| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 2136000000114 |
| Дугаар | 14 |
| Огноо | 2023-03-14 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Батцоож |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 14
2023 03 14 2023/ДШМ/14
*******ид холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Батцоож, хохирогч *******, шүүгдэгч *******, нарийн бичгийн дарга С.Аззаяа нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/23 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн 213600000114 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* ******* ******* ******* *******, 1966 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд механизмын механик мэргэжилтэй, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* од оршин суудаг,
Урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 24- ний өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар, 15 хоногийн баривчлах ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
2. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт нутаг дэвсгэрт байрлах *******ын гэрт 2020 оны 05 дугаар сарын 26- ны өдөр архидан согтуурч байхдаа согтуугаар *******тай маргалдаж улмаар нүүрэн тус газарт гараараа халдаж зүүн нүдний алимны нэвд гэмтэл, нүдний агуулагдахуун гарч алим шалчийх, зүүн нүдний бүрэн хараагүйдэл бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3 Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн ямар нэгэн байдлаар маргадаггүй болох мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, шүүх хуралдаан дээр илэрхийлсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлт зэрэг баримтуудаас харж болно.
Хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлалын оролцоотойгоор шүүгдэгч ******* нь хохирогч *******тай гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрт 1,262,400 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөө илэрхийлэн эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь хавтаст хэргийн 181 дүгээр хуудсан авагдсан байна. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалын оролцоотойгоор хохирогч болон шүүгдэгч талууд хохирол дээрээ эвлэрсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, тухайн хохирол төлөх хугацаа болоогүй зэрэг үндэслэл тогтоогдож байхад прокурор яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээс татгалзах нь өөрөө үндэслэлгүй шийдвэр болох юм.
Шүүгдэгч ******* *******ид холбогдох эрүүгийн хэргийг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, анхан шатны журмаар хянан хэлэлцэх хүртэлх хугацаанд шүүгдэгч *******ид 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 800,000 төгрөгийг, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө шүүх хуралдааны өмнө 460,000 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгсөн байх ба хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлбөрөө хүлээн авлаа, харин цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх агуулга бүхий хүсэлтийг гаргасан.
Шүүгдэгч нь бодит хохирлыг төлсөн, харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь шүүгдэгчийн хувийн байдлыг дордуулах, хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй юм.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан 1,262,400 төгрөгийн хохирлоос 1,260,000 төгрөгийг төлж, 2,400 төгрөг төлөөгүй гэх үндэслэлийг хэргийг буцаах үндэслэлд хамааруулж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дэндуу дордуулсан гэж үзэж байна.
Шүүгдэгч ******* нь 2,400 төгрөгийн хохирлыг барагдуулах бүрэн боломжтой Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг бууруулах, хохирогчийн эрхийг хамгаалах, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх гэсэн агуулгын нийлбэр гэж ойлгож байна. Шүүх хуралдааны явцад тодруулаад шийдвэрлэх боломжтой ажиллагааг хийлгүйгээр хэргийг прокурорт буцааж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулжээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуулийн шаардлага хангагдсан нөхцөл байдал тогтоогдсон байхад хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн дээрх алдаа нь Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болох тул анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хэргийг прокурорт буцаах тухай 2023/Ш3/23 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт "шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй" гэж заасан тул хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд буцаах нь зүйтэй байна гэв.
6. Хохирогч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн хэргийн улмаас нүдээ гэмтээснээс хойш 2 удаа өөрийн зардлаар эмчилгээнд явсан. Шүүгдэгч нь анх цагдаагийн байгууллагад 5,000,000 төгрөг төлнө гэж тохирсон юм. Түүнээс 1,260,000 төгрөг төлсөн. Би өмгөөлөгч авсан зардлыг шүүгдэгчээс гаргуулах ёстой гэж үзэж байна. Иймээс шүүгдэгчийн төлсөн 1,260,000 төгрөгөөс өмгөөлөгчийн хөлсийг хасаж тооцсон. 2022 оны 08 дугаар сард төлнө гээд өгөөгүй байна гэв.
7. Шүүгдэгч Т.Баасанжав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний буруу. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчид цаашид эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
8. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
9. Прокуророос шүүгдэгч *******ийг 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар /Бичигт/ нутаг дэвсгэрт байх хохирогч *******ын гэрт архидан согтуурах явцдаа гэрч Т.Даваасүрэнг өмөөрлөө гэх шалтгаанаар хохирогчийн биед халдаж зүүн нүдний алимны нэвт гэмтэл, нүдний агуулагдахуун гарч алим шалчийх, зүүн нүдний бүрэн хараагүйтэл гэмтэл буюу хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь тогтоогдсон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
10. Шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь хэсэгт заасан ”гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх нөхцөл байдал хангагдаагүй байна” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичжээ.
11. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ын зүүн нүд хараагүй болсон байх бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 11 дугаартай прокурорын тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэж *******ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
12. Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоол гарсны дараа хохирогч хохирогч ******* нь шүүгдэгч *******той 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрт 1,262,400 төгрөг авахаар эвлэрлийн гэрээ байгуулж, ******* нь гэрээний дагуу 1,260,000 төгрөгийг хохирогчид төлсөн байна.
13. Харин 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2021 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 11 дугаартай прокурорын тогтоол”-ыг хянаад 4/09 дугаартай тогтоол гаргаж хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
14. “Хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг хүчингүй болгох тухай” Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Прокурорын тогтоол гарсны дараа мөрдөгч “яллагдагч Т.Баасанжавт эрх үүрэг тайлбарлаж, яллагдагчаар дахин мэдүүлэг авч, хохирогчид хэргийн материал танилцуулахаар утсаар ярьсан тухай тэмдэглэл үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн саналтай хэргийг прокурорт шилжүүлсэн байна.
14.1 Өөрөөр хэлбэл энэ үед хохирогчид дахин эрх үүрэг танилцуулж, хохирол мөнгөө нэхэмжлэх эрхтэй болсон талаар тайлбарлаж танилцуулаагүй, хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гарснаас хойш хохирогч хаана ямар эмчилгээ хийлгэсэн, хэдэн удаа хагалгаанд орсон, хэдэн төгрөгийн зардал гарсан, цаашид эмчилгээ /хагалгаа/ хийлгэх шаардлагатай эсэх, хэрэв эмчилгээ /хагалгаа/ хийлгэх зайлшгүй шаардлагатай бол ямар хэмжээний зардал гарах талаар тодруулж байцаалт авахгүйгээр хэргийг прокурорт шилжүүлсэн байна.
14.2 Хэрэг прокурорт очсоны дараа яллагдагч ******* Ховд аймгийн прокурорын газарт “хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр” хүсэлт гарсан ба уг хүсэлтэндээ Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор байгуулсан эвлэрлийн гэрээ, гэрээний дагуу хохирогчид 800,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 462,400 төгрөгийг мөн оны 11 сарын дотор багтаан төлөхөөр тохирсон тухай баримтыг тус тус хавсаргасан байна.
15. Прокурор яллагдагч *******ийн дээр дурдсан хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргасан нь хохирогчийн хуульд заасан эрхийг зөрчсөн байна.
15.1 Өөрөөр хэлбэл прокурорын тогтоолоор хэрэг хаагдсан дараа Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор байгуулсан эвлэрлийн гэрээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эрхийг бүхэлд нь хязгаарлах үндэслэл болохгүй юм.
16. Иймд “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол нь “...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан зорилт, зарчимд нийцээгүй байх тул “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын эрүүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/23 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ М.НЯМБАЯР