Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 114/2017/0036/З |
Дугаар | 221/МА2017/0855 |
Огноо | 2017-12-06 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2017/0855
2017 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 221/МА2017/0855 | Улаанбаатар хот |
Г.М -ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч Б.М нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 50 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.М-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 50 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.М-с Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Газрын даамал Г.М-г албан тушаал бууруулах арга хэмжээ авах тухай” Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өөрийн эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, албан тушаал бууруулж ажилласны цалингийн зөрүүг олгуулах, 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг газрын даамлын цалингаар гаргуулах” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн үндсэн шаардлагыг хангаагүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндсэн шаардлагын нэг бол “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай юм. Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны акт болох Б/12 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах замаар захиргааны хэргийн шүүхийн хяналтад авчирч улмаар өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр тус шаардлагыг шүүхэд гаргасан.
Гэтэл анхан шатны шүүх Б/12 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар гэхээсээ илүүтэйгээр тухайн нэхэмжлэлийн шаардлагатай төдийлөн ач холбогдол багатай үр дүнгийн гэрээний биелэлт, үнэлгээ түүнтэй холбоотой асуудал дээр хариуцагчид ашигтай дүгнэлт хийх замаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс үр дүнгийн гэрээний дүгнэлттэй холбоотой маргаанаа хуульд заасан тодорхой процессын дагуу гомдол гаргах замаар шийдвэрлүүлэх эрх нээлттэй байсан бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэх, эс хэрэгжүүлэх нь нэхэмжлэгчийн хүслээр шийдвэрлэгдэх асуудал юм.
Харин үр дүнгийн гэрээний үнэлгээ, дүнтэй холбоотой маргаан үүсгэхээс өмнө өөрийнх нь хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан, ноцтой зөрчсөн Б/12 дугаартай үндэслэлгүй тушаалыг Хонгор сумын Тамгын газрын дарга гаргасан тул тус тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар зарга үүсгэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь заалт, “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшин үнэлж, дүгнэх журам”-ын 7.1, тус байгууллагын дотоод журмын 6.3 дахь заалтуудыг үндэслэсэн байдаг. Хариуцагчийн зүгээс дээрх заалтуудыг барьж Б/12 дугаар тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлахдаа нэхэмжлэгч Г.М-ийн үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээний талаар бичгээр болон шүүх хурал дээр тайлбарладаг.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг няцаах дараах үндэслэлүүдийг дэвшүүлж байна.
1. Албан тушаал бууруулах арга хэмжээ авч буй Б/12 дугаар тушаал гаргасан боловч албан тушаалыг нь бууруулаагүй, Г.М-ийн хөдөлмөрлөх, төрийн албан хаагч байх харилцааг нь шууд зогсоосон. Өөрөөр хэлбэл ямар албан тушаалд томилж, бууруулаад байгаа нь тодорхойгүй тушаал бөгөөд тус тушаал гарсан өдрөөс хойш сар гаруйн дараа жирэмсний амралтаа авсан хүний оронд түр томилсон тушаал гаргасан байгаа нь ойлгомжгүй байгаа бөгөөд Б/12 дугаар тушаал хэрэгжих ямарч боломжгүй.
2. Албан тушаал бууруулах арга хэмжээ авсан тохиолдолд тухайн төрийн албан хаагч буурсан албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах боломжтой байх ёстой бөгөөд энэ нь албан тушаал бууруулах, төрийн албанаас халах хоёр ойлголтын ялгааг харуулж байгаа юм. Гэтэл нэхэмжлэгч Г.М-г хариуцагчийн албан тушаал бууруулах тухай тушаал гаргасан атлаа ямар ажилд хэрхэн бууруулснаа огт дурдаагүй, сар гаруйн дараа нөхөж гаргасан тушаалаараа жирэмсэн хүний ажлын байран дээр мэргэжлийн бус ажлыг хийлгүүлэхээр түр томилсон байгаа нь тухайн тушаал гарах ямар ч үндэслэлгүйн дээр эрх зүйн үр дагавар дагуулахгүй атал анхан шатны шүүх тус тушаалыг эрх зүйн үр дагавартай мэтээр тайлбарлаж, албан тушаал бууруулах тушаалын үргэлжлэл мэт цалин давхардуулахгүй байх зохицуулалт хийсний үгүйсгэх аргагүй гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хариуцагчийн зүгээс гаргасан 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/19 дүгээр тушаал нь өмнөх Б/12 дугаар тушаалтай ямар ч хамааралгүй, эрх зүйн үр дагаваргүй тушаал юм. Харин Г.М-г хэн нэгэн жирэмсний амралттай хүний оронд төрийн алба тасралтгүй явагдах ёстой гэх зарчмын дагуу шинээр түр хугацаагаар ажилд авч байгаа тохиолдолд тус тушаал нь эрх зүйн үр дагавар дагуулна. Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянуулахаар гаргасан нэхэмжлэгчийн шаардлагаас хальж, Б/12 дугаар тушаалыг түүнтэй ямар ч хамааралгүй Б/19 дүгээр тушаалтай хольж хутган тайлбарлаж дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.
3. Хариуцагчийн зүгээс Г.М-г ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж дутагдалтай гэж дүгнэгдсэний улмаас албан тушаал бууруулахаар тушаал гаргасан тухайгаа шүүхэд гаргасан тайлбар болон Б/12 дугаар тушаал дээр дурдсан байдаг. Гэтэл Г.М-г албан тушаал бууруулах нэрийдлээр хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан шийдвэрээ хэрэгжүүлэхдээ Г.М-ийн оронд газрын даамлаар ямар ч ажлын туршлагагүй хүнийг томилсон байгаа нь тус тушаал үндэслэлгүй гарсан болохыг мөн нотолно. Иймд шүүх давж заалдах гомдлыг минь хүлээн авч Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 50 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч Г.М анх “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Газрын даамал Г.М-г албан тушаал бууруулах арга хэмжээ авах тухай” Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өөрийн эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, албан тушаал бууруулж, ажилласны цалингийн зөрүүг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” гэж нэмэгдүүлжээ.
Анхан шатны шүүх уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...нэхэмжлэлийн шаардлагатай төдийлөн ач холбогдол багатай үр дүнгийн гэрээний биелэлт, үнэлгээ, түүнтэй холбоотой асуудал дээр хариуцагчид ашигтай дүгнэлт хийсэн, албан тушаал бууруулах тушаал гаргахдаа ямар ажилд хэрхэн бууруулснаа огт дурдаагүй, сар гаруйн дараа нөхөж гаргасан тушаалаараа жирэмсний амралттай хүний оронд мэргэжлийн бус ажлыг хийлгүүлэхээр түр томилсон, анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагаас хальж, Б/12 дугаар тушаалыг түүнтэй ямар ч хамааралгүй Б/19 дүгээр тушаалтай хольж хутган тайлбарлаж дүгнэлт хийсэн” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
Маргаан бүхий захиргааны акт болох Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар газрын даамал Г.М-г “Засаг даргын зөвлөлийн хурлын ажлын тайлан хэлэлцсэн шийдвэр, 2016 оны үр дүнгийн үнэлгээ, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын “Арга хэмжээ авах тухай” албан бичиг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх үндсэн үүргээ хангалттай биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр албан тушаалыг нь бууруулсан байна.
Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ”, 19.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно”, 23.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно”, 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, 23.1.2-т “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн аливаа ажилтныг албан тушаал бууруулах эрх нь гагцхүү Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан нөхцөл бүрдсэн үед хэрэгжих бөгөөд захиргааны санаачлагаар тухайн ажилтны албан тушаалыг бууруулахдаа үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, тухайн албан тушаал эрхлэх шаардлагыг хангаж буй эсэх, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хэрхэн биелүүлснийг харгалзан үзэхээр хуульчилжээ.
Мөн нэхэмжлэгч Г.М-д 2016 оны 06 дугаар сарын 02-ны Б/12 дугаар тушаалаар 1 сарын хугацаатай цалингийн 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад албан үүргээ биелүүлээгүй олон удаагийн тохиолдол гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Мөн 2016 оны үр дүнгийн гэрээг эхний удаа дүгнэхэд 35.3 буюу “F” үнэлгээ авсан тул дахин засварлан ирүүлэхээр буцаасан. Үүний дараа дахин ирүүлсэн гэрээг дүгнэхэд 65.5 буюу “D” дутагдалтай гэж дүгнэгджээ.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан нөхцөл бүрдсэн байх бөгөөд анхан шатны шүүх “нэхэмжлэгчид хүргүүлж байсан албан бичиг, зөвлөмж, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн илтгэх хуудаснуудыг нэг бүрчлэн дурдаж, нэхэмжлэгчийг тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болох нь тогтоогдож байна” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Мөн хариуцагч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...тухайн үед ажлын ачаалал их байсан, Г.М нь 2017 оны 02 дугаар сард ээлжийн амралтаа авахаар тушаал гарсан боловч ажлын ачааллаас болоод ээлжийн амралтаа аваагүй, албан тушаал бууруулах тушаал гарсан өдрөөс ээлжийн амралтаа авч, ажилд орсон өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр сумын 1 дүгээр багийн зохион байгуулагчийн ажилд түр томилсон, ...жирэмсний амралт авсан хүний албан тушаалд түр томилсон боловч цаашид ажлаар хангана” гэжээ. Иймд анхан шатны шүүхийн “...маргаан бүхий захиргааны актаар Г.М-г бууруулсан албан тушаалд томилох шийдвэр гаргаагүй нь буруу боловч Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д зааснаар ээлжийн амралт эдлэх хооронд цалин давхардуулахгүй байх зохицуулалт хийснийг үгүйсгэх аргагүй” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Г.М-г ажилд түр томилох тухай” Б/19 дүгээр тушаалтай маргаагүй, жирэмсэн хүний оронд түр томилсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндсөн гэж үзэж байгаа бол Б/12 дугаар тушаалтай бус Б/19 дүгээр тушаалтай маргах ёстой. Түүнчлэн хуульд тухайн хүнийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар зохицуулсан байдаг. Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй байхад 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс ажлаа орхиж явсан байна. Иймд дээрх хугацааны цалинг гаргах үндэслэлгүй юм.
Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Түүнчлэн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх тухай” 139 дүгээр захирамжид маргаан бүхий захиргааны акт болох Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын Б/12 дугаар тушаалыг дугаарыг “Б/17” гэж бичилтийн алдаа гаргасан, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч дардас дарж бүртгээгүй байх бөгөөд давж заалдах гомдол танилцуулсан баримтыг үндэслэн хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж давж заалдах шатны шүүх үзсэн болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 50 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР