт, баруун өгзөг, баруун гуя, баруун өвдөг, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэжээ. /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Мөнхжаргалын мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч Б.Нармандахын мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/, Г.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 34-35 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38  дугаар хуудас/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 39 дүгээр хуудас/, хувийн байдал тогтоосон баримт /хх-ийн 42-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.Г нь Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 77-10 тоотод 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу өөрийн эхнэр Ц.Болортунгалагийг шалтгаангүйгээр хардан зүй бус харьцаж маргалдан улмаар түүний зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Болортунгалагын мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн  №14489 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Г.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирогч Ц.Болортунгалаг шүүгдэгч Г.Г нарыг гэр бүл болохыг нотлосон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаатай байх ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэдэгт хохирогч Ц.Болортунгалаг хамаарах болохыг тэмдэглэв.

 

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Г.Г нь гэр бүлийн тэгш бус харилцааг үүсгэх зорилгоор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох Ц.Болортунгалагын халдашгүй байх эрхийг зөрчиж бие махбодид нь хүч хэрэглэн зодож хөнгөн хохирол учруулжээ. 

 

Шүүх шүүгдэгч Г.Гт ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдлыг тус тус харгалзан шүүхээс 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт авагдсан хохирогч Ц.Болортунгалагаас гаргасан хүсэлтэд “..нөхөр Г.Гтой өөрийн санал хүсэлтээр ойлголцож эвлэрсэн. Ямар нэгэн гомдол санал байхгүй.” /хх 58/ гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                           

                                                                                                                   ТОГТООХ нь:

            1. Халбин овгийн Ганболдын Ганзоригийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН