| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/04478/И |
| Дугаар | 182/ШШ2024/04661 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2024/04661
2024 11 12 182/ШШ2024/04661
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х ХХК холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс учирсан хохиролд 13,100,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Ё.Ж,
Хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Э.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций сум, ХК-ийн ажилчдын хотхоны цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр 2020.05.08-ны өдөр ХК-тай гэрээ байгуулж, гэрээт ажил хийгдэх явцад цар тахал дэлгэрч, манай компанийн сантехникийн инженерийн бие өвдөж, ажлаа хийж чадахгүйд хүрсэн учраас 2021.07.19-ний өдөр ******* ХХК-иар сантехникийн бүх ажлыг 10 хоногт туслан гүйцэтгүүлэхээр, нийт гэрээт ажлын хөлс нь 15,000,000 төгрөг байхаар тус тус тохиролцож, туслан гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээг компанийн захирлаас олгосон итгэмжлэлийг үндэслэн хийсэн. Энэ итгэмжлэлийн агуулгыг би өөрөө тухайн үедээ хэлж өгсөн, тэгээд захирлаараа гарын үсэг зуруулж, тамга тэмдгээ даруулаарай гэж Э.*******д хэлсэн.
Гэрээт ажил эхэлсний дараа туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэлтэй танилцахад, гэрээнд заасан шаардлагууд хангагдаагүй байсан тул 2021.07.29-ний өдрийн 21/0717 тоот албан шаардлагыг ******* ХХК-ийн Э.*******д өгөхөд, шаардлагыг хүлээн зөвшөөрч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зурж хүлээж авсан. Ажил гүйцэтгэл хийгдэх явцад халиах, юүлэх шугамын шуудууны өндөржилт, налуу /уклон/ алдаатай ухагдсан байсныг засч ухуулахаар манай барилгаас 3 орчим километрийн зайд байсан экскаваторын жолоочид газраа үзүүлж, 1,5 сая төгрөгөөр ухуулахаар тохиролцож, тэр орой нь бид трайллерт 500,000 төгрөг төлж, экскаваторыг ачиж ирж, маргааш өглөө нь шуудууг ухуулж эхлүүлсэн. Экскаватор шуудууг ухаж байхдаа, ажлаас дуудаад явахгүй бол болохгүй нь би өөрийнхөө үндсэн ажлыг дуусгаад, буцаж ирээд гүйцээж ухаж өгье гэхэд нь бид зөвшөөрөөгүй. Гэтэл ******* ХХК-ийн Э.*******, экскаваторын жолоочтой уулзаад энэ манай компанид ажиллаж байсан хүн байна. Та экскаваторын жолоочид одоо 600,000 төгрөг өгчих, тэгвэл хэд хоногт үндсэн ажлаа дуусгаад, өөрсдийнхөө трайллераар ирээд үлдсэн газар шорооны ажлаа ухаж дуусгая гэнэ. Энэ экскаваторын жолооч миний сайн таних, манайд ажиллаж байсан хүн надад худлаа хэлэхгүй. Хэрэв Экскаватор хэлсэндээ хүрэхгүй бол би хариуцлагыг нь үүрнэ гэж хэлэхээр нь туслан гүйцэтгэгч Э.Эрдэнэбямбын амлалтад итгээд трайллерт 500,000 төгрөг, экскаваторын жолоочид 600,000 төгрөг нийт 1,100,000 төгрөгийг манай компани төлж явуулсан.
Мөн ******* ХХК-ийн ажил гүйцэтгэл хийх явцад илэрсэн алдаа дутагдлыг залруулах техникийн шаардлагууд өгч, газар шорооны үлдэгдэл ажлыг хийхээр хотоос ирэхгүй бол механизмтай холбоотой зардлыг болон гэрээний үүргийн үр дагаврын хариуцлага үүрэх болохыг анхааруулж 2021.08.21-ний өдрийн 21/0839 тоот албан шаардлагыг ******* ХХК-ийн Э.*******д өгөхөд, шаардлагыг хүлээн зөвшөөрч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зурж хүлээж авсан. Ингээд Экскаваторын ажил дуусах хугацаа өнгөрөхөөр нь ******* ХХК-ийн Э.Эрдэнэбямбын ******* дугаар луу нь залгаж, мессеж бичихэд одоо очлоо, өнөөдөр гарлаа, маргааш гарлаа гэдэг байсан ч ирэхгүй байсаар урьдчилгаа өгсөн экскаваторын үндсэн ажил нь дуусаад хот руу буцаад явчихсан байсан. Тэгэхээр нь бид замын ажил нь дуусаад хот руу буцах гэж байсан зам засварын өөр компанийн экскаватор олж, 1,5 сая төгрөгөөр газар шорооны ажлаа хийлгүүлэхээр тохиролцоод Э.Эрдэнэбямбын ******* дугаар луу нь залгаж, мессеж бичиж, Экскаватор олсон гэдгээ хэлж, хурдан ирж ажлаа дуусгахыг мэдэгдсэн боловч ирээгүй учраас ******* ХХК-ийн Э.Эрдэнэбямбын мессенжер хаяг руу 2021.10.06-ны өдрийн 21/1019 тоот албан шаардлагыг илгээсэн. Ингээд ******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлэлгүй, ажлаа хаяж явсны дараа, манай компанийн өвдөөд зүгээр болсон инженерээ дуудаж ажиллуулсан бөгөөд инженер маань ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлуудыг үргэлжлүүлж хийхээр үзлэг шалгалт хийхэд ил, далд ажлын АКТ огт үйлдэгдээгүй, хийгдсэн ажлууд нь бүгд гологдол, доголдолтой хийгдсэн байсныг нь фото зургаар болон видео бичлэгээр баримтжуулан ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбямбын фэйсбүүк мессенжер хаяг руу илгээж, гологдол, доголдолтой хийгдсэн ажлуудаа болон үлдэгдэл ажлаа ирж дуусган өрөнд орохгүй байх боломж олгосон боловч ******* ХХК нь ирж ажлаа хийж дуусган өр төлбөрт орохгүй байх боломжоо ашиглаагүй.
Ингээд манай компани Экскаваторын урьдчилгаанд 600,000 төгрөг, Трайллерийн төлбөрт 500,000 төгрөг буюу 1,100,000 төгрөгийн үргүй зардал гаргаж хохирсон. Мөн манай барилгын ойр хавьд замын ажил хийж байсан бүх компаниуд замын ажлаа дуусгаад хот руу бүгд буцчихсан, экскаватор олдохгүй байсан учраас аргагүйн эрхэнд Дундговь аймаг, Хулд сумаас экскаватор дуудаж авчирч, ажлаа хийлгэн 6,000,000 төгрөг илүү төлж хохирсон. Манай компани нь ******* ХХК-ийн гологдол, доголдолтой хийгдсэн ажлуудыг засварлахын тулд гологдол, доголдолтой хийгдсэн бүх ажлыг салгаж, тасдаж, буулгаж аваад шинээр үнийн өсөлттэй бараа материал худалдаж авч, 560 км тээвэрлэж, дахин угсарч суурилуулах ажлыг хийхийн тулд материалын зардал, цалингийн зардал, тээврийн зардал, бусад зардал зэрэгт манай компаниас багагүй хөрөнгө мөнгө зарлагдан хохироод байна. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 5,600,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алдангийн тал хувь болох 7,500,000 төгрөг, нийт 13,100,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би гэрээ байгуулах итгэмжлэлийг Э.*******д олгоогүй. Харин түүнээс яагаад ийм зүйл болсныг нь асуухад ******* ХХК-ийн захирал итгэмжлэл хэрэгтэй гэж хэлсэн, би итгэмжлэлийг хийгээгүй, 2,000,000 төгрөг урьдчилгаанд өгсөн, үлдэгдэл төлбөрөө төлөөгүй, экскаватороор ажлаа хийлгэчихээд мөнгөө өгөхгүй байсан учраас ажлыг гүйцээж хийгээгүй гэж надад хэлсэн. Манай компанийн хувьд нэхэмжлэгчтэй ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, итгэмжлэл хийж өгөөгүй. Би гэртээ байгууллагын тамгаа ширээн дээр үлдээчихдэг, компаниараа үйл ажиллагаа явуулахаа больсон, харин Э.******* намайг байхгүйд гэрт ирээд тамга авсан юм шиг байна лээ. Э.******* бид хоёр эх нэгтэй, эцэг өөртэй ах дүүс, бараг уулзалдаж, ярилцдаггүй. Миний утсыг ч авдаггүй юм. Манай компанийн өмнөөс итгэмжлэлийг зүгээр л нэг цагаан цаасан дээр үйлдсэн, хэзээ үйлдсэн нь тодорхойгүй, хуулийн шаардлага хангахгүй байна. Энэ итгэмжлэлийг үндэслэн хийсэн гэрээ ч мөн шаардлага хангахгүй байна. Манай байгууллага үйл ажиллагаа явуулж байхдаа албан бланк ашигладаг байсан. Одоогоор би хөдөө мал дээр байгаа, би өөрөө инженер хүн, манайх өөрөө экскаватор, трайллертэй, би энэ асуудлыг мэдсэн бол өөрөө хийгээд дуусгах боломжтой байсан. Тэгэхлээр нэхэмжлэгч компани нь иргэн Э.*******тай учраа олох нь зөв, тэгээд ч та нар мөнгөө иргэн Э.Эрдэнэбямбын дансанд шилжүүлсэн болохоос манай компанийн дансанд огт мөнгө ороогүй. Тийм учраас иргэн Э.Эрдэнэбямбын өмнөөс манай компани хариуцлага хүлээх учиргүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч нотлох баримтаар,
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт, компанийн дүрэм, 2020.05.08‑ны өдрийн ХК‑нд цэвэрлэх байгууламж барих барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2022.07.29‑ний өдрийн гэрээний өөрчлөлт, ХК‑ийн 2023.05.12‑ны өдрийн 01/742 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ******* ХХК‑ийн 2024.03.13‑ны өдрийн 24/0319 тоот албан бичиг, 2021.07.19‑ний өдрийн Өмнөговь аймаг, Цогтцэций сум, ХК‑ийн ажилчдын хотхонд Цэвэрлэх байгууламжийн Сантехник угсралтын ажлыг туслан гүйцэтгэх гэрээ, ******* ХХК‑ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт, итгэмжлэл, Э.Эрдэнэбямбын иргэний үнэмлэхний лавлагаа, ******* ХХК‑иас ******* ХХК‑нд олгосон санхүүжилтын тооцооллын хүснэгт, 2021.08.09, 2021.08.21‑ний өдрийн кассын орлогын баримтууд, *******ын Төрийн банк ХК‑ийн харилцах дансны харилцагчийн хуулга, ******* ХХК‑ийн 2021.07.29, 2021.08.21‑ний өдрийн албан шаардлагууд, *******, Э.******* нарын хоорондоо харилцсан мессэжүүд буюу захидлууд, фэйсбүүк мессенжерээр харилцсан захидлууд, илгээсэн бичлэг, Газар шорооны ажил хийлгүүлж, илүү зардал төлсөн тооцоолол, 2021.08.18‑ны өдрийн кассын зарлагын баримт, 2021.11.11‑ний өдрийн Ж.тай байгуулсан Газар шорооны ажлыг экскаватороор дахиж ухуулсан ажлын гэрээ, 2021.11.12‑ны өдрийн кассын зарлагын баримт, төлбөрийн и‑баримтууд, Газар шорооны ажлыг ухуулж байсныг нотлох фото зургууд, 2021.10.06‑ны өдрийн албан шаардлага гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
4.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,
Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр *******, Э.******* нарын хоорондоо харилцсан мессэжүүд буюу захидлууд, фэйсбүүк мессенжерээр харилцсан захидлуудад, илгээсэн бичлэгт үзлэг хийж бэхжүүлсэн үзлэгийн тэмдэглэлийг шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК‑нд холбогдуулж гэрээнээс учирсан хохиролд 13,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгчийн гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ... манай компани ******* ХХК‑тай гэрээ байгуулж ХК-ийн уурхайд байрлах Цэвэрлэх байгууламжийн газар шорооны ажил болон сантехник угсралтын ажлыг туслан гүйцэтгүүлэхээр болсон, хариуцагч байгууллагыг төлөөлж, итгэмжлэлээр Э.******* гэрээнд гарын үсэг зурсан, бид Э.Эрдэнэбямбын гар утсанд мессэж бичиж, фэйсбүүк мессенжерээр байнга харилцаж байсан, харин Э.******* нь газар шорооны ажил хийж байсан экскаваторын жолоочийг таньдаг учраас хөлсийг нь өгөөд явуулчих, маргааш ирээд ажлаа гүйцээгээд хийчихнэ, би хариуцна гэж хэлээд явуулсан боловч нөгөө хүн ирээгүй, үүний улмаас бид Дундговь аймгийн Хулд сумаас экскаватор авчирч газрын ажлыг гүйцээж 5,600,000 төгрөгийн зардал гаргасан, мөн гэрээний дагуу ажлыг дутуу хийгээд орхиод явсныг манай инженер ажилдаа орсны дараа гүйцээж дуусгасан, тиймээс бид гэрээнд заасны дагуу нийт ажлын үнийн дүн болох 15,000,000 төгрөгөөс алданги тооцож, 50% болох 7,500,000 төгрөгийг шаардах эрхтэй... гэж тайлбарлав.
Хариуцагч гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...би Э.*******д гэрээ байгуулах эрхийг олгоогүй, нэхэмжлэгчийн хэлээд байгаа итгэмжлэлийг би бичээгүй, итгэмжлэл нь ямар нэгэн огноогүй, зүгээр цагаан цаасан дээр бичсэн байна, манай байгууллага албан бланк дээр итгэмжлэл олгодог, итгэмжлэл нь хуульд заасан шаардлага хангахгүй байна, энэ итгэмжлэлийг үндэслэн байгуулсан туслан гүйцэтгэх гэрээ ч мөн адил хүчингүй, миний хувьд компанийн захирал гэдэг бүртгэлтэй боловч манай компани үйл ажиллагаа явуулаагүй, би хөдөө мал дээр байдаг, манай дүү болох Э.*******тай би ямар ч харилцаагүй, тэр хүн миний утсыг ч авдаггүй, тийм учраас манай компани ямар нэгэн хохирол хариуцан төлөхгүй, хэрэв манай компани гэрээ байгуулсан байсан бол бидэнд шаардлагатай машин механизм нь байсан, бид өөрсдөө ажлаа чанартай сайн хийгээд дуусгачих байсан, гэтэл нэхэмжлэгч надтай огт харилцаагүй, дандаа Э.*******тай харилцаж байсан байна, энэ хоёр хүн юу тохиролцсоныг би мэдэхгүй, манай компани хохирол хариуцах үндэслэлгүй, харин энэ хохирлоо Э.*******ас шаардах хэрэгтэй... гэж тайлбарлан мэтгэлцэнэ.
3.Нэхэмжлэгч ******* ХХК нь 2020.05.08‑ны өдөр ХК‑тай Цэвэрлэх байгууламж барих барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх ба, энэхүү гэрээний дагуу ******* ХХК нь 1,175,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий ХК‑ийн уурхайн шинэ хотхоны цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг техникийн тодорхойлолтод заасны дагуу 8 сарын хугацаанд гүйцэтгэн хүлээлгэн өгч, хөлсийг үе шаттайгаар хүлээн авахаар тохиролцсон байх ба, тус гэрээнд 2022.07.29‑ний өдөр өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2022.09.30‑ны өдрийг хүртэл сунгасан байна.
Дээрх ажлын хүрээнд ******* ХХК нь ******* ХХК‑тай Өмнөговь аймаг, Цогтцэций сум, ХК‑ийн ажилчдын хотхонд Цэвэрлэх байгууламжийн сантехник угсралтын ажлын туслан гүйцэтгэх гэрээг байгуулж, ******* ХХК‑ийг төлөөлж Э.******* гэрээнд гарын үсэг зурж, тамга дарсан байна.
Уг гэрээгээр хариуцагч ******* ХХК нь Цэвэрлэх байгууламж барих ажлын Сантехник угсралтын ажил буюу зураг төсөлд заасан сантехникийн бүх холболт, угсралтын ажлыг болон тоног төхөөрөмжүүдийг барилгын норм, дүрмийн дагуу угсарч суурилуулах, ажлын гүйцэтгэлдээ шалгалт, туршилт, тохируулга хийх ажлыг 2021.07.20‑ны өдрөөс 2021.07.30‑ны өдрийн хооронд хийж гүйцэтгэн улсын комисст ажлаа хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч ******* ХХК нь ажлын хөлсөнд 15,000,000 төгрөгийг ажил эхлэх үед 30%, ажлын гүйцэтгэлийг хийж дуусгамагц 30%, үлдэгдэл ажлаа хийн шалгалт, туршилт, тохируулга хиймэгц 30%, улсын комисс ажлын гүйцэтгэлийг хүлээн авч баталгаажуулмагц 10%‑ийг олгохоор харилцан тохиролцжээ.
4.Зохигчдын хооронд байгуулагдсан туслан гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1‑д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байх боловч энэхүү гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь зохигчдын маргааны зүйл болсон, гэрээ байгуулах эрх олгосон гэх итгэмжлэл нь ...******* ХХК‑ийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ... овогтой Эрдэнэбямбыг томилж, итгэмжилж байна. Энэхүү итгэмжлэгдсэн бичиг нь ******* ХК‑тай байгуулах ХК‑нд Цэвэрлэх байгууламж барих барилга угсралтын ажлыг туслан гүйцэтгэх гэрээнд хамаарах бөгөөд Э.******* нь ******* ХХК‑ийг төлөөлж ******* ХХК‑ийн нэр дээр байгуулах гэрээ хэлцэлд төлөөлөх, ажил эхлүүлэх, дуусгах, гүйцэтгэл гаргах, гэрээний төлбөр авах, гологдлыг барагдуулах, албан бичиг, баримт үйлдэх зэрэгт туслан гүйцэтгэх гэрээт ажилтай холбоотой бүх материалд гарын үсэг зурж баталгаажуулах бүрэн эрхтэй итгэмжилж байна... гэсэн агуулгатай байх ба, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Баталгаажуулагч ******* ХХК‑ийн ерөнхий захирал овогтой гэж тус тус гарын үсэг зурж, тамга дарсан байх боловч хэзээ олгосон огноо тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл дээрх итгэмжлэлд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3-т заасан олгосон он, сар өдрийг заагаагүй, хэзээ олгосон нь тодорхойгүй, хуулийн шаардлага хангаагүй байх тул итгэмжлэл хүчин төгөлдөр бус байхаас гадна тус итгэмжлэлийг үндэслэн байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээд буюу хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ын зөвшөөрөлгүй хийгдсэн, хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болжээ.
5.Хэдийгээр зохигчдын хооронд байгуулсан хэлцэл хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх боловч иргэн Э.******* нь 2021.07.22‑нд ******* ХХК‑ийн гүйцэтгэх захирал *******ын хамт Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах ХК‑ийн уурхайн ажлын талбайд очиж 2021.07.31‑ний өдрийг хүртэл ажиллаж, шаардлагатай зүйлсийг нэмж авах, зохих хэмжээний төлбөр төлөх, 2021.08.03‑ны өдөр компанийн захирал итгэмжлэл олгох, УХАТ‑ын инженер бичиг баримттайгаа талбай дээр очих зэрэг шаардлагыг нэхэмжлэгч ******* ХХК‑иас Э.*******д өгсөн, Э.******* нь 2021.08.05‑ны өдөр итгэмжлэлээ сая авлаа, одоо инженерээ аваад гарлаа, ах урьд шөнө ирсэн гэсэн хариуг илгээсэн, мөн экскаватор авч ирэх, эхний ажлын дутуу ажлыг хэзээ хийж гүйцэтгэх, ажлын актыг хүлээлгэн өгөх, нэмж ажлын хөлс төлөх талаар 2021.09.03‑ны өдрийг хүртэл өөр хоорондоо утсаар мессэж бичиж, фэйсбүүк мессенжерээр харилцаж байсан болох нь шүүхээс үзлэг хийж баримтжуулсан үзлэгийн тэмдэглэл, хавсралт баримтууд, газар шорооны ажлыг хийлгэж байсныг харуулсан гэрэл зургууд, албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдсон.
Мөн Э.******* нь 2021.09.26‑ны өдөр 1,500,000 төгрөгөөр газар шорооны ажил хийх экскаваторын жолооч /Цэвгээ/‑ийг нэхэмжлэгч ******* ХХК‑ийн захирал *******тай холбож өгсөн байх ба, ******* ХХК нь 2021.09.30‑ны өдөр албан шаардлагыг илгээсэн, уг албан шаардлага нь ...танайх гэрээт ажлаа дутуу гүйцэтгэж, дутуу хийсэн, ил, далд ажлын акт үйлдэж өгөөгүй, ажлаа хаяад явсан, хуванцар фланцыг ган фланцтай холбож боосон хэсгүүдийн хуванцар фланцууд бүгд хагарч, цуурсан. Тийм учраас танай хийсэн ажлуудыг дахин буулгаж, материал сольж хийхэд хүрээд байна, иймд яаралтай холбогдож дутуу хийсэн ажлаа хийж гүйцэтгэнэ үү... гэсэн агуулгатай.
6.******* ХХК нь 2021.07.20‑ны өдөр ажлын урьдчилгаанд 1,000,000 төгрөг, 2021.07.23‑нд 106,000 төгрөг, 2021.07.25‑ны өдөр 100,000 төгрөг, 2021.07.29‑ний өдөр 200,000 төгрөг, 2021.08.02‑ны өдөр 350,000 төгрөг, 2021.08.03‑ны өдөр 500,000 төгрөг, 2021.08.09‑ний өдөр 1,500,000 төгрөг, 2021.08.21‑ний өдөр 2,000,000 төгрөг, бэлнээр 544,000 төгрөг, 2021.08.27‑ны өдөр 200,000 төгрөг, 2021.09.06‑ны өдөр 200,000 төгрөг, нийт 6,700,000 төгрөгийг Э.Эрдэнэбямбын Худалдаа хөгжлийн банк ХХК‑ийн дансаар шилжүүлэн төлсөн болох нь *******ын Төрийн банк ХК‑ийн дансны хуулга, санхүүжилтийн тооцооллын хүснэгт, ******* ХХК‑ийн 2021.08.09, 2021.08.21‑ний өдрийн кассын зарлагын баримтуудаар нотлогдсон.
Улмаар Э.******* 2021.08.21-ний өдөр ажлаа гүйцэт хийгээгүй орхин явснаас шалтгаалж, нэхэмжлэгч ******* ХХК нь 2021.11.11‑ний өдөр иргэн Ж.тай гэрээ байгуулж, Ж.аар ХК‑ийн ажилчдын хотхонд Цэвэрлэх байгууламж барих ажлын газар шорооны ажлыг 2021.11.13‑ны өдрийг хүртэл молдоктой экскаватороор үргэлжлүүлэн ухуулж, ажлыг дуусган түүнд ажлын хөлсөнд 6,000,000 төгрөгийг төлсөн байна.
7.Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,100,00 төгрөгийн шаардлагаа Э.*******ас болж газар шорооны ажлыг дуусгаж чадаагүй, Дундговь аймгийн Хулд сумаас өөр экскаватор хөлсөлж, газар шорооны ажлыг дуусгаж 6,000,000 төгрөг төлсөн, мөн трайллерын урьдчилгаа Пүрэвдоржид 500,000 төгрөг, Экскаваторын урьдчилгаа Бямбажаргалд 600,000 төгрөг, нийт 7,100,000 төгрөг болсноос анх газар шорооны ажил хийлгүүлэхээр тохиролцож байсан 1,500,000 төгрөгийг хасаж 5,600,000 төгрөг болсон, хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир гэрээний үнийн дүн болох 15,000,000 төгрөгийн 50% буюу 7,500,000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилж байгаа гэж задлан тайлбарлана.
Нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6‑д зааснаар гэрээнээс учирсан хохирол, алдангийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан байх, хариуцагчийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон байх, өөрөөр хэлбэл үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон үед, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар бичгээр байгуулсан хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр энэхүү шаардах эрх хэрэгжих учиртай.
8.Харин хариуцагч ******* ХХК-ийн ямар гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид 5,600,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн үндэслэл болгосон баримтууд тус компанийн үйлдэл, үйл ажиллагаатай хамааралгүй, үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй, түүнчлэн зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг шүүх дээр нэгэнт дүгнэсэн тул тэрээр алданги 7,500,000 төгрөгөөр хохирсон гэж үзэхгүй бөгөөд энэхүү хохирлыг ******* ХХК хариуцан төлөх хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд хариуцагч ******* ХХК‑нд холбогдох гэрээнээс учирсан хохиролд 13,100,000 төгрөг гаргуулах тухай ******* ХХК‑ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
9.Нэхэмжлэгч ******* ХХК‑ийн 2024.07.26‑ны өдрийн тэмдэгтийн хураамжид төлсөн 223,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.3.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 219 дүгээр зүйлийн 219.1., 232 дугаар зүйлийн 232.6.‑д зааснаар ******* ХХК‑нд холбогдох гэрээнээс учирсан хохиролд 13,100,000 төгрөг гаргуулах тухай ******* ХХК‑ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.‑д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК‑ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 223,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА