Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2135

 

 

 

 

 

 

 

 

 

Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2020/02724 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б-ийн хариуцагч Ц-т холбогдуулан эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 2 445 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б,

Хариуцагч: Б.Ц,

Хариуцагчийн өмгөөлөгч: Р.Оюунбадам,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр би Эрээн хот руу эмчилгээнд явсан. 4 хоног яваад 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатарт ирсэн. Намайг 13 хоног гэртээ байгаагүй гэж хариуцагч хэлсэн нь худлаа юм. Би үнэлгээний газраас хүн дуудаж хохирол тогтоолгосон. Ус алдсанаас болж би бүх өрөөндөө засвар хийлгэсэн. Гэртээ орж ирэхэд шагайгаар татсан ус болсон байсан. Би 2013 оны 6 дугаар сард энэ байрыг худалдаж авсан. Тэрнээс хойш хариуцагчийн байрнаас 4 удаа ус алдаж байгаа. Хариуцагч байрныхаа 4 өрөөг хүмүүст түрээслүүлдэг. Энэ хүн байраа түрээслүүлчхээд өөрөө ирдэггүй. Надтай ус алдсан талаар уулзаж, ярилцаагүй. Би засварын мөнгө өгчих гэсэн чинь 100 000 төгрөг ч өгөөгүй. Өгсөн хаягаар нь шүүхэд хандахад тэр хаягтаа байдаггүй. Би өөрөө уран бүтээлч хүн. Уран бүтээлүүдээ орон дээрээ тавьсан байсан. Бүгд усанд автсан. Гутал, хувцас бүгд усанд автаад хэрэглэх боломжгүй болсон. Би тэр бүрийн үнэлгээг нэхэмжлээгүй. Байранд засвар хийсэн төлбөр, гарсан зардалтайгаа нэхэмжилж байна. Ц эгчид 500 000 төгрөг өгчих тэгээд хэрүүлгүй явъя гэхэд за гэж хэлсэн боловч холбогдоогүй. “А”ХХК 1 946 000 төгрөгийн хохирлын үнэлгээ гаргасан. Мөн эрэн сурвалжилсан зардал 140 400 төгрөг, өмгөөлөгчийн зардал 200 000 төгрөг, нийт 2 445 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сарын 17-нд жижиг өрөө түрээсэлдэг н.Мягмарсайхан ярихад нь би тэр хавиар ойрхон явж байсан. 19 цагт орж үзсэн. Доод айлд орох гэтэл хүнгүй байсан. СӨХ-ны даргаас утсыг нь аваад залгахад холбогдохгүй байсан. Би 2017 оны 7 дугаар сарын 27-нд Б-тэй орж уулзсан. Дээд таац нь шарласан байсан. 80 000 төгрөг болох байх гэхээр нь эгч нь 50 000 төгрөг өгье гэсэн чинь таньтай тохиролцохгүй юм байна гэсэн. Даатгалын газарт хандахад 3 өдөр өнгөрсөн бол даатгал хийхгүй гэсэн. Б дараа нь надруу залгаад таньдаг хүнээр даатгал хийлгэхээр болсон. Та регистрийн дугаар, гэрийн хаягаа хэлчих гэхээр нь хэлсэн. 2018 оны 01 дүгээр сард намайг эрэн сурвалжилж байна гээд Баянгол дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс очиж оршин суугаа хаягаа хэлсэн. Би Б-т 500 000 төгрөг өгөх талаар хэлээгүй, боломжоороо мөнгөө өгнө гэж хэлсэн. Би тэтгэвэр авах гэтэл битүүмжилсэн байна гэж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Ус алдахад надаас шалтгаалсан зүйл байхгүй. Пааранд ямар ч ус байхгүй байсан. Би СӨХ-с даралттай ус шахсан уу гэж асуухад үгүй гэсэн. Дүүргэлтийн ус хийгээд алдсан байна гэж хэлсэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Цоос гэм хорын хохиролд 1 945 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б_ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 077 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цоос 46 078 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдооо: “А” ХХК-аар нэхэмжлэгч Б_ийннөхөж хийлгэсэн хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б нь тухайн үед Монгол улсад байхгүй байсан нь тодорхой. Гэрт нь орж үзэхэд 2017 оны 7 дугаар сарын 27-нд байсан хуучин таац нь хэвээрээ үнэлгээ хийлгэсэн 258 500 төгрөгийн үнэлгээ хийлгэсэн боловч таац хуучин хэвээр, мөн таацны замаск хусаж цэвэрлэхэд 103 300 төгрөг гэсэн байгаа. Паркетан шал хуучин хэвээрээ, үнэлгээ 675 000 төгрөг солиогүй. Материал авсан гэх 996 000 төгрөг нь манай өрөөний хаанаас хэнээс авсан баримт байхгүй байна. Ажлын хөлс 909 400 төгрөг төлсөн гэх боловч ажлын хөлсний гэрээ бахйгүй, хэнтэй тохирч хийсэн юм. Ийм учраас “А” ХХК-иар хийлгэсэн хөрөнгийн үнэлгээний 1 945 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Б нь хариуцагч Ц-т холбогдуулан эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 2 445 400 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Б нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 42 дугаар байрны 4 давхар 125 тоотод оршин суудаг мөн дээрх байрны 5 давхар 129 тоотод Б.Ц амьдардаг болох нь тогтоогдож байх бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчийн гэрээс ус алдсан талаарх 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 61 тоот орон сууцанд гарсан эвдрэл гэмтлийн шалтгааныг тодорхойлох акт хэрэгт авагдсан байна. /хх-3, 4, 31/

 

Нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд ус алдсаны улмаас хохирол учирсан талаар хариуцагч маргаагүй. Харин ус алдсанаас хэдий хэмжээний хохирол учирсан, уг хохирлын үнэлгээ, хэмжээний талаар хангалттай баримт хэргийн материалд авагдаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талаас үнэлгээний тайлан гэх нэг талын баримт гаргасан. Уг баримтанд жижиг өрөө, хүүхдийн өрөөний обой, шалны паркет, таазны эмульс, шалны паркет норж хууларсан, шарласан паркет зай завсар гарч хавантаж овойсон уг эд хөрөнгийн засварын зардлын материалын зардал, тээврийн хөлс, ажлын хөлсийг тооцсон болохоос ус алдсан талбайд зайлшгүй засвар хийхэд гарах хохирлыг тогтоосон уу, эсхүл уг орон сууцны нийт талбайг хамаарч засахад гарах хохирлыг тогтоосон уу гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т заасан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах ажиллагааг зохих ёсоор хийсэн эсэх нь тодорхойгүй байна.

 

Хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, маргааны зүйлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй.

 

Мөн түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар талуудыг эвлэрүүлэх арга хэмжээг анхан шатны шүүх авах ёстой. Энэ ажиллагааг хэрхэн хийсэн болох нь тодорхойгүй байна. 

 

Дээрх нөхцөл байдлууд бүрэн тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгч талд ямар хэмжээний хохирол учирсан эсэх нь тодорхой болох юм. Иймд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, маргааны зүйлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2020/02724 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 46 077 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ИЧИНХОРЛОО                                                                                         

                          ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ