Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 123/2017/0051/з |
Дугаар | 512 |
Огноо | 2018-12-19 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 512
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Т аймгийн Б сумын Засаг дарга, Т аймгийн У Б-ийн хэлтэст
тус тус холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Танхимын тэргүүн: М.Батсуурь,
Шүүгчид: Г.Банзрагч,
Х.Батсүрэн,
Д.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Ц.Ундрал,
Нэхэмжлэлийн шаардлага: Т аймгийн Б сумын Засаг даргын 2011 оны 03 сарын 28-ны өдрийн 66 дугаар захирамжийн Ц.Ө, Б.Э нарт холбогдох хэсэг, 2014 оны 06 сарын 03-ны өдрийн А/240 дугаар захирамж /Ж.М, Д.Ж/, 2014 оны 11 сарын 11-ний өдрийн а/404 дугаар захирамжийн Ж.М-д холбогдох хэсэг, 2016 оны 10 сарын 25-ны өдрийн А/847 дугаар захирамж /Л.Д, Л.О/, 2016 оны 10 сарын 25-ны өдрийн А/848 дугаар захирамж /С.С, Э.М/, 2016 оны 10 сарын 25-ны өдрийн А/849 дугаар захирамж /А.Д, Н.Ч/ болон дугаар бүхий газар өмчлөх эрхийн улсын бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулах,
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2018/0015 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2018/0536 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, гуравдагч этгээд Ж.М, Ж.М, Ц.Ө нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, гуравдагч этгээд Р.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2018/0015 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5, 39 дүгээр зүйлийн 39.1, 48 дугаар зүйлийн 48.1-ийг баримтлан нэхэмжлэгчийн “Т аймгийн Б сумын Засаг даргын 2011 оны А/66 дугаар захирамжийн Ц.Ө, Б.Э нарт холбогдох хэсэг, Ц.Ө-ийн Г-1403002250 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, Б.Э-ээс "Газар худалдах, худалдан авах гэрээ"-ээр өмчлөх эрх шилжүүлэн авсан иргэн Р.Э-ын Г-1403002249 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, Засаг даргын 2014 оны А/240 дугаар захирамжийг бүхэлд нь, уг захирамжийг үндэслэн бүртгэсэн Ж.М-ийн Г-1403001853 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, иргэн Р.Н-ээс "Газар худалдах, худалдан авах гэрээ"-ээр өмчлөх эрх шилжүүлэн авсан иргэн Д.Ж-ны Г-1403001854 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, Засаг даргын 2014 оны А/404 дүгээр захирамжийн Ж.М, Д.Н нарт холбогдох хэсэг, уг захирамжийг үндэслэн бүртгэсэн Ж.М-ны Г-1403001697 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, Засаг даргын 2016 оны А/847 дугаар захирамжийг бүхэлд нь, уг захирамжийг үндэслэн бүртгэсэн Л.Д-ийн Г-1403002142 дугаартай, Л.О-ийн Г-1403002140 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, Засаг даргын 2016 оны А/848 дугаар захирамжийг бүхэлд нь, уг захирамжийг үндэслэн бүртгэсэн С.С-ийн Г-1403002137 дугаартай, иргэн Э.М-ийн Г-1403002187 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэл, Засаг даргын 2016 оны А/849 дугаар захирамжийг бүхэлд нь, уг захирамжийг үндэслэн бүртгэсэн А.Д-ийн Г-1403002144 дугаартай, иргэн Н.Ч-ын Г-1403002132 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2018/0536 дугаар магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2018/0015 дугаар шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтад “Газрын тухай хуулийн” гэсний дараа “4 дүгээр зүйлийн 4.1.3” гэж, нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Маргаан бүхий акт болон шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа маргаантай холбоотойгоор эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байна гэж З.Ц, Ж.Ц гэх иргэдээс 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт гаргасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс гуравдагч этгээдээр татах асуудлыг шийдвэрлэлгүй удаашруулж, хэрэг хянан шийдвэрлэсэн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дээрх иргэдийг гуравдагч этгээдээр оролцуулахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд хүсэлт гаргасан иргэд, хэргийн оролцогч, нэхэмжлэгч “С” ХХК-д захирамжтай маргах боломж олголгүй, гомдол гаргах эрхгүй захирамж гэж хуралдаан дээр тайлбарлаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн. Мөн гуравдагч этгээдээр оролцохоор хүсэлт гаргасан этгээдүүдэд хурлын товын талаар мэдэгдээгүй байдаг.
4. Энэ нь нэхэмжлэгч “С” ХХК-ийн болон тухайн хэрэгт гуравдагч этгээдээр оролцохыг хүссэн З.Ц, Ж.Ц нарын захирамжид гомдол гаргах эрхийг зөрчсөн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг зөрсөн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.
5. Манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С-ын зүгээс 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 2011, 2014, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаан бүхий өмчлөлийн газар тусгагдсан эсэхийг тодруулахаар Шинжээч томилуулах тухай, Нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг тус тус гаргасан. Анхан шатны шүүх “...газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан эсэхийг шинжээчээр гаргуулахгүй, шүүх дүгнэнэ, шүүхийн эрх хэмжээний асуудал...” хэмээн үзээд гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн.
6. Гэтэл иргэдэд өмчлүүлж болох газрыг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд солбицлын цэгээр нь тогтоосон байхад шүүгч түүнийг шууд тогтоох боломжгүй. Мөн иргэдэд олгосон маргаан бүхий газар Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдэг нь Төв аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01/1186 дугаар "Газар эзэмших эрхийг сэргээх тухай" албан бичигт дурдагдсан бөгөөд тус албан бичгийн 4-р зүйлд “...2011, 2014, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр “С” ХХК-ийн газартай хил залгуулан орц, гарцгүйгээр 11 иргэнд газар өмчлүүлсэн сумын Засаг даргын 2011 оны А/66, 2014 оны А/240, А/404, 2016 оны А/849 тоот захирамжуудыг хүчингүй болгон тус захирамжид холбогдох иргэдийн газар өмчлөх эрхийг хэвээр үлдээн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан байршилд шилжүүлэн газар өмчлүүлэн шийдвэрлэх" хэмээн заасан. Ийнхүү тогтоохын тулд газар дээр нь хяналтын хэмжилт, судалгаа хийсэн байдаг.
7. Анх нэхэмжлэгчид 100 га газар эзэмшүүлсэн 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 138 дугаар захирамжийн үйлчлэл шууд сэргэсэн гэж үзэхээргүй байна” хэмээн дүгнэсэн. Шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээнэ гэдэг нь захиргааны байгууллага хүчин төгөлдөр газар эзэмших эрх олгосон захирамжийг хууль бусаар хүчингүй болгосон, цуцалсан нь тогтоогдсон тохиолдолд шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгосноор анх олгосон буюу бүртгэсэн газар эзэмших эрх сэргэж байгаагаас бус шийдвэрийг үндэслэсэн шинэ захиргааны актаар шинэ эрх тогтоож буй хэрэг биш. Иймд шүүхийн шийдвэр гарсан цагаас эхлэн “С” ХХК-д газар эзэмшүүлсэн 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 138 дугаар захирамжийн үйлчлэл сэргэх бөгөөд газар эзэмших эрх нь 2006 оноос эхлэн хэрэгжсэн гэж үзнэ.
8. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй” гэж заасан. “С” ХХК Засаг даргын 2013 оны А/167 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар 2013 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь 2016 оны 04 сарын 08-ны өдөр юм.
9. Б сумын Засаг даргын 2016 оны А/897, А/895, А/896, А/994, А/898 дугаар захирамжуудаар эзэмшлийн газартай давхцуулан 7 айлд өмчлөлөөр олгогдсон асуудлаар “С” ХХК нэхэмжлэл гарган тусдаа хэрэг маргаан үүсгэн Төв аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн байх бөгөөд анхан шатны шүүхийн хараат бус байдалд нөлөөлж дүгнэлт хийсэн.
10. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
11. Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
12. Т аймгийн Б сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/482 дугаар захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг сэргээж, 95.4 га газрыг эзэмшүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар хоорондоо давхцалгүй болох нь шинжээчийн дүгнэлт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон байна. Харин нэхэмжлэгчээс “гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэхдээ орц, гарцгүйгээр, манай эзэмшил газраар дамжин орохоор газар эзэмшүүлж, газрыг чөлөөтэй эзэмших эрхийг зөрчсөн” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж, нэр бүхий гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн захирамжууд, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.
13. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсэгт зааснаар бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцуулахгүйгээр газар эзэмших үндсэн шаардлагатай, тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн эзэмшил газартай гуравдагч этгээдийн эзэмшил газар давхцаагүй тул гуравдагч этгээдэд олгосон эрхийг хүчингүй болгохыг шаардах эрх нэхэмжлэгчид хуулиар олгогдоогүй, бусдын эрхийг хязгаарлах хууль зүйн үндэслэлгүй юм. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт зааснаар газар эзэмших, ашиглах явцад үүссэн маргааныг захиргааны байгууллага шийдвэрлэх эрхтэй, орц, гарцын асуудлыг захиргааны байгууллага шийдвэрлэх тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
14. Нэхэмжлэгчийн “манай газраар бусдыг дамжин гаргуулахаар шийдвэрлэхдээ биднээс зөвшөөрөл авах байсан, зөвшөөрөл авалгүйгээр эзэмшүүлсэн нь хууль бус” гэх үндэслэлийн тухайд: сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/167 дугаар захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байсан бөгөөд уг актын хууль зүйн үндэслэлийг шүүхээс хянаж байсан, тухайн үед нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшил газрын хил, заагийг газар дээр нь тэмдэглэж баталгаажуулаагүй байсан буюу газрын цэг, солбицол тодорхойгүй байсан болох нь Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр тогтоогджээ.
15. Хожим 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/482 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээснээс хойш нэхэмжлэгчийн эзэмшил газрын хил заагийг газар дээр нь тэмдэгжүүлэх, кадастрын зураг үйлдэх ажиллагаа явагдсан. Эндээс гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан 2011, 2014, 2016 онд нэхэмжлэгчийн эзэмшил газрын хил хязгаар, цэг солбицол тодорхойгүй байсан учраас “нэхэмжлэгчээс зөвшөөрөл авах байсан” гэж хариуцагчийг буруутгах боломжгүй, Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан өөрийн эзэмшил газрыг хашаалж, хамгаалах үүргээ нэхэмжлэгч хуулийн этгээд хэрэгжүүлээгүй тул гомдлын 8 болон 9 дэх хэсэг үндэслэлгүй байна.
16. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сэргээгдсэн” тухай гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, маргааны үйл баримт ялгаатай байна. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэртэй захиргааны хэрэгт сумын Засаг даргын А/167 дугаар захирамжийн хүрээнд маргасан, нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт өөр байна. Тодруулбал, уг шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмших газрын хэмжээг тодорхой заасан болохоос эзэмшил газрын хил зааг болон цэг солбицлын талаар тодорхой дүгнээгүй тул эдгээр шийдвэрүүд хоорондоо зөрчилдөхгүй юм.
17. Нэхэмжлэгчийн “гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэх гомдол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “3-р баг, Баянгол, Түшээ гүн киноны ам” гэх зэргээр газрын байршлыг заасан, заавал шинжээч томилж, цэг солбицлыг тогтоох зайлшгүй шаардлага тогтоогдохгүй байна.
18. Түүнчлэн З.Ц, Ж.Ц нараас гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тухай хүсэлт гаргасныг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 170 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, дээрх иргэд холбогдох баримтыг бүрдүүлэн, тусдаа нэхэмжлэл гаргах замаар шүүхэд маргах эрх нь нээлттэй, энэхүү нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх шаардлагагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөхгүй.
19. “Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нөлөөллийн мэдүүлэг танилцуулаагүй, гарын үсэг зураагүй” гэх гомдлын тухайд хэрэгт авагдсан нөлөөллийн мэдүүлгийн баримтад гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Б гарын үсэг зураагүй байх бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил мөн боловч шүүхийн шийдвэрт нөлөөлөх хэмжээний ноцтой зөрчил биш байх тул гомдлыг хангах үндэслэлгүй, нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүхэд хэрхэн нөлөөлсөн талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй болно.
20. Эдгээр үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2018/0536 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ