| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2017/0606/Э |
| Дугаар | 7 |
| Огноо | 2017-12-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 7
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч: П.Бямбасүрэн,
Шүүгдэгч А.Бнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Б-т холбогдох эрүүгийн 1709011370253 дугаартай хэргийг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 1-4 насны хоёр хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 5 дугаар гудамжны 53 тоотод оршин суух хаягтай, /түрээслэн суудаг гэх/, иргэний үнэмлэхийн хаяг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байрны 168 тоот хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
А.Бнь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь” ХК-ийн “Коат Хаус” нэртэй салбараас 611chs/13-p 7046 A загварын дугаартай торгон ноолууран шаалзыг /алчуур/ хүч хэрэглэхгүйгээр илээр хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, хохиролд нийт 558.000 төгрөгийг төлж барагдуулсан, би 1-4 насны 2 хүүхэдтэй нэг хүүхэд минь эмчилгээ хийлгэж байгаа асарч сувилах шаардлагатай байгаа юм. Хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэхээр улсын яллагчтай 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч шүүхэд ирсэн боловч дээрх нөхцөл байдлыг минь харгалзан үзэж тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэв.
Хохирогч Э.Дэнжин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 12 цагийн үед нэг худалдан авагч хувцас өмсөж байгаад халааснаас нь нэг дохиолол барааны үнэ бүхий шошго гарч ирэхээр нь бид нарт авчирч өгсөн юм. Бараа алга болсон байна гэж мэдээд хяналтын камераа шалгаж үзэхэд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 18 цаг 40 минутаас 19 цаг 10 минутын хооронд гаднаас 40-45 насны эмэгтэй бага насны хүүхэд дагуулсан хүн орж ирээд 498.000 төгрөгийн үнэтэй эмэгтэй алчуур үзэж байгаад буцааж тавилгүйгээр хүүхдийнхээ тэрэгний түрдэг хэсэг дээр тавиад явах даа нэг эмэгтэй цамц авч хувцас солих өрөөнд тэрэгтэй хүүхэдтэйгээ хамт ороод тэр цамцаа өмсөж үзээд буцаж гараад иргээд ур цагаан цамц авч орсон, удалгүй гарч ирээд манай дэлгүүрээс гараад яву байгаа бичлэг байсан юм…” гэх мэдүүлэг. /хх-15-18/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-7/,
Эрх бүхий албан хаагч Э.Отгонбаатарын илтгэх хуудас /хх-8/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10/,
Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-11/,
Шүүгдэгч А.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуулдас, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-25-30/,
Хохирол хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-31/,
Хохирогч Д.Гантуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...саарал польтоо өмссөн эмэгтэй орж ирээд бараа үзээд явж байснаа шааль өмсөж үзээд хувцас солих өрөө рүү ороод эмэгтэй тасгаас цамц мөн өмсөж үзчихээд шаалын дохиоллыг аваад сандалны цаагуур хийсэн. Тэгтэл шааль алга болсон байсан. Тэгээд араас нь 1-2 минутын дараа гартал тэр эмэгтэй байхгүй байсан. Орж ирээд камерын бичлэг шалгатал тэр саарал польтойгоо эмэгтэй мөн байсан.” гэх мэдүүлэг /хх35/,
Фото зураг /хх-39/,
Шүүгдэгч А.Б-г эрэн сурвалжилсан талаарх баримт /хх-40-45/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь “Говь” ХК-ийн “Коат Хаус” нэртэй салбараас 611chs/13-p 7046 A загварын дугаартай торгон ноолууран шаалзыг /алчуур/ хүч хэрэглэхгүйгээр илээр хууль бусаар авсан болохоо өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн болох нь тогтоож байна.
Шүүх А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн
1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь хохирогчид учруулсан материаллаг хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар А.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгч А.Бхүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан” болох нь тогтоогдож байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б-ын “...бага насны 2 хүүхэдтэй хүүхэд минь эмчилгээ хийлгэж байгаа асрах шаардлагатай байгаа тул тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэсэн хүсэлт болон улсын яллагчийн саналыг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч А.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харлгалзах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, тэрээр энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. А.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцаг /CD/-г хэрэгт хавсаргасугай.
5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, А.Бнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьсугай.
6. А.Б-т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Баасандолгорт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР