Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ДШМ/10

 

П.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Д.Ган-Эрдэнэ /цахимаар/,

Шүүгдэгч П.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг /цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.******* /цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Энхтөр,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/...... дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Энхтөрийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч П.*******т холбогдох .......... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

...... овгийн ............ийн *******, 1989 оны 01 дүгээр сарын ...........-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аав ............. хамт амьдардаг,  Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, .........дугаар хороо, .........дугаар хороолол, ..........дугаар байрны 0 тоотод оршин суух, /регистрийн дугаар ................../, урьд 3 удаагийн ял шийтгэл эдэлж байсан,

 -Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн .......... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ............ оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ............ дугаартай тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулиар 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, үлдэгдэл 7 cap 22 хоногийн хорих ялыг 2010 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр эдэлж дуусаж суллагдсан,

-........... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн .......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ........... дугаартай “Ял дүйцүүлэн хасах тухай” шүүгчийн захирамжаар 2 жилийн хорих ял болгон хөнгөрүүлж, биеэр эдэлсэн 1 жил 8 cap 13 хоногийн хорих ялыг хасаж, эдлээгүй үлдсэн 3 cap 17 хоногийн хорих ялыг ........оны 08 дугаар сарын 30-ны өдөр эдэлж дуусаж суллагдсан,

 -Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/......... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, ......... оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ял бүрэн биелэгдэж эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

Шүүгдэгч П.******* нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын ......... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гүүд маркет” дэлгүүрийн хажууд иргэн Ц.*******тай маргалдан, хэвлийн тус газар нь 4-5 удаа өшиглөсний улмаас Ц.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.*******н эзэмшлийн Оппо эс-9 загварын гар утсыг нь “утсаар чинь яриад өгье” гэж хэлээд хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч бусдад 900000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ нь П.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүх: П.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар П.*******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч П.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 7  жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 8 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.*******ын сэжигтнээр баривчлагдсан 1 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 30950000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******аас 17640950 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******т олгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******аас 900000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.*******д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь талийгаачийн 2 хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжлэхтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч П.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч П.*******ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргах зүйлгүй.

Тухайн хэрэгт амь хохирогчийг төлөөлж түүний ээж Б.******* нь хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр оролцсон ба хохирол төлбөрт эмчилгээний зардалд 2490950 төгрөг, оршуулгын болон бусад зардалд 5963000 төгрөг, амь нас хохирсны нөхөн төлбөрт 30000000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10000000 төгрөг, нийт 48453950 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Гэтэл анхан шатны шүүхээс хүүгийнхээ амь нас хохирсны төлбөрт 30 сая төгрөг нэхэмжилснийг ямар ч үндэслэл заалгүйгээр, ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д “Хэрэг хэлэлцэх үед иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийг дахин гаргах эрхээ алдана” гэж заасан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн дагуу хүүгийнхээ амь насны хохирол төлбөрт нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй байгаа. Тэгэхээр хүүгийнхээ амь насны нөхөн төлбөрт нэхэмжилсэн 30 сая төгрөгийг шүүхээс ямар ч үндэслэл, дүгнэлт хийлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээрээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласан, нэхэмжлэл гаргах боломжгүй үр дагаварт хүргэж байна.

Хэрвээ нотлох баримт байхгүй гэж үзвэл хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн дараа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэж ёстой гэж үзэж байна.

Иймд ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолын 7 дахь заалтад өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүүгийнхээ амь насны хохирол төлбөрт нэхэмжилсэн 30000000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Боломжгүй бол иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Энхтөр заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрвээ нотлох баримт байхгүй байна гэж үзээд гаргуулах боломжгүй гэж үзэх юм бол хүүгийнхээ амь насны нөхөн төлбөрт нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Гомдлоо дэмжиж байна гэв.

Шүүгдэгч П.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

Прокурор Д.Ган-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй өмгөөлөгчийн гаргаж байгаа гомдол үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  Ямар дүрэм журмын хүрээнд амь насны хохирлын 30 сая төгрөгийг гаргах гээд байгаа юм бэ гэдэг нь өөрөө тодорхойгүй байгаа учраас шүүхээс гаргаж шийдээгүй нь үндэслэлтэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Энхтөрийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Хэргийг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.******* нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гүүд маркет” дэлгүүрийн хажууд иргэн Ц.*******тай маргалдан, хэвлийн тус газар нь 4-5 удаа өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, улмаар 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хохирогч нь нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь 

Хохирогч Ц.*******ын “...тухайн өдрийн орой П.*******ын хамт буудлаас гараад ажил руугаа алхаж явахад П.******* намайг нэмж архи ууя гэхээр нь би үгүй нэмэхгүй гэсэн чинь миний малгайтай цамцан дээрээс доош нь татаж дараад тонгойлгож байгаад миний гэдэс хэсэг рүү 4-5 удаа маш хүчтэй өшиглөсөн. ...бид хоёр хоёулаа согтуу байсан. ...миний цорой цоорсон, бүдүүн гэдэс 2 удаа тайрсан, үхэжсэн, нарийн гэдэс тайрсан, өтгөн шингэн гэдэс дотор асгарч сэвс болсон.” /1 хх-50-52/ гэх

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ийн “...гэмтлийн эмнэлэгт хагалгаанд нийт 4 удаа ороод хагалгаагаа даахгүй нас барсан. ...нас барахаас өмнө нэг цагдаад мэдүүлэг өгөөд том хар гутлаар миний дотор муухай оргитол өшиглөсөн гээд хэлж байсан. ******* гэдэг хүн миний хүүг өшиглөж зодож цохисон хүнд маш их гомдолтой байна.” /1 хх-56-59/ гэх,

Гэрч Б.*******гийн “...Намайг дуудлагаар анх очиход өвдөлт ихтэй, хар хөлс нь гарчихсан, орчинтой харилцах ухаантай, асуултад хариулж байсан. ...Тухайн хүний өвдөлт намдахгүй байсан. Өглөө 9 цагийн үед хэвлийн хэсгийг харахад шингэн үүссэн байсан. ...хагалгаанд орсны дараа нарийн гэдэс, чацархай урагдсан, 12 хуруу гэдэс цоорсон гэсэн оноштой байсан.” /1 хх-66/ гэх,

 Гэрч Ц.*******гийн “...2022 оны 07 дугаар сарын 31-ний орой 21 цагийн үед ажлын дүүгийнх рүүгээ явж байтал Гүүд маркетын арын замын уулзвар зам дээр 2 хүн байсны нэг нь хэвтэж, нөгөө нь завилаад суучихсан байсан. ...сууж байгаа хүнтэй ярилцахад согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. ... хэвтэж байгаа хүн лүү ойртож очоод зайнаас харахад амьсгалтай байсан. ...хөлс маш их гоожсон байсан. ...би унтлаа унтмаар байна гээд байсан.” /1 хх-70/ гэх,

Гэрч Э.*******ын “...******* нь ******* суманд байхдаа над руу утсаар ярихдаа ******* зам дээр эвхрээд хэвтэж байсан гэх зүйл хэлсэн нь тод сонсогдсон бусад зүйл нь паржигнаад дээр нь ******* их сандарсан байдалтай их замбараагүй яриад юу яриад байгааг нь ойлгоогүй. Тэгсэн дараа нь уулзаад *******тай ярилцахад би *******ыг цохисон талаараа утсаар ярихдаа хэлсэн гэж хэлсэн. Тухайн үед ******* бид хоёр хамт архи уугаад явж байсан талаараа хэлсэн.” /1 хх-81-83/ гэх,

Яллагдагч П.*******ын “...амь хохирогч чи энэ нокиа гар утсыг цалингаа буухаар чи ав гэхдээ мөнгөө чи өгнө шүү гээд ярилцаж байгаад бид хоёр маргалдаж муудалцаж байгаад би хөлөөрөө хоёр удаа амь хохирогчийн цээжин тус газар жийхэд амь хохирогч хажуу тийшээ газарт унахаар нь би амь хохирогчийг босгож ирээд байж байтал амь хохирогч түрүүлээд алхаад яваад өгөхөөр нь би араас нь дагаад алхаад явж байтал амь хохирогч газарт хэвтэж байхаар нь би очоод нүүрэн тус газарт нь алгадаад бос бос хоёулаа одоо явъя гээд байж байтал хажууд цагаан машинтай хүн хүрч ирээд юу болсон талаар асуухаар манай найзыг машин ирээд мөргөсөн гээд хэлчихсэн юм. Тухайн үед ямар ч машин мөргөсөн зүйл байхгүй. ...тухайн үед надад өшиглүүлсний дараа юм хэлээгүй. Харин 200, 300 м газар алхаж яваад газарт хэвтэж байх үедээ миний гэдэс хавиар өвдөөд байна гээд хамаг хөлс нь гоожоод таван хошуу болоод хэвтэж байсан.” /1 хх-236/ гэх мэдүүлгүүд,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2176 дугаартай “...Талийгаачид бүдүүн гэдэс, 12 хуруу гэдэсний урагдал, гялтанд цус хуралт, цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Үхэлд хүргэх архаг хууч өвчин болон цочмог өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас хэвлий хөндийн гялтан хальсны идээт үрэвсэл, ерөнхий биеийн хордлогоор хүндэрч нас баржээ.” /1 хх-89-97/ гэх,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 10895 дугаартай “...Ц.*******ын биед баруун уушгины бүрэн бус уналт, хий, шингэн хуралдалт, хэвлийн эрхтэн шалгах мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.” /1 хх-103-104/ гэх шинжээчийн дүгнэлтүүдээр,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.*******н эзэмшлийн гар утсыг нь “утсаар чинь яриад өгье” гэж хэлээд хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч бусдад 900000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Б.*******н “...Би Сэлэнгэ захаас 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед  Таван толгой түлш ХХК-ийн инноваци төвийн үүдэн дээр эхнэрээ хүлээгээд зогсож байсан чинь үл таних эрэгтэй  хоёр залуу архи ууж байгаа харагдсан.  Ингээд тэр хоёр залуугийн туранхай бордуу царайтай нь утсыг аваад зугтаасан.  Оппо эс-9 маркийн гар утас байсан.” /1 хх-236/ гэх,

Гэрч Х.ийн “...Гараад явж байгаад зүс таньдаг /П.*******/ гэх залуутай таарсан юм. Ингээд надад 1 шил хараа архи авч өгөхөөр Сонгино хайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван толгой түлш ХХК-ийн инновацийн төвийн хашааны ойролцоо архи хуваагаад ууж байсан чинь тэр залуугаас утсаар чинь нэг яръя гэж хэлээд утсыг нь аваад шууд зугтаагаад явсан.” /1 хх-240/ гэх,

Гэрч Ж.ийн “...ажлаасаа гарсан чинь манай нөхөр ******* үл таних хоёр хүний нэг нь миний утсыг аваад зугтаасан нэг хүнийг нь нөхөр ******* барьж авсан гээд зогсож байсан. Тэгэхээр нь би тухайн залууг нөхрийн хамт цагдаагийн газарт хүргэж өгөөд явсан.” /1 хх-242/ гэх мэдүүлгүүд,

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ...... дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-244-245/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч П.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүхээс  шүүгдэгч П.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 7  жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялын хугацааг 8 жилээр тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Энхтөр нь “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүүгийнхээ амь насны хохирол төлбөрт нэхэмжилсэн 30000000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж өгөхийг хүссэн” агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Монгол улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй. Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “бусдын амь насанд” учруулсан гэм хорд ямар хохирлыг тооцох, түүнийг хэрхэн арилгах талаар мөн хуулийн 508 дугаар зүйлд тусгайлан тодорхой зохицуулсан байна. Энэ зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд гэм хор учруулсны төлбөрт ямар зардал хамаарах, түүнийг тооцох журам, төлбөр гаргуулах хугацаа зэргийг мөн зүйлийн 508.2, 508.3, 508.4 дэх хэсгүүдэд  хуульчлан тогтоожээ.

Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 30950000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******аас 17640950 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******т олгож,             хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь талийгаачийн 2 хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжлэхтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нэрлэн заасан “амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд”-ийг эдийн бус хохиролд хамааруулан үздэг тул мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасны дагуу гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр байна.

Иймд амь насны хохирол төлбөрт нэхэмжилсэн 30000000 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгосон талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул шүүгдэгч П.*******ын цагдан хоригдсон 97 /ерэн долоон/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцохоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Энхтөрийн “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ын  цагдан хоригдсон 97 /ерэн долоон/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ГЭРЭЛМАА

                                  ШҮҮГЧИД                               Ш.ТӨМӨРБААТАР

                                                                                  М.МӨНХДАВАА