| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0041/Э |
| Дугаар | 82 |
| Огноо | 2018-01-23 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 82
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Ц.Мөнхжаргал,
шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Мэндбаярын Батхүүд холбогдох 1703000010117 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Төв аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч М.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний шөнө 05 цаг 20 минутын орчимд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Партизанаас Батсүмбэр явах замд М.Пажеро маркийн 73-79 ТӨА улсын дугаартай автомашиныг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа...хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчин согтуугаар жолоодон явахдаа мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчин замын хажуу руу онхолдож зорчигч С.Цэнд-Аюуш, Н.Ганцэцэг нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :
- 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-8/
- хохирогч С.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 8 дугаар сарын 31-ний орой 19 цаг болж байхад гэрээсээ эхнэр Н.Ганцэцэг найз М.Б нарын хамтаар Улаанбаатар хот руу Өлзийхишиг гээд 10-н жилийн нэг ангийн найзындаа ирээд найранд орцгоосон. Тэгээд тэндээ орой 21 цагийн үед ирээд эргээд 02 цаг өнгөрч байхад манай найз М.Б машин жолоодоод би машины жолоочийн хажуу талд суугаад манай эхнэр машины хойд талд суугаад явсан. Ингээд явж байгаад онхолдсон байсан. Би найранд нилээд уусан байсан ба машинд дөнгөж ороод унтаад өгсөн. Осол хэрэг яагаад хэзээ гарсан тухай сайн мэдэхгүй байна. Би нилээд согтуу байсан. Хамрын яс хугарсан байсныг янзлуулсан тархинд цус хурсан байсан. Эмнэлэгт 7 хоног хэвтсэн. Бид нар М.Бг машин жолоодож яваа уулгаад хэрэггүй гээд айраг л ууж байсан. Эхнэр бид 2 эмнэлэгт байсан учраас яг хэдэн төгрөг гарсныг бол сайн мэдэхгүй байна. М.Бгийн талаас тусламж үзүүлсэн гэсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлтүүдтэй танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн гомдол санал алга...гэх мэдүүлэг /хх-14-15/,
- хохирогч Н.Ганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 8 дугаар сарын 31-ний орой 18 цаг өнгөрч байхад би гэрээсээ нөхөр С.Цэнд-Аюуш найз М.Б нарын хамт Улаанбаатар хот руу гарсан. Тэгээд Улаанбаатар хотод ирээд Тахилтад байдаг нэг ангийн найз Өлзийхишигийнд очсон. Тэднийх буюу Өлзийхишигийн хурим болоод шөнө 02 цаг өнгөртөл сууцгаасан. Маргааш өглөө бид нар ажилтай байсан тул шөнө 02 цаг өнгөрч байхад сум руугаа гарсан. М.Бг архи уулгаагүй ба Улаанбаатар хотоос гараад Тахилтаар даваад 61-н гарам руу давдаг хэсгээр засмал замд нийлээд явж байгаад би нэг хэсэг унтчихсан байсан. Тэгээд нэг сэртэл машин онхолдож байгаа мэдрэгдээд бие өвдөөд би машинаас буугаад зогсож байсан. Энэ үед манай нөхөр газарт хажуу тийшээ хараад хэвтчихсэн байсан. Ингээд би утсаа хартал ашгүй цэнэгтэй байсан учраас ах руугаа яриад Улаанбаатар хот руу машинд суугаад гэмтэл дээр ирсэн. Тэгээд шууд эмнэлэгт хэвтсэн. Би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Миний элэг 70% бяцралтай, 2 хавирга зөрүүгүй хугаралтай, нурууны яс зөрүүтэй хугаралтай, тархиндаа цус хуралттай, хүзүүний яс зөрүүгүй хугаралтай, уушиг бяцралтай гэсэн. Биед хүнд гэмтэл учирсан гэсэн. Бид гэрлэлтийн баталгаатай. Дундаасаа хоёр хүүхэдтэй. Бид нар багаасаа нэг ангид 10 дугаар анги төгстөлөө хамт байсан. Илүү дутуу зан байхгүй ер нь сайн залуу. Одоогоор нарийн тооцоогүй байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлтүүдтэй танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-26-28/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн №11208 дугаартай шинжээчийн:...Н.Ганцэцэгийн биед элэгний баруун дэлбэнгийн 5, 6, 7, 8-р сегментийн язрал, урагдал, хэвлийн хөндийд цус хуралдалт /1л, 200мл/, баруун талын 10-р хавирга, зүүн талын 12-р хавирганы хугарал, баруун уушигны доод дэлбэн, зүүн уушигны доод дэлбэнгийн няцрал, цээжний баруун хөндийд цус хуралдалт, хүзүүний 7-р нугалмын баруун хөндлөн сэртэн, бүсэлхийн 1, 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн суурь хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...гэх дүгнэлт /хх-54/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №11209 дугаартай шинжээчийн:...С.Цэнд-Аюушийн биед дух ясны хугарал, баруун нүдний ухархайн дээд хана, дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хамрын нуруу, баруун, зүүн хацар, уруулд зулгаралт, зүүн нүдний зовхинд шарх, баруун нүдний алим, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээр гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...гэх дүгнэлт /хх-56/,
- 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн мөрдөгчийн:...М.Пажеро маркийн 73-79 ТӨА улсын дугаартай автомашины жолооч Мэндбаярын Батхүү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а дахь “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 9.1 дэх “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна... гэх магадлагаа /хх-59/
- шүүгдэгч М.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн:...2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр би найз С.Цэнд-Аюуш, Н.Ганцэцэг нар Улаанбаатар хотруу хамт явчихаад ирье гээд байхаар нь өөрийнхөө нэр дээр байдаг М.Пажеро маркийн 73-79 ТӨА дугаартай автомашиныг жолоодоод Төв аймгийн Батсүмбэр сумаас гараад Тахилтаар давж орж ирсэн. Тэгээд найз Өлзийхишигийн хуриман дээр сууж байгаад эргээд 02 цаг нилээд өнгөрч байхад гараад эргээд Батсүмбэр сум руугаа гарсан. Улаанбаатар хотоос гарахдаа мөн Тахилтаар эргэж даваад нэг хэсэг явж байгаад замын хажуу руу онхолдсон. Осол хэрэг гарсан газрыг би өөрөө заасан. Би найран дээр сууж байхдаа нэг аяга айраг уусан байсан. Ухаан санаа бол зүгээр байсан. Би нэг их согтуу байгаагүй. Дансаар 900.000 төгрөг, бэлнээр 500.000 төгрөг гаргаж өгөөд байгаа. Согтуугаар машин жолоодож болохгүй гэдгийг би мэднэ. Би өөрийгөө гайгүй байх гэж бодоод машин жолоодсон юм. Гаргасан алдаагаа үнэхээр ухамсарлаж байна. Гайгүй гэж бодож болохгүй юм байна. Шүүх эмнэлгийн болон мөрдөгчийн магадлагааг хүлээн зөвшөөрч байна...Нөгөө талаас одоо ямар нэг санал хүсэлт байхгүй гэсэн...гэх мэдүүлэг /хх-67-68/
- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан ...М.Пажеро маркийн 73-79 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Мэндбаяр овогтой Батхүүг драйгер багаж ашиглан шалгахад 0,27% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо... гэх тэмдэглэл /хх-9/ зэрэг болно.
Шүүгдэгч М.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний шөнө 05 цаг 20 минутын орчимд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, партизанаас Батсүмбэр явах замд М.Пажеро маркийн 73-79 ТӨА улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7: а/ согтууруулах ундаа...хэрэглэсэн, 9.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчин замын хажуу руу онхолдож зорчигч С.Цэнд-Аюуш, Н.Ганцэцэг нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-...М.Пажеро маркийн 73-79 ТӨА улсын дугаартай автомашины жолооч Мэндбаярын Батхүү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а дахь “жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 9.1 дэх “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна... гэх магадлагаа /хх-59/
- 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-8/,
- жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан магадлагаа... Мэндбаяр овогтой Батхүүг драйгер багаж ашиглан шалгахад 0.27% тоон үзүүлэлт илэрсэн.../хх-9/,
- Н.Ганцэцэг, С.Цэнд-Аюуш нарын бие махбодид тус бүр хүнд гэмтлүүд учир тухай шинжээчийн дүгнэлт /х-54, 56/,
- хохирогч С.Цэнд-Аюушийн:...тухайн үед осол хэрэг яагаад хэзээ гарсан тухай сайн мэдэхгүй. Би нилээд согтуу байсан. Хамрын яс хугарсан, тархинд цус хурсан байсан...гэх мэдүүлэг /хх-14-15/,
- хохирогч Н.Ганцэцэгийн:...нэг сэртэл машин онхолдож байгаа мэдрэгдээд бие өвдөөд би машинаас буугаад зогсож байсан. Миний элэг 70% бяцралтай, 2 хавирга зөрүүгүй хугаралтай, нурууны яс зөрүүтэй хугаралтай, тархиндаа цус хуралттай, хүзүүний яс зөрүүгүй хугаралтай, уушиг бяцралтай гэсэн...гэх мэдүүлэг /хх-26-28/,
- шүүгдэгч М.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн:...2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр би найз С.Цэнд-Аюуш, Н.Ганцэцэг нар Улаанбаатар хот руу хамт явсан. Найз Өлзийхишигийн хуриманд сууж байгаад эргээд 02 цаг нилээд өнгөрч байхад гарсан. Тахилтаар эргэж даваад нэг хэсэг явж байгаад замын хажуу руу онхолдсон. Би нэг их согтуу байгаагүй. Би өөрийгөө гайгүй байх гэж бодоод машин жолоодсон Гаргасан алдаагаа үнэхээр ухамсарлаж байна...эх мэдүүлэг /хх-67-68/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч М.Бг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас С.Цэнд-Аюуш, Н.Ганцэцэг нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн зүйлчлэл, талууд, оролцогчийн зарим дүгнэлт, саналд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч М.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтанд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэг болгон өөрчлөв. Учир нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2. Энэ гэмт хэргийг:
2.1. согтуурсан үедээ гэж заасан байх ба хэрэгт авагдсан баримтаар тухайн гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүний шинж буюу 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх шинжгүй,
2. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг гэм буруугийн нэгдмэл хэлбэрийн хүрээнд үйлдсэний улмаас 2 хохирогчид тус бүр олон тооны гэмтэл, шарх учруулсан байх ба тухайн тохиолдолд хохирол, хор уршгийн хамгийн “хүнд” хэлбэрээр гэмт хэргийг зүйлчлэх үндэслэлтэй.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч М.Б нь хохирогч нарт нийт 1.400.000 төгрөг /хх-80-82ар талд/ төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, гэхдээ хохирогч нар нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал
Урьд нь ял шийтгэлгүй /хх-79/.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Бусад асуудал
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарт учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан нэмэгдэл ял хэрэглэн, хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй, харин хохирогч тус бүрт учирсан хүнд хохирлын хор уршиг бүрэн арилаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” тухай саналыг хүлээж авах боломжгүй гэж үзэв.
Шүүгдэгч М.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулсан тул түүний В ангиллын 700885 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.
Уг хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч М.Бг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас С.Цэнд-Аюуш, Н.Ганцэцэг нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар М.Бг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Бг оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад нотлох баримт бүхий төлөх төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нар нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч М.Бгийн 700885 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгч М.Бг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тооцсугай.
8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР