Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 11

 

 

   2023          03           14                                      2023/ДШМ/11

 

*******эд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Батцоож, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг, нарийн бичгийн дарга С.Аззаяа нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/228 дугаар шийтгэх  тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч *******эд холбогдох эрүүгийн 2236000000234 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 2002 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* *******од оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хорхон ургийн овогт Энхтөрийн Отгонсүх, регистрийн дугаар: *******

2. Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав ******* нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 55-32 ХОЕ улсын дугаартай Probox маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд сууж явсан *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Мөн 2022 оны 09 дүгээр сарын 6-7-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав ******* нутаг дэвсгэрт ******* зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Хорхон ургийн овогт Энхтөрийн Отгонсүхэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хэрэгсэж болгож,

4.2 Шүүгдэгч Хорхон ургийн овогт Энхтөрийн Отгонсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан согтуурсан үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- д зааснаар шүүгдэгч Хорхон ургийн овогт Энхтөрийн Отгонсүхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж,

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******эд тэнссэн хугацаанд "гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тооцож,

4.6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******эд мэдэгдэж,

4.7 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

4.8 Шүүгдэгч *******эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял болон тэнссэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгаж,

4.9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж,

4.10 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

            5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/228 дугаартай шийтгэх тогтоолоор Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд "Шүүхийн шинжилгээ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор. шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, төрийн эрх бүхий байгууллагын хүсэлтээр" шүүхийн шинжилгээ хийгддэг. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шинжээч шинжилгээний явц, үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр гаргаж, гарын үсэг " зурна. гэж заасан байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоохоор заавал шинжилгээ хийлгэхийг шаардахаар хуульчилсан. Гэтэл хохирогч Д.Чимгээ "...******* миний зүүн нүд рүү цохисон, баруун ташаа хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн, зүүн талын чихний ар тал руу гараараа цохисон, хэвлий хэсэг рүү хөлөөрөө цохисон, зүүн талын хөл рүү хөлөөрөө өшиглөсөн..." гэх мэдүүлэг, гэрч Б.Шагдарсүрэнгийн: "...би бие засчхаад ирэхэд *******, нөгөө эмэгтэйн мөр рүү гараараа нэг удаа цохисон, Бид гурав машинаас буугаад ирэхэд *******ийн хамар амнаас цус гарчихсан, ард сууж явсан эмэгтэй "мөр өвдөөд байна" гээд мөрөө бариад байсан..." гэх мэдүүлэг, шүүгдэгч *******ийн "...би ******* цохисон, биеийн аль хэсэгт юугаар хэдэн удаа цохисноо санахгүй байна..." гэх мэдүүлгүүд өгсөн хэдий ч хохирогч *******ийн биед учирсан гэмтлийг зам тээврийн ослоос учирсан уу эсвэл *******ийн зодсон гэх үйлдлээс учирсан уу гэдгийг ялгаж тогтоогоогүй бөгөөд энэ талаар шинжээчийн дүгнэлт гараагүй зөвхөн шинжээчээс авсан мэдүүлгээр прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан "гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ"-г мөрдөн шалгах ажиллагаагаар ял тогтоогоогүй байна гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөгч, прокурор, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Нотлох баримтыг тодорхойлсон" бол 2 дахь хэсэгт шинжээчийн дүгнэлтийг " баримтат мэдээлэлд хамруулсан байдгийг дурдах нь зүйтэй.

Тухайн зам тээврийн осол хэргийн үед *******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 732 дугаартай дүгнэлтээр мөн тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан гэрч Б.Шагдарсүрэнгийн биед гэмтэл учирсан бөгөөд энэ гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь шинжээчийн 731 дугаартай дүгнэлтүүдээр, харин *******ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 734 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдсон байна.

Түүнчлэн шүүх шүүхийн шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Энхтөрийн Отгонсүх нь хохирогч *******ийн биед халдаж зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед ямар ч гэмтэл учраагүй гэж няцаасан дүгнэлт хийгээгүй, мөн хавтаст хэргийн 19-20 22-23, 42-46, 149, 151, 169-170 дугаар хуудсанд тусгагдсан шүүгдэгч Энхтөрийн Отгонсүхийг хохирогчийн биед халдаж зодсон үйлдлийг хангалттай нотолсон баримтуудыг хавтаст хэрэгт цугларсан ямар нотлох баримтаар няцааж үгүйсгэсэн талаараа дурдаагүй байна.

Шүүгдэгч Энхтөрийн Отгонсүх нь хохирогч *******ийн биед халдаж зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед учирсан гэмтлийг заавал шинжээчийн дүгнэлтээр тодорхойлох шаардлагатай гэж шүүх үзсэн тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "...Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, ... дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана... гэж, мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "...Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна..." гэж тус тус хуульчилсан байх бөгөөд дээрх заалтуудыг шүүх хэрэглэн хохирогч *******ийн биед шүүгдэгч Энхтөрийн Отгонсүхэд зодуулсны улмаас хэрхэн, ямар гэмтэл учирсныг дахин тогтоох боломжтой байхад шүүх шүүгдэгчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж үзэхэд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/228 дугаартай шийтгэх тогтоол нь Монгол Улсын Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, гэж дүгнэж байна.

Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/228 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч *******  түүний өмгөөлөгч Б.Ганзориг нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан *******ийн хохирогчийн биед халдсан гэх үйлдэл тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

6. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

7. Хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

8. Шүүгдэгч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав ******* нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 55-32 ХОЕ улсын дугаартай Probox маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд сууж явсан *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Мөн 2022 оны 9 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав ******* нутаг дэвсгэрт  ******* зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

9. Прокуророос шүүгдэгч *******ийн үйлдлийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар буюу согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

10. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар буюу согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж,

Прокуророос шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

11. “Шүүх шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй болсон тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх прокурорын эсэргүүцлийн дагуу хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад

11.1 Хохирогч Д.Чимгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...Нэг ухаан ороход тээврийн хэрэгсэл замаас гараад зогсчихсон байж байсан.

Би тээврийн хэрэгсэл дотор сууж байхад тээврийн хэрэгсэл жолоодож явсан залуу намайг татаж буулгаад ална гэж хэлээд гар хөлөөрөө миний толгой хэсэг рүү цохиж байсныг санаж байна” гэж, /хх-ийн 71-72х/

Мөн хохирогч Д.Чимгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгтээ “******* миний баруун нүд рүү цохисон, баруун ташаа хэсэг рүү өшиглөсөн, зүүн талын чихний ар тал руу гараараа цохисон, хэвлийн хэсэг рүү хөлөөрөө цохисон, зүүн талын хөл рүү хөлөөрөө өшиглөсөн өөр ямар нэгэн зүйл рүү цохиогүй” гэж /хх-ийн 149х/ тус тус мэдүүлсэн байна.

11.2 Хохирогч *******ийн дээр дурдсан мэдүүлэг нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 734 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “...баруун хацар шанаа ...баруун бөөр ташаа, хэвлийн баруун, зүүн гуя, умдаг хэсэгт тус бүр цус хуралт, зөөлөн эдийн няцралт зүүн чих, зүүн дал нуруунд зулгаралт, цус хуралт гэмтэл болон дүгнэлтэнд хавсаргасан гэрэл зэргийн үзүүлэлттэй тохирч байна. /хх42-46х/

11.3 Шинжээч эмч Б.Цэндхүү мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “хохирогч *******ийн баруун нүд, баруун ташаа, зүүн талын чихний ар талд зулгаралт, хэвлийн зүүн талын гуя хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь нийлбэрээрээ гэмтлийн зэрэг тогтоох журамд заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэг хамаарч байгаа юм” гэжээ. /хх-ийн 151х/

11.4 Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...тэр үед би айж сандраад, бухимдалтай байсан болохоор тэр эмэгтэйгийн шанаа хэсэг рүү нь гараараа цохисон. Тэр үед Б.Шагдарсүрэн намайг салгах гэж оролдоод салгаж чадахгүй болохоороо цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэж мэдүүлсэн байна. /хх-ийн 88-89х/

11.5 Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хохирогч  *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох тогтоогдсон байхад шүүх “хохирогчийн биед учирсан гэмтлийг зам тээврийн улмаас учирсан уу эсвэл *******ийн зодсон үйлдлээс учирсан уу гэдгийг ялгаж тогтоогоогүй бөгөөд энэ талаар шинжээчийн дүгнэлт гараагүй зөвхөн шинжээчээс авсан мэдүүлгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

12. Дээр дурдсан үндэслэл нь “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад хамаарч байна.

Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан бөгөөд энэхүү хуулийн заалт хүчин төгөлдөр үйлчилж байна.

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ...39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг “...хүчингүй болсонд тооцсон” бөгөөд  уг хууль нь 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн даган мөрдөгдөж байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах эрх хэмжээгүй болсон хэдий ч мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь хүчингүй болгох” эрх олгогдсоны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож,  

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/228 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэх үед шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

           

 

 

 

       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

                    ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР