Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 09

 

 

                                 

    2023          03           14                                      2023/ДШМ/09

 

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор З.Алтансолонго, нарийн бичгийн дарга С.Аззаяа нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/231 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2236002570249 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол улсын иргэн Долгормаа, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 33 настай. эмэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, Ховд аймгийн Дуут сумын Соёлын төвд намын санч ажилтай, ам бүл найм, нөхөр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Дуут сум, ******* ******* ******* оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.

2. *******г 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 01 дүгээр (Алагтолгой) багийн нутагт байрлах "Баруун бүс" гэх зах дотор үйл ажиллагаа явуулдаг Мишээл-Од гоо сайхны дэлгүүрийн лангуу дээрээс "iphone 13 pro max" загварын гар утас олж авсан, улмаар уг олж авсан гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрөө ашиглан завшсаны улмаас хохирогч *******д 3700'000 төгрөгийн хохирол санаатай учруулсан" гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх всгийн 1.1-т зааснаар эрүүгийн 2236002570249 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* ******* овогт ******* Долгормааг цагаатгаж,

4.2  Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггуй болохыг дурдаж түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 4.3 Энэхүү хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

4.4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ******* нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 (арав) жилийн дотор Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдэж,

4.5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 (нэг) ширхэг си ди дискийг хэргийн хамт хадгалж,

4.6 Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:            Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ "...Энэхүү гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй бөгөөд хохирогчийн эд хөрөнгийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас өөрийн эзэмшилд шилжүүлсний дараа бусдад зарах, шилжүүлэх, өөрийн өмч адил хууль бус эзэмшил тогтоох зэрэг аргаар завшсанаар төгсдөг. Хууль бус эзэмшил тогтоох гэж тухайн гээгдэл эд хөрөнгийг өөрийн өмч хөрөнгийн адил ашиглаж, түүний үр шимийг хүртэхийг ойлгоно. Түүнээс биш өөрийн эзэмшилдээ байлгасныг завшсан гэж үзэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар "хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтoox" үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэрэг гарсан байдлыг буюу гэмт хэргийг яаж үйлдсэнийг заавал нотлох хууль зүйн шаардлагатай.

Гэтэл шүүхийн хэлэлцүүлгээр талуудын мэтгэлцээний явцад болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хохирогч *******ын iphone 13 pro max" загварын гар утсыг шүүгдэгч ******* нь бусдад зарсан, бэлэглэсэн, барьцаанд тавьсан, ашигласан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан "Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших" гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас.эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол..." гэж тодорхойлсон байна. Уг гэмт хэргийн онцгойлон анхаарах ойлголт бол "завшсан" гэх ойлголт бегеед завшсан гэх ойлголтод нэн түрүүнд хүний буюу бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг олж аваад бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж нэн тэргүүнд өөрийн эзэмшил тогтоож өөрийн болгох ойлголт байдаг бөгөөд өөрийн эзэмшил тогтоож өөрийн болгосны дараа тухайн эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малын үр шимийг нь хүртэх, эс хүртэх, бусдад худалдан борлуулах эс борлуулах, бусдад шилжүүлэх, эс шилжүүлэх эсэхээс үл хамааран тухайн эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг өөрийнхөө хууль бус эзэмшил, өмчлөлд байлгаснаар тухайн гэмт хэргийг үйлдсэнд тооцох бөгөөд завшсан үйлдэл нь ашиглах үйлдлээс ялгаатай ойлголт юм.

Түүнчлэн шүүгдэгч ******* Долгормаагийн хувьд олж авсан "iphone 13 рrо max" загварын гар утсыг өөрийн болгох санаа зорилготойгоор санаатай үйлдлээр тухайн худалдааны газрын лангуун дээрээс аваад гарсан бөгөөд түүний үр шимийг үзэх, ашиглах боломж олдоогүй, цагдаагийн байгууллагын алба хаагчийн түргэн шуурхай ажиллаж гэмт этгээдийг олж тогтоосон үйлдлийн улмаас ашиглах үйлдлийг таслан зогсоосон гэж дүгнэх боломжтой, мөн шүүгдэгч ******* Долгормаа нь уг "iphone 13 pго мах" загварын гар утсыг өөрөө сайн дураараа цагдаагийн байгууллага, албан хаагчид авч ирж өгөөгүй, уг "iphone 13 prо max" загварын гар утсыг бусад гар утастай харьцуулахад нууцлал өндөртэй байдаг тул кодыг тайлж чадаагүй, кодыг тайлуулах боломжит хугацаа бүрдээгүй нөхцөл байдлууд хэрэгт тогтоогдсон байхад уг нөхцөл байдлыг нотлох баримтгүйгээр үгүйсгэсэн нь шүүхийн алдаатай шийдвэр болсон гэж дүгнэхэд хүргэлээ. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж үзэхэд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/231 дугаартай цагаатгах тогтоолд тусгасан дүгнэлт болон үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

6.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв. 

7. ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 01 дүгээр (Алагтолгой) багийн нутагт байрлах “Баруун бүс” гэх зах дотор үйл ажиллагаа явуулдаг Мишээл-Од гоо сайхны дэлгүүрийн лангуу дээрээс “iphone 13 pro max” загварын гар утас олж авсан, улмаар уг олж авсан гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрөө ашиглан завшсаны улмаас хохирогч *******д 3’700’000 төгрөгийн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

8.Ховд аймгийн прокурорын газраас *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

9.Анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлгээр талуудын мэтгэлцээний явцад болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хохирогч *******ын “iphone 13 pro max” загварын гар утсыг цагаатгагдсан этгээд ******* нь өөрийн эзэмшилдээ 2 хоног байлгасан бөгөөд  бусдаар, бусдад зарсан, шилжүүлсэн, бэлэглэсэн, барьцаанд тавьсан, ашигласан гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэжээ. 

10.Прокурор эсэргүүцэлдээ:”шүүгдэгч нь  олж авсан “iphone 13 pro max” загварын гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө, бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж өөрөө ашиглан завшсан” байхад шүүхийн  шүүгдэгчийг цагаатгасан  тогтоолд тусгасан дүгнэлт нь  хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй.” гэжээ.

11. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг тодорхойлсон байна.

12.Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж авсан дүрс бичлэгээс үзэхэд “2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр  Баруун бүс  зах дотор үйл ажиллагаа явуулдаг Мишээл-Од гоо сайхны дэлгүүрт хохирогч ******* нь бараа үзэж байгаад 16:29:16 цагт зүүн гар талдаа барьж байсан “iphone 13 pro max” загварын утсаа шилэн лангуу дээр тавиад хажуу талын сагстай барааг үзэж байгаад бараа авч худалдагч дээр очиж тооцоогоо хийж 16:32:40 цагт зүүн талын хаалгаар дэлгүүрээс гарч явсан байна.

Харин цагаатгагдсан этгээд ******* нь бараа үзэж байгаад хохирогч *******ыг дэлгүүрээс гарч явахаас өмнө буюу 16:32:01 цагт шилэн лангуу дээр тавьсан түүний утасны хажууд очиж зогссон,

 16:32:07 цагт охиныхоо барьж байсан тортой зүйлийг авч тухайн гар утасны баруун талд тавьсан,

16:33:01 цагт  охиныхоо барьж байсан гар цүнхийг авч *******ын гар утасны урд талд тавьсан,

16:35:51 цагт өөрийнхөө гар утсыг  *******ын гар утасны дээр нь давхарлаж тавьсан,

16:39:35 цагт өөрийнхөө хар өнгийн цүнхийг утаснууд дээр тавьж нийлүүлэн бариад,

16:39:47 цагт дэлгүүрийн зүүн хаалгаар гарч явсан үйл баримт бичигдсэн байна.

 

13. Дээр дурдсан бичлэгийн тэмдэглэлээс харахад прокуророос цагаатгагдсан этгээд *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн “хэргийн зүйлчлэл” тохироогүй байна.

 

14. Харин шүүх  цагаатгагдсан этгээд *******гийн хохирогч Д.Баяржаргалын шилэн лангуу дээр орхисон утсыг бусдад мэдэгдэхгүйгээр, нууцаар сэм авч байгаа арга буюу объектив талын гадаад шинж, өөрийн үйлдэлдээ хандаж буй субьектив  талын шинж буюу дотоод сэтгэхүйн харьцаа зэрэгт өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж, үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

15. Өөрөөр хэлбэл шүүх прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзсэн тохиолдолд шүүгдэгчийн үйлдсэн гэх хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид нэрлэн заасан ойролцоо гэмт хэргийн шинж байхгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсний дараа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар нэгэн гэмт хэргийн шинж байхгүй гэж үзсэн тохиолдолд шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд цагаатгах тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад хангасан гэж үздэг.

 

16. Мөн шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид нэрлэн заасан өөр гэмт хэргийн шинж байгаа тохиолдолд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохироогүй гэх үндэслэлээр шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэх нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” тухай Эрүүгийн хуулийн зорилго, шударга ёсны зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан зорилт, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд тус тус нийцэхгүй юм.

 

17. Иймд *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид нэрлэн заасан өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгасны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байхад шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

18. Давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгохдоо  прокурорын эсэргүүцлээс зарим хэсгийг нь буюу “цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн хэсгийг хангаж, *******гийн үйлдэлд “гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинж байгаа” гэх агуулгатай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

18. Дээр дурдсан үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх” үндэслэлд хамаарч байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох эрх хэмжээг” заасан байх бөгөөд энэ заалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа.

 

19. Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах эрх хэмжээгүй болсон хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг нь хүчингүй болгох” эрх олгогдсоны дагуу шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/231 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.

 

2. Хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэх үед шүүгдэгч *******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.НЯМБАЯР  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК
 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ТУЯА