| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/03401/И |
| Дугаар | 182/ШШ2024/04650 |
| Огноо | 2024-11-08 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 182/ШШ2024/04650
2024 11 08 182/ШШ2024/04650
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, шүүгч Б.Цолмон, О.Цэнд‑Аюуш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: НД ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Э-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 13,545,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Г,
Хариуцагч Д.Э,
Хариуцагчийн өмгөөлөгч М.А,
Иргэдийн төлөөлөгч Д.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Даатгуулагч Г.Ч нь 2023.03.07-ны өдөр манай НД ХХК-тай №230400-2959 тоот авто тээврийн хэрэгслийн *******ын гэрээ байгуулан Тоёота маркийн Ланд крузер 300 загварын 90** УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулсан. 2023.04.29-ний өдөр насанд хүрээгүй иргэн Л.И нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт даатгуулагч Г.Чийн эзэмшлийн 90** УНЦ улсын дугаартай хар өнгийн Ланд крузер 300 загварын автомашиныг иртэй зүйлээр тойруулан зурж гэмтээн хохирол учруулсан үйлдлийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс шалган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 17.8.1 дэх хэсэгт зааснаар 2311000000835 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар Л.Иг татан хууль ёсны төлөөлөгчөөр ээж Д.Эийг оролцуулан бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй гэх үндэслэлээр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2023.08.04-ний өдрийн 25 дугаартай прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Даатгуулагч Г.Чөд нийт 13,545,000 төгрөгийн хохирол учирсан болох нь холбогдох байгууллагуудын баримтаар тогтоогдсон тул манай компанийн зүгээс Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д зааснаар гэм хорын *******аар даатгагч нь эатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг *******ын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ мөн *******ын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу даатгуулагч Г.Чөд учирсан хохирлыг 100 хувь нөхөн төлсөн. Иймд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 болон Даатгалын гэрээнд заасны дагуу буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь *******аар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилждэг мөн Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д зааснаар 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана гэсний дагуу гэм хорын хохирлыг буруутай этгээдийн хууль ёсны төлөөлөгч болох Д.Эээс 13,545,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Л.И 2023.04.29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Чийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг зурж гэмтээсэн гэсэн асуудлаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст дуудагдаж шалгагдсан. Миний хүүг 2023 оны 05 дугаар сарын эхээр өглөө 7 цаг өнгөрөөд ганцаараа хичээлдээ явж байхад нь байрны жижүүр юмуу харуул юм уу нэг танихгүй эрэгтэй хүн нааш ир гээд дуудахаар нь хүү маань айгаад зугтсан чинь гүйж очиж барьж аваад харуулын путикт оруулж дотроос нь түгжээд тамхи татангаа их муухай хараад нэг хүн рүү нөгөө хүүхдийг чинь барьчихлаа гээд утсаар ярьсан гэсэн. Тэгээд удалгүй цагдаа хувцастай эмэгтэй хүн ирээд аав ээжийнхээ дугаарыг өг гэхэд хүү минь маш их айгаад өгөхгүй гэхэд нь хэл гэсээр байгаад миний дугаарыг авч залгаад надтай ярьсан ба танай хүүхэд хүний машиныг зурсан байна, одоо айгаад уйлсан байна та ирж хүүхдээ авах уу би сургууль руу нь албаны машинаараа дөхүүлээд өгчих үү гэхээр нь би ажилтай арай зайтай явж байсан болохоор та хурдан хүргээд өгчих хичээлээсээ хоцорлоо 8 боллоо гээд ярьсан эмэгтэй цагдаагаар хүргүүлсэн.
Өдөр нь хүүгийнхээ хичээлийг тарахаар нь очиж аваад асуухад юу ч ярьж чадахгүй уйлаад чичрээд байхаар нь цагдаа Бямбанаран руу залгаж хүүхдийнхээ байдлыг хэлж би уурласан. Цагдаа нь машины эзэн *******аас л хохиролоо гаргуулан авах гэж байгаа юм бэ танай хүү насанд хүрээгүй болохоор угаасаа хэрэг болохгүй хуулинд заасан хугацаанд нь та ирээд тайлбар мэдүүлэг өгөөд хүлээн зөвшөөрчихвөл гомдлыг нь хаачихна машины эзэн та нараас хохирлоо төлүүлэх гээгүй юмаа гэсэн. Тэгээд хохирол нь хэд юм бэ гэхэд 20 орчим сая болсон хөнгөлөлт эдлээд 14, 15 орчим сая болсон гэхээр нь яаж гэмтэхээр бараг машины үнэтэй хохирол гарчихдаг байнаа гэхэд энэ хүн чин зурагдсан хэсгээ эд ангиар нь шинээр солиулна будаг түрхүүлэхгүй гэж байна гэхэд би маш их гайхсан. За яахав миний хүүхэд зурсан байж болно гэхдээ наадах чинь арай л их төлбөр байна шүү дээ, гол нь яг үнэхээр тийм өндөр төлбөр гарсан эсэхийг та нар нягтлаарай, үнэлгээ бол арай л хэтэрхий үнэтэй санагдаж байна шүү гэж хэлсэн. Гэтэл тун удахгүй танай хүүхдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн та ирж мэдүүлэг өг гэж дуудсан. Би цагдаагийн үйл ажиллагаанд гомдолтой байсан бөгөөд хохирлыг нь хүлээн зөвшөөрчихвөл эрүүгийн хэрэг биш болоод, хүлээн зөвшөөрөхгүй бол эрүүгийн хэрэг мөн болчихдог юм байхдаа гэж үнэхээр гайхсан.
Тэгээд цагдаа дээр очиж мэдүүлэг өгөхдөө хохирлын төлбөрийг дэндүү өндөр гаргуулсан байна, дараа нь Д-н компани манайхаас нэхэмжлэх юм бол би хүлээн зөвшөөрөхгүй, тэр зурсан зураас нь 13 сая төгрөг хүрэх хэмжээний зураас мөн үү үгүй юу би мэдэхгүй байна.. гэж мэдүүлж байсан. Олон деталь хамруулж зурсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж хэлсэн. Мөн өөрсдөө бид ТБ, ******* ******* компаниудаас машины хаалга, крилог шинээр авахад хэд болох талаар лавлахад бүгд нийлээд 2-3 сая төгрөг орчим болно гэж хэлж байсан. Мөн машины зураасыг үзүүлж засварын газруудаас үнийн санал авч байсан баримт утсан дээр хүртэл байдаг. Мөн тухайн машиныг нь харъя гээд хэрэг бүртгэгч Бямбанарангаар яриулахад хүний бие муу хөдөө байгаа гээд" машины зураасаа үзүүлэхгүй, уулзахгүй байсан. Түүнчлэн хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй дахин үнэлгээ хийлгэе гэж хүсэлт ч гаргаж байсан. Прокурорын шийдвэрийн дагуу хохирлыг дахин тогтоохоор шинжээч томилсон боловч 2023.06.23-ны өдөр Үнэлгээний Дамно компаниас гэмтлээ зассан тул хохирлыг тогтоох боломжгүй гэж нөхцөл байдал үүссэн гээд дахин үнэлгээ тогтоох боломжгүй гэж мэдэгдсэн. Энэ хугацаанд том хүү тус машиныг зогсоол дээр байх үед нь таараад бичлэг хийн авсан бөгөөд тус бичлэг зургийг нь засварын газар үзүүлэхэд машинаа аваад ир 1,5-2,0 сая төгрөг болно 1 деталь 100-250 мянган төгрөг орчимд засагдана гэж хэлж байсан байдаг. Өөрөөр хэлбэл машины гадна зурсан зураас нь машины их биеийн зурагдсан өнгөн давхаргаас шалтгаалан төлбөр мөнгө нь гарна гэж засварчид тайлбарлаж байсан.
Гэтэл НДын компани нь ТБ компанитай *******ын асуудлаар хамтран ажиллах гэрээ байгуулан, тээврийн хэрэгсэл худалдан авсан иргэдэд давуу байдал олгон *******ын тохиолдлыг хуульд нийцүүлэн шалгаж тогтоохгүйгээр буюу маргаантай асуудал эрүүгийн журмаар шалгаж дуусаагүй, автомашины хохирлын хэмжээ тодорхой болоогүй байхад даатгуулагч Г.Чөд *******ын нөхөн төлбөрийг төлсөн нь хууль зөрчсөн үйлдэл болсон болсон. Өөрөөр хэлбэл *******ын тохиолдолд тус нөхөн төлбөрийг өгөх ёстой эсэхийг нягталж шалгаагүй, өөрөөр хэлбэл 90** УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Ч нь машины сэв зураасыг бүтэн будгаар арилгана, үүнд 11,000,000 төгрөг зарцуулна гэсэн үнэлгээний тайланг үндэслэн *******ын тохиолдлоор учирсан хохирлыг илт үндэслэлгүйгээр, хохирлыг нэмэгдүүлж авсан бөгөөд түүнд хяналт тавих ёстой НДын компани зохих ёсоор Даатгалын тухай хууль, гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүйгээр төлбөрийг даатгуулагчид төлснөө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэгчийн буруутай үйлдлийг харгалзан үзэж иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1‑д зааснаар хохирлын хэмжээг бууруулах боломжтой байгааг шүүх анхаарч өгнө үү. Бидний хувьд гэм буруугийн талаар маргахгүй. Гагцхүү *******ын нөхөн төлбөр олгох үндэслэл болгосон АБ ХХК‑ийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд автомашины хохирол бодитоор тогтоогдоогүй гэж үзэж байна. Харин бидний зүгээс 3,5 сая төгрөгөөс 4 сая төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, бусад төлбөрийг зөвшөөрөхгүй байна гэв.
3.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлага өндөр байна. Хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 3,5 сая төгрөгөөс 4 сая төгрөгийн хооронд нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох боломжтой байна гэв.
4.Нэхэмжлэгч тал нотлох баримтаар,
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт, Авто тээврийн хэрэгслийн *******ын нөхөн төлбөрийн шийдвэр, Тээврийн хэрэгсэл, жолоочийн *******ын нөхөн төлбөрийн мэдүүлэг, Автотээврийн хэрэгслийн *******ын гэрээ, Голомт банкны 2023:05.02‑ны өдрийн 10/190 тоот албан бичиг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн үнэмлэхний хуулбар, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2023.05.01‑ний өдрийн албан бичиг, АБ ХХК‑ийн 2023.05.05‑ны өдрийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, хавсралтууд, И‑баримтууд, ТБ ХХК‑ийн нэхэмжлэх, 2023.05.31‑ний өдрийн Мөрдөгчийн тогтоол, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2023.08.04‑ний өдрийн 25 тоот Прокурорын тогтоол, ХААН банк ХК‑ийн депозит дансны хуулгууд, 2021.05.10, 2022.04.25‑ны өдрийн Банкны *******ын зуучлалаар хамтран ажиллах гэрээнүүд, 2022.03.01‑ний өдрийн тусгай нөхцөлтэй автомашины зээлийн гэрээ, 2022.03.02‑ний өдрийн Автотээврийн хэрэгслийн *******ын гэрээ, мемориалын баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
5.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,
Хариуцагч талын гаргасан хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2023.08.04‑ний өдрийн 25 тоот Прокурорын тогтоолтой эрүүгийн хэргийн холбогдох баримтууд /49 хуу/, Авто тээврийн үндэсний төвийн 2024.11.07‑ны өдрийн лавлагаа, хавсралт гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч НД ХХК нь хариуцагч Д.Эт холбогдуулж гэм хорын хохиролд 13,545,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгч талаас гарган өгсөн, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...*******ын гэрээний зүйл болсон даатгуулагч Г.Чийн автомашинд хохирол учирсан, үүнд хариуцагч Д.Эийн насанд хүрээгүй хүү болох Л.И гэм буруутай болох нь тогтоогдсон, бид АБ ХХК‑ийн үнэлгээний тайланг үндэслэн Г.Чөд 13,545,000 төгрөгийг төлж, шаардах эрхийг шилжүүлэн авсан, уг хохирлыг буруутай этгээд болох Л.Игийн хууль ёсны төлөөлөгч, хариуцагч Д.Э төлөх үүрэгтэй, төлөөгүй байгаа учраас шаардах эрхтэй... гэж тайлбарлав.
Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...Бид хүүгийнхээ гэм буруутай үйлдлийн талаар маргахгүй, гагцхүү *******ын зүйл болсон автомашинд учирсан хохирлын үнэлгээг бид зөвшөөрөхгүй байсан учраас эрүүгийн хэргийн явцад шинжээч томилуулах хүсэлт гаргасан, цагдаа, прокурор хүсэлтийг хангаж шинжээч томилсон боловч автомашин засагдсан учраас үнэлгээ хийх боломжгүй гэсэн хариу өгсөн, өөрөөр хэлбэл бид хохирлын үнэлгээний талаар маргаантай, хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэгч НД ХХК нь *******ын нөхөн төлбөр олгосон буруутай, иймд хохирлын хэмжээг бууруулах боломжтой, бидний хувьд 3,5 сая төгрөгөөс 4 сая төгрөгийг төлөх боломжтой... гэж тайлбарлан мэтгэлцсэн.
3.НД ХХК, Голомт банк ХК‑ийн хооронд 2021.05.10, 2022.04.25‑ны өдрийн орон сууцны зээлийн *******, тээврийн хэрэгслийн *******, цалингийн зээлдэгчийн гэнэтийн ослын *******тай холбоотой банкны *******ын зуучлалаар хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байх ба, уг гэрээг үндэслэн НД ХХК, Г.Ч нарын хооронд 2023.03.07‑ны өдөр автотээврийн хэрэгслийн *******ын гэрээ 2024.03.06‑ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулагдсан. Энэхүү гэрээгээр Г.Ч нь 339,999,996 төгрөгийн үнэ бүхий, өөрийн өмчлөлийн, 90** УНЦ улсын дугаартай, хар өнгөтэй, 2021 онд үйлдвэрлэгдсэн, 2022.01.25‑ны өдөр Монгол улсад орж ирсэн, Тоёота ланд круйзер 300 маркийн автомашиныг даатгуулж, *******ын хураамжид 3,399,999 төгрөг төлөх, НД ХХК нь тус автомашинд эрсдэл учирч, *******ын тохиолдол үүссэн үед нөхөн төлбөр төлөх үүргийг харилцан хүлээсэн байх ба, Г.Ч нь 2023.03.07‑ны өдөр *******ын хураамжид 3,399,999 төгрөгийг төлсөн болох нь Голомт банк ХК‑ийн цахим гүйлгээний баримтаар тогтоогдсон.
Дээрх *******ын гэрээний зүйл болсон 90** УНЦ улсын дугаартай, Тоёота ланд круйзер 300 маркийн автомашиныг даатгуулагч Г.Ч нь Голомт банк ХК‑тай байгуулсан 2022.03.01‑ний өдрийн тусгай нөхцөлтэй автомашины зээлийн гэрээний дагуу ТБ ХХК‑иас 272,000,000 төгрөгөөр, жилийн 15%‑ийн хүүтэй, 96 сарын хугацаатай зээлээр худалдан авсан байх ба, уг автомашин нь Голомт банк ХК‑ийн зээлийн барьцаанд байгаа болох нь Голомт банк ХК‑ийн 2023.05.02‑ны өдрийн 10/190 тоот албан бичиг, Авто тээврийн үндэсний төвийн 2024.11.07‑ны өдрийн 9 тоот албан бичиг, хавсралт болох тээврийн хэрэгслийн бүртгэлээр нотлогдсон.
4.Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2023.08.04‑ний өдрийн 25 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоолоор, *******ын гэрээний зүйл болсон, Г.Чийн өмчлөлийн, 90** УНЦ улсын дугаартай, Тоёота ланд круйзер 300 маркийн автомашин Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад 2023.04.29‑ний өдөр хариуцагч Д.Эийн хүү Л.И нь иртэй зүйлээр тойруулж зурж гэмтээн, 12,880,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож, Л.И нь гэмт хэрэг үйлдэх үедээ 9 нас, 8 сар, 5 хоногтой байсан, тэрээр ял ологдуулах насанд хүрээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх ба, энэ тогтоолд зохигчид гомдол гаргаагүй, прокурорын тогтоол хүчин төгөлдөр болсон талаар маргаангүй.
Энэхүү эрүүгийн хэргийг шалгах ажиллагааны явцад хариуцагч Д.Э нь даатгуулагч Г.Чийн өмчлөлийн, 90** УНЦ улсын дугаартай, Тоёота ланд круйзер 300 маркийн автомашинд учирсан хохирлын хэмжээний талаар маргаантай байсан ба, тэрээр 2023.05.16‑ны өдөр, 2023.06.06‑ны өдөр тус тус Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж автомашины бодит үнэлгээг тогтоолгох хүсэлтийг гаргаж байсан, 2023.06.07‑ны өдрийн мөрдөгчийн тогтоол, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2023.06.21‑ний өдрийн прокурорын тогтоолоор Дамно ХХК‑ийг шинжээчээр томилсон, Дамно ХХК‑ийн 2023.06.23‑ны өдрийн тайлбар хүргүүлэх тухай албан бичгээр ...үнэлэгдэж буй 90** УНЦ улсын дугаартай автомашин нь засварлагдсан, хохирлын биет байдалд үзлэг хийх боломжгүй, тогтоолын дагуу үнэлгээ хийх боломжгүй байна... гэсэн хариуг өгчээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2023.06.27‑ны өдрийн 24 дүгээр тогтоолоор АБ ХХК‑ийг шинжээчээр томилсон байх ба, АБ ХХК нь 2023.07.27‑ны өдөр ...уг автомашинд учирсан хохирлын хэмжээ 13,510,000 төгрөг, ...Таванбогд ХХК‑иас 2022 онд худалдаж авсан шинэ автомашин байсан тул албан ёсны борлуулагчийн үнийн саналаас хөнгөлөлттэй дүнг хасаж хохирлын хэмжээг тодорхойлсон... гэсэн агуулга бүхий тайлбарыг өгсөн байна.
4.1.Улмаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2023.05.01‑ний өдрийн албан бичгээр ...2023.04.30‑ны өдөр 90** УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зурсан байна гэх дуудлага мэдээллийг хүлээн авч Г‑2908 дугаартай гомдол мэдээллийн бүртгэлд бүртгэн шалгалтын ажиллагаа явагдаж байгаа нь үнэн болно... гэсэн агуулга бүхий мэдээллийг НДд ХХК‑нд хүргүүлжээ.
Өөрөөр хэлбэл, НД ХХК, Г.Ч нарын хооронд байгуулагдсан *******ын гэрээний зүйл болох даатгуулагч Г.Чийн өмчлөлийн автомашиныг хариуцагч Д.Эийн насанд хүрээгүй хүү Л.И зурж гэмтээн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл, үүний улмаас учирсан хохирлын хэмжээний талаар хариуцагч Д.Э маргаж, удаа дараа шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргаж байсан, эрх бүхий албан тушаалтан хүсэлтийг хангасан байх боловч автомашин засагдсаны улмаас дүгнэлт гаргах боломжгүй болсон үйл баримтууд нь тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой байх тул эдгээр үйл баримтын талаар шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4‑т зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.
5.Даатгуулагч Г.Ч нь 2023.05.01‑ний өдөр *******ын тохиолдол болсныг нэхэмжлэгч НД ХХК‑нд мэдэгдэж, НД ХХК‑ийн захиалгаар хийлгэсэн 2023.05.05‑ны өдрийн АБ ХХК‑ийн үнэлгээний тайланг хавсарган өгсөн байх ба, энэхүү тайлан, хавсралтаар даатгуулагч Г.Чийн Тоёота ланд круйзер 300 маркийн автомашины баруун урд /185,000 төг/ болон баруун хойд /200,000 төг/, зүүн урд /185,000 төг/ болон зүүн хойд /170,000 төг/ крылонууд дунд зэргийн эвдрэлтэй, баруун урд /195,000 төг/ болон баруун хойд /195,000 төг/, зүүн урд /165,000 төг/ болон зүүн хойд /165,000 төг/ хаалгууд дунд зэргийн эвдрэлтэй, хойд буфер /120,000 төг/ дунд зэргийн эвдрэлтэй, нийт 1,580,000 төгрөгөөр засах, будах зардал бага зэрэг, ажлын хөлс 11,300,000 төгрөг, шууд ажлын зардал нийт 12,880,000 төгрөг, өнгө гаргах буюу шууд бус ажлын зардал 630,000 төгрөг, бүгд 13,510,000 төгрөгийн үнэлгээ тогтоогджээ.
Нэхэмжлэгч НД ХХК‑ийн 2023.05.23‑ны өдрийн авто тээврийн хэрэгслийн дааталын нөхөн төлбөрийн шийдвэрээр, *******ын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5.3‑т заасан зогсоолд байх үед гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас учрах эрсдэл буюу зурах, сэвтүүлэх эрсдэл даатгуулагчийн автомашинд учирсан гэж үзэн АБ ХХК‑ийн үнэлгээгээр тогтоогдсон 13,510,000 төгрөг, угаалгын зардал 35,000,000 төгрөг, нийт 13,545,000 төгрөгийг 2023.05.26‑ны өдөр даатгуулагч Г.Чөд шилжүүлэн өгч, *******ын нөхөн төлбөрийг төлсөн байна.
Ийнхүү даатгагч, даатгуулагч нарын хоорондох *******ын гэрээний үүргийн харилцаа нь даатгагчаас даатгуулагчид учирсан хохирол нөхөн төлөгдөж, ашиг сонирхлыг сэргээснээр дуусгавар болсон байна. Өөрөөр хэлбэл, үүргийн эрх зүйд даатгуулагчийн хохирол нөхөн төлөгдсөн, ашиг сонирхлыг сэргээсэн бол түүний шаардах эрх дуусгавар болсон гэж үзэх бөгөөд харин *******ын эрх зүйд энэ шаардлага хэвээр үлдэж даатгагч үүнийг хэрэгжүүлэх эрхийг олж авдаг онцлогтой.
6.Тиймээс нэхэмжлэгч НД ХХК нь *******ын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар даатгуулагч Г.Чийн автомашинд учирсан хохиролд 13,545,000 төгрөгийг түүнд нөхөн төлснөөр хариуцагч Д.Эээс гэм хорын хохирол буюу 13,545,000 төгрөгийг шаардах эрхийг шилжүүлэн авч, улмаар 13,545,000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байхаас гадна гэм буруу нь тогтоогдсон байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, даатгуулагч Г.Чийн зүгээс гэм буруутай этгээд болох, насанд хүрээгүй хүүхэд Л.Игийн эсрэг хэрэгжүүлж болох Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1-д заасан шаардах эрх даатгагч болох НД ХХК-нд шилжсэн гэж ойлгоно.
Нөгөө талаар хариуцагч Д.Э нь өөрийн насанд хүрээгүй хүү Л.Игийн гэм буруутай үйлдлийн талаар маргаангүй байх ба, 3,500,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийн хооронд хохирлыг хариуцан төлөхийг зөвшөөрсөн, ийнхүү зөвшөөрсөн үндэслэлээ ...бид тухайн үед гадуур явж засварын үнэ ханшийг судлахад 1,5-2,0 сая төгрөг болно, 1 детал 100-250 мянган төгрөг орчимд засагдана гэж засварын газрууд хэлж байсан... гэж тайлбарлах боловч энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1‑д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.
7.Дээрх бүгдээс дүгнэн үзвэл, даатгуулагч Г.Ч нь өөрөө гомдол гаргаж асуудлыг эрүүгийн журмаар шалгуулсан, ийнхүү шалгаж байгаа болохыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2023.05.01‑ний өдрийн албан бичгээр НД ХХК‑нд мэдэгдсэн, энэхүү ажиллагааны явцад *******ын зүйл болсон даатгуулагч Г.Чийн өмчлөлийн, 90** УНЦ улсын дугаартай, Тоёота ланд круйзер 300 маркийн автомашины хохирлын хэмжээ тодорхой болоогүй, хариуцагч Д.Э маргаж, эрх бүхий этгээд удаа дараа шинжээч томилсон боловч автомашин засагдсан үндэслэлээр шинжээчийн дүгнэлт гараагүй байна.
Харин дээрх ажиллагааны явцад буюу 2023.05.01-ний өдөр даатгуулагч Г.Ч нь *******ын нөхөн төлбөр авах хүсэлтийг НД ХХК-нд гаргасан байх ба, НД ХХК нь *******ын гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.14 дүгээр зүйлийн 6.14.4‑т заасныг буюу даатгуулагч 90 хоногийн дотор нөхөн төлбөрийн материалыг ирүүлнэ, даатгуулагч нэмэлт хугацаа олгоно, шаардлага хангасан бүрэн гүйцэд материал хүлээн авах, аюул осол болсон тухай холбогдох мэргэжлийн байгууллагын акт, тодорхойлолт, хохирлын үнэлгээ /Замын цагдаагийн газар, ОБЕГ, Шүүх, Прокурор, холбогдох засаг захиргааны байгууллага, үнэлгээний байгууллага гэх мэт/ зэрэг баримт бичгийг үндэслэн асуудлыг шалгаж тогтоосны дараа *******ын нөхөн төлбөр олгох, эсэх асуудлыг шийдвэрлэх учиртай байжээ.
Гэтэл нэхэмжлэгч НД ХХК нь маргаантай асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа, хохирлын хэмжээ тодорхой болоогүй, эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүйг мэдэж байсан атлаа даатгуулагч Г.Чийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, *******ын гэрээний дээр дурдсан заалтуудыг зөрчин, 2023.05.05-ны өдрийн АБ ХХК-ийн тайлан, автомашин угаалгасан зардлын баримтыг үндэслэн түүнд 13,545,000 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон үйлдэлдээ гэм буруутай байна гэж дүгнэлээ.
8.Тиймээс шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1‑д зааснаар нэхэмжлэгч НД ХХК-ийн шаардсан 13,545,000 төгрөгийн хохирлын хэмжээг багасгах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзээд, АБ ХХК-ийн үнэлгээний тайлангаас илүүтэйгээр Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2023.08.04‑ний өдрийн 25 дугаар прокурорын тогтоолоор тогтоогдсон хохирлын хэмжээ болох 12,880,000 төгрөгийг бодитой гэж үзээд, 12,880,000 төгрөгийн 50% болох 6,440,000 төгрөгийг хариуцагч Д.Э нь нэхэмжлэгч НД ХХК-нд хариуцан төлөх үүрэгтэй байна гэж дүгнэлээ.
Энэ талаарх иргэдийн төлөөлөгчийн гаргасан ...хохирлын хэмжээ их байгаа учир хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр гаргуулах боломжтой... гэх агуулга бүхий дүгнэлт үндэслэл бүхий байна.
Иймд хариуцагч Д.Эээс 6,440,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НД ХХК‑нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,440,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
9.Нэхэмжлэгч НД ХХК‑ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 225,675 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Эээс 117,990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НД ХХК‑нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.2.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 503 дугаар зүйлийн 503.1., 514 дүгээр зүйлийн 514.1.-д зааснаар хариуцагч Д.Эээс 6,440,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НД ХХК‑нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,440,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2.‑т зааснаар нэхэмжлэгч НД ХХК‑ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 225,675 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Эээс 117,990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НД ХХК‑нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА
ШҮҮГЧИД Б.ЦОЛМОН
О.ЦЭНД‑АЮУШ