Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 33

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Тунгалаг,

Улсын яллагч Ж.Оюунжаргал,  

Хохирогч А.Хишгээ

Шүүгдэгч Д.Э /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ахиад овгийн Дамдинсүрэнгийн Энхтөрд холбогдох эрүүгийн 1703000010111 дугаартай хэргийг 2017 оны 12 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин, жолооч  мэргэжилтэй, "Мон кара" ХХК-нд шугам үйлчилгээний жолооч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 59а гудамж 68Д тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ахиад овгийн Дамдинсүрэнгийн Э, /РД: ХИ73041306/

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 16 цаг 40 минутын орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр "Урбаник" ХХК-ний баруун урд замд "Мон-Кара" ХХК-ний эзэмшлийн “Хьюндай аеро си 540” маркийн 63-74 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэсэн заалтыг зөрчин огцом зогссоны улмаас зорчигч А.Хишгээ унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Хохирогч А.Хишгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би төмөр замд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тэнд ахмадын баяр тэмдэглээд хоол идээд 4 цаг 30 минутанд тарсан. Би 4 цаг 40 минутын үед автобусанд хамгийн сүүлд орсон. Оронгуут хөдөлсөн. Жолооч нь “би явахгүй шүү, вокзал орж цайндаа орно” гэж хэлсэн. Би ороод картаа уншуулаад явахад хөдөлсөн. Нэг хүүхэд өндөлзөхөөр нь сандал руу хүрье гээд эргэхэд автобус тоормозлосон. Ингээд хүмүүс наана чинь хүн гэмтчихлээ гээд би босож чадахгүй байхад автобус зогссон. Тэгэхэд намайг “босооч” гэж загнасан. Тэгсэнээ энэ хүн гарч ирээд мөн 4 хүн босож ирээд намайг босгосон. Намайг энэ хүн зөндөө загнасан. Тэр хүмүүс намайг бэртчихлээ эмнэлэгт хүргэж өг гэсэн. Тэгээд вокзал дээр хүмүүсээ буулгаад намайг гэмтлийн эмнэлэгт хүргэсэн. Миний гар шуугаараа хугарсан. Их хол зөрөөтэй эдгэж байгаа. Эмч намайг “гарын ясыг хадуулах уу”  гэхээр нь хадуулахгүй гэсэн. Гарын ясаа хадуулахаар норкозонд орох болно. Тиймээс орохгүй гэсэн. Би ноднин хагалгаанд орсон. Хагалгаанд орохдоо норкозонд орсон. Норкозонд орсоноос болоод ходоодны зогсонги байдалд орсон. Би гар хугарсанаас болж 2 сар их зовсон. 2 сар нойртой нойргүй босож яваад байдаг байсан. Хохирол гэж 880 000 төгрөг төлсөн. Энэ мөнгөнөөс гадна  хохирол 376 325 төгрөг нэхэмжилж байна. Би одоо гурил ч зуурч чадахгүй ойр зуурын ажил хйиж чадахгүй байгаа…” гэв.

Эрүүгийн 1703000010013 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Д.Э нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 16 цаг 40 минутын орчимд би “Их тойруу-вокзал” 17а чиглэлийн “Мон кара” ХХК-ний эзэмшлийн 63-74 УНЯ улсын дугаартай автобусыг жолоодон яваад “Урбанек” ХХК-ний урд талын автобусны буудал дээр ирсэн. Тэгээд эхэлж хойд талын хаалгаа онгойлгож зорчигч нарыг буулгаж, дараа нь урд талын хаалгаа онгойлгож зорчигч нарыг суулгах явцад хамгийн сүүлд настай эмэгтэй хүн гүйж орж ирээд картаа уншуулж хойшоогоо заал руу явсан. Тэгээд би хоёр хаалгаа хаасан. Автобусны буудлаас хөдөлж ертөнцийн зүгээрээ зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байгаад уулзварын улаан гэрэл асах үед нь хоёрдугаар эгнээ рүү шилжиж зогссон. Гэтэл зааланд түс тас гэх чимээ гарсан. Тэгэхээр нь би босоод хартал хамгийн сүүлд суусан эмэгтэй хүн кабины хойд талд газар уначихсан байдалтай байхаар нь нэг хүнтэй түшиж босгоод сандал дээр суулгасан. Тэгээд би вокзал дээр очиж зорчигч нараа буулгасан. Тэгээд Гэмтлийн эмнэлэг орж үзүүлээд зүүн гарыг нь гипсдүүлээд гарч ирэх үед хүүхдүүд нь ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

            Хохирогч А.Хишгээ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр би ахмадын баярт оролцчихоод гараад Нарны зам дагуу байрлах "Урбанек" ХХК-ний урд талд замынхаа хойд талд байрлах автобусны буудал дээрээс "Вокзал-Бөмбөгөр" гэсэн чиглэлийн автобусанд суусан. Суухдаа би дөнгөж хаалгаар ороод картаа уншуулчихаад алхаад явж байтал автобус хөдлөөд явсан. Тэгээд би нэг сандал руу хүрэх гээд явж байтал жолооч нь гэнэт автобусаа тормозлож зогсоосон. Гэнэт зогсоох үед нь би тэнцвэр алдаад жолоочийн кабин толгойгоороо мөргөж, зүүн гар талаараа газар унасан. Унахдаа гараа бие доороо хийгээд уначихсан. Тэгээд миний гар хүчтэй өвдөөд шууд хавдаж эхэлсэн. Хүмүүс намайг өргөж босгоод сандал дээр суулгаад, жолооч нь харин Вокзалын буудал дээр хүнээ буулгаад шууд Гэмтлийн эмнэлэг рүү автобустайгаа намайг аваад явсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн16 дугаар хуудас/,

              Иргэний хариуцагч Д.Гантөмөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Хьюндай аеро си 540” маркийн 63-74 УНЯ улсын дугаартай автобус нь манай компаний эзэмшлийнх, Д.Эийн бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

              Гэрч О.Ихбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Хьюндай аеро си 540” маркийн 63-74 УНЯ улсын дугаартай автобус бүрэн бүтэн байсан ба оношлогоогоор тэнцээд маргааш нь ажилдаа гарсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

  Шинжээч А.Гомбосүрэнгийн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Хавтаст хэрэгт авагдсан"Мон Кара" ХХК-ний эзэмшлийн “Хьюндай аеро си 540” маркийн 63-74 УНЯ улсын дугаартай автобусны гадна болон дотор талыг харуулсан камерийн бичлэгийг үзэхэд уг бичлэгт нийтийн тээврийн зогсоолоос хөдөлсөн автобусны жолооч нь уулзварын улаан гэрэл асаж нэгдүгээр эгнээнд хоёр тээврийн хэрэгсэл зогсоход эгнээ сольж хоёрдугаар эгнээнд орж зогссон байсан суудлын тээврийн хэрэгслийн араас огцом зогсож байгаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болсон. Нийтийн тээврийн автобусны жолооч нь тээж яваа, ачааны онцлог буюу тухайн зорчиж яваа хүмүүс нь өөртөө маш их инерцийн хүчийг агуулж байдаг тул энэхүү нөхцлийг харгалзан  хөдөлгөөний хурдыг сонгож явах ёстой байсан боловч богино зайд тодорхой хэмжээний хурд авч огцом зогссоноос тухайн зорчиж явсан зорчигч нь унаж гэмтэх шалтгаан нөхцөл бүрдсэн байна. Зорчигч А.Хишгээ нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна. Учир нь дүрэмд нийтийн тээврийн хэрэгсэлд зорчиж яваа үедээ ямар нэгэн бариулаас барьж явах заалт тусгагдаагүй болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд:

“...хар өнгийн SDCZ33 гэсэн бичигтэй, 8 GB бүхий багтаамжтай флашыг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ. /хх-ийн 25 дугаар хуудас/

 Ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр:

"...Автобусны дотор талаас эгц урагшаагаа харсан камер нь урд талаа харсан байлаа. Үзлэгээр уг автобус нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг "Урбанек" ХХК-ний урд талын автобусны буудлаас ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй хөдлөөд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байгаад уулзвар дөхөх үед уг эгнээнээс хоёрдугаар эгнээ рүү орох үед уулзварын улаан гэрэл асч нэг болон хоёрдугаар эгнээнд машинууд зогсоход огцом тоормоз гишгээд зогсож байлаа. Автобусны урд талын хаалганы дээд буланд заал руугаа харсан камер байх бөгөөд уг автобус нь хөдлөөд явж байгаад огцом тормоз гишгэх үед заалны дунд хэсэгт зогсож байсан цагаан саарал өнгийн куртиктэй эмэгтэй хүн нь заалнаас баруун тал руу унаж байлаа..." гэжээ /хх-ийн 26-27 дугаар хуудас/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹12360 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

  1. А.Хишгээгийн биед зүүн шуу богтос ясны далд хугарал, зүүн гарын 2-р хуруунд зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой…” гэжээ. /хх-ийн 42 дугаар хуудас/,

 

            Техникийн шинжээчийн ¹595 дугаартай дүгнэлт: “...

 

1. “Мон-Кара” ХХК-ний эзэмшлийн “Хьюндай аеро си 540” маркийн 63-74 УНЯ улсын дугаартай автобусыг жолоодон явсан жолооч Дамдинсүрэн овогтой Энхтөр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт "Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2."Мон-Кара" ХХК-ний эзэмшлийн “Хьюндай аеро си 540” маркийн 63-74 УНЯ улсын дугаартай автобусанд зорчиж явсан зорчигч Аюуш овогтой Хишгээ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна.

3.Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн эсэх нь тогтоогдохгүй байна..." гэжээ /хх-ийн 47 дугаар хуудас/,

 

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 17 дугаар хуудас/, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/, гэрч Ш.Батбаатарын мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/, гэрч Д.Долгоржавын мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/, Д.Эийн ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 55 дугаар хуудас/, Д.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 58 дүгээр хуудас/, жолоочийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар хуудас/, бичиг баримт гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 79 дүгээр хуудас/, хохирогчоос гаргаж өгсөн эмчилгээний зардалын баримт /хх-ийн 81-94 дугаар хуудас/, хохирол төлсөн баримт /95 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 16 цаг 40 минутын орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр "Урбаник" ХХК-ний баруун урд замд "Мон-Кара" ХХК-ний эзэмшлийн “Хьюндай аеро си 540” маркийн 63-74 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгслийг огцом зогсоосны улмаас зорчигч А.Хишгээ унаж гэмтэн, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Эийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Хишгээгийн мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн №12360 дугаартай дүгнэлт, Техникийн шинжээчийн ¹595 дугаартай шинжээчийн дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

         

   Иймд шүүх шүүгдэгч Д.Эийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

 

Шүүгдэгч Д.Эд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 460.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Шүүх хуралдаанд хохирогч А.Хишгээгээс “Эмчилгээний зардалд 880.000 төгрөгийг авсан. Одоо шүүгдэгчээс нэмж 376.325 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн хэдий ч хэрэгт цугларсан гэм хорын хохиролд нэхэмжилсэн эмчилгээний баримтуудаас 904.885 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан ба гараар бичсэн 75.000 төгрөгийн баримтуудыг хангах боломжгүй байна.

 

Шүүгдэгч Д.Э нь хохирогчид гэм хорын хохиролд 880.000 төгрөг төлсөн ба хохирогчийн нэхэмжилсэн үндэслэл бүхий баримтуудын дүн болох 904.885 төгрөгөөс төлөгдөөгүй /904.885-880.000=24.885/ 24.885 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч А.Хишгээд олгохоор шийдвэрлэв.

 

Хэдийгээр шүүгдэгч Д.Э нь “Мон Кара” ХХК-иас зөвшөөрсний дагуу тухайн компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа гэмт хэрэг үйлдсэн боловч шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс хохирогчид учирсан гэм хорын хохирлыг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзаагүй шүүх түүнийг гэм буруутайд тооцсон тул дээрх байдлаар шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хохирогч А.Хишгээ нь нотлох баримтаар гаргаагүй гэм хорын хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжилэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээв.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг флашийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:            

                                      

1. Ахиад овгийн Дамдинсүрэнгийн Э автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд оногдуулсан 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

   5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг флашыг хэрэгт хавсарган үлдээж, тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эөөс 24.885 /хорин дөрвөн мянга найман зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Аюушийн Хишгээд олгосугай.

 

7. Хохирогч А.Хишгээ гэмт хэргийн улмаас хохирсон гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.Э болон “Мон-Кара” ХХК-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.

 

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Эд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН