Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 101/2014/8776/и |
Дугаар | 001/ХТ2016/01243 |
Огноо | 2016-10-25 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2016/01243
“Есөн дэлбээ” ХЗХ-ний нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/03363 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1299 дүгээр магадлалтай,
“Есөн дэлбээ” ХЗХ-ны нэхэмжлэлтэй
С.Уранцэцэгт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 19.995.000 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчийн бусад эд хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч “Есөн дэлбээ” ХЗХ-ны гүйцэтгэх захирал Ж.Уянга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус хоршооны гишүүн С.Уранцэцэг нь 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 33-р байрны 48 тоот, 40 м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх хөрөнгийг барьцаалан сарын 4 хувийн хүүтэй, 360 хоногийн хугацаатай, 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр зээлээ төлж барагдуулахаар тохиролцож, 21 тоот барьцааны болон зээлийн гэрээ байгуулж 30.000.000 төгрөг зээлсэн. Зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээл, хүүгээ төлөхгүй гэрээний хугацаа 331 хоног хэтрүүлсэн. Үндсэн зээл 30.000.000 төгрөгөөс 15.000.000 төгрөгийг төлж, 15.000.000 төгрөгийг төлөөгүй байгаа. 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр дуустал 918 хоногт 28.940.000 төгрөгийн хүү төлөхөөс 24.817.000 төгрөгийн хүү төлснийг хасаад, үлдэгдэл 4.123.000 төгрөгийн хүү төлөөгүй. 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэл зээлээ төлөөгүй гэрээний хугацаа хэтрүүлсэн 47 хоног, 2015 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл зээлээ төлөөгүй. Гэрээний хугацаа хэтрүүлсэн 331 хоногийн үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү нийт 378 хоногийн хүү 1.700.000 төгрөг төлөхөөс 828.000 төгрөгийг төлөөд үлдэх 872.000 төгрөгийг мөн төлөөгүй. Иймд гишүүн С.Уранцэцэгээс үндсэн зээлийн үлдэгдэл 15.000.000 төгрөг, үндсэн хүү 4.123.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 872.000 төгрөг, бүгд 19.995.000 төгрөгийг гаргуулж, уг шаардлагыг сайн дураараа биелүүлэхгүй тохиолдолд барьцааны хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг албадан гүйцэтгүүлэх, хүрэлцэхгүй тохиолдолд бусад эд хөрөнгөөс хангуулж, тэмдэгтийн хураамжид төлсөн 257.925 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Уранцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Би тус хоршооноос 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 1 жилийн хугацаатай 30.000.000 төгрөгийг авсан нь үнэн. Үндсэн зээлээс 15.000.000 төгрөгийг эргүүлэн төлж, зээлийн хүүгээ хугацаандаа сар бүр төлж байсан. Уг нь зээлийг хамтран зээлдэгч, бэр Г.Баянжаргал өөрийн бизнесийн үйл ажиллагаанд зориулан авсан боловч санхүүгийн хүндрэлд орж, зээлээ хугацаандаа төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. “Есөн дэлбээ” ХЗХ-оос зээлийн эргэн төлөлтийн хугацааг 2 сар хэтрүүлэхэд манай гэрт шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явж байна хэмээн 3 залуу дагуулан ирж, байрыг хураана, битүүмжилнэ гэх зэргээр айлган сүрдүүлсэн. Үүний улмаас талийгаач нөхрийн сахарын өвчин сэдэрч, бие нь муудсан тул тус ХЗХ-ны үйл ажиллагаанд маш их гомдолтой. Энэхүү хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан бэр Г.Баянжаргал Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаснаар тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн. Төрийн нэр барьсан тус ХЗХ-ны үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байсан эсэхийг тогтоолгох хүсэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ... 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр “Есөн дэлбээ” ХЗХ-д гаргасан өргөдлийн 1.6-д хэдэн хүнд итгэмжлэх зөвшөөрөлтэй гэх хэсэгт Г.Баянжаргал гэж хуурамчаар бичсэн. Зээлийг өөр этгээд захиран зарцуулсан нь тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч нь хариуцагчаар хэнийг татах нь эрхийн асуудал ч ашиг сонирхлыг нь зөрчсөн этгээдийг хариуцагчаар татах ёстой. Гэтэл хариуцагч С.Уранцэцэгт үүрэг үүсч, хариуцагч болох эсэх нь тогтоогдохгүй байна. Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т зааснаар хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийн нийт шаардлагын үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой. Гэтэл нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагадаа хураамж төлөөгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/03363 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Уранцэцэгээс 19.995.000 төгрөгийг гаргуулж “Есөн дэлбээ” ХЗХ-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Уранцэцэгээс 257.925 төгрөгийг гаргуулан “Есөн дэлбээ” ХЗХ-д олгох, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Уранцэцэг нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд хариуцагчийн бусад нэр хөрөнгөөс хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1299 дүгээр магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/03363 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Уранцэцэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд бүгд 15.345.297 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Есөн дэлбээ” ХЗХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.649.703 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Уранцэцэг нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4-р хороолол 33-р байрны 48 тоот 3 өрөө бүхий Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205002577 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, барьцааны бус эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Уранцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 89.345 төгрөгийг гаргуулж “Есөн дэлбээ” ХЗХ-д олгосугай” гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтыг 4, 4 дэх заалтыг 5, 5 дахь заалтыг 6 гэж дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1299 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.
1. Тус магадлалаар бодолтын алдаа гарсан байна. Үндсэн зээлийн үлдэгдэлд
2015 оны 05 дугаар сарын 11-нд төлсөн 500.000 төгрөг,
2015 оны 05 дугаар сарын 25-нд төлсөн 100.000 төгрөг,
2015 оны 05 дугаар сарын 26-ны төлсөн 500.000 төгрөг,
2015 оны 06 дугаар сарын 04-нд төлсөн 1.055.000 төгрөг,
2016 оны 07 дугаар сарын 31-нд 910.000 төгрөг нийт 3.065.000 төгрөгийг хүүнд авсан байсныг үүрэг гүйцэтгэх дараалалаар үндсэн зээлээс хасч тооцоход үлдэгдэл зээл 11.641.000 төгрөг биш 11.935.000 төгрөг болж байна.
2. Зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд- Хүү болон нэмэгдүүлсэн хүү дээр авсан байсан 3.065.000 төгрөгийг үндсэн зээлийн хасалт руу шилжүүлэхэд хүүний авлага, нэмэгдүүлсэн хүүд дараах өөрчлөлтүүд орж байна.
Үүнд: 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн төлсөн 500.000 төгрөгийг шилжүүлэхэд 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хүүний авлага 1.620.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 368.000 төгрөг,
2015 оны 05 дугаар сарын 25-ны төлсөн 100.000 төгрөгийг шилжүүлэхэд хүүний авлага 270.667 төгрөгөөр нэмэгдэж хүүний үлдэгдэл 1.890.667, нэмэгдүүлсэн хүү 422.133 төгрөг,
2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 500.000 төгрөгийг шилжүүлэхэд хүү 19.200 төгрөгөөр нэмэгдэж хүүний үлдэгдэл 1.909.867 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 425.973 төгрөг,
2015 оны 06 дугаар сарын 04-ны төлсөн 1.055.000 төгрөгийг шилжүүлэхэд хүү 166.800 төгрөгөөр нэмэгдэж хүүний үлдэгдэл 2.076.667 төгрөг болж 459.333 төгрөг,
2015 өны 07 дугаар сарын 31-ний төлсөн 910.000 төгрөгийг шилжүүлэхэд хүү 976.220 төгрөгөөр нэмэгдэж хүүний үлдэгдэл 3.052.887 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 654.577 төгрөг болсон.
3. Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 тоот тогтоолоор банк эрх бүхий хуулийн этгээдийн төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлахдаа 2.4-т ИХ-н 453 дугаар зүйлийн 453.1-д заасан “...зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүнийг төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ” гэж тайлбарласан байх тул 2016 оны 07 дугаар сарын 31-ээс 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийг хүртэлхи 172 хоногийн хүүг хуримтлуулахад хүүний авлага 2.737.093 төгрөг, 172 хоногийн нэмэгдүүлсэн хүү 547.419 төгрөг болсон. Дээрх задаргаагаар магадлалыг хянахад зээлийн үлдэгдэл 11.935.000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 5.789.980 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.201.996 төгрөг нийт 18.926.976 төгрөг байна гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч “Есөн дэлбээ” ХЗХ нь хариуцагч С.Уранцэцэгт холбогдуулан үндсэн зээл 15.000.000 төгрөг, хүү 4.123.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 872.000 төгрөг нийт 19.995.000 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангахгүй тохиолдолд хариуцагчийн бусад нэр хөрөнгөөс үүргийг хангуулах тухай шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө гэрээнд гарын үсэг зураагүй гэсэн тайлбар гаргасан байна.
Хариуцагч С.Уранцэцэг нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4-р хороолол 33-р байрны 48 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалан “Есөн дэлбээ” ХЗХ-с 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 30.000.000 төгрөгийг 360 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэх, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон ба гэрээний хугацааг 2015 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгасан, 30.000.000 төгрөгийг хүлээн авсан үйл баримт тогтоогджээ /хавтаст хэргийн 4-17, 42 дугаар тал/.
Хариуцагч үндсэн зээлд 15.000.000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ хуульд заасан бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг баримталсан нь буруу, тухайн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.
Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулахдаа тооцооны алдаа гаргасан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй багасгажээ.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар зээлдэгчийн төлсөн мөнгөнөөс эхлээд үндсэн үүрэг, дараа нь хүүг тооцох ба зээлийн гэрээний үндсэн үүрэг нь үндсэн зээл, гэрээний хугацааны хүүгийн нийлбэрээс бүрдэнэ.
Гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчийн төлсөн /2015 оны 5 дугаар сарын 11-нд 500.000 төгрөг, 5 дугаар сарын 25-нд 100.000 төгрөг, 5 дугаар сарын 26-нд 500.000 төгрөг, 6 дугаар сарын 04-нд 1.055.000 төгрөг, 8 дугаар сарын 8-нд 910.000 төгрөг/ нийт 3.065.000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 15.000.000 төгрөгөөс хасахад 11.935.000 төгрөг байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн “...хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү...” гаргуулах шаардлагыг шийдвэрлээгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцээгүй байна.
Гэрээний хугацаа дууссан 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл 172 хоногийн хэтэрсэн хугацааны хүү 2.737.036 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 547.407 төгрөг нийт 3.284.443 төгрөг байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчаас үндсэн зээл 11.935.000 төгрөг, гэрээний болон хэтэрсэн хугацааны хүү 6.021.478 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 547.407 төгрөг нийт 18.503.885 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1299 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын "15.345.297” гэснийг “18.503.885” гэж, “4.649.703” гэснийг “1.491.115” гэж, “89.345” гэснийг “250.469“ гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 72.256 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ