Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 592

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Иргэн С.Н, Д.О, П.С, Ц.С

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Б.К, Д.Д, Я.Ч, Г.Г, С.П, Б.О, М.Н, Ж.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ***дугаар захирамжийн Б.К, Д.Д, Я.Ч, Г.Г, С.П, Б.О, М.Н, Ж.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Кгийн бие даасан шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ***дугаар захирамжийн С.Н, Д.О, Ц.С, П.С нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Э.М нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Н, Д.О, П.С, Ц.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн С.Н, Д.О, П.С, Ц.С нар нь 2014 онд холбогдох хууль, журмын дагуу хүсэлтээ гаргасны үндсэн дээр Баянзүрх дүүргийн 11-р хороо Хүрхрээ нэртэй газарт тус тус 700 м.кв газрыг иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгон шийдвэрлэсэн. 

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ***дугаар захирамжаар нэр бүхий 8 (Б.К, Д.Д, Я.Ч, Г.Г, С.П, Б.О, М.Н, Ж.Э) иргэнд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ дээр дурдсан иргэдийн эзэмшлийн газартай давхцуулан олгосон байсан тул энэ талаар Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасан болно. 

Гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар хандахад “асуудал шийдэгдэх гэж байгаа Авлигатай тэмцэх газраас хариу хүлээж байна” гэсэн хариуг удаа дараа өгч асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлэсэнгүй. 

Түүнчлэн Нийслэлийн өмчийн харилцааны газар нь “Маргаан бүхий газар нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэгт заасны дагуу дүүргийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарах бүс бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны ***дугаар захирамжаар газар эзэмшсэн иргэд нь Б.К нарын иргэдээс өмнө газар эзэмших эрхтэй болсон байна” гэсэн агуулга бүхий албан бичгийг Авлигатай тэмцэх газарт хандан хүргүүлсэн байдаг. 

Иймд өөрийн газар эзэмших зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандаж байна. 

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ***дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд: Иргэдэд эзэмшүүлэх газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд ...эзэмшүүлж болохлоор заагдсан байна” гэжээ. 

Маргаан бүхий Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ нэртэй тус газар нь Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаар тогтоолоор 2014 оны Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр “иргэний ахуйн” зориулалтаар эзэмшүүлэхээр тусгагдсан болно. 

Ийнхүү тусгахдаа Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн 2 дугаар анги, Үйлдвэрчний эвлэлтэй тохиролцон тус ангийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан энэхүү асуудлыг тусган оруулсан байдаг. 

Иймд тухайн газар дээр газар эзэмшихээр хүсэлт гаргасан иргэдэд дүүргийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан зориулалтын дагуу Засаг дарга нь захирамж гарган газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасан дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хамаарч байх тул нэхэмжлэгч иргэдэд тухайн газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Дүүргийн Засаг даргын захирамж нь Газрын тухай хуульд нийцсэн гэж үзэж байна. 

Түүнчлэн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын газрын харилцааны нийтлэг бүрэн эрхийг хуульчилж өгсөн бөгөөд 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө хэлэлцэн батлах” гэж заасан. 

Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь дараах бүрэн эрхтэй гээд 21.1.1-д “Засаг даргын өргөн мэдүүлсэн хотын ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүрэг бүрийн хуваарьтайгаар хэлэлцэн батлах” гэжээ. 

Дээрх зохицуулалтаас үзэхэд Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулах, улмаар нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тухайн дүүргийн нарийвчлан баталсан хуваарьтайгаар хэлэлцэн батлахаар зохицуулжээ. 

Өөрөөр хэлбэл дүүргийн нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нарийн уялдаа холбоотойгоор гарах бөгөөд үүний үндсэн дээр Засаг дарга нарын бүрэн эрх тодорхойлогдож, улмаар эрх, хэмжээний давхцал үүсэхгүй буюу иргэдэд газар давхардуулан олгохгүй байх нөхцөл бүрдэж байхаар байна. 

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2014 оны дугаар 17-ний өдрийн ***дугаар захирамж гарахдаа өмнө нь дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхтэй болсон иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөний дээр Засаг дарга нарын эрх хэмжээний давхцал бий болгох, газрын харилцаанд төрөөс баримтлах нэгдмэл байдлыг алдагдуулахад хүрчээ. 

Нийслэлийн Засаг даргын 2014 оны дугаар 17-ний өдрийн ***дугаар захирамжийн нэр бүхий 8 иргэнд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хууль зөрчин иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд: 

Нэгдүгээрт: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна.” гэсэн. Үүнээс үзэхэд дараах хоёр үндэслэлээр Нийслэлийн Засаг дарга нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ нэртэй газарт иргэнд “гэр ахуй” зориулалтаар газар эзэмшүүлэх эрх хэмжээгүй байна гэж үзэж байна. 

А. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ нэртэй газар нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар биш юм. Учир нь Дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг гарахад хотын ерөнхий төлөвлөгөөнд уялдуулах боловсруулдаг. Түүнчлэн тухайн  газар дээр Улаанбаатар төмөр зам нийгэмлэгтэй зөвшилцөн, тус байгууллагын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс дүүргийн Засаг дарга захирамж гарган нийтдээ 47 иргэнд газар эзэмших эрх олгосон байдаг. Хэрвээ инженерийн шугам, сүлжээ бүхий газар байсан бол газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон, газрын кадастрын нэгдмэл зураг дээр тухайн газрын төлөвлөгдсөн байдал тодорхой харагдах байсан. 

Б. Мөн хуульд зааснаар Нийслэлийн Засаг дарга нь газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхдээ холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна. Гэтэл Нийслэлийн Засаг даргын ***дугаар захирамж гарахдаа Баянзүрх дүүргийн Засаг даргаас санал авахгүй байна. Хэрвээ Нийслэлийн өмч, газрын алба нь хуулийн энэхүү шаардлагыг баримталж ажилласан бол иргэдийн газар эзэмших эрх ийнхүү зөрчигдөхгүй байсан билээ. 

Хоёрдугаарт: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан. Баянзүрх дүүргийн Засаг даргын П.С, Д.О, С.Н, Ц.С, Д.Эрдэнэцэцэг, Б.Энхмаа, У.Ууганбаяр нарт газар эзэмшүүлэх эрх олгосон захирамж нь 2014 оны 04 сарын 18-нд гарч, улмаар эзэмших эрхийн гэрчилгээ нь олгогдсон байдаг. Харин Нийслэлийн Засаг даргын Б.К, Д.Д, Я.Ч, Г.Г, С.П, Б.О, М.Н, Ж.Э нарт газар эзэмшүүлэх  захирамж нь 2014 оны 06 сарын 17-нд гарсан байна. Иймд хуулийн дагуу олгогдсон хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй иргэдийн эзэмшлийн газар дээр давхцуулан дахин газар эзэмших эрх олгон шийдвэрлэсэн нь хууль бус болжээ. 

Иймд нэхэмжлэгч П.С, Д.О, С.Н, Ц.С нарын иргэдийн эзэмшлийн газар дээр давхцуулан газар эзэмших эрх олгон шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 сарын 17-ны өдрийн ***тоот захирамжийн Б.К нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрх нь зөрчигдсөн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж сонирхлыг хамгаалж өгнө үү гэжээ” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Батлан хамгаалах яамны “Бөртэ” ТӨҮГ нь 2012 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 93 тоот албан бичгээр Б.К, Д.Д, Я.Ч, Г.Г, С.П, Б.О нарын 6 иргэний амины орон сууцын газар хүссэн хүсэлтийг Нийслэлийн Газрын албанд уламжилсныг Нийслэлийн Газрын албаны бичиг хэргийн бүртгэлд 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 5890 дугаарт бүртгэсэн байна. 

Үүний дараа мөн Бөртэ ТӨҮГ нь Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга М.Батсайханд хандсан 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 217 тоот албан бичгээр Б.К, Д.Д, Я.Ч, Г.Г, С.П, Б.О, М.Н, Ж.Э нарын 8 иргэний газар хүссэн хүсэлтийг дахин уламжилж ирүүлснийг бичиг хэргийн бүртгэлийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 8315 тоот дугаарт бүртгэсэн байна. 

Хүсэлтийг 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, тухайн газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж газар эзэмших эрх олгохоор хойшлуулахаар шийдвэрлэжээ.     

Хурлын шийдвэрийн дагуу Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас тус байршилд орчны төлөвлөлт хийгдэх хүртэл хүсэлтийг шийдвэрлэхээр хүлээгдэж байгаа тухай Батлан хамгаалах яамны Бөртэ ТӨҮГ-ын ерөнхий захирал хурандаа Б.Кд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 5/7935 тоот албан бичгээр мэдэгдсэн байна. 

Мөн дүүргийн Засаг даргаар нь шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 5/1864 тоот албан бичгээр иргэдийн хүсэлтийг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд шилжүүлсэн боловч хуулийн хугацаанд ямар нэг хариу өгөөгүй тул хүсэлтийг дахин Техникийн зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 09 дүгээр хурлаар хэлэлцүүлэн зөвшөөрч, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ***дугаар захирамжаар иргэн Б.К, Д.Д, Я.Ч, Г.Г, С.П, Б.О, М.Н, Ж.Э нарт тус тус 700 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. 

Дээрх иргэдийн хүсэлтийг хянан шийдвэрлэж байх явцад иргэн С.С, П.Н, Д.О, Ц.С нар Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны газарт газар хүссэн өргөдөл /огноо тодорхойгүй/ гаргасан байх бөгөөд өргөдөлд 2014 оны 4 сарын 10-ны өдрийн хорооны Засаг даргын тодорхойлолтыг хавсарган өгсний дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 4 сарын 18-ны өдрийн ***дугаар захирамжаар нэхэмжлэгч нарт маргаж буй байршилд тус бүр 700 м.кв газрыг эзэмшүүлсэн байна. 

Гэвч Авлигатай тэмцэх газар тухайн захирамжаар нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэнтэй холбоотой маргааныг хянан шалгаад “Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нь ....хууль тогтоомж зөрчин 2014 оны 4 сарын 18-ны өдрийн ***дугаар захирамжийн хавсралтыг хуурамчаар нэр сольсон нь шалгалтаар тогтоогдож байх тул холбогдох шалгалтыг явуулан арга хэмжээ авч мэдэгдэнэ үү” гэсэн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 06/4212 тоот албан бичгийг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргад ирүүлсэн байдаг. 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл хүлээлгэн” гэж заасан бөгөөд Авлигатай тэмцэх газар Баянзүрх дүүргийн Засаг даргыг нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхдээ хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоосон боловч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга нь аливаа этгээдэд эрүүгийн хариуцлага, дүүргийн Засаг даргад сахилгын шийтгэл оногдуулах эрх бүхий албан тушаалтан биш байна. 

Иргэн Б.К, Д.Д, Я.Ч, Г.Г, С.П, Б.О, М.Н, Ж.Э нар нь газар хүссэн хүсэлтийг нэхэмжлэгч нараас өмнө гаргасан байхаас гадна эрх бүхий байгууллагаас Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 4 сарын 18-ны өдрийн ***дугаар захирамжийн хавсралтын нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн хэсгийг хууль бус болохыг тогтоосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.  

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд Б.К, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Э.Мөнхдаваа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон бие даасан шаардлагадаа: “Маргаан бүхий газар болох Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Хүрхрээ нэртэй газарт газар эзэмшүүлэхийг хүссэн хүсэлтийг хамгийн анх иргэн 2012 оны 05 сарын 04-ний өдрийн 93 тоот албан бичгээр Б.К, Д.Д, Я.Ч, Г.Г, С.П, Б.О нарын 6 иргэн амины орон сууцны газар хүссэн хүсэлтийг Нийслэлийн Газрын албанд өгсөн байдаг. 

Үүний дараагаар 2013, 2014 онд удаа дараа өргөдлөө өгсөн байхад огт өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй иргэдэд ийнхүү олгосон нь газрын тухай холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарт олгосон маргаан бүхий газар болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхээ нэртэй газарт амины орон сууцны газар авах тухай хүсэлтийг гуравдагч этгээд Б.К нарын иргэд анх 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл маргаан бүхий газрыг Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу 4 жил гаруй хугацаанд хөөцөлдөж, өргөдөл гомдлоо гаргасаар ирсэн билээ. 

Иймд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 4 сарын 18-ны өдрийн ***дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. 

Нэг. Газрын тухай хуулийн 32.1 дэх хэсэгт “...иргэн ..газар эзэмших тухай хүсэлтээ гаргана.., 32.2 дахь хэсэгт “...иргэн 32.1-т заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгана гээд..хуулийн 32.2.1-т байнга оршин суугаа хаяг, регистрийн дугаар, газрын харьяалал, хэмжээ, газрын зориулалт зэргийг хүсэлтэд заавал бичихээр хуульчилжээ. Гэтэл нэхэмжлэгч иргэдийн гаргасан хүсэлт нь дээрх өргөдөлд тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй, зөвхөн газар өгөх тухай хүсэлтийг товчхон бичиж өгснөөс гадна ямар ч он сар өдөргүй ийнхүү гаргасан өргөдөл нь ИТБАТӨГГТХ-д заагдсан төрийн байгууллагад гарах хүсэлтэд тавигдах хэлбэрийн наад захын шаардлагыг хангаагүй байна. 

Мөн газрын тухай хуулийн 32.4. Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө...” гэж заасныг зөрчжээ. 

Өөрөөр хэлбэл хүсэлт, өргөдөл гаргасан тохиолдолд тухайн дүүргийн Газрын алба, холбогдох албан тушаалтан хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутыг ч тэмдэглэхээр хуульд тусгайлан хуульчилсан байхад нэхэмжлэгч 4 иргэний хүсэлтийг хүлээн авсан, бүртгэл хяналтын карт байхгүй хэзээ хэн хүсэлтийг хүлээн авсан нь тодорхойгүй байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчихөөс гадна, Авлигатай тэмцэх газрын 2015 оны 06 сарын 16-ны өдрийн албан бичигт дурьдсан хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь ***дугаар захирамжийн Б.К нарын иргэдийн газартай давхцуулан төрсөн ах, дүү, гэр бүлийн хүний нэр дээ газар олгосон нь ашиг сонирхлын зөрчилтэй, захирамжийн хавсралтыг хуурамчаар сольсон нь тогтоогдсон..” гэсэн тайлбараар мөн нотлогдож байна. 

Тодруулбал Баянзүрх дүүргийн Засаг дарга Даваахүү овогтой Пүрэвдаваа нь нэхэмжлэгч Даваахүү овогтой О болох төрсөн ах, дүү, болон хамаатан садандаа ийнхүү бусдын газарт давхцуулан олгосон нь холбогдох хууль тогтоомж зөрчиж, ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус шийдвэр гаргасан байна. 

Харин гуравдагч этгээдийн газар эзэмших тухай удаа дараагийн хүсэлтийг Нийслэлийн газрын алба хүлээн авч бүртгэсэн тухай нотлох баримтыг хариуцагч хэргийн материалд өгсөн болно. 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 16-ны өдрийн албан бичгээр Баянзүрх дүүргийн өмчийн Өмчийн харилцааны газарт нэхэмжлэгч 4 иргэний өргөдөл, хүсэлтийг хүлээн авч бүртгэсэн баримт, бүртгэлийн дэвтэрт, ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэр, бүртгэл хяналтын картыг нотлох баримтаар шаардахад: 

Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2016 оны 03 сарын 23 –ны өдрийн 566 тоот албан бичгээр ирсэн нотлох баримтад нэхэмжлэгч 4 иргэний бүртгэл хяналтын карт, ирсэн бичгийн бүртгэл, хүсэлтийг хүлээн авсан тухай баримт бус, харин өмнө нь гаргаж байсан Улаанбаатар төмөр замын замын 2-р ангийн албан хаагчдын хүсэлт, өргөдлийг хүлээн авсан тухай баримтыг ирүүлжээ. 

Иймд нэхэмжлэгч нар хуулийн дагуу хүсэлт, өргөдлөө өгөөгүй, Баянзүрх дүүргийн Засаг даргаас хуульд заасан журмын дагуу холбогдох хүсэлт, өргөдлийг хүлээн авсан тухай баримт байхгүй байна. 

Хоёр: Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны  газрын 2014 оны 03 сарын 27-ны өдрийн 5/1864 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хүргүүлсэн албан бичигт “...Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд “Бөртэ” ТӨҮГ-ын захирал, хурандаа Б.К нарын 8 иргэний амины орон сууц барих зориулалттай газар хүссэн хүсэлтийг ӨХГ-ын дэргэдэх “Техникийн зөвлөл”-ийн 2013 оны 11 сарын 29-ний өдрийн хурлаар хэлэлцэж, төлөвлөгөөнд тусгаж, орчны төлөвлөлт хийхээр зөвшөөрсөн дүгнэлт гаргасан болно. Тиймээс Нийслэлээс дүүрэг рүү “..дээрх иргэдийн хүсэлтийг хянаж шийдвэрлүүлэх тухай албан бичгийг хүргүүлжээ. 

Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга нь дээд шатны байгууллагын өгсөн үүрэг даалгаврыг үл биелүүлж, Б.К нарын иргэдийн анх хүссэн газар болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ нэртэй газарт дээд шатны байгууллагаас бусдад олгож болохыг ийнхүү мэдсэн даруйдаа 21 хоногийн дараа буюу 2014 оны 04 сарын 18-ны өдөр ***дугаар захирамжаар өөрийн төрөл садан, ах дүүдээ олгосон нь Газрын тухай хууль, Төрийн албаны тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байна.

Гурав. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 4 сарын 18-ны өдрийн ***дугаар захирамжаар нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх эрх олгох, баталгаажуулах захирамжийг гаргасан бөгөөд энэхүү захирамжаар газар эзэмшүүлэх эрх олгоогүй байна. 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт”...Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр байна. Мөн хуулийн 27.3 дахь хэсэгт “..Нэгж тайлбар бүр эрхийн гэрчилгээтэй байна. 27.4 дэх хэсэгт “..Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглохоор хуульчилсан ..” байна. 

Газрын тухай хуулийн дагуу нэхэмжлэгч 4 иргэн маргаан бүхий газар болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ нэртэй газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ байгуулаагүй тул газар эзэмшигч, ашиглагч гэж үзэх үндэслэл байхгүй байна. 

Нэгэнт газар эзэмших хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээ нэхэмжлэгч 4 иргэнд байхгүй, олгогдоогүй тул Газрын тухай хуулийн 31.3. Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна..” гэсэн заалтыг хариуцагч зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. 

Учир нь Газрын тухай хуулийн 27.1-т “..газрыг...зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ байхгүй тул нэхэмжлэгчийг газар эзэмшигч гэж үзэх боломжгүй бөгөөд түүнд Газрын тухай хуулиар олгогдсон эрх, үүрэг үүсээгүй байна. 

Хэдийгээр цаг хугацааны хувьд Баянзүрх дүүргийн Засаг дарга Нийслэлийн Засаг даргаас өмнө захирамж гаргасан хэдий ч нэхэмжлэгч иргэдэд Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших гэрээ, гэрчилгээ олгогдоогүй тул дээрх хуулийн 31.3-т заасны дагуу бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газарт... гэж үзэх хууль зүйн хувьд ямар ч боломжгүй байна. 

Харин гуравдагч этгээд болох Б.К нарын 8 иргэний нэр дээр газар эзэмших эрх олгох тухай захирамж гарч, улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан тул Газрын тухай хуулийн 27.1, 27.3, 27.4-т заасны дагуу хууль ёсны газар эзэмшигч билээ. 

Ийнхүү Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 4 сарын 18-ны өдрийн ***дугаар захирамжаар нэхэмжлэгч 4 иргэнд газар олгосон нь хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй гуравдагч этгээдийн газарт давхцуулан  олгосон нь Газрын тухай хуулийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна...” гэж заалтыг зөрчжээ. 

Баянзүрх дүүргийн Засаг дарга нь ийнхүү дээрх хууль тогтоомжийг зөрчиж, бусдын газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж бусдын хүсэлт гаргаж, анх захиргааны байгууллагад олон жил тууштай хөөцөлдөж газар эзэмшихээр хүсэлт гаргасан бусдын газарт хувийн явцуу ашиг сонирхолд үндэслэн өөрийн ойрын хүмүүст ийнхүү газар эзэмших эрх олгох тухай захирамж  гаргасан нь Төрийн албаны  тухай хуулийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу төрийн албан хаагч шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хууль дээдлэх нь төрийн албан хаагчийн үндсэн зарчмыг зөрчиж, Төрийн албаны тухай хуулийн 4.2.1 захирах, захирагдах ёсны зарчмыг үл хүндэтгэн Дээд шатны байгууллага болох Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Өмчийн харилцааны газрын 2014 оны 03 сарын 27-ны өдрийн албан бичгээр Б.К нарын иргэдэд маргаан бүхий газрыг амины орон сууцны зориулалтаар олгохыг зөвшөөрсөн тухай албан бичиг, өгсөн үүрэг, даалгаврыг үл биелүүлж, хөндлөнгийн иргэд болох дээрх албан бичигт дурдагдаагүй иргэдэд газар олгосон нь хууль бус байна. 

Иймд нэхэмжлэгч П.С, Д.О, С.Н, Ц.С нарын “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 сарын 17-ны өдрийн ***дугаар захирамжийн Б.К нарт холбогдох  хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 4 сарын 18-ны өдрийн ***дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа иргэн  П.С, Д.О, С.Н, Ц.С нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд Б.К нарын гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 4 сарын 18-ны өдрийн ***дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 

Гуравдагч этгээд Б.К нар нь Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулж бие даасан шаардлагын үндэслэлдээ: “гуравдагч этгээд нар нь анх 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 93 тоот албан бичгээр амины орон сууцны зориулалтаар газар эзэмших хүсэлтийг Нийслэлийн газрын албанд өгсөн. Нэхэмжлэгч нарын хүсэлт нь товчхон байгаа нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг зөрчсөн, мөн өргөдлийг бүртгээгүй, дээд шатны байгууллага болох Нийслэлийн өмч, газрын харилцааны албанаас өгсөн үүрэг даалгаврыг үл биелүүлж, Б.К нарын иргэдийн анх хүссэн газрыг өөрийн төрөл садандаа олгосон” гэж дурдаж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Дээд шатны байгууллага, албан тушаалтан гэдэгт томилох буюу чөлөөлөх эрхтэй этгээдийг ойлгодог ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “..аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох..” гэж заасан тул дүүргийн Засаг даргын хувьд дээд шатны албан тушаалтан нь Нийслэлийн Засаг дарга болно. Гэтэл гуравдагч этгээд Нийслэлийн Өмч, газрын харилцааны албыг дүүргийн Засаг дарга дээд шатны байгууллага гэж маргаж буй нь ойлгомжгүй байна. 

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “...инженерийн шугам сүлжээ бүхий сүлжээнд холбогдохоор төлөвлөсөн газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Маргаан бүхий газар буюу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Хүрхрээ гэх газар нь инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөсөн газар биш тул Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх эрхгүй юм. 

Иргэн П.С, Д.О, С.Н, Ц.Саранзаа нар нь зуслангийн газар эзэмшихээр хүсэлт гаргасан ба эдгээр хүсэлт нь Газрын тухай хуульд заасан шаардлагыг хангаж байсан байсан тул тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-Даргалагч: заасны дагуу дүүргийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн ***дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Хүрхрээ” нэртэй газарт тус тус 700 м/кв-т газрыг 10 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ***дугаар захирамжаар Б.К, Д.Д, Я.Ч, Г.Г, Б.О, С.П, М.Н, Ж.Э нарт газар эзэмшүүлэх эрх олгосон нь нэхэмжлэгч нарын газартай давхцуулж олгосон ба энэ нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасныг зөрчиж байна. Тийм учраас Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Мөнхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн ***дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Хүрхрээ” нэртэй газарт тус тус 700 м/кв-т газрыг 10 жилийн хугацаатай эзэмших эрхтэй олгосон. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ***дугаар захирамжаар Б.К, Д.Д, Я.Ч, Г.Г, Б.О, С.П, М.Н, Ж.Э нарт газар эзэмшүүлэх эрх олгосон нь нэхэмжлэгч нарын газартай давхцуулж олгосон ба энэ нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасныг зөрчиж байна. Газрын тухай хуулийн 21.2.3-т зааснаар Нийслэлийн Засаг дарга нь Инженерийн шугам сүлжээ холбогдохоор газар эзэмшүүлж ашиглуулахаар заасан байдаг. Иймд С.Н, Ц.С нарын эзэмшлийн газар дээрх газарт хамрагдаагүй газар байдаг учир Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 05 дугаар сарын 20-нд нотлох байдлаар үнэлэхдээ маргаан бүхий газар нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн Дүнжингаравын гудамж орчимд байх бөгөөд одоогоор инженерийн шугам, сүлжээ бүхий газарт холбогдоогүй байна. Нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн ба үүнээс үндэслэн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйл болон 31 дүгээр зүйлийн 31.1.3 дах хэсэгт заасныг Нийслэлийн Засаг дарга зөрчиж газар эзэмших шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь инженерийн шугам, сүлжээ бүхий газар биш гэдэг нь хэд хэдэн нотлох баримтаар тогтоогдож байгаа энэ талаар өмнөх шүүх хуралдааны хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байсан. Дүүргийн Засаг дарга газар эзэмших захирамжийг 2014 оны 4 дүгээр сарын 18-нд гаргасан байдаг. Харин Нийслэлийн Засаг дарга 2014 оны 6 дугаар сарын 17-нд 2 сар орчмын дараа гаргасан. Угтаа бол инженерийн шугам, сүлжээтэй газар биш тохиолдолд дүүргийн Засаг даргадаа хандаж газар эзэмших зөвшөөрлийн хүсэлтээ хууль журмын дагуу хийж явах ёстой байсан. Гэтэл Нийслэлийн Засаг дарга дээд шатных нь байгууллагад хандсан улмаар Нийслэлийн Засаг даргын ажлын албанаас, дүүргийн газрын албанд энэ хүмүүсийн хүсэлтийг шийдэж өгөөч гэсэн хүсэлт явуулсан. Энэ үед дүүргийн Засаг даргын захирамжид төлөвлөгдөн батлагдаад гарч байсан. Энэ талаарх хариу тайлбарыг 2014 оны 5 дугаар сарын 12-нд албан бичгээр мэдэгдсэн.  Энэ албан бичгийг мэдэгдсэнийг мэдсээр байж 2014 оны 6 дугаар сарын 17-нд дахин Нийслэлийн захирамжаар газар эзэмших эрх олж авсан нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 болон 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж байгаа” гэжээ.

Гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо  “Хүрхрээ” нэртэй газарт хамгийн анх эзэмших хүсэлтээ гуравдагч этгээд нь 2012 оны 5 дугаар сарын 04-ний Нийслэлийн Газрын албанд амины орон сууц эзэмших хүсэлтээ гаргасан байдаг. Энэ хүсэлтийг 2012 оны 10 дугаар сарын 09-ны өдөр 58/90 (хариуцагчийн тайлбар дээр байгаа) бүртгэл хяналтын картаар хүлээн авч засах. Энэ газрыг маань 2012 оны 9 дүгээр сарын 27-нд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тогтоолоор уг газрыг өгөхийн хориглосон байдаг. Энэ тогтоолын 3.5, 3.6, 3.7-аад заасан үндэслэлээр эзэмших, ашиглах, эрх нь цаашид хүчингүй болсон газрыг нийтийн эзэмшилд үлдээж иргэн, аж ахуйн байгууллага эзэмшиж, ашиглахад дахин олгохгүй байх. Ингээд дахин хориглосон учраас энэ нь боломжгүй гэсэн тайлбарыг удаа дараа иргэн Б.Кд өгсөн байдаг. Хамгийн сүүлд 2015 онд хүсэлтээ өгсөн. Энэ хүсэлтээр газар олгох ёстой юу? үгүй юу? Гэдгийг Нийслэлийн Өмч, харилцааны газрын Техникийн зөвлөгөөн хуралдсан байдаг. Энэ хуралдсан тэмдэглэлийг хуралдааны Нарийн бичгийн дарга н.Амарсанаа, Өмч,газрын харилцааны н.Батсайхан дарга Техникийн зөвлөгөөний Нарийн бичгийн дарга н.Уранцэцэг. Уг хуралдаанаар 8 иргэнд олгох нь зүйтэй гээд Б.К, Д.Д, Я.Ч, Г.Г, Б.О, С.П, М.Н, Ж.Э гэсэн хүмүүст амины орон сууц 5 жил эзэмшүүлэв гэсэн зөвшөөрлийг газар олгох тухай Техникийн зөвлөлийн хурлаар дээд шатны байгууллага нь доод шатны байгууллагадаа ирүүлсэн байдаг. Баянзүрх дүүргийн Засаг дарга н.Пүрэвдаваа гэнэтхэн 4 иргэнд олгосон байдаг. Тэр 4 иргэн нь Нийтийн болон нийтийн албан ашиг сонирхол зөрчлийн тухай хуулийг зөрчсөн мэдүүлэг олгосон байдаг. Жишээ нь: өөрийнхөө төрөл садан, хамаатанд олгосон болох нь энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг Авлигатай тэмцэх газрын албан бичгээр тогтоогдсон. Эдгээр хүмүүсийг гэрчээр дуудаад нотлох баримтыг судлаад үзсэн чинь н.Пүрэвдаваа нь энэ маргаан бүхий нэхэмжлэлд 4 иргэнд олгосон газрыг 145 дугаар захирамжаараа Б.К нарын 6 иргэний газрын кадастрын зурагтай давхцал үүсгээд өөрийн төрсөн ах, гэр бүлийн хүний нэр дээр газар олгох, ашиглах, ашиг сонирхлын зөрчилтэй газар олгосон нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга эрхэлсэн комиссар н.Энхтөрийн албан бичгээр Нийслэлийн Өмч, газрын харилцааны дарга н.Төмөрбатад арга хэмжээ ав гэсэн албан бичгийн хүсэлт ирсэн. 

Иргэний бүртгэлийн газраас н.Пүрэвдаваа гэдэг хүний төрөл садан, хамаарал бүхий этгээд зөндөө олон гарч ирнэ. Нэгэнт энэ байгууллага албан бичигтээ тамга дараад тогтоогдсон бичиг нь байгаа учраас дахиад удаа дараа бичиг авах шаардлагагүй. Захиргааны байгууллагын шийдвэр нь өөрөө хууль тогтоомжид нийцсэн байх ёстой байдаг. Энэ нэхэмжлэгч 4 иргэнд олгосон газар нь 4 дүгээр сарын 18-ны А145-р захирамжаар н.Пүрэвдаваа нь юу гэдэг вэ гэхээр Улаанбаатар Төмөр замын нийгэмлэгийн харьяа замын 2 дугаар анги гэж байдаг. Энэ ажилчдад амины орон сууцны зориулалтаар 700м/кв-т газрыг 47 иргэнд олго гэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч 4 иргэн нь Улаанбаатар төмөр замын нийгэмлэгийн газраас шүүхрүү албан бичиг ирүүлсэн байдаг. П.С, Д.О, С.Н, Ц.С гэсэн этгээдүүд ийм байгууллагад ажилладаггүй юм. Харин зарим иргэд нь хөдөө орон нутагт байдаг учраас энэ хүмүүсийн нэр дээр гаргасан юм гэсэн бичгийг шүүхэд ирүүлсэн. Энэ хүмүүсийн материалыг харвал Цэдэн овогтой С 1997 оны хүүхэд байдаг. Маргаан бүхий актыг 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс тоолоод үзэхээр энэ хүүхэд нь насанд хүрээгүй хүүхэд юм.  

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлээс үзэхэд Монгол улсын иргэн 18 насанд хүрсэн иргэн газар эзэмшиж ашиглана гэж хуулиараа товч заасан. Энэ захиргааны акт нь хууль тогтоомжид нийцсэн байтал Газрын тухай хууль тогтоомжийг илэрхий зарчмыг зөрчсөн байгаа нь харагдаж байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Даваахүү овогтой Пүрэвдаваа гэтэл нэхэмжлэгч нь Даваахүү овогтой О байдаг. Авлигатай тэмцэх газрын албан бичгүүдээс үзэхэд  Даваахүү овогтой Пүрэвдаваа нь төрсөн эгч Даваахүү овогтой О гэсэн хүн дээр олгосон байдаг. Хэрвээ нийтийн төрийн албан хаагч шийдвэр гаргаж байгаа бол төрөл садан болон хамаатан бүхий этгээддээ газар олгох юм бол энэ нь хууль бус шийдвэр болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дээр, захиргааны акт хууль бус болох нь тогтоогдвол шүүх хүчингүй болгоно гэж заасан. Энэ маргаан бүхий А145  тушаал нь хууль бус байгаа юм. Энэ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль нь 2012 онд шинээр батлагдсан ба энэ хуульд албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөрт нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй. Өөрт хамаарал бүхий этгээд гэхээр тухайн нийтийн албан тушаалтны эцэг эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн садан, хамтран амьдрагч, эхнэр нөхөрийн эцэг, эх түүний төрсөн ах, эгч, гээд хуульчилсан байгаа энэ захирамж нь уг хууль тогтоомжийг зөрчсөн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д төрийн алба бол дараах зарчмыг баримтлана захирах, захирагдах ёсыг гээд заасан байдаг. Баянзүрх дүүргийн Засаг дарга дээд шатны байгууллага буюу Нийслэлийн Засаг дарга түүний харьяа агентлаг, Өмч, газрын харилцааны газрын шийдвэрийг биелүүлэх ёстой. Дээд шатны байгууллагаас нэг шударга эзэмшигч олон жил хөөцөлдсөн газрыг олгож болно гэсэн бичгийг өгсөн байхад, огт газар олгоогүй, хүсэлт өгөөгүй, насанд хүрээгүй болон төрсөн эгчдээ ингэж олгож байгаа нь төрийн албан хаагчийн хувьд шударга ёс дээдлэх зарчим Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “Газар эзэмших, ашиглалт шударга ёс, тэгш байдлыг хангана” хэн шударга ёсны эзэмшигч гэхээр гуравдагч этгээд буюу 8 иргэд нар байдаг.

Энэ хүмүүсийн газрыг анхнаасаа олгуулаад, удаа дараа 2012 оноос хойш хөөцөлдөж хүсэлтээ өгөөд явсан байдаг. Захиргаа юу гэдэг вэ гэхээр энд хориглосон учир удаа дараа хойшлуулж байгаа. Харин 2014 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор зөвшөөрөөд 6 дугаар сарын 18-наас олгосон байдаг. Харин 4 дүгээр сарын 18-нд уг газрыг өөр этгээдийн нэр дээр олгосон байдаг. Дээд шатны байгууллага Техникийн зөвлөгөөний хурлаар эдгээр 8 иргэдэд газрыг олгохоор шийдвэрлэлээ гэснийг доод шатны байгууллага буюу Баянзүрх дүүргийн Засаг даргад хүргүүлсэн байдаг.  

Дээд шатны байгууллага буюу Өмч, газрын харилцааны газраас Техникийн зөвлөгөөний хурлын 2013 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүллээ. Тэмдэглэл нь энд байна. Эдгээр 8 иргэдэд газрыг олгох нь зүйтэй гэснийг дээд шатны байгууллага хуралдаад шийдвэрлэсэн байтал энийг доод шатны байгууллага биелүүлж захирамж гаргаж энэ хүмүүсийн хавсралтыг нь өөрчлөөд хаа хамаагүй хууль зөрчсөн этгээдэд газар олгосон байдаг. Дараа нь Баянзүрх дүүргийн Засаг дарга дээрх 4 иргэндээ яаж газар олгосон бэ гэхээр бас асуудалтай хууль зөрчсөн байдаг. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн байдаг. 

Ямар ч төрийн байгууллага албан бичгээр хүсэлт авсан бай бүртгэл хяналтын картаар хүлээж авдаг. Захиргааны байгууллагад ирүүлээгүй. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйл дээр иргэн газар эзэмших тухай хүсэлтээ гаргана. Хүсэлтэд нэр, оршин суугаа хаяг, регистр гарын үсэг он, сар  холбоо барих хаяг, ямар хүсэлт, ямар газар авах гээд байгаа бүх нотлох баримтуудаа гаргаж өгдөг. Гэтэл энэ 4 иргэн нэг бичгээр товчхон хуулийн он саргүй, шаардлага болон бичгийн шаардлага хангаагүй бичиж өгөөд авсан байдаг. Захиргааны байгууллага нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах наад захын шаардлагыг хангаагүй зүйлийг хүлээж аваад хүсэлтийг хангаж газрыг олгосон байдаг. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээж авмагцаа сумын Газрын дарга бол аймаг, нийслэлд, дүүргийн Газрын дарга газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны албаны баталсан журмын дагуу бүртгэнэ гэж байгаа гэтэл энэ хүсэлтийг хэзээ захиргааны байгууллага авсан, хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр, цагт бүртгэж авсан тэмдэглэл байдаггүй. Үүнийг захиргааны байгууллага шүүхээс шаардахад ирүүлээгүй байдаг. Гэнэтхэн шүүх хурлын өмнө, гэрээ байгуулсан нотлох баримтыг нэхэмжлэгч өгсөн байдаг юм. Гэрээ нь яг захирамж гарсан өдөр 4 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ байгуулсан нэг ноцтой асуудал байдаг. Ямар ч захиргааны байгууллага шийдвэр гаргасан бол гэрээг байгуулж, гэрчилгээг гаргах жилийн зай байдаг. Миний хувьд энийг нөхөөд хийчлээ гэсэн хардалт байдаг. Өгөхгүй байж байснаа гэнэтхэн шүүх хурал дээр, миний өгсөн тайлбарын дараа өгч байгаа нь хардалт төрүүлдэг” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийн хувьд өмнөх хурал дээр хэлэлцсэн учир тодорхой товчхон яръя. Гуравдагч этгээд нар анх 2012 онд Нийслэлийн Засаг даргад хүсэлтээ гаргасан гэж ярьдаг. Өмнөх шүүх хурал дээр нэхэмжлэлд тодорхой тусгагдсан байгаа. 2012 онд хүсэлт гаргахдаа зөвхөн албан бичиг өгсөн гэж ярьдаг. Албан бичгээ н.Н гэж хүнд өгсөн гэдэг. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд бол гуравдагч этгээдийн өмгөөлөгч хэлж байна. Хүсэлтээ батлагдсан загварын дагуу гаргаж өгч байгаа.  Хүсэлтдээ дараах зүйлийг тусгаж газар эзэмших гэж байгаа зааг, байршил, нэгж талбайн зураг яригддаг гэтэл гуравдагч этгээдүүд анх Нийслэлд хүсэлт гаргасан гэдэг боловч тэр хүсэлтэд яг тодорхой тоочны  энэ газар дээр газар эзэмшинэ гэсэн тэр хүсэлт нь байдаггүй. Нийслэлийн Засаг даргад холбогдох албан тушаалтан нь ирээд хүсэлт тавьсаны дагуу бид нар дараах албан бичгийг өгсөн гэдэг зүйлийг ярьсан. Энэ нь шүүх хуралдаан дээр яригдсангүй. 

Дүүргийн Засаг даргын зүгээс нэхэмжлэгч нарт олгосон нэршил бүхий газруудыг эзэмшихийг хүссэн хүсэлтээс эрс ялгаатай юм гэдгийг шүүгч анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Энэ газрыг хэнд олгох нь зүйтэй вэ? гэдгийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 221/0501 тогтоолоор энэ маргаан бүхий газрыг Нийслэлийн Засаг дарга олгох хэрэгтэй юу? дүүргийн Засаг дарга олгох эрхтэй юу? гэдэг талаар маргаан байна гэдгийг дүгнэсэн хүчин төгөлдөр магадлал байна. 

Эндээс үзэхэд нотлох баримтаар энэ газрыг Нийслэлийн Засаг дарга олгож болохоор зам, шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөсөн зам, шугам сүлжээнд холбогдсон газар мөн үү? гэж Захиргааны хэргийн шүүхэд хүсэлт гаргасны үндсэн дээр нотлох баримт ирдэг. Түрүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлж байсан Нийслэлийн газрын харилцаа, геодези, зураг зүйн, Ерөнхий төлөвлөгөөний газраас нотлох баримтууд ирсэн. Энэ газар, зам, шугам сүлжээ, инженерийн шугам сүлжээ бүхий газар биш гэдэг нотлох баримт ирсэн. Энэ газар Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарах асуудал биш байна. Нэхэмжлэгч нар дүүргийн Засаг даргыг газар эзэмших эрхтэй эсэх талаар авч үзэхлээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг тусгасан байна. Үүнд 1. Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж байхыг шаарддаг 2. Тухайн байршил нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх ёстой энэ талаар хэрэгт, нотлох баримт ирсэнгүй Иргэдийн төлөөлөгчийн хурлын тогтоол, батлагдсан төлөвлөгөөнд тус газар нь иргэдэд эзэмшүүлэхээр зориулагдсан, төлөвлөгдсөн газар байгаа. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь аливаа бусад этгээдийн эзэмшиж, ашиглаж байгаатай давхцаагүй байна гэж зааж өгсөн. Энэ гурван шаардлагыг нэхэмжлэгч этгээд зөрчсөн асуудал байхгүй. Уг газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан учраас дүүргийн Засаг дарга өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу газар олгосон байдаг. Энэ ямар нэг хууль зөрчсөн асуудал байхгүй. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ярьж байна. Авлигатай тэмцэх газрын албан бичгээр ашиг сонирхлын зөрчил нь тогтоогдсон гэж үздэг. Албан бичгээр бол энэ ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг нь тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээд тогтоогдохгүй  Үндсэн хуулийн зарчмаар шүүх хүнийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх асуудлыг заасан байдаг. Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтаар Авлигатай тэмцэх газраас Прокурорын газар луу Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай саналтай байгаагаа албан бичгээр явуулсан. Албан бичиг Нийслэлийн Өмч, газрын харилцааны газар луу очсон, Нийслэлийн Өмч, газрын харилцааны газраас холбогдох хариуг Авлигатай тэмцэх газарт өгсөн. Тус албан бичигт тодорхой заагаад өгсөн байдаг. Дүүргийн Засаг даргын 2014 оны А145 захирамжаар эдгээр иргэдэд газар эзэмших эрх олгосон байна. Гэтэл Нийслэлийн Засаг дарга эдгээр иргэдэд газар олгогдсоны дараа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчөөд газар давхцуулж эзэмшүүлсэн гэсэн албан бичгийг Нийслэлийн Өмч, газрын харилцааны газраас холбогдох албан бичгийг хүргүүлсэн байдаг. Дээрх үндэслэлүүд байгаа учраас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Н, Д.О, П.С, Ц.С нар нь “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ***дугаар захирамжийн Б.К, Д.Д, Я.Ч, Г.Г, С.П, Б.О, М.Н, Ж.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Харин гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.К “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ***дугаар захирамжийн С.Н, Д.О, Ц.С, П.С нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн бие даасан шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай” ***дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Хүрхрээ гэх газар нэхэмжлэгч иргэд болох П.С, Д.О, С.Н, Ц.С нарт тус бүр 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” ***дугаар захирамжаар мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хүрхрээ гэх газрыг Б.К, Д.Д, Я.Ч, Г.Г, С.П, Б.О, М.Н, Ж.Э нарт тус бүр 700 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Гуравдагч этгээдүүд маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг нэхэмжлэгч нараас цаг хугацааны хувьд түрүүлж гаргасан болох нь Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албан ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэр /1 дүгээр хавтаст хэргийн 170-171 дүгээр хуудас/, бүртгэл хяналтын картын маягтууд /1 дүгээр хавтаст хэргийн 46, 48, 165 дугаар хуудас/ гэх мэт баримтуудаар нотлогдож байна.

Тодруулбал Улаанбаатар төмөр замын замын 2 дугаар ангиас Баянзүрх дүүргийн Газрын албанд хандаж нэхэмжлэгч П.С, Д.О, С.Н, Ц.С нарын иргэдэд газар эзэмшүүлэх тухай хүсэлт гаргасан байх бөгөөд тухайн хүсэлтийг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрийн №482 дугаарт бүртгэсэн болох нь Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэр /1 дүгээр хавтаст хэргийн 170-171 дүгээр хуудас/, бүртгэл хяналтын картын маягтууд /1 дүгээр хавтаст хэргийн 165 дугаар хуудас/ гэх мэт баримтуудаар нотлогдож байна.

Харин гуравдагч этгээдүүд болох Б.К нарын иргэд маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг 2012 оны  10 дугаар сард болон 2013 оны 11 дүгээр сард гаргасан болох нь бүртгэл хяналтын картын маягтууд /1 дүгээр хавтаст хэргийн 46, 48 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.   

Мөн маргаан бүхий газар болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ гэх байршилд байрлах газрыг гуравдагч этгээд Б.К нарын иргэд эзэмших хүсэл зоригтой байсан болох нь Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №5/7935 тоот албан бичгээр  болон Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №531 тоот албан бичгээр  нотлогдож байна.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №5/1864 тоот албан бичиг/1 дүгээр хавтаст хэргийн 87 дугаар хуудас/-ийн хариуг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №531 тоот албан бичгээр өгсөн байх бөгөөд дээрх албан бичгүүдээр гуравдагч этгээдүүд маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг нэхэмжлэгч нараас цаг хугацааны хувьд түрүүлж гаргасан болох нь мөн нотлогдож байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан ба гуравдагч этгээдүүд маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг нэхэмжлэгч нараас цаг хугацааны хувьд түрүүлж гаргасан байхад уг гуравдагч этгээдүүдийн хүсэлт гаргасан газартай давхцуулан Баянзүрх дүүргийн Засаг дарга нэхэмжлэгч нарт  газар эзэмшүүлсэн нь дээрх заалтыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “маргаан бүхий газар инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй учир уг газрыг Нийслэлийн Засаг дарга эзэмшүүлэх эрхгүй, харин Дүүргийн Засаг дарга эзэмшүүлэх эрхтэй” гэж тайлбарлан маргаж байх хэдий ч энэ нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.

Учир нь Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлсэн эсэх буюу инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй газрыг аль засаг дарга эзэмшүүлэх эрхтэй эсэх асуудал иргэнд хамааралгүй бөгөөд Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлснээс шалтгаалж гуравдагч этгээдүүдийг буруутгах боломжгүй.

Шүүх газар эзэмших хүсэлтийг цаг хугацааны хувьд түрүүлж гаргасан үндэслэлээр гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.               

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Нийслэлийн Засаг дарга нь газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ дүүргийн Засаг даргын саналыг авах ёстой атал дүүргийн Засаг даргын саналыг аваагүй, дүүргийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг нэхэмжлэгч нарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн дүүргийн Засаг даргын захирамж  хууль зөрчөөгүй” гэсэн агуулга, үндэслэлээр маргаж байх хэдий ч дээрх үндэслэлүүд нь нэхэмжлэлийг хангах буюу гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй ба нийслэл болон дүүргийн засаг даргын хоорондын харилцаа, ажил, үүргийн уялдаа холбооны асуудлаас шалтгаалж гуравдагч этгээдүүдийг буруутгах боломжгүй байна.

Түүнчлэн насанд хүрээгүй иргэн болох Ц.Сд дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ***дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн гэж маргаж байгаа гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Учир нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид "иргэн" гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана” гэж хуульчилсан байна.

Мөн гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн “Баянзүрх дүүргийн Засаг дарга нь хувийн ашиг сонирхлын үүднээс ойр дотны хүмүүстээ газар олгосон” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа тайлбарыг Улаанбаатар Төмөр замын 2 дугаар ангийн  2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн замын 2 дугаар ангид нэхэмжлэгч иргэд ажилдаггүй болохыг тодорхойлсон № 29/810 тоот албан бичиг  няцаахгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Н, Д.О, Ц.С, П.С нарын  “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ***дугаар захирамжийн Б.К, Д.Д, Я.Ч, Г.Г, С.П, Б.О, М.Н, Ж.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг хангаж “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ***дугаар захирамжийн С.Н, Д.О, П.С, Ц.С нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг болон гуравдагч этгээдүүдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас 70.200 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээдүүдэд олгосугай. 

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     М.БАТЗОРИГ