Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 182/2020/02681/и |
Дугаар | 2107 |
Огноо | 2020-10-09 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2107
ЧДДЦГ
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/01898 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ЧДДЦГ иргэний хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газраас шүүхэд гаргасан хүсэлт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О-д нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 56 гудамж, 659 тоотод оршин суудаг. Тэрээр архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэж байгаа. Бүлэг бөөгнөрөл үүсгэж, дэнжийн мянгын архичид цугладаг. Түүний хамтран амьдрагч А нь архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж өргөдөл гаргасан. 2020 онд гэхэд 4 удаа эрүүлжүүлэгдэж, 1 удаа захиргааны арга хэмжээ авагдсан. Хамгийн сүүлд 2020 оны 09 сарын 01-ний өдөр эрүүлжүүлэгдсэн. 2019 оны 09 сарын 16-ны өдөр архины албадан эмчилгээнд явж байсан боловч засраагүй. О-д нь архинд донтох 3 дугаар зэргийн өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон байх ба Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны засаг даргаас байнга архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж архинд донтох өвчтэй тул архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг мөн ирүүлсэн байдаг. Тэрээр байнга архидан согтуурч, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг тул түүнийг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Би архи уудаг нь үнэн. Кодлуулах эмчилгээ хийлгэе гэж бодож байгаа гэжээ.
Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг баримтлан О-дод архины албадан эмчилгээ хийлгэж,
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар О-дыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж,
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар О-дыг албадан эмчилгээнд явуулах тухай шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүдэд нь мэдэгдэхийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газарт үүрэг болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд давж заалдах журмаар гаргасан гомдолдооо: О-д миний бие Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 56-659 тоотод оршин суудаг. 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 21 цагийн орчимд гэрээсээ 40-50 метрийн орчимд эргүүлийн машин ирж суугаадах юм асууя гээд суулгаад Чингэлтэй дүүргийн эрүүлжүүлэх байранд хонуулсан. 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн өглөө ахмад Г гэх 19 дүгээр хорооны байцаагч ирж аваад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны цагдаагийн хэсэгт аваачсан. Би урьд өдөр нь бага зэрэг үнэртүүлсэн нь үнэн. Өмнөх өдөр нь ах хөдөөнөөс хүүхдээ сургууль соёлд оруулна гээд айраг цагаатай ирсэн. Манай эхнэр А 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн өглөө 19 дүгээр хороон дээр ирж ахмад Гтай уулзаж намайг торгууль болон захиргааны арга хэмжээ авхуулж торгуулийн төлье гэж гуйсан. Тэгэхэд ахмад Г өгөхгүй албадан эмчилгээнд явуулна гэсэн эхнэр маань гуйж би өөрөө ажилгүй давхар биетэй 5 дугаар ангийн болон 4 настай хоёр хүүхэдтэй, нөхөр маань хөдөө ээлжийн ажил хийдэг би өөрөө 2 хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь зөөдөг гэж хэлэхэд нэмэр болоогүй эхнэрийг маань сүрдүүлж миний эсрэг гомдол, өргөдөл бичүүлж авсан эмчилгээнд явуулах гэж, дараа нь 16 цаг болж эхнэр маань дахин гуйж бага хүүгээ цэцэрлэгээс нь авна гэж хэлэхэд асран хамгаалах ёстой эрхийг зөрчилдүүлэн тэр битгий хэл хүүхдүүдийг чинь 108-д өгнө гэсэн. Ахмад Г эрх мэдлээ хэтрүүлж эрүүл саруул байсан эхнэрийг маань надтай хамт 72 цагийн саатуулах байранд хонуулаад өглөө нь саатуулах байрнаас авч Чингэлтэй дүүргийн эмнэлэг дээр аваачсан. Эхнэрийг маань 250 000 төгрөгөөр торгоно эсхүл хамт албадан эмчилгээнд яв гэж сүрдүүлж байсан. Энэ үед эмнэлэг дээр манай эгч, дүү нар 2 хүүгийн хамт ирж ахмад Гтай уулзаж байж эхнэрийг маань 100 000 төгрөгөөр торгож, намайг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий гзарын харьяа СМДӨАЭАХХГ-т 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр авчирсан. Манайх Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 56-659 тоотод харьяалагддаг байхад огт танихгүй Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны байцаагч ахмад Г гэх хүн ингэж гэр бүлийн минь хохироож байна. Миний ар гэрт давхар биетэй эхнэр минь нялх 4 настай, 11 настай хоёр хүү маань хоцорсон. Одоо өвөл хүйтэн болж байна. 2 хүүхдийг маань эхнэр маань сургууль, цэцэрлэгт нь зөөж авна гэхэд бас ажил хийхэд хэцүү амьжихгүй, дээр нь давхар биетэй жирэмсэн. Угаасаа ганц хүн ажил хийгээд 2 хүүхдийг сургууль, цэцэрлэгт зөөж авна гэхэд өвөл хэцүү байдаг, манайх дээр нь машин унаагүй, засвар хийж дуусаагүй өвлийн муу байшинтай, хаалга, цонх онгорхой бид 2 ломбард дээр нь өр, зээлтэй. Иймд манай гэр бүлийн байдлыг харгалзан үзэж, намайг чөлөөлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр нь үлдээх нь зүйтэй байна.
ЧДДЦГ гаргасан хүсэлтийн дагуу О-дыг архины албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд О-д давж заалдах журмаар гомдол гаргажээ.
Гуравдагч этгээд О-д нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/01611 дугаар шийдвэрээр архины албадан эмчилгээнд явуулсан боловч архинаас гараагүй, 2020 онд 4 удаа эрүүлжигдсэн, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, гудамж талбайд байнгын архидан согтуурч хэрүүл маргаан хийдэг тул Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “хамтарсан баг”-ийн хурлаар хэлэлцэж архины албадан эмчилгээнд хамруулахаар тогтсон болох нь хэргийн 7-8 дугаар тал дах тэмдэглэлээр нотлогдсон байна.
Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газар нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд О-дыг энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан согтуурах донтой өвчтэй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн төв салбарт 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтийг үндэслэж тус Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн төв салбар нь 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр сэтгэц донтолтын эмчийн үзлэг хийж, О-дыг “F10.25 архаг архисах өвчний 3 дугаар үе шат үйлчлэх хам шинж, согтуурах донтой гэж дүгнэж, төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэг хийлгэж, захиргааны журмаар архины албадан эмчилгээнд явуулж болно, эрүүл мэндийн хувьд тэнцэнэ” гэжээ.
Нэхэмжлэгч Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газар нь гуравдагч этгээд О-дыг түүний гэр бүл А болон Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргаас байнга архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, нийгмийн хэв журам зөрчиж удаа дараа зөрчлийн арга хэмжээ авахуулж байсан, архинд согтуурах донтой өвчтэй тул архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх 4, 7-8/
О-д нь байнга архидан согтуурдаг, архаг архисах өвчний 3 дугаар үе шат буюу согтуурах донтой, нийгмийн хэв журмыг алдагдуулж, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/01611 дугаар шийдвэр, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ЗШ/235 дугаар шийтгэвэр, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн эмнэлгийн дүгнэлт, зөрчлийн хэргийн хохирогч Агийн мэдүүлэг, гэрч О, П-ийн мэдүүлэг, гуравдагч этгээд О-дын өөрийнх нь өгсөн мэдүүлэг, удаа дараа архидан согтуурч эрүүлжүүлэгдэн захиргааны зөрчил гаргаж байсан нь шуурхай дуудлагын дэлгэрэнгүй лавлагаа бүхий баримтуудаар тогтоогдсон байна. /хх3, 11-17,20-29, 30-31, 32-33, 34/
Иймд шүүх гуравдагч этгээд О-дыг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар архины албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн зөв болжээ.
Гуравдагч этгээд О-д миний бие Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд оршин суудаг байтал Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Г эрүүлжүүлж архины албадан эмчилгээнд явуулж хохироосон гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь О-дыг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу ЧДДЦГ архины эмчилгээнд явуулахаар нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
Мөн О-дын албадан эмчлэх эмчилгээг зогсоох нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна тэрээр “тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ар гэрээ тэжээдэг, хүүхдүүдийг хичээл сургуульд хүргэж өгөх, авах хүнгүй, ар гэрийн гачигдалтай” гэх байдал хэргийн баримтаар нотлогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, О-дын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/01898 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг нь хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ